Tuesday, 2024-03-19, 5:40 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 18

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ“А” ХУВИЛБАР

Гүйцэтгэх хугацаа - 100 минут                                                                                                            Нийт оноо 50

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ       [20 оноо]  

Санамж: Эхийг анхааралтай уншиж ойлгоод асуултад хариулаарай. Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай.  Зөв хариулт бүр 2 оноотой.

Бодончар богд

Бодончар орогшин хул мориныхоо согсоо гөхлийг ширтэн гэлдрүүлж явна. Тэр мунхаг ядуу гэж урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөндөө нэг их гутарсан ч үгүй. Харин ч ухаан тэлж, нэгийг бодон хоёрыг эргэцүүлэх хугацаатай боллоо гэж тайвширна. Олон сүргийн дундаас зүс буруу гэж энэ муу гол дайрт годил сүүлт орогшин хул морийг ах нар маань өгсөн юм. Нээрээ морины минь гөхөл гэхэд л тийм гэж зүслэхийн аргагүй түмэн өнгийн үс холилдсон нь сонин юм. “Орогшин хул морь минь чи тэнгэрийн хөвгүүн хаан хүний нөхөр, эрдэнэт хүлэг гэдгээ мэдэж ав” гэж Бодончар мунхаг морьтойгоо ярьж явлаа.

Орогшин хул морь нь хэрэмний чих шиг урт шар хялгастай, бор улаан, ягаавтар зүс холилдсон үзэмжит урт чихээ солбиулан “За ойлгож байна аа эзэн богд минь” гэх шиг ялаархан, хазаар дарна. Бодончар мунхагт ах нар нь нум сум ч өгсөнгүй. Харин хүрэл бууран сав хоёрыг, нэг жижиг тогоо төдийхөн хувь хүртээснийг ширэн богцондоо хийн ганзагалжээ.

Бодончар Алунгоо эхийнхээ таван мөсний сургаалыг эргэцүүлэхийн сацуу гэдсээ тэжээх аргыг мөн сүвэгчлэн хялгасан урхи томж түүгээрээ нэгэн харцага барьж аваад модны ёроолоос аргамжиж орхиод, эмбүүл сууцаа ойн нууцхан чөлөөнд барив. Тэнгэр язгуурт Бодончар богдыг идэр насандаа ах нарын мунхгаас болоод өвсөн эмбүүлд толгой хоргодож байсныг миний орогшин хул морь, анч бор харцага хоёроос минь өөр амьтан мэдэх учиргүй гэж өөртөө тангараглав. Харцага нь Бодончарт заяагаар тохиосон бололтой. Нугас галуу барих аргыг төдөлгүй сурч эзнээ тэжээж эхэллээ.

Бодончар, амьдарч байгаа Балжийн арал гэдэг газраасаа тэрүүхэн дорогш буусан нэгэн бүлэг иргэнийд бууж мордон цэгээ уудаг болов. Тэрхүү бүлэг хүмүүс их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байгааг ажиглаад, эзлэхэд тун хялбар иргэн юм даа гэж бодох болов. Мөнөөх бүлэг иргэн гол дайрт, годил сүүлт орогшин хул морьтой, эр бор харцага барьсан хорь гаруйхан настай, идэрмэг сэргэлэн үг яриатай залуу эрийг ихэд сонирхон, байгаа бүхнээрээ дайлж цайлавч чухам түүнийг хаана амьдардаг, ямар овгийн хүмүүн болохыг асууж шалгаасан нь нэгээхэн үгүй. Харин эр бор харцагаа бидэнд өгөөч гэж ам бузарлаад авчээ. Бодончар энэ бор харцага бол орогшин хул морь бид хоёрын итгэлт нөхөр, миний сүлд хийморийн шүтээн юм гээд огт халгаасангүй. Түүнд, эрх чацуу бүлэг иргэд нэг их юм бодсонгүй, бас харцагыг яаж ингэж гаршуулдгийг ч асуусангүй. Бүлэг иргэний хүрээнд бууж гэдсээ цайлгасан Бодончар гэр сууц руугаа очиж, сэтгэлээ цайлгах минь гэж орогшин хул мориндоо хэлээд мордоно.

Муу мориныхоо ялаа ч үргээхгүй годил сүүлэнд хялгас нэмж, сугсарсан сүүлтэй болгосон нь орогшин хулд таатай сайхныг хэлээд яахав. Бодончар морио зүдрээчих вий гэж чонон шогшоогоор шогшсоор мөр зүгээ бага зэрэг буруулсхийн дөлсөөр, эмбүүл сууцнаа ирнэ.

Бодончарын эмбүүлийн хойморт Алунгоо эхийнх нь зүүж явсан тэнгэр шүтээн Бөртэ Чино, Хоо Маралын хүрэл зүүлт залаастай бий. Бодончар шүтээндээ залбираад, энэ шүтээн залаастай байгаа газар тэнгэрийн хөвгүүн газрын иргэдийг захирах хаан болгох хувь ирнэ гэдэг итгэлииг өвөрлөнө.

