Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Цаг агаарын мэдээ
ERDENET ULAANBAATAR
|
Николас Поппе Дурдатхал Нэг. Бага нас, өсвөр үеНиколас Поппе Дурдатхал Нэг. Бага нас, өсвөр үе Бүлэг 1Николас Поппе: Бага нас, өсвөр үе Би Хятадын Шандун мужийн Чэфү хотноо 1897 оны 8 сарын 8-нд төрж, тэндхийн Англи сүмд загалмайлуулсан. Миний эцэг, Николас Эдвин Поппе (1870-1913), Хаант Орос улсын Тянжинь дахь консулын газрын нарийн бичгийн дарга байв. Тэрбээр Санкт Петрбургийн Их Сургуулийн Дорно дахины Салбарт Хятад, Манж, Монгол хэл болон Зүүн Азийн түүх зэрэг дорно дахины олон хичээл үзэж төгссөн юм. Аавын маань эцэг Готтфрид Максимилиан Поппе оёдолчин байсан бөгөөд түүний гэргий Мариа Тромберг Эстони гаралтай хүн байв. Өвөг эцэг маань жирийн ажилтан хэдий ч боловсролын үнэ цэнийг ойлгодог хүн байсан тул гурван хүүхдээ гурвууланг нь ахлах сургууль төгсгөж, их сургуульд суралцуулсан байна. Аавын эрэгтэй дүү Василий Санкт Петрбургийн Их Сургуулийн Хуулийн Сургуулийг төгсч, хуульч болсон бол эмэгтэй дүү Мариа нь тэр үед Орост хүйсийн ялгаваргүйгээр боловсрол эзэмшүүлэх сургууль гэж байгаагүй тул Ст. Петрбург дахь эмэгтэйчүүдийн их сургууль (Высшие Женские Курсы) төгсч, багш болсон юм. Миний эх Элизабет бол (Елизавета), 1878-1955 (Зураг 1) Хаант Орос улсын Шавьж судлалын Хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, нэрт шавьж судлаач, мөн анагаах ухаанаар докторын цол хүртсэн Фердинанд Карл Жозеф Моравитз (1827-1896) – ийн охин билээ (Зураг 2). Моравитзийнхны талаар тусгайлан өгүүлбээс зохино. Миний эхийн талын элэнц эцэг Фердинанд Жозеф Каспар Моравитз (1796-1844) Наполеоны дайны үед, 19-р зууны эхээр Саксоны Алтенбургаас Орост цагаачлан иржээ. Мэргэжлийн хувьд тэрбээр дархан бөгөөд суудлын галт тэргийг нэн уран үйлддэг байсан гэдэг. Орост тэр үед галт тэрэг гэж үнэндээ бараг байгаагүй ч тэрбээр хаа очиж аз хийморьтой амьдарч чаджээ. Түүний дөрвөн хүү гэхэд л, миний өвөг эцэг Фердинандаас гадна Август нь Хаант Орос улсын Шинжлэх Ухааны Академийн Амьтан Судлалын Музейн Шавьж Судлалын тасгийн мэргэжилтэн, Николас нь Киевийн Их Сургуульд анатомийн профессор байсан бол Александер харин бүр ахлах сургуулийн сурагч байхдаа өөд болсон юм. Бас Амалиа Мариа Жозефа гэж охинтой байсан нь Фритиоф Х. Хултман хэмээх Финланд хүнтэй гэрлэжээ. Тэдний хүү Оскар Фредрик Хултман (1862-1929) (зураг 5) сүүлд Швед хэлний нэрт судлаач болж, Хелсинкийн Их Сургуульд профессороор ажилласан. Үүнээс харахад Фердинанд Жозеф Каспар Моравитзийн төрсөн хүүхдүүд нь бүгд эрдэмтэд, эсхүл эрдэмтний эцэг эх болсон байна. Миний нагац эмэг Вилхелмин Эмилие Каролине, угийн овог нь Бөтз (Wilhelmine Emilie Karoline nee Boetz) (1854-1919) талхчин Вилхелм Бөтз (1819-1885) – ийн охин бөгөөд ээж нь Элизабет Көниг (Elizabeth Koenig) байв. Көнигийнхэн хуучны Орост алдартай айл байлаа. Элизабетийн эцэг Иоханн Георг Көниг (Johann Georg Koenig) (1785-1856) (Зураг 3), эх Гертруд Элизабет Көниг, угийн овог нь Вебер (зураг 4) нар Германаас Орост цагаачлан ирсэн бөгөөд чихрийн манжингийн тариалан болон үйлдвэр олноор эзэмшин, чихрийн нэр цуутай үйлдвэрлэгч болсон юм. Тэдний гэр бүлийн алдар суу ач хүү Александер Көниг (1858-1940) (зураг 6) - өөр