Monday, 2024-10-14, 6:34 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 622
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Найм

Найм

Монгол хэлэнд энгийн үгүүлбэрүүдийг холбож нийлмэл үгүүлбэрийг бүтээхдээ мөн бусад хэлнүүдийн нэгэн адил нэг үгүүлбэрийг нөгөөд нь энгийн нийлүүлэн холбох буюу эсхүл шууд хавсруулан холбох хоёр үндсэн apга байдаг. Жишээлбэл: Өдөр нь халуун нар гарч, шөнө нь ширүүн бороо оров гэхэд өдөр нь халуун нар гарав, шөнө нь ширүүн бороо оров гэсэн хоёр энгийн үгүүлбэрийг энгийн холбож, зөвхөн үйл явдлын дараалан болсныг үзүүлжээ. Гэтэл шөнө ширүүн бороо орохлоор бид адуугаа манав гэхэд шөнө ширүүн бороо оров гэсэн нэг энгийн үгүүлбэрийг бид адуугаа манав гэсэн нөгөө нэг энгийн үгүүлбэрт хавсруулан холбожээ.
Монгол хэлний нэг энгийн үгүүлбэрийг нөгөөтэй нь энгийн холбож энгийн нийлмэл үгүүлбэрийг бүтээхэд түрүүнд нь орсон үгүүлбэрийн үгүүлэхүүнийг нэг бол зэрэгцэх, урьдчилах, хам нөхцөл үйл үгээр хэлбэржүүлэн холбох (Жишээлбэл: Өчигдөр ах адуундаа яваад, би хонио усалсан. Өнөөдөр би хонио хяргаж, Дорж ноосоо хураав гэх мэт) эсхүл уул нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгүүлбэрүүдийг өчүүхэн ч хувиргалгүй зөвхөн аялгаар нь холбох (Жишээлбэл: Өчигдөр ах адуундаа явсан, би хонио усалсан гэх мэт) ийм хоёр арга байдаг.
Мөн нэг энгийн үгүүлбэрийг нөгөөд нь хавсруулан холбож, хавсарсан нийлмэл үгүүлбэрийг бүтээхэд уул хавсаргасан үгүүлбэрийн үгүүлэхүүнийг, нэгд, болзох, дагалдах, дутагдах, зорих, далимдах, бэлтгэх, үргэлжлүүлэх зэрэг нөхцөл үйл үгийн аль нэгээр хэлбэржүүлэн холбох (Жишээлбэл: Маргааш чамайг морин тэргээр хот орвол бид хамт явна. Багшийг хотоос ирэхлээр та уулзаарай. Доржийг эс очивч бид очно. Бат голоос адуугаа услахаар явав. Та гэртээ харингаа миний захидлыг ахад минь хүргэж өгнө үү. Таныг иртэл би энд хүлээж байя. Багшийг ирмэгц бид хичээлдээ орсон гэх мэт). Хоёрт, үйлт нэр буюу бусад нэрийн янз бүрийн тийн ялгалаар хэлбэржүүлэн холбох, (Жишээлбэл: Чиний өгсөн номыг би их сонирхож уншив. Та ахыг ирэхээр яваарай. Таны хэлснийг би мартаагүй. Таныг дунд сургуульд байгааг би мэдээгүй гэх мэт). Гуравт, уул үгүүлэхүүнийг хувилгалгүй «гэх» гэдэг тусгай үгээр нөгөө үгүүлбэртэй нь холбох (Жишээлбэл: Маргааш бүх сурагчид сургууль дээр хуралдана гэснийг та сонссон уу гэх мэт) ийм гурван арга байдаг.
Энэ мэтээр монгол хэлний нийлмэл үгүүлбэрийг холболдсон байдлаар нь энгийн нийлмэл үгүүлбэр, хавсарсан нийлмэл үгүүлбэр гэж ангилж болох бүрэн үндэстэй юм. Энгийн нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгүүлбэрүүдийг эцсийн ба эцсийн биш гэж хоёр хэсэгт хувааж, хавсарсан нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгүүлбэрүүдийг гол ба гишүүн үгүүлбэр гэж тус тус ангилж болно.