Намрын дунд сарын дүүрэн сартай нэгэн шөнө Бодончар эмбүүлийнхээ үүдэнд шөнөжин тэнгэр ширтэн суув. Тэнгэрийн заадас орогшин хул морины Балжийн арлыг баруунтаа нэг, зүүнтээ нэг давхисан цайвар зам шиг санагдана. Бодончар оддыг ширтэн одод хүртэл тод бүдэг, хол ойр байх атал энэ бүлэг иргэд ив ижил, тэв тэнцүү нь хачин юм гэж бодно. Бодончарыг эмбүүлдээ ирэхэд хоймрын хүрэл шүтээн сарны гэрэлд туяа цацраан гялсхийх шиг санагдаад орхив. Огт гялалзах учиргүй шүтээн минь яагаад гэрэл цацраах болов гэж Бодончар гайхасхийв.

Тэр шөнө идэр залуу Бодончарын зүүдэнд Алунгоо эх нь өвсөн эмбүүлд нь заларч мөнөөх хүүхэд ахуйд нь таван мөс багцлан, хугалуулах гэж байсан залуу дүрээрээ инээмсэглэн:

Хүү минь. би чамд мөнөөх таван мөсийг авчирлаа. Миний хүү ах нартайгаа эв эеийг эрхэмлэхийг хичээгээрэй. Мөн тэгээд бие тэргүүтэй, дээл захтайг бүү мартаарай гээд нэгэн их гэрэл цацруулаад үгүй болов. Бодончар тэр дорхноо сэрлээ. Сар шингэсэн тас харанхуй. Гадаа орогшин хул морь нь өвс ширд ширд хазлах дуулдана. Бодончар амандаа "Бие тэргүүтэй дээл захтай нь сайн, бие тэргүүтэй дээл захтай нь сайн" гэж шивнэлээ. Энэ үгийг мартаж болохгүй юм шүү гэж өөртөө андгайлав.   (Ж.Саруулбуян)

  1. “Бодончар орогшин хул мориныхоо СОГСОО гөхлийг ширтэн гэлдрүүлж явна.”- өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
    1. Мал амьтны шилбэ тагалцгийн уулзвар дахь хэсэг урт үс  B. Унаганаас нь хяргаагүй ургуулсан дэл C. Шанхалж зассан дэл         D. Адууны хоёр чихний хооронд үлдээсэн хэсэг үс E. Адууны хүзүү сэрвээний дээгүүр тууш ургасан урт хялгас
  1. “Бодончарт хүрэл бууран сав хоёрыг, нэг жижиг тогоо төдийхөн хувь ХҮРТЭЭСНИЙГ... ганзагалжээ ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулахад утга найруулгын хувьд хамгийн тохиромжтой үгийг тэмдэглээрэй.

А. Түгээх              B. тараах              C. оноох               D.бэлэглэх           E. олгох

  1. Боданчар мунхаг тэрхүү бүлэг иргэнийг эзлэхээр шийдсэн гол шалтгааныг илэрхийлсэн өгүүлбэрийг  олоорой.

А.  Бүлэг иргэн бүгд ив ижил, тэв тэнцүү байх ёстой гэж үзсэн учраас   В. “....дайлж цайлавч чухам түүнийг хаана амьдардаг, ямар овгийн хүмүүн болохыг асууж шалгаасан нь нэгээхэн ч үгүй учраас   С. ...бүлэг хүмүүс их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байгаагүй учраас D. Тэдгээр иргэн ...бие тэргүүтэй, дээл захтай байх ёстой гэж үзсэн учраас

E. Тэр мунхаг ядуу гэж урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөн тул

  1. Боданчар мунхгаас орогшин хул мориндоо хандах сэтгэлийн өнгө аяс, үнэлэмжээрээ ялгаатай нэг өгүүлбэр байгааг олоорой.

А. Олон сүргийн дундаас зүс буруу гэж энэ муу гол дайрт, годил сүүлт орогшин хул морийг ах нар маань өгсөн 

В. “....Орогшин хул морь минь чи тэнгэрийн хөвгүүн хаан хүний нөхөр”  С. ... Орогшин хул морь нь ч .... үзэмжит урт чихээ хайчлан”  D.Муу мориныхоо ялаа ч үргээхгүй годил сүүлэнд хялгас нэмж, сугсарсан сүүлтэй болгосон нь орогшин хулд таатай сайхныг хэлээд яахав  E.Бодончар морио зүдрээчих вий гэж чонон шогшоогоор шогшсоор...

