Tuesday, 2024-03-19, 2:30 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 20

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]

Санамж: Эхийг анхааралтай уншиж, ойлгоорой. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн хэсгийн утга санаатай холбож ажиглаарай.  Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Даалгавар бүр 2 оноотой.

Эцсийн тулаан

Үүр цайв. Хөгшин буурал сүргийн захад зүүрмэглэн зогсоно. Үүр цайхтай зэрэг унага, даага чилсэн биеэ тэнийлгэж тангаралдан наадна. Харин их насны морьд бол нар гарахыг хүлээж хэвтэх нь хэвтэж, зогсох нь зогсон хааяа нэг өвс хазлан эсвэл хөөс бургитал давсгаа суллан суниацгаана. Хөгшин буурал мэтийн амьтад өвс зулгаах ч үгүй, шээх ч үгүй зөвхөн нүд аньсан хэвээр, хааяа эвшээлгэн тургина. Тургихдаа ч ногооны шүүс болсон хамрынхаа самсааг сартайлган нэг муу найтаахчаа аядах ажээ. Үүр цайхтай зэрэгцэн хязаалан байдас, үрээ морьд хурц шүдээрээ өвс ширд ширд зулгаана. Ийнхүү өглөөний сэрүүнд гэдэс цадаж авбал үдийн халуунд нуур усанд тийрэх юм уу, уулын өндрийн салхинд явж басхүү бие биеэ хажиглан зодолдоход таатай. Гүүнүүд унагаа энхрийлэн үүрсэнэ. Унагаа энхрийлэхээс өөрөөр бас үүрсэх нь тарган цатгалангаа гайхуулах буюу сүргийн захад үүрэглэн зогсох хөгшин буурлыг даажигнан, үүрийн шаргал туяа өөд ихэмсгээр ширтэн зогсох залуу хонгор азаргыг өдөж хатгах янзтай. Зуны халууныг хэлэх үү. Адууны шээснээс хүртэл агь таанын үнэр ханхийнэ. Хээр хоносон энэ нэгэн азарга адуу бол үнэнхүү жаргасан амьтад ажээ. Адууны халиурсан тарган зоо үүрийн шаргал туяанд алт түрхсэн мэт туяа цацруулна. Энэ бүхнийг үзэхүл үнэхээр монгол хүний хийморь сэргэм бөгөөд агь гангын салхитай уудам чөлөөт талдаа адуун сүргийн дэргэд явахаас илүү жаргал үгүй гэлтэй. Гэвч өмхий утаа хаялан давхих төмөр тэрэг илүү сайхан унаа болсны улмаас энэ мэт эзэнгүй явах болсноо адуу хэдий ухаантай мал боловч хэрхэн тааварлах билээ. Ер дэллэх, малиндахаас бусад цагт онгон хээрийн амьдралаар амьдран үймэх түйвэхгүй нь сайхан. 

Гэвч адууны ийм чөлөөт амьдралд ч атаа жөтөө, хайр энхрийлэл, тачаал хорсол, гуниг зовлон, баяр баясгалан цөм бий. Үүрийн туяаны өөдөөс ширтэн зогсох хонгор азарганы дүр байдалд “Би энэ сүргийн ганц эзэн” гэх янз илэрхий. Омог баярын цогоор гялалзах нүд рүү нь унжсан хөхлөө хааяа нэг сэгсрэн зайлуулж өглөөний чийглэг агаар хамар сарталзуулан сороход хамаг биеийн судсаар урсан гүйх мэт болж дөрвөн хөлийн шандас зангирахад газар хааяа цавчилна. Хүч тэнхээ, шим шүлт багтаж ядан хээрийн салхитай уралдаж алсын алсад мандах нарны дор хөхрөн байгаа уул тийш хулжин одмоор санагдана. 

