ERDENET ULAANBAATAR
|
Арван найм. САЛАНГИД ҮГИЙН УТГАТАЙ, ҮГИЙН ХЭЛЗҮЙН УТГА ХОСЛОХ ТУХАЙ АСУУДАЛД
Арван найм.
САЛАНГИД ҮГИЙН УТГАТАЙ, ҮГИЙН
ХЭЛЗҮЙН УТГА ХОСЛОХ ТУХАЙ АСУУДАЛД
Хэлний дохионы
нэгжүүд нь фонем, морфемуудын нэгдэл байдгийн адил хэлний нэгжүүд нь бас
салангид үгийн утгатай, үгийн хэлзүйн утга хосолж байж л утга төгсөнө. Салангид
үгийн утга, үгийн хэлзүйн утга хоёрыг судлах үед л цэврээр нь салган ярьж
болохоос биш, хэрэглэх үед заавал хосолно. Энэ хоёр, нэг нь нөгөөгүй байж
чадахгүй юм.
Үгийн хэлзүйн утга нь салангид үгийн утга дээр үндэслэн, хэлний хэлэлцэхийн
явцад гарч ирнэ. Жишээлбэл: Манай багш мориор иржээ гэхэд багш, морь, ир гэсэн
үг нь салангид юм, үзэгдлийн төгс бус энгийн дохио, манай багш, мориор иржээ
гэсэн нь хэлний төгс нийлмэл дохио болно.
Хүн хэлний дохио хэрэглэж, харилцан саналаа солилцоход хэлний төгс бус дохио
болох морфем, үг, холбоо үгээр биш, төгс нийлмэл дохио болох үглэвэрээр
хэлэлцдэг. Үглэвэр нь юм, үзэгдлийг хөдөлгөөний хамт заасан дохио байдаг тул
харьцангуй утга төгссөн байна. Үглэвэр нь заавал үглэгдхүүн, үглэхүүний хоёр
бүрэлдэхүүнээс бүрэлдсэн байна. Үглэвэр нь олон цөөн үгтэй янз бүр байх боловч
дээр дурдсан хоёр бүлэгт хуваагдаж байна.
Үглэврийн бүрэлдэхүүн нь нэг нэг үгээр, хоёр хоёр үгээр, дөрөв дөрвөн үгээр ч
байж болно. Үглэврийн гишүүд нь ил, далд хоёр янз байж, мэдэхэд аль хэрэгтэй
гишүүн нь ил байна. Үглэвэр нь хязгааргүй бодит ертөнцийн нэг өчүүхэн тасархайн
дохио тул үглэврийн гишүүдийг асуултаар нэмэн дэлгэрүүлэхэд хязгаар байдаггүй.
Жишээлбэл: Багш ирлээ. Ямар багш юугаар ирэв? Манай багш мориор ирлээ. Танай
ямар багш ямар мориор ирэв? Манай хэлний багш бор мориор ирлээ гэх мэт.
Заримдаа үглэгдхүүний бүхэл бүлэг, үглэхүүний цөмийг ч орхиж, далд байж болно.
Жишээлбэл: Чи хөдөөнөөс юугаар ирэв? гэхэд зөвхөн мориор гэж хариулж болно. Энэ
нь Би хөдөөнөөс мориор ирлээ гэсэн хоёр бүрэлдхүүнтэй үглэвэр болно.
Салангид үгийн утга гэдэг нь салангид юм, үзэгдлийн дохио, салангид харьцаа,
хөдөлгөөний дохио байна. Жишээлбэл: ном, ус, номтой, усчин, яв, суу, хазаарла,
усал гэх мэт. Ном уг нь юм үзэгдлийн энгийн төгс бус дохио, номтой, усчин нь юм
үзэгдлийн нийлмэл энгийн төгс бус дохио, яв, суу нь хөдөлгөөн, харьцааны энгийн
төгс бус дохио, хазаарла, усал нь хөдөлгөөн харьцааны нийлмэл төгс бус дохио
болно.
Салангид юм, үзэгдлийн дохио, салангид юм, үзэгдлийн харьцааны дохио нь дээр
дурдсан ёсоор язгуур морфем, залгавар морфемтой нийлж бүтэхээс гадна хэд хэдэн
ийм холбоо үг нийлж бүтсэн байж болно. Жишээлбэл: Ахын адуунаас ирсэн даага гэх
мэт. Ийм урт холбоо үг нь үглэврийн нэг үгтэй адилхан үүрэг гүйцэтгэнэ.
