Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Цаг агаарын мэдээ
ERDENET ULAANBAATAR
|
Үргэлжлэл- ГуравГурав Тусгай нэрийн зүйл, жич, аав, ээж, ах дүү гэх мэтийн төрөл садны нэрийн зэрэг зарим нэрийн зүйл шууд тусагдахуун болохдоо заавал заахын тийн ялгалын дагавартай байдгийг монголч эрдэмтэн нар ажиглан тэмдэглэсэн ба Ринчин ч нэгэн адил ажиглан тэмдэглэжээ. Ринчин монгол хэлэнд нэрийн зүйлийг эрхшээлт буюу идэвхтэй, эрхшээлгүй буюу идэвхгүй гэж хоёр ай болгон сэтгэж байсан гэдэг онолоо чухамхүү дээр дурдсан хүний нэр, төрөл садны нэр зэрэг хүний зүйлийн нэрийг шууд тусагдахуун болгоход заавал заахын тийн ялгалын дагавартай байдаг нэг үзэгдлээр үндэс болгожээ. Орчин цагийн монгол хэлэнд гагцхүү хүний зүйлийн нэр төдий биш төлөөний нэр, тооны нэр, тэмдгийн нэр, үйлт нэрийн зүйл шууд тусагдахуун болохдоо заавал заахын тийн ялгалын дагавартай байдаг нь ив илэрхий байна. Үүнд бүх тусгай нэрийн зүйл, шууд тусагдахуун болохдоо мөн заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээ нь банхар гэж нохойг банхар дуудаарай гэдэггүй, банхрыг дуудаарай гэдэг. Хүний нэр шууд тусагдахуун болбол заавал заахын тийн ялгалын дагавартай байх боловч, газрын нэрийг хааяа заахын тийн ялгалын дагаваргүй хэрэглэж болдог байна. Жишээлбэл: Бид Эрхүү дайраад Москва орно гэхэд Эрхүү гэж шууд тусагдахуун боловч заахын тийн ялгалын дагаваргүй байж болно. Аав, ээж, ах дүү зэргийн төрөл садны нэрс нь хэдийгээр тусгай нэр биш боловч хүн хэлэлцэхдээ гол төлөв тусгай нэрийн үүргээр хэрэглэх тул шууд тусагдахуун болбол заавал заахын тийн ялгалын дагавартай хэрэглэнэ. Ахыг дуудаарай, дүүг явуул гэх мэт, үүнд монгол хүн эцэг эх, ах эгчээ нэрлэдэггүй заншлыг анхаарах хэрэгтэй. Ринчин, "үйлдэх хийхийн санаа бүхий цагт нэрийн зүйл цөм эрхшээхийн утга бүхий зүйл гэж сэтгэгдэж байсан учир үгүүлэхүүний хүртээл болгоход эрхшээлгүй нэрийн адил заан нэрлэх тийн ялгалын хэлбэртэй байдаггүй, эрхгүй заахын тийн ялгалын дагаврыг зааж, тухайн үйл байдлыг хүлээн авах юмыг биедээ харьяалуулдаг байнам” гэж үйлт нэрийг идэвхтэй нэрийн айд оруулжээ. Орчин цагийн монгол хэлний зүйд үйлт нэрийн зүйл шууд тусагдахуун болбол заавал заахын тийн ялгалын дагавартай хэрэглэгддэг нь маргаангүй боловч үүний учир нь мөн л монгол хэлний зүйд нэрийн зүйлийг ялгах ба үл ялгахын ёс байгаагаар тайлбарлагдана. Үйлт нэрийн зүй бол нэгэнт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг зааж, ямар нэгэн тодорхой үйлдэх хийхийн санаа илрүүлэх тул хэзээд онцлон ялгасан утгаар хэрэглэгдэнэ. Жишээлбэл: Би таны хэлснийг мартжээ. Би таны ирэхийг мэдсэнгүй гэх мэт. Зөвлөлтийн монголч эрдэмтэн Б.Х.