нь үргэлжилнэ. Александер Көниг миний өмнө дурдсан нагац эмэг Элизабетийн маань дүү Леополдын хүү байсан агаад амьтан судлалаар мэргэжин алдартай, чинээлэг эрдэмтэн болсон төдийгүй Бонн хот дахь Александер Көнигийн нэрэмжит Амьтан Судлалын Музейг үндэслэсэн нь одоо ч Германд ажилласаар буй (зураг 7). "Көниг Чихэр” гэсэн эзэнт улсыг үндэслэгчийн ач хүү, тансаг өвийг нь залгамжилсан том хүүгийнх нь хүү болохын хувьд Александер янз бүрийн улст хийх амьтан судлалын экспедициуд болон музейн барилгыг барих ажлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хангаж байжээ. Александер бид хоёр ямар хамаатан бэ гэдгийг дахин тодорхой өгүүлбээс, тэрбээр миний нагац эмгийн үеэл, өөрөөр хэлбэл эмээгийн хувьд үеэл, ээжийн маань хаяал нь болох хүн. Иоханн Георг Көнигийн нэг хүү Эмануэл дээд зэрэглэлийн зураач болж, зарим зураг нь урлагийн музейнүүдэд тавигдаж байв. Ер нь Көнигийнхэн авьяас билэгтэй улс байсан нь маргаангүй. Миний эх Элизабет мөн л авьяаслаг эмэгтэй байлаа. Тэрбээр олон хэл мэддэг, Орос, Герман, Франц, Англиар төдийгүй Итали, Хятадаар чөлөөтэй ярьдаг байв. Сүүлд, манайхныг Финландад зусдаг болсон үед Фин хэл бас сурсан юм. Ээж бас эмээгийн нагац Эмануэлээс өвлөсөн байлгүй, сайхан зурдаг байсан бөгөөд манай гэрт түүний зургаас өлгөөтэй байдаг байсныг санаж байна. Би Хятад дахь бүр бага үеэ санадаггүй. Франц цонхтой том өрөөний л бүдэг бадаг төсөөлөл ойнд үлдэж. Байшингийн гаднах том модны сүүдэр өрөөг харанхуйлдаг сан. Би сандал дээр сууж, нэг хүн надтай наадан, мөрөн дээр зөөлөн алгадна. Тэр бол амаагийн (асрагч эх) маань хүү. Миний амааг хатагтай Ванг гэх ба би түүнд их хайртай. Намайг зөвхөн Хятадаар ярьдаг, ээжтэйгээ хүртэл хятадаар л харьцдаг байсан тэр үед амаа миний анхны хэлний багш болж байв. Сахилгагүйтэн энд тэнд нуугдаж, алга болдог муу зуршилтай байсан маань ээж, амаа болон үйлчлэгч нарт маань мөн ч их түвэг уддаг сан. Эрлийн бүлэг зохион байгуулж, заримдаа бүр гурав дөрвөн цаг хайж байж захаас ч юм уу, ойрхны сүмээс олоход би Хятадуудтай ярилцан, үйлчлэгч нараасаа мэдэж авсан янз бүрийн сонин содон нэрээр тэднийг дуудан байдаг байв. 1900 онд манайхыг Тянжиньд байхад Боксерын бослого дэгдэж, ээж бид хоёр гадаадын бусад консулын ажилтны төрөл садангуудын адил Гордоны Ордон (зураг 8) хэмээх Британийн байшинд хоргодож байв. Босогчид магадгүй биднийг тэр чигээр нь хөнөөхөөр ордон руу дайрах үед бид подвалд авдар савны ард нуугдан сууж байлаа. Энэ явдал миний нялх эмзэг оюунд гүнзгий мөрөө үлдээснээс болж би үлдсэн бүх амьдралынхаа туршид харанхуй өрөөнд, хэн нэгэн намайг хорлох гэж буй мэтээр ахин дахин хар дарах болсон билээ. Азаар, холбоотны нэгдсэн хүч ирж бүслэлтийг бут цохин, биднийг чөлөөлсөн юм. Боксерын бослогын дараа буй болсон замбараагүй байдлаас болж 1901 онд аав маань ээж бид хоёрыг Санкт Петрбург руу явуулахаар шийдэв. Бид хоёр эхлээд Порт Артурт галт тэргээр хүрээд тэндээсээ Япон хүртэл жижиг уурын онгоц хөлөглөхөөр боллоо. Шуурганаас шалтгаалан онгоц хойшлогдож, хэд хоног хүлээх хэрэгтэй болов. Нэг өдөр бид нэгэн найзынхаа гэрт охиных нь төрсөн өдрийг тэмдэглэхээр очсон юм. Төрсөн өдрийн үеэр, бусад үед бол их л тайван байдаг нохой нь гэнэт уурлаж, нэг хүүхдийг