Монгол хэлний энгийн нийлмэл үгүүлбэр, хавсарсан нийлмэл үгүүлбэр хоёрын үндсэн ялгавар нь юуны өмнө уул нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгүүлбэрүүдийг хооронд нь холбосон хэлбэр буюу бүтцээрээ илэрнэ. Утгын хувьд бол энгийн нийлмэл үгүүлбэрийн хэлбэрээр хавсарсан нийлмэл үгүүлбэрийн санааг илтгэж, хавсарсан нийлмэл үгүүлбэрийн хэлбэрээр энгийн нийлмэл үгүүлбэрийн санааг илтгэх удаа цөөнгүй тохиолдоно. Жишээлбэл: бороо ороод, ногоо ургав гэхэд хэлбэрээрээ энгийн нийлмэл үгүүлбэр боловч, утгаараа түрүүчийн нь үгүүлбэр дараахь үгүүлбэрийнхээ шалтгаан нь болжээ. Энэ учраас энгийн нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгүүлбэрүүдийн хоорондын утгын холбоо нь янз янз байж болох нь:
1. Түрүүчийн нь үгүүлбэрээр илэрсэн үйл явдал нь сүүлчийнхээ үгүүлбэрээр илэрсэн үйл явдлын нөхцөл шалтгаан байж, сүүлчийнх нь түүний үр дагавар байж болно. Жишээлбэл: нар гарч, тэнгэр дулаарав. Тэнгэр хүйтрээд ус хөлдөв гэх мэт.
2. Түрүүчийн үгүүлбэрээр илэрсэн үйл явдал нь сүүлчийнхээ үгүүлбэрээр илэрсэн үйл явдалтай харилцан эсрэг тэсрэг утгатай байж болно. Жишээлбэл: айлуудын хонь нь ирээд, адуу нь ирсэнгүй гэх мэт.
3. Түрүүчийн нь үгүүлбэрээр илэрсэн үйл явдал сүүлчийнхээ үгүүлбэрээр илэрсэн үйл явдалтай огт холбогдолгүй зөвхөн ерийн цагт цуварч буюу зэрэгцэж болох буюу болсныг зааж болно. Жишээлбэл: өчигдөр ах адуугаа усалж, би хонио хяргасан гэх мэт.
Гэтэл гишүүн үгүүлбэр бол утгаараа гол үгүүлбэрийнхээ аль нэг гишүүнд шууд захирагдаж гол үгүүлбэрийнхээ тусагдахуун, тодотгол, байц, үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн гэх мэтчилэн аль нэг гишүүний нь үүргийг гүйцэтгэдэг. Энэ учраас гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн маш олон хэлбэрээр илэрч болдог ба үгүүлэгдэхүүн нь ч гол үгүүлбэртэй ямар гишүүний үүргийг гүйцэтгэсэн байдалд зохицож, заах, харьяалах зэрэг янз бүрийн тийн ялгалаар хэлбэрждэг ажээ. Энгийн нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан эцсийн биш үгүүлбэр нь ийм гишүүн үгүүлбэрээс ноцтой ялгавартай юм.
9. Монгол хэлний нийлмэл үгүүлбэрийг судлахад мөн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний хэлбэрийн тухай асуудал чухал суурийг эзэлнэ. Энд бид гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний тухай авч хэлэлцье.