Жишээлбэл: Би танай даагыг уналаа. Би бор даагыг уналаа. Би ахын адуунаас ирсэн
даагыг уналаа гэх мэт. Ийм нийлмэл дохионы сүүлчийн үг нэр байвал нэр үг, үйл үг
байвал үйл үгийн ёсоор хувилна. Жишээлбэл: Морь сайн барилаа. Морь барилт сайн
боллоо гэх мэт.
Монголын судлалд хойно, өмнө, дээр, доор, дунд, бай-, бол- гэх мэтийн үгийг
дагавар үг, туслах үг гэх мэтээр тайлбарлаж заншсан байна. Эдгээр үгсийг үгсийн
хоорондын харьцаа заадаг гэж үздэг. Монголын дагавар үг гэдгийн ялгарах онцлог
нь:
1. Үг бүтээх дагавар авч шинэ нэр үүсгэж чадна. Жишээлбэл: дээдэ, дээшэ,
дээгүүр гэх мэт.
2. Нэрийн үндэс үүсгэж нэрийн тийн ялгалын нөхцөл авч чадна. Жишээлбэл:
дээрээс, дээши, дээгүүр гэх мэт.
3. Бусад нэртэй адил язгууртай үндэс үүсгэнэ. Жишээлбэл: дэ + э + р + э =
язгуур + үндэс үүсгэх дагавар + нэр үүсгэх дагавар + өгөхийн тийн ялгалын
нөхцөл. Энэ язгуураас дам дэг, дэн үүсгэж дэгдэх, дэгжих, дэндэх гэсэн үгс
үүсгэнэ.
4. Үглэврийн биеэ даасан гишүүн болж чадна. Жишээлбэл: Дээр доор нь таарчээ.
Дээр, доорыг нь тааруул. Дээр, доорын ялгаагүй. Дээрээс буулаа. Сандал дээр
суу. Дээшээ явлаа. Дээгүүр гарлаа гэх мэт.
5. Түүхийн үүднээс бол хойно, өмнө, дээр, доор гэсэн үгс нь цөм өгөхийн тийн
ялгалын нөхцөлтэй үгс, тэдгээр хуучин монгол бичигт хойн-а, эмүн-э, дэгэр-э гэж
бичиж байжээ.
Хэрэв дээр доор нь орон цаг заасан утгаас чанарын харьцаа заасан утгат шилжвэл
бусад тийн ялгалаар арвин тохиолдоно. Жишээлбэл: Дээрийг авчраарай гэх мэт. Энэ
нь сайныг авчраарай гэсэн утга болно. Орон, цагийн харьцааны үгс ингэж зарим
тийн ялгалаар ховор ялгаллагддаг нь уул үгийн утгаас болсон байна. Эдгээр үгс
өгөх оршихын тийн ялгалд тэг нөхцөлд байдаг нь бас уул үгс нь орон, цаг заах
тул орон цагийн харьцаа заах өгөх оршихын тийн ялгалын ил нөхцөл илүүц болно.
Жишээлбэл: Манай адуу хойно байна. Манай адуу өмнө байна. Манай адуу голд
байна. Би хойно нь ирье. Би гуравт ирье. Би таванд ирье гэх мэт. Энэ бүгдээс
үзэхэд, монгол хэлний дагавар үг гэж тайлбарлах нь үндэс муутай бөгөөд
өрнөдийнхний угтвар үгнээс үлэмж ялгаатай болох нь мэдэгдэж байна. Бай-, бол-
гэх мэтийн үгийг туслах үйл үг гэдэг нь бас л эргэлзээтэй. Чи багш байгаарай.
Би оюутан байлаа гэсэн үглэврийн байгаарай, байлаа гэдгийг туслах үйл үг гэдэг.