  1. Боданчар мунхгийн дараах үйлүүдийг нэгтгэн дүгнэсэн нэг хэлцийг олоорой. Бодончар мунхаг:
  • Мунхаг ядуу гэж урагт үл тооцогдон ах нартаа адлагдан хөөгдсөн...
  • Хялгасан урхи томж...нэгэн харцага барьж,..
  • Эмбүүл сууцаа ойн нууцхан чөлөөнд барив
  • Нэгэн бүлэг иргэнийд бууж мордон, цэгээ уудаг болов.
  • Бодончар амандаа "Бие тэргүүтэй дээл захтай нь сайн, бие тэргүүтэй дээл захтай нь сайн" гэж шивнэлээ.
    1. Мунхгийн санах нь хойноо, морины эцэх нь хойноо   B. Муу хүний хэрэг арван гурав, модон тэрэгний явдал түг таг

C. Сайн хүний санах сэрэх нь түргэн  D. Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолох E. Амьд явбал алтан аяганаас ус уух

  1. “Толгой шийр цөм нэгэн адил” гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг олоорой.
    1. Хэтрүүлэл      B. Тойруулал      C. Егөөдөл           D. Төлөөлөл        E. Амьдчилал
  2. Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдвийг олоорой.

А. Эв эе, ах захын ёсны тухай        В. Ах дүү нартаа хөөгдөж ядарч яваа Бодончар мунхгийн тухай      С. Хүний тэгш эрхийн тухай

D.Алунгоогийн хөвгүүдийн тухай               E.Орогшин хул морины тухай

  1. Эхийн гол санааг олоорой... А. Алунгоогийн хөвгүүд шиг үргэлжид эвдрэлцэж болохгүй. В. Хүн ганцаар байхдаа их зүйл бодож ухаан тэлдэг   С. Хүмүүс эрх чацуу, ив ижил, тэв тэнцүү байх ёстой. D. Эвлэх эелэх, ах захын ёсыг сахих хэрэгтэй. E. Эр хүний нөхөр хүлэг морио хайрлах хэрэгтэй.
  1. Үгсийн утгыг ажиглаад утгын өөр өөр хүрээнд хамаарах үгтэй хэсгийг олоорой.

A. Ялаархах, хазаар дарах, шогших, гэлдрүүлэх, давхих                     B.Идэр залуу, урт шар, сайн муу, идэрмэг сэргэлэн, мунхаг ядуу

C.Орогшин хул, бор улаан, гол дайрт, годил сүүлт, зүс буруу            D. Хол ойр, намрын дунд сар, тэрүүхэн дорогш, дүүрэн сартай шөнө, баруун тийш                             E. Хүрэл сав, жижиг тогоо, ширэн богц, хялгасан урхи, өвсөн эмбүүл

  1. Намрын дунд сарын дүүрэн сартай нэгэн шөнө Бодончар эмбүүлийнхээ үүдэнд шөнөжин тэнгэр ширтэн суув. Тэнгэрийн заадас орогшин хул морины Балжийн арлыг баруунтаа нэг, зүүнтээ нэг давхисан цайвар зам шиг санагдана. Бодончар оддыг ширтэн одод хүртэл тод бүдэг, хол ойр байх атал энэ бүлэг иргэд ив ижил, тэв тэнцүү нь хачин юм гэж бодно.” цогцолборын хэв маягийг тодорхойлно уу.

A.Тоочимж          B. Тайлбарламж                 C. Хүүрнэмж       D. Эргэцүүлэмж                 E.Хэв маягууд холилдсон

ХОЁРДУГААР  ХЭСЭГ  [30 оноо] 

Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Эдгээр даалгаврын хариултыг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. 

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. 1 Дараах эхийн хэсгийг уншаад зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олоод, засаж бичээрэй. Алдаатай нэг үгийг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо.      [5 оноо]

Хурмастын хөвсгөр зузаан үүлнээс нааш эргэлдэн бүжсээр орчлонгын элгэнд газардан унах сайхан цагаан цасан хорвоогийн амьсгалд уяран хайлж, ус болон хөрсөнд нэвчэж, эргээд хур болон тэнгэрт хөөрхийн адил хүний амьдрал ч эцэс төгсгөлгүй үргэлжлэн  өөдлөж урууддаг тавилантай  амуй. Өөдөлж уруудах  гэдэг нь хөдөлгөөн  аж. Хурдан болоод ирэхээрээ баяр болж, удааширан зогсохоор гуниг болдог юм биш байгаа.

 Ташаарсан нь

Залруулсан нь

  1. 2  Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.               [5 оноо]

 

2.3Өгөгдсөн хэсгийн гол санааг хадгалан түүнийг нэмэн дэлгэрүүлж, эх зохион бичнэ үү. Бүтээлчээр ургуулан бодож бичихдээ аль болох оновчтой үг хэллэг,уран яруу дүрслэл, баримт мэдээлэл ашиглаж, найруулга зүйн шаардлагыг ханган бичихийг зөвлөж байна.Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/   [20 оноо]

Бүргэд хүртэл дэгдээхийгээ газарт буулгалгүй улам өндөр авхуулан хөөргөж, бүр эцэж цуцтал нь нисгэж сургадаг.

…………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

 

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com