Тодаева "Дорно дахины судлалын институтын эрдэмтний тэмдэглэл” гэдэг түүврийн 4 дүгээр ботид бичсэн "Орчин цагийн монгол хэлэнд заахын тийн ялгалыг хэрэглэх нь” гэсэн үгүүлэлдээ монгол хэлний зүйд заахын тийн ялгалыг дагавартай, дагаваргүй хэрэглэхийн учрыг нэлээд дэлгэрэнгүй тодорхойлжээ. Тодаевагийн ажигласнаар заахын тийн ялгалын дагавартай хэрэглэх газрууд нь: 1. Тодотголтой буюу тодотголгүй шууд тусагдахуун нь үгүүлэхүүнээсээ үгүүлбэрийн бусад гишүүнээр зааглагдаж, утгаараа нэлээд биеэ даагаад их төлөв утгын өргөлт тохиолдож байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: Сургуулиудад үндэсний хэл бичгийн хичээлийг шинэ бичиг дээр зааж байна. Яг зургаан цаг болоход байшингийн үүдийг хүн нээв гэх мэт. 2. Нэрийн үндсээр илэрсэн үгүүлэгдэхүүний шууд залгаа нь шууд тусагдахуун ороод шууд тусагдахууныг заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэрээр нэвтрүүлэхэд утга нь балархай болж, тухайн үгүүлбэрийн утгыг гажуудуулж болох байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: За яах вэ? Эрийг нас дарна, уулыг цас дарна. 3. Заахын тийн ялгалын хэлбэрт шууд тусагдахуун нь үгүүлбэрийн эцэст орж, үгүүлбэрийн доторх үндсэн санааг биедээ үүрсэн байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: Миний нүдийг үү? Тийм ээ таны нүдийг гэх мэт. 4. Заахын тийн ялгалд байгаа нэр нь биеийн ба заах төлөөний нэрээс бүтсэн байвал үгүүлбэрийн дотор хаана ч байсан ялгалгүй заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: Чи намайг итгээч, түүнийг эзлээд төрсөн сайн эр гэнэ гэх мэт. 5. Заахын тийн ялгалд байгаа нэр нь тооны нэрээс бүтсэн байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: Бид гурван өдрийн дотор пионерын тэмдэг жарыг хийв гэх мэт. 6. Заахын тийн ялгалд байгаа нэр нь тэмдгийн нэрээс бүтсэн байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: Хүний сайныг ханилж мэднэ. Морины сайныг унаж мэднэ гэх мэт. 7. Үйлт нэр заахын тийн ялгалд байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: Ханилсныг хуурдаг хүнд би дургүй гэх мэт. 8. Тусгай нэрийн зүйл заахын тийн ялгалд байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл:Чулууныг ажлаа хийж суутал утас нь гэнэт дуугарав гэх мэт. Тодаевагийн ажигласнаар заахын тийн ялгалын дагаваргүй хэрэглэх газрууд нь: 1. Шууд тусагдахуун нь үйл үгтэйгээ салшгүй утгын холбоотой байвал заахын тийн ялгалын дагаваргүй байна. Жишээ нь: тариа тарих, мал маллах, бичиг бичих, цай уух, тамхи татах, мал услах, мах чанах гэх мэт. 2. Шууд тусагдахуун нь үйл үгийнхээ шууд өмнө орж, шууд тусагдахуун үгүүлэхүүн хоёрын завсар үгүүлбэрийн өөр гишүүн ороогүй байвал заахын тийн ялгалын дагаваргүй байна. Жишээлбэл: Аргал, түлээ түүнэ, Чи жимс олж чадах уу? гэх мэт. 3. Шууд тусагдахуун нь өмнөө тооны тодотголтой байвал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээ нь: Нэг өдөр хэрээ нэг могой зуусан нисч явжээ. Би энэ амралтаар арван нэгэн кило ноос түүж хоршоонд өгөв гэх мэт. 4. Шууд тусагдахуун нь ерөнхийлөн хамаадуулахын дагавартай байвал заахын тийн ялгалын дагаваргүй байна. Жишээлбэл: Би энэ ширээн дээр орой хичээлээ давтдаг. Нөхөд нь зөвшөөрөн толгойгоо дохив гэх мэт. Энэ мэтээр Тодаева монгол хэлний зүйд заахын тийн ялгалыг дагавартай, дагаваргүй хэрэглэх газрыг зүйлчлэн тодорхойлжээ. Гэвч чухам ямар учраас ингэж заахын тийн ялгалыг