Заримдаа энэ байлаа гэсэн үйл үгийг орхиод Би оюутан гэж ярьж болдог. Үнэндээ
энэ оюутан байлаа гэдэг нь уул үглэврийн нийлмэл цөм нь багш, оюутан гэсэн нь
үгийн салангид утгыг хадгалсан дагуул нь байлаа гэсэн үйл үг нь хэлзүйн утга
хадгалсан цөм нь юм. Ер нь үглэхүүнийг нэр үглэхүүн, үйл үглэхүүн гэж хуваадаг
нь будлиантай юм. Хэрэв үглэгдхүүний бүлэг нь бүхэлдээ юм, үзэгдлийн дохио,
үглэхүүний бүлэг нь тэр юм, үзэгдлийн хөдөлгөөн, харьцааг заасан дохио байдаг
бол үглэгдхүүний эцсийн үг нь үглэхүүндээ голлон захирагдаж, нэрлэхийн тийн
ялгалаар хэлбэржсэн нэр үгээр, үглэхүүний эцсийн үг нь үглэгдхүүнээ голлон
захирч, захирах хүсэх, цагийг заах үйл үгээр хэлбэржсэн үйл үг байх нь зүйн
хэрэг болно. Үглэхүүн нь хөдөлгөөний дохио байдаг бол хөдөлгөөн нь орон, цагийн
айгүй байж болохгүй юм. Үглэхүүний цөм нь энгийн, нийлмэл хоёр янз байж болно.
Үглэхүүний цөм нь биеэ даасан үйл үг байж, нийлмэл цөм нь нэр, үйлийн тийн
ялгалаар хэлбэржсэн нэр буюу үйл дагуултай цаг заах буюу захирах хүсэх
нөхцөлтэй үйл үг байна. Уул үйл үгийн цагийн нөхцөл нь гурван цагийг дүрсээр ялгаж,
биеийг нь харьцаагаар ялгаж заана. Үйл үгийн биеийн нөхцөл нь биеийг дүрсээр
ялгаж, цагийг хэргийн зүйгээр ялган заана. Үйлийн цаг нь тод бол бие нь аяндаа
ил болно. Захирах хүсэх үйл үг нь ямагт ирээдүй цагт биеий нь заасан байна. Нэр
үгэнд цагийн айгүй тул цэвэр нэрээр төгссөн үглэхүүн байхгүй, үйл үгийг нь
хурааж хэлсэн нэрээр төгссөн үглэхүүн байж болно. Энэ гол төлөв одоо цагт үйл
үгийг нь хурааж хэлнэ. Жишээлбэл: Би оюутан (байна). Би оюутан байлаа гэх мэт.
Үглэхүүнд цагийн айг цагийн нөхцөлөөр гаргаж, орны айг биеийн нөхцөлөөр
гаргана. Учир нь бие нь тод бол орон нь ил болно.
Салангид үгийн утга дээр үндэслэж, үгийн хэлзүйн утга гарч ирдэг бол салангид
үгийн утга нь хэлзүйн утга дээр үндэслэнэ. Жишээлбэл: морь гэсэн салангид үгийн
нэр үг гэдэг нь энэ морь гэсэн үг нэрийн тийн ялгалын нөхцөлтэй холбогдож,
үйлийн тийн ялгалтай холбогдож болдоггүй дээр үндэслэн мэдэгдэнэ. Жишээлбэл:
мороод, моровч, мормогц гэж залгаж болохгүй атал мориор, морийг, моринд гэж
залгаж болох мэт. Салангид юм, үзэгдэл, түүний хөдөлгөөн харьцааны төгс бус
дохио нь нэг морфемоор, үгээр, холбоо үгээр байна. Юм, үзэгдлийн төгс бус дохио
нь нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржиж, нэр үгээр төгссөн, хөдөлгөөн харьцааны
төгс бус дохио нь үйлийн хамаатуулахаар хэлбэржсэн үйл үгээр төгссөн байна. Ийм
юм, үзэгдлийн дохио, хөдөлгөөн, харьцааны дохио нийлж байж, төгс нийлмэл
дохио-үглэвэр болно.