Монголч эрдэмтэн нар монгол хэлний гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь чухам ямар газар заахын тийн ялгалын хэлбэрээр, ямар газар харьяалахын тийн ялгалын хэлбэрээр байдгийн учрыг олох гэж нилээд оролджээ. Үүнд гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь тусах үйл үгээр илэрсэн байвал үгүүлэгдэхүүн нь ерөнхийдөө харьяалахын тийн ялгалын хэлбэрт нэр байж, хэрэв эс тусах үйл үгээр илэрсэн байвал үгүүлэгдэхүүн нь заахын тийн ялгалын хэлбэрээр байдаг гэсэн нэг санал байдаг (Санжеев). Жишээлбэл, бид таныг ирэхлээр явна. Би ахын авчирсан номыг уншив гэх мэт. Зарим нөхцөл байдалд үнэхээр ч ийм шинжтэй болох нь илэрхий ажээ. Хэрэв тусах үйл үг үгүүлэхүүнтэй гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл заримдаа уул үгүүлбэрийн утга санаа хоёрдож, учир нь мэдэгдэхгүй болоход хүрдэг удаа үзэгдэнэ. Жишээлбэл: би ахыг дуудсаныг мэдсэнгүй гэхэд ах нь ямар нэгэн хүнийг дуудсан юм уу эсхүл ямар нэгэн хүн ахы нь дуудсаны алин болох нь үл мэдэгдэнэ. Гэтэл энэ үгүүлбэрийг би ахын дуудсаныг мэдсэнгүй гэж гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл тэгж утга битүүлэгдэх явдалгүй бөгөөд ах нь хэн нэгэн этгээдийг дуудсан болох нь ив илэрхий байна. Гэвч тусах үйл үгээр илэрсэн үгүүлэхүүнтэй гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх удаа цөөхөн үзэгдэнэ. Жишээлбэл: бид таныг тэр морийг авчирсныг мэдсэнгүй гэхэд таныг гэсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл бид таны тэр морийг авчирсныг мэдсэнгүй гэж таны гэсэн нь уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн биш, харин хэний морь болохыг заасан тодотгол болчих тул хэдийгээр дурдсан гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь аваачих гэж тусах үйл үгээр илэрсэн боловч үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлсэн нь илүү ойлгомжтой ажээ. Энэ мэтийн үзэгдэл арвин бий. Жишээлбэл ахыг морь авчрахаар явъя. Багшийг ном өхөөр уншина. Эгчийг тогоо авчрахаар цай чанана гэх мэт. Хэрэв эдгээр гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл ахын морийг авчрахаар явъя, багшийн номыг өхөөр уншина. Эгчийн тогоог авчрахаар цай чаная гэх зэргээр ах, багш, эгч гэсэн үгс нь уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн биш дараахь морь, ном, тогоо гэсэн үгсийн тодотгол болж ухагдах болно. Үүн дээрээс зарим монголч эрдэмтэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлэхэд уул үгүүлэгдэхүүний дараа нэр тохиолдвол үгүүлэхүүнтэйгээ авцалдахгүй харин үгүүлэхүүний тусагдахуун буюу байц гишүүний харьяалахын тодотгол болж, утга будлиантуулах буюу ац утгатай хоёр ойлголттой болгох тул уул үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлснээс заахын тийн ялгалаар хэлбэржүүлсэн нь тохиромжтой болж ирнэ. Мөн үгүүлэхүүний утга нь үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл уул үгүүлэхүүнийг заахын тусагдахуун болгож ташаарах газар харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлэх нь зохистой болно (Б.Ринчен) гэж үздэг ажээ. Гэвч гишүүн үгүүлбэрийн хойноо нэр үгтэй үгүүлэгдэхүүн бүрийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх ёстой гэж үзэж үл болно. Учир нь гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь хойноо нэр үгтэй байвч заавал харьяалахын тийн ялгалаар хэлбэржих явдал олон тохиолдоно. Жишээлбэл: Ахын хөдөөнөөс авчирсан машинаар ирэв. Багшийн айлд өгсөн номыг бид уншив. Таны, морь авсан хүнтэй би уулзав гэх мэт. Хэрэв эдгээр гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний дараахь нэрийнхээ тодотгол болчихоос болгоомжилж, заахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл ахыг хөдөөнөөс авчирсан машинаар ирэв, багшийг айлд өгсөн номыг бид уншив Таныг морь авсан хүнтэй би уулзав гэх зэргээр