дагавартай, дагаваргүй хоёр янзаар хэрэглэдгийг тайлбарласангүй. Тодаевагийн ийнхүү ялган тодорхойлсон нь үндсэндээ Бобровниковын санааг баримталж, жишээ баримтаар баяжуулжээ. Гэвч Тодаева, Бобровниковын "онцлон ялгалгүй өргөн утга хадгалж, үйл үгийнхээ хамтаар бүхэл төрөл үйлдлийг заасан нэрийг заахын тийн ялгалын дагаваргүйгээр..." гэсэн нэг чухал санааг анхаарсангүй. Тодаевагийн ялган тодорхойлсонд нэмэн тайлбарлавал зохих зүйлүүд дээр Бобровников Ринчин хоёрын санааг тайлбарлахад гол төлөв гарсан тул энд давтан нуршихын хэрэг алга. Зарим тайлбарыг дор зохих зүйлд хавсарган хэлье. Энэ мэтээр монгол хэлний зүйд заахын тийн ялгалыг дагавартай дагаваргүй хоёр янзаар хэрэглэх ёсыг монголч эрдэмтэн нар харилцан адилгүйгээр тайлбарлажээ. Дээр дурдсан олон янзын санал ба бодит баримтаас үзвэл монгол хэлний зүйд заахын тийн ялгалыг дагавартай дагаваргүй хэрэглэх ёсыг ялган хэрэглэхийн ямар ч баримжаа, дүрэмгүй юм гэж үзэж болохгүй байна. Тэгвэл хэтэрхий өнгөц үзсэн хэрэг болно. Бас Ринчиний саналаар эрхшээлт нэр, эрхшээлгүй нэр дээр үндэслэн тайлбарлах гэхэд хэрэг дээрээ эрхшээлт нэр нь эрхшээлгүй нэр шиг, эрхшээлгүй нэр нь эрхшээлт нэр шиг хэрэглэгдэх газар арвин тохиолдоод эцэстээ баримтлах ямар ч баримжаагүй болчиж байна. Бас заахын тийн ялгалыг ийм тийм газар дагавартай хэрэглэнэ. Тийм тийм газар дагаваргүй хэрэглэнэ гэж зүйлчлэн жагсаах төдийгөөр хязгаарлаж болохгүй юм. Бид жинхэнэ учир шалтгааныг тодорхойлж, үндсэн дүрмий нь олох хэрэгтэй байна Орчин цагийн монгол хэлний бодит баримтаас үзвэл монгол хэлний зүйд нэрийн зүйлийг төрлийн нь олноос онцлон ялгах ба үл ялгах ёс байгаа нь илэрхий байна. Үүн дээр үндэслэж, монгол хэлний зүйд заахын тийн ялгалыг уг нэрийн зүйлийг төрлийн нь олон юмын нэрээс онцлон ялгасан утгатай газар дагавартай хэрэглэж, тэгж онцлон ялгахгүйгээр тухайн төрлийн л нэг юмын нэр болох төдийг заасан утгатай газар дагаваргүй хэрэглэдэг юм байна. Гурав. Монгол хэлний зүйд үгүүлбэрийн дотор орсон нэрийн зүйлийг төрлийн нь олноос онцлон ялгаж үзүүлэхдээ үгүүлбэрийн зүйн аргаар янз бүрийн тодотгол хэрэглэж, уг санааг илрүүлдэг байна. Тэгэхдээ тодотгол бүр энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй юм. Янз бүрийн тодотголын дотроос хэний хамаат болохыг заасан биеийн төлөөний нэрийн харьяалахын тодотгол, жич олны дотроос ялгаж чухам аль болохыг заасан заах төлөөний нэр тодотгол нь тухайн нэрийн зүйлийг төрлийн нь олон юмнаас онцолж ялган үзүүлнэ. Жишээлбэл: Миний морийг эмээллээрэй. Энэ цайг уу. Тэр цамцыг угаагаарай гэх мэт. Үйлт нэрийн тодотгол, ялангуяа гишүүн үгүүлбэр тодотгол нь тухайн нэрийн зүйлийг гол төлөв төрлийн нь олон юмнаас ялган үзүүлнэ. Жишээлбэл: Би чиний хонинд унах морийг барилаа. Чиний өгсөн номыг уншив гэх мэт. Бас зүг, чиг огторгуйн холбогдол бүхий утгатай дутмаг нэр тодотгол нь тухайн нэрийн зүйлийг гол төлөв төрлийн нь олон юмнаас ялган үзүүлнэ. Жишээлбэл: Би айл нүүлгэв. Би баруун айлыг нүүлгэв. Бид гурван уул давна. Бид зүүн