Тарган биеэ дааж ядсан хэдэн гүү, тогтож ядан шарваганалдах хязаалан байдсууд тэр их хүчийг нь барахгүйг мэднэ. Тийнхүү сүргээ тойрч гүйх юм уу, “азарган чээж” гаргасан морьдыг шороо үмхтэл дайрна. Түүнээс өөр хүч гаргах шалтаг ховор. Сүргийн захад толгой унжуулан зогсох хөгшин буурал түүний эрх дураараа явахад ямар ч саадгүй амьтан. Бас адууны богинохон амьдралд их юм үзсэн толгой гэдэг нь илэрхий тул асман морьдыг дарангуйлдгийн адил ширүүн догшин авирлаж хараахан болохгүй мэт ажээ. Гэвч хөгшин зөнөг болсноо мэдэхгүй эрх дархад нь хөндлөнгөөс оролцох юм бол мөн л арьсыг нь хэгз хазаж, эрүүг нь зад өшиглөхөөс буцахгүй. Сүргийг эзэгнэн захирч, удам угсааг залгуулах адууны эр чадал түүний хэнхдэг чээжнээ оволзон буцална. Одоо тэр шөнийн шүүдэрт ногоонд гэдэс цадаж цангаа гараад зөвхөн наран мандахыг ширтэн зогсох ажээ. Гэтэл нэг аальгүй загал байдас гүйн харайж урдуур нь орон биеэ өрөхөд “Зайл” гэж хөхөл дэлээ сэгсрэн илд мэт хурц шүдээ ярсхийлгэн ташаан толгойгий нь хазан алдтал загал тасхийтэл чарлан тангараад гүйн одов. 

Наран ургажээ. Хөгшин буурал зуны шөнийн сэрүүхэнд боловч хөрсөн биеэ наранд таашаан шарж нүд анин зогсоно. Насаараа нар мандахыг үзсэнээс гадна залуу хонгор азаргатай адил алсын уулс тийш давхин одох хүсэлгүй тул нүд нээхийн ч хэрэггүй. Нүд аниастай бол бие илүү амрах шиг болдог нас. 

Хөгшин буурал амьдралдаа мөн ч их юм үзсэн толгой болох нь андашгүй. Түүний зоо нуруу, хэнхдэг чээжинд олон удаагийн догшин тулааны ор сорви үлджээ. Энд тэнд нь цагаан хөдсөөр нөхөөс тавьсан адасга шиг үзэгдэнэ. Сүрэгтээ хосгүй харамч хажиг амьтан явсан юм санж. Гэхдээ зөвхөн зодоон цохионы сорви ч бус унага, сарваануудаа өлөн чононоос хамгаалан тэмцэж олсон нь ч бий. Гэвч түүнийг санах ухаантай амьтан байдаг эсэхийг бүү мэд. Үе мөчний шандас сулран бие хүндэрч өвс ногоо зулгаах шүд ч үгүй болоод ирэхэд гүү байдсууд тоохоо байж, залуу азарга хажиглан сүргийн захад шоовдорлогдон явдаг юм байж. Наранд бие халж судас шөрмөс тэнийхчээ болоход завжаараа ногооны шүүс гоожуулан тургилж нуруугаа нужигнатал хэд сайн суниагаад нүдээ нээж шүүдэрт ногоо үнэрлэн сүргээ тойрон явав. Ингэж газарт шингэсэн шивтэр шиншлэн сүргээ тойрох л ямар ч байсан азарга гэдгээ үзүүлэх ганц арга болжээ. Гэтэл хэдхэн алхтал залуу хонгор газар цавчлан хуухирч, нүдээ гал цог мэт гялалзуулан буйг үзээд азарган байдлаа даруйхан дарж өвс зулгаан зогсов. 

Залуу хүчирхэг явсныг санахад одоо ийм болно гэдэг даанч гутармаар. Хөгшин бууралд гал цахилгаан мэт явсан цаг бий. Уралдаанд түрүүлж, зодоонд ч түрүүлж явсан. Ойр хавийн азарганууд цөм түүнээс сүрддэг сэн. Хөхөл дэлээ газар шүргэтэл намируулан аягын чинээ алаг нүдээ эргэлдүүлэн ган дөрвөн туураараа газрын хөрсийг өм цөм татан унгалдахад хамар амнаас нь гал манасхийх мэт болон байдсууд шээс алдаж, азарганууд хөл чичирдэг сэн. 

Тэрбээр аль дайралдсан адууны сор тарган сайхан гүүнүүдийг булаан хураадаг байв. Түүний хүчийг үзээгүй азарга анхныхаа тулалдаанд ясаа хэмхлүүлэх шахаад дахин зодолдож зүрхэлдэггүй сэн. Соёолон наснаасаа эхлээд хэчнээн олон азаргатай тулалдаж дийлснийг тоолж баршгүй. Дийлэх тусмаа улаан нүдэлчхээд сүргээсээ хулжин нутаг ус алгасан давхидаг байж. Гэвч байгалийн жам ёсоор насанд дарагдаж дотор хэчнээн омог бардам байвч үнэхээр хүчин доройтохын зовлон ирэхэд анхандаа зөвхөн урьдын сүрээр бусдыг хий айлгаж явснаа сүүлдээ тэр ч үгүй болжээ. Цог хийморь доройтов. Эрх хүчин төгөлдөр амьтан аснаа ийм болчихсондоо бухимдан сүргийн захад толгой унжуулан зүүрмэглэх зуур хааяа чин зоригт залуу азарга болон гүү байдсыг гишгэж, ямар нэгэн азгүй азаргыг хэмх хазаж, шороо үмхтэл дайран унагаж зүүдэлнэ. 

