Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Цаг агаарын мэдээ
ERDENET ULAANBAATAR
|
Арван нэг.ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГЭЛБЭРИЙН БҮТЦИЙГ СУДЛАХ ТУХАЙ АСУУДАЛДАрван нэг.ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГЭЛБЭРИЙН БҮТЦИЙГ СУДЛАХ ТУХАЙ АСУУДАЛД Монгол хэлний үгэлбэрийн бүтцийг грек-ромоос уламжлалтай европ хэлшинжлэлийн аргаар судалж эхэлсээр зуун тавь шахам жил болж байна. Энэ аргаар үгэлбэрийн бүтцийг судлахад гол төлөв үгээр илрэх ухагдахууны учир зүй (логик) дээр үндэслэж судалдаг ажээ. Жишээлбэл, Багш ирлээ гэхэд багш гэсэн нь үгүүлэгдэхүүн ирлээ гэсэн нь үглэхүүн Манай багш мориор ирлээ гэвэл манай гэсэн нь тодотгол, мориор гэсэн нь шууд бус тусагдахуун, Багш морь барилаа гэвэл морь гэсэн нь шууд тусагдахуун, Цагаан, шар, улаан цэцэг ургажээ гэхэд цагаан, шар, улаан гэсэн нь нэг төрлийн зэрэгцсэн тодотгол, Ахын гурван тарган бор морь иржээ гэвэл ахын, гурван, бор, тарган гэсэн нь нэг төрлийн бус зэрэгцсэн тодотгол, Бороо орж, ногоо ургалаа гэвэл Бороо орлоо. Ногоо ургалаа гэсэн хоёр энгийн үгэлбэр нийлж бүтсэн энгийн нийлмэл үгэлбэр, Би ахын хотоос авчирсан номыг уншлаа гэвэл Би ном уншлаа, Ах хотоос ном авчирлаа гэсэн хоёр энгийн үгэлбэрийн сүүлчийнхийг түрүүчийнхэд нь гишүүн болгон хавсаргаж бүтээсэн хавсарсан нийлмэл үгэлбэр гэх зэргээр тайлбарладаг. Энэ уламжлалт хэл шинжлэлийн үндсэн зарчим бол юм, үзэгдлийг бие биетэй нь холбож үзэхгүй тасалж үзэхэд (атомизм) оршино.Одоо зүйл бүрийн шинжлэх ухаанд чухалчилж байгаа бүтэц зүй (структурализм)-н үүднээс үзвэл хүний хэл нь олон давхарласан дохионы (сигнал) систем болно. Бүтэцзүйн үндсэн зарчим бол юм, үзэгдлийг бие биеэс нь таслахгүй холбож үзэхэд оршино. Гучаад оны эхээр алдарт хэлшинжлэгч И.С.Трубецкой физик, хими, биологи зэргийн ухааныг хөгжихөд «тасалж үзэхийг холбож үзэхээр салгаж үзэхийг түгээж үзэхээр солих» (тенденции заменить атомизм структурализмом и индивидуализм универсализмом) төстэй чиглэл гарч байгааг харуулж байна гэж онцлон тэмдэглэж байсан нь санамсаргүй зүйл биш юм. Хэлийг бүтэцзүйн аргаар судлахад хэлэнд холбогдох бүх зүйлийг хэлний гаргалгын тал (план выражения), агуулгын тал (план содержания) гэж хоёр хуваагаад, цаашид гаргалгын талы нь гаргалгын бод бие (субстанция выражения), гаргалгын хэлбэр (форма выражения), агуулгын талы нь агуулгын хэлбэр (форма содержания) агуулгын бод бие (субстанция содержания) гэж тус тус хоёр хуваадаг. Үүнээс гаргалгын бод бие нь хэлний авиа, хэлбэр нь авиалбар буюу фонем, агуулгын хэлбэр нь морфем, үг, холбоо үг, үгэлбэр, бод бие нь бодот ертөнцийн юм, үзэгдэл болно. Өөрөөр хэлбэл, гаргалгын хэлбэр буюу фонем нь хэлний дохионы тэмдэг, агуулгын хэлбэр буюу морфем, үг, үгэлбэр нь бодот ертөнцийн юм, үзэгдэл, тэдгээрийн харьцааг зааж дохисон, хэлний дохио нь болно. Гаргалтын бод бие буюу авиа нь фонемын хэрэглэгдэхүүн, агуулгын бод бие буюу бодот ертөнцийн юм, үзэгдэл, тэдгээрийн харьцаа нь хэлний дохио буюу морфем, үг, үгэлбэрийн хэрэглэгдэхүүн нь болно. Энэ учраас хэлний авианд шүтэж илрээгүй фонем, юм, үзэгдэл, тэдгээрийн харьцаатай шүтэн барилдаагүй морфем, үг, холбоо үг, үгэлбэр гэж байхгүй