уулыг давна гэх мэт. Жич, эндэх тэндэх, гаднах, доторхи, дээрх гэх мэтийн нэр тодотгол нь тухайн нэрийн зүйлийг төрлийн нь олон юмнаас онцлон ялгаж чадна. Жишээлбэл: Эндэх өвсийг ачаад яв. Дээрх ачааг буулга. Гаднах морийг унаад яв гэх мэт. Асуух төлөөний нэрээс хэний гэж харьяалахын тийн ялгалын хэлбэрт тодотгол нь тухайн нэрийн зүйлийг мөн төрлий нь олон юмнаас онцлон ялгаж үзүүлнэ. Жишээлбэл: Хэний морийг барив. Бас аль морийг барив гэдэг атал ямар морь барив гэж хэлнэ. Бусад тоо, чанар, бүтсэн эдийг заасан тодотгол, жич харьцангуй тодотгол нь тухайн нэрийн зүйлийг төрлийн нь олон юмнаас онцлон ялгахгүй. Жишээлбэл: Би хоёр байшин барив. Би сайн байшин барив. Би модон байшин барив. Би цонхтой байшин барив гэх мэт. Харьяалахын тийн ялгалын хэлбэрт жинхэнэ нэр тодотгол нь тухайн нэрийн зүйлийг заримдаа төрлийн олон юмнаас онцлон ялгаад, заримдаа үл ялгана. Жишээлбэл:Би гэрийн хаалга засав. Би Доржийн хаалгыг засав гэх мэт. Ийм газар утгаараа ялгарна. Дөрөв. Утгаараа ямагт онцлон ялгасан ухагтахууныг илрүүлэх нэрийн зүйл байдаг байна. Ийм нэрс нь онцлон ялгасан тодотгол зэргийг үл шаардана. Ийм нэрийн зүйлд хүний нэр, биеийн ба заах төлөөний нэр зэрэг онцлон ялгасан утгатай нэрийн зүйл багтана. Энэ тухай учир байдлыг урьдах зүйлүүдэд тодорхойлсон тул олныг нурших хэрэг алгаа. Энд энэ мэтээр монгол хэлний зүйд нэрийн зүйлийг төрлийн нь олон юмнаас онцлон ялгаж үзүүлэхдээ 1-д, хамаадуулахын ёс буюу өөрөөр хэлбэл, гурван биед хамаадуулах, ерөнхийлөн хамаадуулах аргаар; 2. Хэрэв уул нэр нь заахын тийн ялгалд байгаа бол уул заахын тийн ялгалын дагавраар, 3-т, биеийн төлөөний нэрийн харьяалахын тийн ялгалын хэлбэрт тодотгол буюу заах төлөөний нэр тодотгол зэрэг онцлон ялгасан утгатай янз бүрийн тодотголоор, 4-т, тухайн нэрийн утгаар буюу онцлон ялгасан утгын өргөлтөөр тус тус онцлон ялгаж үзүүлдэг ажээ. Эдгээр арга нь үгүүлбэрийн дотор орсон нэгэн нэрд хэд хэдээр давхарлан тохиолдож болно. Жишээлбэл: Чи тэр морийг минь бариад ирээрэй гэхэд 1 дүгээр үгүүлбэрт морь гэж үгийг тэр гэж чухам аль болохыг заах төлөөний нэр тодотголоор ялган заагаад дараа нь миний гэж уул морь нь эзэнгүй морь биш, 1 дүгээр этгээдийн морь болохыг лавшруулан шалгаад эцэст заахын тийн ялгалын дагавар хэрэглэж, ерөнхий нэг л морь биш, онцлон ялгасан морь болохыг давхар ялган заажээ. Гэвч заримдаа заахын тийн ялгалын дагаврыг хасаж хамаадуулахын дагавраар хавсарган илрүүлж болно. Жишээлбэл: Би морио барья. Цайгаа ууя. Хичээлээ давтъя гэх мэт.
Үл ялгахын ёс нь Үгүүлбэрийн дотор орсон нэрийн зүйлийг онцлон ялгах аргыг мэдвэл үл ялгахын ёс нь аяндаа илэрхий болно. Өөрөөр хэлбэл, онцлон ялгасан тэмдэггүй бол аяндаа үл ялгасан утгатай байна. Жишээлбэл: 1. Үл ялгасан утгатай нэрийн зүйл нь гурван биед хамаадуулах буюу ерөнхийлөн хамаадуулахын хэлбэрээр байж үл болно. 2. Бас миний, чиний, энэ, тэр гэх мэтчилэн онцлон ялгасан утга бүхий тодотголтой байж үл болно.
Хайлт
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|
|