Харин энэ өнтэй зуны шим шүүс хөгшин биеийг хатгаснаас ч юм уу эсвэл өнөөх зөнөх гэгч нь ч юм уу, заримдаа гэнэт уур омог хор шар буцлан тийнхүү залуу догшин хэвээрээ яваа нь зүүд биш үнэн юм шиг болно. 

Одоо ч гэсэн залуу хонгороос эрхгүй айн хулмалзаж өвс хэд зулгааснаа үнэхээр нэг юманд хатгуулсан юм шиг зүрх нь гэнэт оволзон уур омог бадрав. Тийнхүү шороо манасхийтэл хамраа дуугарган толгойгоо огцом өргөхөд шингэн боловч хур дэл нь хөх дөл дүрсхийх адил хийсэх нь өглөөний наранд гялсхийв. Өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг л энэ. Хөгшин буурал ийнхүү онгод оронгуут энэ сүргийн ганц эзэн аргагүй мөн бөгөөд гүү байдсууд түүнийг үзэн шарваганалдах залуу хонгор азарга ч “аавын чээж”-ээс цаашгүй харагдав. “Ай борвиндоо бааст чи зориг байвал хүрээд ир!” Хөгшин буурал газар доргитол шар шүдээ тачигнуулан хонгор азарганы өөдөөс өрж зогслоо. Цаадах нь эхлээд “Би зүүдлэв үү?” гэсэн шиг тээнэгэлзсэнээ дөрвөн хөлийн доороос нэгэн зэрэг шороо манаран агаарт хөөрөх мэт болоод дайран орж ирэв. Хөгшин буурал цоройж амжсангүй. Тэр нь сайн болж. Хэрэв цоройсон бол өеөдчих байлаа. Залуу хонгор толгой дээр нь мордон мундаан дээрээс нь хэгз хазахад хөгшин буурал тэсэхүйеэ бэрх өвдөж хоолой шахан чарлаад тангарах санаатай эргэтэл бөгсөө даасангүй. Ташаан толгойгоо мөн хэгз татуулж сөгдөх шахаад арай чүү мултран толгойгоо унжуулсаар өглөөний наранд цэлийсэн хээр тал руу яваад өглөө. Хөгшин буурлын үс салхинд хийсэж байсан бөгөөд энэ бол түүний эцсийн тулаан болжээ.С. Эрдэнэ “Нарангарвуу” өгүүллэгийн түүвэр

  1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
    1. байдас        a) өсгийн дээд бүдүүн шөрмөс, тахилзуур                              A. 1e2c3d4f5a6b
    2. үрээ            b) хоншоорын хоёр хажуугийн бяцхан хонхор                        B. 1c2e3d4f5a6b
    3. өеөд-          c) шүдлэн хязаалан насны гүү                                                 C. 1e2c3f4d5a6b
    4. хуухир-        d) гишгэдэл алдан хэелэн унах                                               D. 1c2e3f4d5a6b
    5. борви         e) шүдлэн, хязаалан, соёолон насны эр адуу             E. 1c2e3d4f5b6a
    6. самсаа        f) адуу буга зэрэг амьтан юмнаас цочиж сэжиглэн хамраа хорд хийлгэн дуугарах 
  2. Дараах үйл явдлын аль нь үүр цайх үед болсон бэ? A. Хоёр азарга тулалдав. B.Хонгор азарга гайхан тээнэгэлзэв. C.Буурал азарганы бие тавирч нүдээ нээв. D.Загал байдас ааш аяг үзүүлэв. E.Буурал азарганы уур омог бадрав.
  3. Эхэд дурдсан дараах үйл явдлуудын аль нь хонгор азарганд холбогдох вэ? A. Ойр хавийн азарганууд цөм түүнээс сүрддэг.  B. Ган дөрвөн туураараа газрын хөрсийг өм цөм татдаг. C. Адууны эр чадал түүний хэнхдэг чээжнээ оволзон буцалдаг. D. Уралдаанд ч түрүүлж, зодоонд ч түрүүлж явсан. E. Адууны сор тарган сайхан гүүнүүдийг булаан хураадаг.   
  4. Хонгор азарга буурал азарга руу дайран орж ирсний шалтгаан нь юу вэ? A. Гүүнүүд үүрэглэн зогсох буурал азаргыг өдөж хатгах янзтай байсан учраас B. Буурал азарга өөрийгөө “Би энэ сүргийн ганц эзэн” хэмээн санасан учраас C. Буурал азарга нүдээ нээж шүүдэрт ногоо үнэрлэн сүргээ тойрон явсан учраас D. Буурал азарга олон азаргатай тулалдаж дийлсэн нь тоолж баршгүй байсан учраас E. Буурал азарга хонгор азарганы өөдөөс шар шүдээ тачигнуулан өрж зогссон учраас
  5. “Гэвч өмхий утаа хаялан давхих төмөр тэрэг илүү сайхан унаа болсны улмаас адуу эзэнгүй явах болсон” өгүүлбэрийн санаанд тохирох хэлцийг олоорой. A. Хуучин юм ул болж шинэ юм зул болох
    1. Алтыг нь аваад авдрыг нь хаях   C. Хүний хуучин нь дээлийн шинэ нь 