зууж орхив. Энэ нь нохой галзуу байсны баталгаа бөгөөд үүнээс болж бөөн юм болсныг би санаж байна. Галзуугийн эсрэг тариа хийж чадах хамгийн ойрын улс нь Япон байсан тул тэр хүүхэд Япон руу бидэнтэй цуг явж, тэндээ эмчлүүлээд буцсан билээ. Нагасакид далайн том онгоцонд шилжин сууж, амьдралынхаа анхны урт аялалд гаран, Номхон далай, Энэдхэгийн далай, Улаан тэнгис, Суэцийн суваг, Газар дундын тэнгис болон Хар тэнгисийг гатлан Одессад хүрэв. Нийт аяллын явцад ээж далайн өвчнөөр зовж явсан бол миний хувьд ер мэдэгдэх зүйл байсангүй. Харин ч эсрэгээр, ээжийн сүүлд надад ярьж өгснөөр бол би ганцаар үлдсэнээ овжин ашиглаж, шүдний сойз, сам, шаахай зэрэг юмсыг шуургатай далайд шидэн тоглодог байсан гэнэ. Аяллынхаа сүүлчийн хэсэгт Оросын нутгаар хойшоо Санкт Петрбург хүртэл галт тэргээр явлаа. Петрбургт бид хоёр нагац эмэг Вилхелмин Эмилие Каролине Моравитзынд нүүн орсон бөгөөд тэр үед тэрбээр талийгаач нөхрийнхөө гэрт амьдарсаар байсан юм. Нөхөр нь 1896 оны 12 сард, намайг төрөхөөс жил хүрэхгүйн өмнө өнгөрсөн юм. Тэдний байр "Вознесенский Проспект”-ийн 33-т, сүмийн хажууханд байв. Петрбургийн амьдралд дасах гэж би нэлээд зүдэрсэн. Би амаагаа, хоёр хүүг нь, ер нь л Хятадыг маш их санаж байлаа. Петрбургийн гудамж, цаг агаар нь ч Хятадаас эрс өөр байв. Хэдий ээжтэйгээ ч харилцдаг байсан ч миний ганцхан ярьж чаддаг хятад хэл энд огт хэрэггүй, гэхдээ би орос хэлийг хурдан сурсан юм. Петрбург дэх гэртээ би хэзээ ч таатай байсангүй, хачирхалтай нь үргэлж энэ хотыг орхин өөр улс руу нүүмээр бодогддог сон. Сүүлд миний бие дорнын хэлнүүдийг судлан Хятад ч уу, Зүүн Азийн өөр ямар нэгэн улст консулын ажилтнаар явна хэмээн шийдсэн маань үүнтэй л холбоотой болов уу. Хэсэг хугацаанд энэ нь миний хамгийн их тэмүүлсэн мөрөөдөл байсан боловч яг үнэн хэрэгтээ өөрөө ч мэдэлгүйгээр эрдэмтэн болохыг ихэд хүсэх болсон бөгөөд энэ талаар дараа өгүүлэх болно. 1902 онд, ээж бид хоёрыг Петрбургт суурьшаад жил орчим болсны дараа аав маань Гадаад Албанд томилогдон ажиллангаа бидэнтэй хамт жил илүү хугацааг өнгөрөөхөөр Хятадаас буцан ирлээ. Би Латви гаралт, Герман асрагч авхай Кристинэ Озолын халамжинд оров. Тэрбээр надад герман хэл зааж, би ч удалгүй германаар ус цас болсон юм. 1903 оны 8 сарын 6-нд миний эмэгтэй дүү Элизабет (Елизавета Николаевна) төрөв. Үүний дараахан аав маань Хейлүнчиан мужийн Чичигаар хотод консулаар томилогдон Хятад руу буцах боллоо. Бид бас дараахан нь түүний араас хөдөлсөн юм. Петрбургээс Москва хүрснийхээ дараа нээгдээд тун удаагүй байсан Транс-Сибирийн төмөр замаар аялав. Энэ зам Байгалын баруун эрэг хүртэл л үргэлжилсэн. Нуур луу эгц уруудсан уулсаас болж нуурыг тойруулан төмөр зам барих ажил хэдэн жилээр хойшилсон юм. Энэ нүсэр ажиллагаа дуусахад янз бүрийн урттай 50 гаруй хоолой баригдсан байв. Бид Байгал нуураас барууншаа дөчөөд бээрийн газар орших Эрхүү хотноо хэд хонов. Тэр үеийн ч, одоогийн ч Сибирийн хамгийн гол хот Эрхүү миний балчир оюуныг анхнаасаа л урхидсан билээ. Петрбург, Москвагаас онхи өөр, өнгө дүрслэл сайтай хот мэт санагдаж байв. Ихэнх байшин нь модон, гудамж нь өргөн, хаа сайгүй айлууд гацуур мод тарьсан байлаа. Бидний байрласан буудал харин нэлээд бүдүүлэг, боловсон жорлон байтугай модон