түрүүчийн нэг гишүүн үгүүлбэрийн ахын гэсэн үгүүлэгдэхүүн нь тусагдахуун болж, сүүлчийн хоёр гишүүн үгүүлбэр нь ямар ч утгагүй юм болчихно. Үүнд багшийн хөдөөнөөс авчирсан машинаар ирэв гэхэд багшийн гэсэн хөдөөнөөс гэсэн орныг заасан байцын тодотгол болж ухагдаж болно. Хэрэв тэгвэл ярианы хэлэнд багшийн хөдөөнөөс гэж тодотгогч,тодотгуулагч хоёрын хооронд завсар сэггүй хэлж, бичигт бол хооронд нь таслал тавилгүй бичнэ. Хэрэв багшийн гэсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг дараахь хөдөөнөөс гэсэн үгийн тодотгол биш дараахь авчирсан гэсэн үгүүлэхүүний нь үгүүлэгдэхүүн болохы нь үзүүлэх гэвэл ярианы хэлэнд хооронд нь завсар сэгтэй хэлэх бөгөөд бичигт бол таслал тавих ёстой болно.
Энэ мэтээр монгол хэлний гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг чухам ямар газар харьяалахын тийн ялгалаар, ямар газар заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх талаар монголч эрдэмтэн нарын уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь тусах үйл үг бол харьяалахын тийн ялгалаар, эс тусах үйл үг байвал заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх буюу эсхүл уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн хоёрын завсар нэр үгээр бүтсэн гишүүн тохиолдож үгүүлэгдэхүүн нь түүний тодотгол болж ухагдах газар заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх ёстой гэсэн хоёр саналын аль аль нь (өнгөцхөн үзэхэд үнэнтэй мэт боловч нарийвчилбал төгс хууль болж чадахгүй нь илэрхий ажээ. Гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний ямар газар заахын тийн ялгалаар, ямар газар харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлдэг байдлыг орчин цагийн монгол хэлний баримт гэрчээс нарийвчлан үзвэл дээр дурдсан монголч эрдэмтэн нарын илрүүлсэн хоёр нөхцөл байдлаас өөр бүр ноцтой нөхцөл байдал дээр үндэслэсэн нь илэрхий ажээ. Үүнд гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний хэлбэр нь уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь үйлт нэр буюу нөхцөл үйл үгийн алинаар бүтсэн, мөн уул гишүүн үгүүлбэр нь гол үгүүлбэрийн ямар гишүүний үүргийг гүйцэтгэсэн байдлаас ихээхэн холбогддог ажээ. Жишээлбэл: уул гишүүн үгүүлбэр нь гол үгүүлбэртээ тодотголын үүргийг гүйцэтгэсэн буюу үгүүлэгдэхүүний үүргийг гүйцэтгэсэн байвал тийм гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь заавал харьяалахын тийн ялгалаар хэлбэржсэн байна. Жишээлбэл: Ахын хэлсэн үгийг би мартахгүй. Доржийн машинаар авчирсан түлээг түлж дуусав. Батын айлаас авчирсан морь гадаа байна. Таны унах морь ирлээ. Ахын гэртээ унших номыг чи аваачиж өг. Эгчийн унадаг морийг барь. Батын гэртээ харих цаг болов. Аавын хониндоо барьдаг шилбүүрийг дүү хугалжээ. Энэ их борооноос урьдаж таны, түлшээ бэлтгэсэн нь сайн болжээ. Дүүгийн cyргууль дээр очих нь оройтож гэх мэт. Тодотгол гишүүн үгүүлбэр буюу үгүүлэгдэхүүн гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь ямагт нэрлэхийн тийн ялгалын хэлбэрт үйлт нэрээр хэлбэрждэг тул ер нэрлэхийн тийн ялгалын хэлбэрт үйлт нэр үгүүлэхүүнд гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь тусах эс тусах үйл үгийн алин ч байсан хамаагүй мөн үгүүлэгдэхүүн үгүүлэхүүн хоёрын завсар бусад нэрийн зүйл орсон, ороогүй ялгалгүй ямагт харьяалахын тийн ялгалын хэлбэрээр хэлбэржсэн байдаг гэж болно. Энэ ёс нь орчин цагийн бичгийн ба ярианы хэлний аль алинд хатуу тогтвортой ажээ. Харин шууд ба шууд бус тусагдахууны үүргийг гүйцэтгэсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь ярианы ба орчин цагийн бичгийн хэлэнд харьяалахын тийн ялгал, заахын тийн ялгалын аль алинаар хэлбэржсэн үзэгддэг. Жишээлбэл: Таны ирснийг бид мэдсэнгүй. Таныг ирснийг бид мэдсэнгүй. Батын морь барихыг харъя. Батыг морь барихыг харъя гэх мэт.