D.Долоо хэмжиж нэг огтол E.  Аяга цайн дээр арав хувилах

  1. “...хамар амнаас нь гал манасхийх мэт болон...” гэхэд ямар дүрслэх ур маяг ашигласан бэ?

A. Ёгтлол                      B. Егөөдөл    C. Тойруулал D. Зүйрлэл  E. Төлөөлөл                                       

  1. Буурал азарганы хөгширснийг хамгийн оновчтой илэрхийлэх өгүүлбэр аль нь вэ? A. Бие хүндэрч өвс ногоо зулгаах шүд ч үгүй болоод ирэх  B. Олон удаагийн догшин тулааны ор сорви үлджээ.  C.Унага сарваануудаа өлөн чононоос хамгаалан тэмцсэн. D.Завжаараа ногооны шүүс гоожуулан тургилж... E.Нуруугаа нужигнатал хэд сайн суниагаад...
  2. Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудлыг олоорой. A. Байгалийн жам ёсны тухай  B. Залуу азарганы тухай               C. Адуун сүргийн тухай  D. Хөгшин азарганы тухай  E.Эцсийн тулааны тухай 
  3. Эхийн гол санааг илэрхийлсэн хэсгийг олоорой. 
    1. Аливаа амьтан байгалийн жам ёсоор насанд дарагдаж хүчин доройтохын тавилантай. 
    2. Сүргийг эзэгнэн захирч, удам угсааг залгуулах адууны эр чадал түүний хэнхдэг чээжнээ оволзон буцална.
    3. Адууны энэ чөлөөт амьдралд атаа жөтөө, гуниг зовлон, баяр баясгалан цөм бий.
    4. Хөгшин буурал амьдралдаа мөн ч их юм үзсэн толгой.
    5. Хөгшин буурлын үс салхинд хийсэж байсан бөгөөд энэ бол түүний эцсийн тулаан байжээ.
  4. Адууны нас, хүйсийн нэрийг тохирох үйлтэй нь зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
    1. Унага, даага                         a. хааяа эвшээлгэн тургина                 A. 1e2c3d4b5a 
    2. Хязаалан байдас, үрээ          b. өвс хазлан, суниацгаана                 B. 1d2c3b4e5a
    3. Их насны морьд                    c. өвс ширд ширд зулгаана                 C. 1e2c3b4d5a
    4. Гүүнүүд                                  d. тангаралдан наадна                         D. 1c2e3b4d5a
    5. Хөгшин адуу                          e. энхрийлэн үүрсэнэ                          E. 1c2e3d4a5b

ХОЁРДУГААР ХЭСЭГ           [30 оноо]  

Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Даалгавруудын хариуг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг  уншин зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй.      [5 оноо]

 Тэр хар үүрээр сэрчихээд хийх юмаа олж ядхаараа морио эмээлэлж ойр хавийнхаа аль нэг толгод довцог дээр гараад орчин тойрныг ажиж, элдвийг дурсч суудаг зантай болжээ. Залуу зандан цагийнхтайгаа адил сайн морь унаад алсын аянд мордох чадалтай сан бол толгой хазайсан тийшээ арилж өгмөөр санагдавч “Эр бор харцага”-ийн жигүүр цуцжээ. 

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.            [5 оноо]

  2.3  Та үе тэнгийнхэндээ сургамж өгөх зорилгоор “Надад тохиолдсон нэгэн явдал” сэдвээр эх зохион бичээрэй. Бичихдээ бүтэц, өнгө аяс, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй. Бичгийн соёл оноонд нөлөөлнө гэдгийг анхаарна уу. /Үгийн тоо 200-250/ 20оноо

 

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com