юм. Хэлний дохио, тэмдгийн аль аль нь өөр өөрийн бусдаас ялгарах хэлбэрээс гадна бас байрлал дээрээ шүтэж, зохих үүргээ гүйцэтгэнэ. Хэлний дохио, тэмдгийн ялгавар нь дохио нь тэмдэглэж байгаа дохионыхоо зэрэгцээгээр тэмдэглүүлж байгаа юм, үзэгдэлтэй байна. Жишээлбэл, ном гэхэд ном гэж тэмдэглэсэн дохио нь ном гэж ийм юмыг хэлдэг гэж тэмдэглүүлсэн бас нэг утгатай байхад энэ ном гэсэн дохиог бүтээсэн н, о, м гурван фонемд тийм утга байхгүй тул дохио биш, харин дохионы тэмдэг болно. Өөрөөр хэлбэл хэлний дохио нь ямар нэг утгыг хадгалсан, тэмдэг нь утгагүй байдаг. Хэлний нэг дохион дээр өөр дохио хавсаргахад зөвхөн тэр хоёр дохионы энгийн нийлмэл болохгүй гурав дахь шинэ дохио үүсгэдэг. Жишээлбэл, араб тооны тэмдгээр 2+5=7 болох мэт энгийн нийлмэл болохгүй харин 2-ын дараа 5 бичиж, 25 гэсэн шинэ тoo үүсгэхтэй адил мод, байшин гэсэн хоёр энгийн дохиог хавсарч, модон байшин гэсэн шинэ нийлмэл дохио болох мэт. Ингэж нийлмэл дохио үүсгэхэд хавсарч байгаа хоёр дохионы утга чухал болохоос гадна тэдгээрийн байрлал бас чухал үүрэг гүйцэтгэх нь 2-ын дараа 5-ыг бичиж, 25, 5-ын дараа 2-ыг бичиж 52 болгохтой адил модон байшин гэсэн нийлмэл дохиог байшин мод гэж байры нь соливол өөр шинэ нийлмэл дохио болгож болно. Нэг морфемоор бүтсэн дохиог хэлний энгийн дохио, нэгээс дээш морфемоор бүтсэн дохиог хэлний нийлмэл дохио гэнэ. Язгуур морфем дээр үг бүтээх дагавар морфем хамжуулж бүтээсэн нийлмэл дохио нь үг болно. Хоёр үгийг хамжуулах буюу нөхцөл морфемоор найруулан бүтээсэн нийлмэл дохио нь холбоо үг болно. Холбоо үгийн сүүлчийнх нь нэр үг байвал нэрийн холбоо үг, сүүлчийнх нь үйл үг байвал үйлийн холбоо үг болно. Жишээлбэл, сайн морь, сайн давхина гэх мэт. Холбоо үг нь хоёр буюу хэд хэдэн үг холбогдож бүтсэн байвч заавал хос хосоороо дамжин холбогдсон байна. Заримдаа хэд хэдэн үг нөгөө нэг үгэнд нэгэн зэрэг захирагдаж байгаа жишээ үзэгдэвч тэр нь бас л захирагдаж байгаа, захирч байгаа хоёр бүлэгт хуваагдана. Жишээлбэл, Цагаан, улаан, шар цэцэг ургажээ гэхэд цагаан, улаан, шар гэсэн нь захирагдаж байгаа бүлэгт, цэцэг гэсэн нь захирч байгаа бүлэгт багтана. Үүнийг бүдүүвчээр үзүүлбэл: Улаан цагаан цэцэг гэсэн загвар болно. шар Холбосон хоёр морфем, хоёр үг, хоёр холбоо үгийн сүүлчийнх нь голлосон цөм нь, түрүүчийнх нь дагалдсан дагуул нь шинжтэй байна. Жишээлбэл, мал + ч малч, төмөр + хайрцаг төмөр хайрцаг, хоёр амтай + шувууны буу хоёр амтай шувууны буу гэх мэт. Морфем, үг холбоход хос хосоор нь цувруулан холбох хэвшил ноёрхох болсны учир нь морфем, үг холбох бүр гуравдахи шинэ дохио үүсгэх учир хоёр морфем буюу үг нийлж, нэг дохио болохын өмнө өөр морфем буюу үг нэмж, шинэ дохио үүсгэх аргагүй юм. Жишээлбэл, хазаарлаад гэхэд багтсан хазаар-, -ла, -аад гэсэн гурван морфемыг холбоход эхлээд хазаар гэсэн нэр үгэнд нэрээс үйл үг үүсгэх -ла дагавар залгаж, дараа нь энэ хазаарла- гэсэн үйл үгэндээ -аад үйлийн нөхцөл залгахаас бус -аад нөхцөлийг -ла дагаварт залгаж, шинэ дохио үүсгэж болохгүй, мөн хазаар гэсэн нэр үгэнд шууд залгаж, шинэ дохио бас болохгүй юм. Холбосон хоёр үгийн цөм нь бодот нэр үг байвал өмнөх үгээ хамжуулан захирсан, эсвэл харьяалахын тийн ялгалаар найруулан