Үүнд тусах үйл үг үгүүлэхүүнтэй зөвхөн үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн xoёpooр бүтсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл утга санаа нь хоёрдохгүй тодорхой болдог ажээ. Тэхгүй бол уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь тусагдахуун болж ухагдах болно. Жишээлбэл: Бид Батын зурснаар зурав. Бид Батыг зурснаар зурав гэх мэт. Харин үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн хоёрын хооронд нэр үгээр бүтсэн тусагдахуунтай тусагдахуун гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлэхэд урьдахь адил салаа утгатай ухагдахад үл хүргэнэ. Жишээлбэл: Батыг морь барихыг харъя гэх мэт.
Гэвч энэ үгүүлбэрийг бас Батын морь барихыг харъя гэж үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлэн хэлэх бичихэд утга нь будлиантах зүйлгүй. Учир нь Батын гэсэн нь хэрвээ морины тодотгол байсан бол нэгдүгээрт, Батын морь гэж хооронд нь завсар сэггүй хэлэх ба бичихэд бол таслалгүй бичнэ. Хоёрдугаарт, Батын морийг барихыг харъя гэж морь гэсэн үг нь заахын тийн ялгалаар хэлбэржсэн байх ёстой.
Эс тусах үйл үг үгүүлэхүүнтэй тусагдахуун гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заах, харьяалахын тийн ялгалын аль алинаар ч хэлбэржүүлэхэд тэгж санаа хоёрдохгүй. Жишээлбэл: Таны ирснийг бид мэдсэнгүй. Таныг ирснийг бид мэдсэнгүй гэх мэт. Гэвч үүнд бас нэг тусгай учир байж болох нь: таны ирснийг гэхэд ирснийг гэсэн үгүүлэхүүн дээр нь утгын өргөлт оногдож таныг ирснийг, таныг гэсэн үгүүлэгдэхүүн дээр нь утгын өргөлт оногдсоноос ийм хоёр хэлбэр гарч ирсэн байж болно. Ер нь монгол хэлний гишүүн үгүүлбэрийн заахын тийн ялгалын хэлбэрт үгүүлэгдэхүүн нь хэлбэрийн хувьд зөвхөн үгүүлэхүүнтэйгээ нягт холбоотой боловч утгын хувьд өөр үгүүлэхүүн ба мөнхүү үгүүлэхүүнийг захирсан гол үгүүлбэрийнхээ үгүүлэхүүнтэй нэгэн зэрэг холбоотой байж болно. Өөрөөр, таныг ирснийг бид мэдсэнгүй гэхэд таныг гэсэн үгүүлэгдэхүүн нь утгаараа ирснийг гэсэн үгүүлэхүүнийхээ хамт гол үгүүлбэрийнхээ мэдсэнгүй гэсэн үгүүлэхүүндээ нэгэн зэрэг тусагдахуун байж болно. Уул гишүүн үгүүлбэрийн гол гишүүн үгүүлбэртэй нь байцын үүргийг гүйцэтгэсэн байвал тийм гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь орчин цагийн халх монголын ярианы хэлэнд гол төлөв заахын тийн ялгалаар хэлбэрждэг ажээ. Жишээлбэл: Бид ахыг ирэхлээр явна. Та багшийг ирэхэд ангидаа байсан уу? Би ч чамайг иртэл энд хүлээж байя. Аавыг ирмэгц унагаа уяна. Батыг, хотоос ирэхээр гурвуулаа кино үзнэ. Энэ ажлаа чамайг ирсний хойно гүйцэтгэе. Чамайг зураг