Үгийн хэлзүйн утга нь хэлний дохионы нэгжүүдийг холбоход гарч ирнэ. Энэ учраас
хэлзүйн утгыг бас бүтцийн гэж болно. Хэлзүйн утга оролцохгүйгээр бүтэц
үүсэхгүй. Хоёр дохиог холбож, шинэ утга гаргах зарчмыг бид нэг утга дээр нөгөө
утгыг нэмэхэд тэр хоёр утгын ерийн нийлбэр болохгүй гэдэг онол дээр үндэслэж
байна. Жишээлбэл: хоёр дээр тавыг нэмэхэд долоо болохтой адилгүй, харин хоёрын
дараа тавыг бичвэл хорин тав болохтой адил шинэ зүйл болно гэх мэт. Үүнийг
монгол хэлнээс жишээ татвал төмөр хайрцаг гэхэд дан төмөр ч биш, хайрцаг ч биш
төмөр хайрцаг болно гэсэн санаа болно. Олон цөөн үг утга холбогдохдоо хос
хосоороо нийлсээр нэг бүхэл цогц болно. Идэвхгүй язгуур морфем нь юм үзэгдлийн
дохио болж чадахгүй, үг бүтээх дагавар авч байж, юм, үзэгдлийн дохио болно. Энэ
учраас үг бүтээх дагаврыг нөгөө морфемтой нийлэвч нэг бүхэл юм, үзэгдлийн дохио
болж, салангид үгийн утгыг гаргадаг бол үг хувилах нөхцөл нөгөө морфемтой
нийлэвч тэр морфемоо хоёр дахь морфемтой холбож, хэлзүйн шинэ утга гаргана. Энэ
учраас үг бүтээх дагавар нь шинэ үг үүсгэж, үг холбох нөхцөл нь хоёр өөр
морфемыг холбож, хэлзүйн шинэ утга гаргахын хамт шинэ дохио, шинэ утгыг
үүсгэнэ. Үг бүтээх дагавар нь салангид үгийн шинэ дохио, шинэ үг үүсгэхийн хамт
хэлзүйн шинэ утгыг үүсгэнэ. Салангид үгийн утга, хэлзүйн утга нь ийм нягт
холбоотой байна. Идэвхтэй язгуурын биеэ даасан үг болж чаддаг нь биеэ даасан
юм, үзэгдлийн дохио болдогтой холбоотой байна. Идэвхгүй язгуур нь биеэ дааж,
үглэврийн гишүүн болдоггүй. Үглэвэрт бусад үгстэй зэрэгцэн явдаг бут, няц гэх
мэтийн язгуур морфем нь бут ниргэ, няц цохь гэсэн хоёр язгууртай нийлмэл үг юм.
Зарим монголч эрдэмтэн энэ бут, няц гэх мэтийн үгсийг өрнөдийнхний хэлтэй
адилтган угтвар морфем гэдэг. Бидний бодоход энэ бут, няц нь идэвхгүй язгуур
тул биеэ дааж үглэврийн гишүүн болж чадахгүй гэж бодож байна. Энэ учраас няц,
бут, дэлбэ гэх мэтийн үгс нь ч үг биш, угтвар морфем ч биш юм. Энэ бут, няц гэх
мэтийн үгс нь бутархай, бутрах, няцархай, няцал гэх мэтээр үгийн язгуур болж
чадна. Мөн энэ аргаар -тай, -тэй, -той морфемын дагавар нөхцөлийг ялган таньж
болно.
Нэг дэх нь -тайгийн дараа нэрийн хамаатуулахын нөхцөл залгаж болж байвал
хамтрахын тийн ялгалын нөхцөл, залгаж болохгүй байвал үг бүтээх дагавар, хоёр
дахь нь нэг морфемтой залгаж, шинэ үг бүтээж байвал үг бүтээх дагавар, хоёр
морфемыг холбож, хэлзүйн утга үүсгэж байвал үг холбох нөхцөл болно. Ямар нэгэн
үгийг аваад салангид үгийн утгаар бодвол салангид үгийн утга гарч, өөр морфем,
үгтэй холбож бодвол хэлзүйн утга гарна. Жишээлбэл: малчин, ахын морь гэх мэт.
Өөрөөр хэлбэл, малчин нь мал биш хүн гэж бодвол салангид үгийн утга ах гэсэн
үгийг морь гэсэн үгтэй холбож бодвол үгийн хэлзүйн утга гарах мэт. Ингэж салангид
үгийн утга, үгийн хэлзүйн утга хоёр нь хэлэнд алхам бүр хослон тохиолдож нэг нь
нөгөөгүй байж чадахгүй юм. Үгийн салангид утга, үгийн холбооны утга болж, үгийн
холбооны утга нь үгийн салангид утга болж болно. Жишээлбэл: төмрийн хайрцаг
гэхэд нэг талаас үгсийн холбооны утга, нөгөө талаас салангид үг, холбоо үгийн
утга болох мэт.
|
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|