жорлон ч үгүй байсныг санаж байна. Бие засах хэрэгцээ гарвал буудлын ард байх пинд орж ажлаа амжуулна. Амьдралын маань Сибирь дэх хэсэг өвөл таараагүйд би баяртай байлаа. Эрхүүгээс Байгал нуур хүртэл галт тэргээр яваад нуурыг уурын онгоцоор гатлав. Галт тэрэг уурын онгоцон дээр зүтгүүргүй гарч нөгөө эрэг дээр очиход өөр зүтгүүрт холбон цааш хөдөлсөн юм. Ингээд Чита, Манжуураар дамжин Чичигаарт хүрлээ. Аав биднийг ирэхэд зориулан бүгдийг бэлдсэн байсан ба ээж бид хоёрын хамгийн их сэтгэл догдолсон санаандгүй бэлэг нь аав бүр Хятадаас миний хуучин амаа (асрагч эх), хатагтай Вангийг дүүгийн минь амаа болгохоор авчирсан явдал байв. Хэдийгээр би Хятад хэлээ мартаагүй байсан авч гуравхан настайдаа гарсан тул мэдээж үгийн сан маань тун хомс, амаатай хязгаарлагдмал хүрээнд л харилцаж байлаа. Чичигаар нарийхан тахир гудмуудтай, олон сүмтэй ердийн нэг хятад хот байлаа . Консулын газар хотоос зайдуу, тал нутагт, хайлаас бүхий цэцэрлэг доторх тоосгон хашаанд байрлана. Хамгаалалтандаа зориулж бид Хасагуудын тусгай анги авдаг байв. Тэднийг Уссурийн Хасагууд гэх нь Манжуурын зүүн хилийг тогтоож өгдөг голоор нэрийдсэн хэрэг. Тэд хар хөх өнгийн дүрэмт хувцастай, өмдөн дээрх шар судал нь мөрнийх нь дардастай хослон харагдана. Тэд Сибирийн зүс сайтай боловч хэрцгий нохдыг олноор нь манаандаа хэрэглэдгийн учир нь нь оршин суугчдын хэлдгээр хун хуцу (улаан сахалтнууд) хэмээх дээрэмчид тал нутагт дүүрэн байсных юм. Тэр Хасгуудыг би одоо ч сайн санаж байна. Ялангуяа Логинов, Портнягин хэмээх хоёртой нь найзалдаг байсан тул санаанд бүр тод. Консулын газар Нон хэмээх өргөн, том мөрөнд ойрхон. Консулын эргэн тойронд айлууд амьдагдаггүй ч Монгол жингийн цуваа байн байн өнгөрнө. Монгол жингийн цуваа надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд сүүлд Монгол хэл, аман зохиолыг сонирхон судлах болсон минь магадгүй бага насны тэр л дурсамж, хүнд ачаатай тэмээдээ хөтлөн явах мөнөөх жинчдээс ч шалтгаалсан байж болох юм. Консулын газраас холгүйхэн экспортод гаргадаг бололтой тахианы далавч хадгалдаг пин байв. Нэг өдөр ээж бид хоёр салхинд гарангаа тэр пинг өнгөртөл тэнд гуйлгачид буудалласан байлаа. Тэдний нэг нь болох таар нөмөрснөөс өөр хувцасгүй нүцгэн гуйлгачин бид хоёр дээр ирж, мөргөн мөнгө гуйв. Бид хоёул ихэд айж, ээж сочсондоо болоод гуйлгачинд өгөх хэмжээнээс хамаагүй их мөнгө өгчхөөд консулын цэцэрлэг рүү хурдхан буцан орж билээ. Тэдгээр өрөвдөм ядуусын байдал дэндүү хэцүү байв. Би амьдралдаа дахин тийм юм хараагүй. Хожим олон газраар аялж явахад минь тэдэн шиг өвлийн тэсгим хүйтэнд чармай нүцгэн явах нэг ч гуйлгачин тааралдаагүй билээ. Тэдний ихэнх нь өвлийг өнгөрөөж чадаагүй байх аа даа. Тэр үеийн бас нэгэн сонин дурадхал бол консулын газраас холгүй орших, дээрэмчид болон бусад хэрэгтнүүдийг цаазаар авдаг тавцан юм. Мэдээж хэрэг, бид тийм үйл ажиллагаанд оролцдоггүй, оролцохыг хүсдэг үгүй байсан авч консулын цэцэрлэгт зугаалж явахдаа нохдын зууж ирсэн хүний ястай байнга таардаг байв. Нэг удаа би бутан дороос хүний гавлын яс олж билээ. Хасагууд гэж ясны анчид, оройн хоолон дээр гургуул, туулай болон өөр тоглоом байнга авчирна. Үүнд нь би мэдээж ихэд баярладаг байсан тул өөрөө ан хийхээр урхи барин