сайн зурдаг болохоор би тэгж гуйсан юм. Ахыг эс ирэвч бид маргааш явна. Чамайг зөвшөөрвөл бид хамт явъя гэх мэт. Гэтэл монголын классик бичгийн хэлний найруулга ба мөн буриад ойрдын аялгууны нөлөө бүхий орчин цагийн бичгийн хэлэнд байц гишүүний үүргийг гүйцэтгэсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлэх явдал арвин үзэгддэг. Гэвч орчин цагийн монголын бичгийн хэлэнд халх монголын ярианы хэлний нөлөө хичнээн их нэвтрэх тутам байц гишүүний үүргийг гүйцэтгэсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх нь илүү арвин үзэгддэг болж байна. Үгүүлэхүүний үүргийг гүйцэтгэсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь ямагт нэрлэхийн тийн ялгалын хэлбэрт үйлт нэрээр байдаг тул мөн ийм гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь харьяалахын тийн ялгалаар хэлбэржсэн байдаг. Жишээлбэл: энэ бол өчигдрийн миний чамд хэлдэг байна гэх мэт. Энэ мэтээр орчин цагийн халх монголын ярианы хэлэнд мөн халхын аялгуу дээр үндэслэсэн орчин цагийн монголын бичгийн хэлэнд үгүүлэгдэхүүн үгүүлэхүүн тодотголын үүргийг гүйцэтгэсэн гишүүн үгүүлбэр буюу өөрөөр хэлбэл гол төлөв үйлт нэр үгүүлэхүүнд гишүүн үгүүлэхүүний үгүүлэгдэхүүнийг харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлээд, байц гишүүний үүргийг гүйцэтгэсэн гишүүн үгүүлбэр буюу өөрөөр хэлбэл нөхцөл үйл үг, заримдаа үйлт нэр, үгүүлэхүүнд гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнээр заахын тийн ялгалаар хэлбэржүүлж, тусагдахуун гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заах харьяалах хоёр тийн ялгалын аль алинаар хэлбэржүүлдгийн учир шалтгаан юу вэ? гэвэл энэ нь нилээд ноцтой шалтгаантай ажээ. Үүнд монгол хэлэнд гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг эс оролцуулбал харьяалахын тийн ялгалын хэлбэрт нэр нь зөвхөн нөгөө нэрд захирагдахаас биш үйл үгэнд бараг захирагддаггүй. Мөн заахын тийн ялгалын хэлбэрт нэр нь зөвхөн үйл үгэнд захирагдахаас биш, нөгөө нэр үгэнд захирагдахгүйг бид мэдэж байна. Үүн дээрээс тодотгол үгүүлэгдэхүүн, тусагдахуун гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь хэдийгээр цаг, хэв, байдлыг заасан үйлт нэрээр бүтэвч гол үгүүлбэртээ ямар нэгэн бодь биеийг заасан нэрийн утгаар үйлчилдэг тул уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүнээр илэрсэн үйл байдлын эзэн болох үгүүлэгдэхүүн нь зохих үгүүлэхүүнийхээ хэний юуны үйл байдал болохыг заасан тодотголын хэлбэрээр буюу өөрөөр хэлбэл харьяалахын тийн ялгалаар хэлбэрждэг ажээ.

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com