захирсан, хүртээл нэр үг байвал өмнөх үгээ хамжуулан захирсан, эсвэл харьяалах, үйлдэхийн (хааяа) ялгалаар найруулан захирсан, чанарын харьцааны нэр байвал өмнөх үгээ хамжуулан захирсан, эсвэл нэрлэхээс бусад тийн ялгалаар найруулан захирсан, орон цагийн харьцааны нэр байвал өмнөх үгээ хамжуулан захирсан эсвэл харъяалах, гарах, үйлдэхийн тийн ялгалаар найруулан захирсан, тусах цагт нэр байвал өмнөх үгээ хамжуулан захирсан, буюу нэрлэхээс бусад бүх тийн ялгалаар найруулан захирсан эс тусах цагт нэр байвал өмнөх үгээ хамжуулан захирсан, эсвэл нэрлэх, заахаас бусад тийн ялгалаар найруулан захирсан, урьдчилах, зэрэгцэх, хамжихаас бусад үйлийн тийн ялгалын нөхцөлтэй үйл байвал өмнөх үгээ хамжуулан захирсан буюу нэрлэхээс бусад тийн ялгалаар найруулан захирсан, цаг заах, захирах хүсэхийн нөхцөлтэй буюу, жич үйлийн урьдчилах, зэрэгцэх, хамжих тийн ялгалын нөхцөлтэй үйл үг байвал харьяалахаас бусад тийн ялгалаар найруулан захирсан байна. Үүнээс үзэхэд үг холбоход тэдгээрийн хоорондоо холболдох байдал нь зохих холбоо үгийн цөм нь дараахь үгтэйгээ яаж холбогдсон, ямар нөхцөл хэрэглэсэн нь нөлөөлөх төдийгүй эцсийн нь үг дараахь үгэндээ яаж захирагдсан байвал нэгэн адил холбогдолтой болохыг харуулж байна. Жишээлбэл, Ахын авчирсан морийг би уналаа. Чи ахыг иртэл энд хүлээгээрэй гэхэд ахын гэснийг захирсан нэр үг нь дараахь үгтэйгээ үндсээрээ холболдсон, ахыг гэснийг захирсан үйл үг нь дараахь үгтэйгээ -тэл нөхцөлөөр холбогдсон учир тэгж хоёр өөрөөр хэлбэржсэн байна. Хоёр морфемыг холбоход байрлалаар нь хамжуулж, хоёр үг, хоёр холбоо үгийг холбоход мөн байрлалаар нь хамжуулах буюу эсвэл нөхцөлөөр найруулан холбоно. Жишээлбэл, хазаар + ла хазаарла, бая + лаг баялаг, төмөр + хүрз төмөр хүрз, төмөр + хайрцаг төмөр хайрцаг, хоёр амтай + шувууны буу хоёр амтай шувууны буу, манай улсын + гадаад бодлого манай улсын гадаад бодлого гэх мэт. Хэлний дохиог бас гүйцэтгэх үүргээр нь төгс бус дохио, төгс дохио гэж ялгаж болно. Хүн хэлэлцэхдээ морфем, үг, холбоо үгээр хэлэлцдэггүй, ямагт үгэлбэрээр хэлэлцдэг. Энэ учраас үгэлбэрийг хэлний төгс дохио, морфем, үг, холбоо үгийг төгс бус гэж болно. Гэвч хэлний төгс бус дохионоос бүрэлдээгүй хэлний төгс дохио, хэлний энгийн дохионоос бүрэлдээгүй хэлний нийлмэл дохио гэж байхгүй цөм хоорондоо нягт шүтэн барилдсан байна. Өөрөөр хэлбэл, үгэлбэр нь бүхэл нь, холбоо үг нь хэсэг нь болно. Бүхлээсээ ангид хэсэг, хэсгээс бүрэлдээгүй бүхэл гэж байхгүй. Гэвч бүхэл нь дээд түвшиндээ хэсэг нь болж доод түвшиндээ бүхэл нь болж бас энэ хэсэг нь өөрийн дотоод хэсгийнхээ үүднээс бүхэл зүйл байж болно. Өөрөөр хэлбэл мөнхийн бүхэл, мөнхийн хэсэг гэж байхгүй, цөм харьцангүй зүйл болно. Жишээлбэл, Миний аавын бор морь гэсэн дөрвөн үгээс бүрэлдсэн нэг бүхэл холбоо үг нь миний аавын, бор морь гэсэн хоёр хэсгээс бүрэлдэж энэ хоёр хэсэг нь цаашид миний, аавын хоёр, бор, морь хоёроос дам бүрэлдэж, Манай багш мориор иржээ гэсэн дөрвөн үгээс бүрэлдсэн нэг бүхэл үгэлбэр эхлээд Манай багш, мориор иржээ гэсэн хоёр хэсгээс бүрэлдэж, энэ хоёр хэсэг нь цаашид Манай, багш хоёр, мориор, иржээ хоёроос дам бүрэлдэх мэт |
Хайлт
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|