консулын цэцэрлэгийн энд тэнд эвтэйхэн тавьдаг байлаа. Хачирхалтай нь миний урхинд гургуул юм уу, туулай дандаа орсон байдаг байв. Харин сүүлд мэдсэнээр, сайхан сэтгэлт Хасагууд намайг баясгахын тулд урхинд минь амьтан хийчихдэг байсан юм гэнэ лээ. Консулын газар том тоосгон байшинд байрлана. Бид гэр ахуйн бүхий л ажлыг хийдэг олон тооны үйлчлэгчтэй байлаа. Тогооч л гэхэд зөвхөн захаас хүнс авах, хоол бэлдэх л ажил хийнэ. Тэрбээр хоёр туслахтай, нэг нь хоол хийхэд нь тусалдаг байсан бол нөгөө нь зөвхөн аяга таваг угаана. Өөр нэг үйлчлэгч мод хөрөөдөж, хагалах үүрэгтэй байхад түлээг нь зөөн авчирч, гал түлэх хүн бас тустай. Байран доторх тоосыг арчиж, шүүрдэх гагц үүрэг бүхий ажилтан ч байв. Хоолны ширээнд нэг хүү үйлчилдэг байлаа. Яг хэдэн үйлчлэгчтэй байснаа би санадаггүй, гэхдээ хэзээ ямагт хорь орчим ажилтан байнга байж байдаг байв. Ер нь бид Ази дахь бусад Европчуудтай, тухайлбал Энэдхэг дэх Британичууд, Энэдхэг-Хятад дахь Француудтай адил хэмжээнд аж төрж байлаа. Чичигаар миний өмнө дурдсанчлан яг л нэг байдаг Хятад хот байв. Консулын ажилтнууд, Хасагууд, цэргүүд болон дайран өнгөрөх аяны улсыг эс тооцвол энэ хотод Орос хүн гэж байсангүй. Тиймээс би энд ер нь яагаад консулын газар байгуулсан юм бол хэмээн би ч тэр, консулынхаа ажлыг хийх шаардлага гардаггүй аав ч тэр гайхдаг байв. Өдөр сар өнгөрсөөр, гэвч паспортоо сунгуулах, эсвэл Хятадад хэрэг тариад гаргуулах нэг ч Орос хүн ирсэнгүй. Өмнө дурдсан цэргүүд гэдэг нь Дорнод Сибирийн Явган Цэргийн 128-р Хорооныхон бөгөөд уг хорооны офицерүүд манайд үргэлж зочилдог, зарим нь оройн хоолонд ирдэг байлаа. Заримынх нь нэрийг би одоо ч санаж байна. Хороон захирагч нь Франц гаралт хурандаа Андро-Гинглят байв. Тэр их боловсролтой хүн байлаа. Оросын Европын хэсэгт хуваарилагдахад чадал нь хүрээгүй бусад офицерийн нэгэн адил тэрбээр Дорнод Сибирийн явган цэргийн хороонд амьдралаа дуусгаж буй нь энэ. Үүнд бас түүний өр ч нөлөөлсөн. Үнэнийг хэлэхэд ихэнх офицерүүд мөрийтэй тоглоомоос болж давшгүй өрөнд орсон байдаг байв. Биднийг 1903 онд Чичигаарт ирэхэд намар болж байсан бол удалгүй өвөл ирж, өдрийн цагт Цельсийн хасах 20 хэмд байнга эргэлдэн, заримдаа бүр илүү хүйтрэх ч болов. Зул сарын баяраар гэр бүлээрээ болон ганц биеэр амьдардаг офицерүүд гацуур мод бүхий хүүхдийн баяр зохион явуулав. Энэ сайхан баярын талаар миний санаж байгаа ганц юм гэвэл яг тэр үед толгой задарчих шахам өвдөж байсан бөгөөд хожим би амьдралдаа олон тийм толгойны өвчнийг тэсэн өнгөрөөх хэрэгтэй болж байж билээ. Чичигаар дахь амьдрал маань бидний бодож байсанчлан тун удалгүй төгсгөл болов. Хойтонгийнх нь хоёр сард Япон-Оросын хооронд дайн эхэлж, Японы цэрэг Манжуураар хурдтай давшин мөдхөн Чичигаарт орж ирэхээр янзтай боллоо. Тиймээс аав маань биднийг Орос руу буцаахаар бүхнийг зохицуулав. Чичигаар яг төмөр замын дагуу байрлаагүй боловч арваад бээрийн зайд Хятадын Зүүн Төмөр Замын Хурхираа өртөө оршдог байв. Бидний Орос руу буцах аялал төлөвлөгөөнд ороогүй явдал байсан нь тодорхой боллоо. Учир нь Байгал нуурт ирэхэд нуур тэс хөлдүү, уурын онгоц ажиллахгүй байв. Оронд нь галт тэргээ шууд мөсөн дээр тавив. Ингэхдээ мөсөн дээр олс тавьж, цасаар бүрээд ус цацан хөдөлгөөнгүй хөлдөөж зам гаргаад төмөр замын тэргээр түрэн нуурыг гэтэлсэн юм. Үлдсэн аялал маань тун удаан үргэлжлэв. Учир нь тэр үед Транс-Сибирийн төмөр зам ганцхан шугамтай байсан бөгөөд цэрэг болон цэргийн эд зүйлсээр дүүрэн армийн галт тэргүүдийг шууд явуулахын тулд өртөөнүүд дээр зөрөхөөр удаан хүлээн зогсож байлаа. Чичигаараас гарснаасаа хойш би аавтайгаа дахин уулзаагүй. Орос-Японы дайн, 1905 оны Оросын хувьсгал болон аавын маань Мүгдэн, Харбинд ерөнхий консулын албыг нэр төртэй хашсан зэрэг явдал түүнд гэртээ харих бололцоо олгоогүй билээ. Тэрбээр 1913 онд өөд болсон, өөд болох ч гэж дээ, бусдад хороогдсон юм. Аав өөрийнхөө аюулгүй байдлын талаар огт анхаарал тавьдаггүй, хаалга, цонхоо ер түгждэггүй хүн байсан юм. 1913 оны 4 сарын нэгэн шөнө аавыг Харбин дахь Консулын газарт байрлах байрандаа байж байхад нь цонхоор нь хулгайч орж иржээ. Хажуу өрөөнд нь чимээ гарсанд шалгахаар ороод аав маань хутгалуулсан байна. Смоленскийн оршуулгын газар тавихаар түүний цогцсыг Петрбургт авчирсан. Бага насны минь хамгийн том үйл явдал хожуухан, 1904 онд тохиосон нь нэгэн багш надад хичээл заахаар долоо хоногт хэд хэд ирдэг болсон явдал юм. Лина Григорьевна Чебулаева эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан байв. Сайн ч багш, сайхан ч хүн байсан юм. Тэр үед манайх Петрбургээс жараад километрийн зайд Финляндын Райвола хэмээх өртөөний ойролцоо зуслангийн байшин хөлслөн зусдаг байв. Чебулаева багш зунжин манайд байсан ба заримдаа миний ойлгосноор сүйт хархүү нь болох нэгэн залуу ирж уулздаг байлаа. Тэр залууг Александр Федорович Шишмарев гэнэ. 1904 оны тэр зун мань эр манайд хоёр гурав ирээд алга болчхов. Сонсохноо Александр төр засгийн эсрэг үйл ажиллагаанд оролцсон учир Хаант засгийн цагдаад баригдсан гэнэ. Социал-Демократ ч юм уу, Орост тэр үед хориотой байсан өөр намын гишүүн байсан байж мэдэх юм. Хөөрхий Чебулаева багш их гунигтай байлаа. Манай Герман хүмүүжүүлэгч Кристинэ Озол Оросын армийн Латви офицер Тиммерманстай гэрлээд явчихсан байсан юм. Сүүлд тэднийх хэд хэдэн хүүхэдтэй болж, Латвийн хаа нэгтээ амьдарч байв. Тиммермансыг дэлхийн 1-р дайны өмнө нас барснаас хойш тэднийхний тухай би дахин сонсоогүй. Дүү маань байнга өвдөг бие сул охин байв. Ээж түүнийг асарч дийлэхээ байсан тул эмчийн зөвлөснөөр Петрбургээс холгүй байдаг Новгород мужаас Василиса Моисеевна Михайлова хэмээх сувилагч авлаа. Василиса их өвөрмөц хүн байв. Тэрбээр эртний үлгэр домог их мэддэг, туйлын мухар сүсэгтэй нэгэн байлаа. Чөтгөр шулам гээчид үнэнээсээ итгэнэ. Жишээ нь, намайг зуслангийн байшингийн цонхоор ус асгахаар болиулж, "Чиний эцэг өвгөдийн сүнс энд байгаа. Чи тэдний толгой дээр бүү ус асга. Энэ бол нүгэл” гэдэг сэн. Мөн өөрийнх нь амьдарч байсан тосгон болох Валдай уезд (дүүрэг) – ийнх нь дэргэдэх нууранд хагас хүн, хагас морь буюу центавр маягийн амьтан амьдардаг тухай болон өөр элдэв сонин юм ярина. Тэдний тосгонд хүн үхэх болгонд мөнөөх центавр гарч ирээд нэрийг нь дууддаг гэнэ. Нэг удаа Василисагийн ээж нь нуур өнгөрч явтал центавр гэнэт гарч ирээд "Мартин, Мартин, Мартин” хэмээн хашгирчээ. Гурван хоногийн дараа тэдний хөрш Мартин нас барсан аж. Тэр үед би ардын аман зохиол, сүсэг бишрэлийн талаар цуглуулга хийх тухай ер мэддэггүй байсандаа ихэд харамсдаг юм. Түүний ярьсан ер бусын амьтдын тухай бүх үлгэр домгийг бичиж авсан сан бол доо. Василиса манайд удаан амьдарч сүүлд манай тогооч болсон билээ. Василисагийнх их ядуу айл байв. Нэг өдөр ээж гал тогоондоо ортол Василисагийн эрэгтэй дүүтэй таарч, тэр нь бушуухан мэхийж ёсолсон байна. Сүүлд ээжийн мэдсэнээр дүү нь санхүүгийн нэн хүнд байдалд ороод эгч дээрээ иржээ. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ таван гишүүнийг төлөөлөн жил тутмын арван рублийн татвараа төлөх шаардлагатай болсон гэнэ. Василиса хадгалсан мөнгөнөөсөө дүүдээ өгсөн бөгөөд хэрэв тэгж чадаагүй сэн бол тосгоны ахлагч татвар болгон дүүгийнх нь ганц үхэр эсвэл морийг нь зарах байсан аж. Бүр дургүй хүрмээр нэг юм нь хөөрхий ядуу тариачид орлогын татвар төлөх үүрэгтэй байсан бол төрийн албан хаагчдын гэр бүл болох бид орлогын татвараас чөлөөлөгдөж зөвхөн өмчийн татвар төлдөг, тэр бүү хэл бүр том баячуул ямар ч татвар төлдөггүй байсан юм. Хувьсгалаас өмнөх Оросын "цаг сайхан байхад” гэдэг үеийн нэг л жишээ энэ. Орос-Японы дайн Оросын хувьд газар дээр ч, тэнгист ч дан бүтэлгүйтлээр дүүрэн байв. Үүний ихэнх нь тэдний дэндүү мэдлэггүйгээс болж байлаа. Японы армийн Манжуураар давшин эзэлсэн газар бүрийг нь дэлхий даяар мэдээлж байхад Оросын дарга нар тэр хотуудыг газрын зураг дээрээ олж ч чаддаггүй байж. Ээжийн сүүлд надад ярьснаар, дайны өмнө Оросын топографчид Манжуураар явж нутгийн оршин суугчдаас хот, тосгоных нь нэрийг орос хэлээр асуудаг байж. Хариулт нь хялбархан, "Путунг” (Ойлгохгүй байна) бөгөөд үүнийг тэд шууд газрын зурагтаа оруулснаас баахан "Путунг -1”, "Путунг-2” гэсэн газар устай болсон байна. Оросын усан цэргийн флот ч үүнээс илүү байсангүй. Утасгүй холбоо байгаагүйгээс усан онгоц хооронд туган дохиогоор мэдээлэл дамжуулж байв. Оросын флот Цушимагийн хоолойд ирэхэд тэнд Япончууд хүлээж байсан ба солилцож буй мэдээллийг нь амархан уншиж байсан тул бүх маневрийг нь урьдчилан мэдэж байжээ. Үүнээс гадна тэр үед Орост утаагүй дарь хараахан байгаагүй тул эхний хэдэн буудлагын дараа усан онгоцны буучид байнга хөдөлж буй байгаа харж чадахаа больдог байсан байна. Энэ бүх бүтэлгүйтэл удирдлага дахь ялзралаас болж бүр хэвийн зүйл болж байв. Жишээлбэл, Манжуурт байлдаж байсан Орос цэргүүд хатуу цаасан ултай гутал өмсч явсан нь хэний ч мэдэх нууц байлаа. Гэтэл хааны нууц амраг, балетчин Матилда Кшесинская армийн хамгийн дээд офицерүүдийн нэг, ууган ханхүү Сергейд ихэд нөлөөтэй байсан тул тухайн нэг компаниар их хэмжээний дүрэмт хувцас, гутал оёулах захиалга өгүүлж байжээ. Бүх зүйл бүтсэний дараа тэр компанийнхан Кшесинскаяд маш үнэтэй очир алмаазан зүлт бэлэглэж байсан юм. Орос-Японы дайн Оросыг цаг үеэсээ ихэд хоцрогдсон болохыг харуулав. 1905 оны хувьсгал гарах нь гарцаагүй байсан юм. Энэ хувьсгал миний амьдралтай шууд холбогдоогүй, тэр үеийн ганцхан явдлыг би санадаг. Эмээтэйгээ гудамжаар зугаалж явтал зуугаад ярдын зайд хэдэн хүн суудлын тэрэг рүү бөмбөг шидэв. Энэ нь хоёр банкны хооронд мөнгө тээвэрлэж явсан хуягласан тэргийг анархистууд дайрч буй хэрэг аж. Жолооч нь үхэж, хамт явсан цэрэг нь нэг бол үхсэн, үгүй бол маш хүнд шархтсан. Хүмүүс эвдэрсэн машин дээр шавж байлаа. Цагдаа хоёр гурван хүн барьсныг санаж байна. Бодвол тэднийг цаазалсан буй заа. Хувьсгалын нэг үр дүн нь Хаан ард түмэнд амласныхаа дагуу Дум хэмээх парламент маягийн зүйл байгуулсан явдал болов. Гэвч Дум үр нөлөөгүй ажиллаж, ямар нэг чухал хэргийг шийдэхээр үр дүнд хүрч чадахгүй бол шинэ сонгууль болж, Хаант засгийн дуулгавартай хүмүүсийг гишүүдээр сонгодог байлаа. 1905 оны хувьсгалын үр дүн тун тааруухан байсан нь үнэхээр харамсалтай, олигтойхон байсан бол Октябрийн хувьсгал хэзээ ч гарахгүй байх сан. 1907 онд 10 насандаа би гимназид элсч, Ecole des Eglises Reformees de St. Petersbourg – ийн Латины салбарын сурагч боллоо. Энэ сургууль Петрбургийн Швейцарь, Герман, Холланд пресбитерийн (санваартны, орч.) сүмд харьялагддаг байв. Орост пресбитерийн сүмийг "Шинэчлэгдсэн сүм” хэмээдэг байлаа. Манай сургуульд зөвхөн хөвгүүд сурдаг байв. Сүүлд, 1913 онд охидын сургуулийг хамтатгасан боловч тэр үед Орост хаа ч эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй хамт сурдаг сургууль гэж байгаагүй тул манай хоёр сургууль тустаа л байдаг байв. Гимназийн сурагчид гэвэл Герман, Швейцарь, Франц, Холландуудаас гадна цөөн Англи, хэд хэдэн Фин болон Оросууд. Манай сургууль бүх хичээлээ Герман, Франц хэлээр заадаг тул Орос эцэг эхчүүд хүү нартаа хэл сургахаар оруулдаг байлаа. Орос хэлээр заадаг хичээл гэвэл ердөө Орос хэл, уран зохиол, Оросын түүх. Хүн яг тэдэн оны тэдэн сард балчир хүүхэд байхаа больж, залуу хүн болсон гэж болохгүй ч миний хувьд гимназид орсноор хүүхэд насаа орхисон хэмээн хэлж болно. Би энд оюун санааны хөгжлийн талаар ярьж байна. Арван хоёртойдоо би жаахан хүүхэд биш болсон байсан гэж хэлбэл алдаа болохгүй болов уу. Учир нь энэ үед би тугалган цэрэг, тоглоомон байшин, галт тэрэг, усан онгоцноос хэдүйн уйдаж, ном сонирхох болсон юм. Би бусад улс орон, үндэстэн, тэдний түүх, тэр ч байтугай хэлийг нь сонирхох болов. Өөр нутаг дахь Фин болон Оросуудын яриа хоорондоо зөрөөтэй болохыг ажигладаг боллоо. Париккалад Фин хэлний Саво болон Карелийн аялгууны дундын шинжтэй өвөрмөц нэгэн салбар аялгаар ярьдаг болохыг мэдэх үедээ би дөнгөж арван дөрөвтэй байв. Тэдний хэлдэг мэхта "ой мод”, тэхас "үйлдвэр”, тахон "би хүснэ”, кахо "хар, үз”, моахаа "газар луу” болон бусад үгсийг утга зохиолын Фин хэлний мэтса, тэхдас, тахдон, катсо, маахаан гэсэн үгстэй дүйх хэлбэр гэдгийг би мэддэг байлаа. Тиймээс би нутгийн аялгууны хэлбэрийг утга зохиолын хэл рүү тун амархан хувиргаж чаддаг байв. Үүнчлэн, миний ажигласнаар, манай Новгородын тосгоны үйлчлэгчид Орос утга зохиолын хэлэнд куплен "худалдан авсан” гэдгийг купивший, не хватай руками "гараараа битгий хүр” гэхийг рукам гэж ярьдаг байлаа. Би бас кино прожектор болон кинонд маш их дуртай байснаас гадна миний амьдралын мөрөөдөл бол тухайн үед зах зээл дээр дөнгөж гараад байсан завинд тавьдаг мотор авах болоод байв. Гэвч тийм мотор авч чадах хүртлээ нэлээд хэдэн жил хүлээх хэрэгтэй болсон билээ. Зундаа харин усан спортоор хичээллээд завгүй байдаг байлаа. Финлянд улс нуур, голоор баялаг, мөн Шведийн хилээс Орос хүртэл сунаж тогтсон урт эрэг ч байв. 1911 онд цуглуулсан мөнгөөрөө би кино-прожектор авлаа. Бас кин |
Хайлт
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|