Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Цаг агаарын мэдээ
ERDENET ULAANBAATAR
|
ДолооДолоо Энэ мэтээр дээр дурдсан Санжеевын үгнээс гол нь хавсарсан (придаточные) гэсэн нэр томьёог татгалзаж байна гэж дүгнэж болно. Гэтэл Г.Д.Санжеев «үгүүлэгдэхүүн гарч ирсэн төдийгөөр шинэ чанар бий болдоггүй тул энэ нь зөвхөн өнгөцхөн үзсэн тооны үзэгдэл болохоос биш, чанарын үзэгдэл биш тул ерөөс эдгээр цогцсыг үгүүлбэр гэж үзэж үл болно» гэжээ.Асуудлыг ингэж тавихыг татгалзахгүй байж болохгүй. Ж.Дени эдгээр цогцсыг «хуурмаг үгүүлбэр» гэж нэрлэвч «хуурмаг үгүүлбэр, энгийн гишүүн хоёрын ялгавар нь хуурмаг үгүүлбэр утга зүйн хувьд үлэмж нарийн байдалд орших бөгөөд энгийн гишүүн зөвхөн ухагдахууныг илтгэдэг бол хуурмаг үгүүлбэр нь сэтгэцийн утгатай байдаг» гэж томьёолжээ. Г.Д.Санжеев өөрөө «үгүүлбэрийн дэлгэрэнгүй гишүүн бол бүтцээрээ «үгүүлбэр» юм. Дэлгэрэнгүй гишүүн бол үгүүлбэрийн доторхи үгүүлбэр шиг юм» гэж ганц биш удаа хэлж байна. Үүнд түрүүчийнхэд нь онцолсон тэмдэг тавьж, сүүлчийнхэд нь «шиг» гэсэн үгийг хэрэглэсэн нь энд «үгүүлбэр» гэдэг нэр томьёог хэл зүйн номд ойлгодог утгаар хэрэглээгүйг үзүүлж байна. Энд «үгүүлбэр» гэснийг ер «үг хэлэх» буюу өөрөөр хэлбэл «сэтгэц» гэсэн утгаар хэрэглэжээ... Энэ мэтээр утга зүйн үүднээс үзвэл «дэлгэрэнгүй гишүүн» гэдэг нь үгүүлбэрт шаардагдах шаардлагыг ямар ч тайлбаргүй хангаж байна. Мөн хэл зүйн үүднээс үзвэл энэхүү цогцост үгүүлэхүүн байгаа нь дамжиггүй, дээр удаа дараа хэлсэн зүйлүүд дээр нэмэлт болгож, Санжеевын ямар ч онцлох тэмдэггүйгээр «үйлт нэр бол өөрийнхөө хэллэг дотор үгүүлэх юм» гэж хэлсэн үгийг нэмье. Санжеев гуай «тооны ялгавар болохоос бус чанарын ялгавар биш» гэж хэлэхдээ үүнийг мартсан гэж үү? Орсон далай, Явсан нь иржээ. Намайг маргааш Москва орохыг чи хэнээс сонсов гэхэд эдгээр үйлт нэр нь үгсийн аймгийн хувьд нэг адил боловч, үгүүлбэрийн зүйн хувьд бол түрүүчийн хоёр нь дан ганц үгүүлэгдэхүүний үүргийг гүйцэтгэж байхад гуравдугаар нь Санжеев гуайн өөрийн томьёоллоор «нэг талaap өөрийнхөө үгүүлэгдэхүүн байцын хувьд үгүүлэхүүн болж, нөгөө талаар дараахь үйл үгэндээ тусагдахуун бoлох зэргээр нэгэн зэрэг хоёр үүргийг гүйцэтгэж байгаа» тул ноцтой ялгавартай юм. «Үүнийг чанарын ялгавар гэж хэлэхэд дутагдалтай гэж үү? Энэ мэтээр Санжеев гуайн нотолгоо нь бидний санахад итгүүлмээр биш байна» гэжээ. (Н.И.Фельдман. О склонении, предложении в современном японском языке. Ученые записки института Востоковедения. Том IV, Москва. 1952. 230, 239 дахь талд үз). 6. Монгол турк, манж зэрэг алтайн хэлний нийлмэл үгүүлбэрийн тухай дээр дурдсан олон эрдэмтний саналуудыг дор дурдсан дөрвөн бүлэгт хувааж болно. а) Эдгээр эрдэмтний зарим нь монгол зэрэг алтайн хэлэнд энэтхэг европын хэлэнд байдаг хавсарсан үгүүлбэр бараг байдаггүй, харин үүний оронд үйлт нэр, нөхцөл үйлийн хэллэгийг хэрэглэдэг гэж үзжээ (Санжеев). б) Нөгөө зарим эрдэмтэн нь монгол зэрэг алтайн хэлэнд хэдийгээр энэтхэг европын хэлний адил xолбоос буюу холбоос үгээр гол үгүүлбэртэйгээ холбогдсон хавсарсан үгүүлбэр байдаггүй боловч үйлт нэр нөхцөл үйл үгүүлэхүүнтэй өвөрмөц хавсарсан үгүүлбэртэй юм гэж үзэж байна. в) Гурав дахь зарим эрдэмтэн нь монгол зэрэг алтайн хэлэнд энэтхэг европын хэлний хавсарсан үгүүлбэр, үйлт нэр, нөхцөл үйлийн хэллэгийн аль алины үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж чадах тийм тусгай арга байгаа юм. Энэ нь үнэндээ энэтхэг европын хэлний хавсарсан үгүүлбэр ч биш, үйлт нэр, нөхцөл үйлийн хэллэг ч биш. Үүнд зүй нь тусгай нэр томьёо зохиовол зохино гэж үзээд, зарим нь «гишүүн үгүүлбэр» гэж тусгай нэр томьёо өгчээ (Бобровников, Холодович). г) Эцэст нь монгол хэлэнд энэтхэг европын хэлний адил хавсарсан үгүүлбэр, үйлт нэр, нөхцөл үйлийн хэллэгийн аль аль нь бий. Монгол хэлний хавсарсан үгүүлбэр нь гол үгүүлбэртэйгээ «гэх» гэдэг үйл үгээр холбогддог гэсэн дөрвөн янзын санал байна (Бертагаев). Бас эдгээр эрдэмтэн монгол хэлний дурдсан цогцсыг ерөөс үгүүлбэр гэж болох уу, үгүй юу гэж ихээхэн маргаж байна. Эдгээр эрдэмтний чухам алины нь санал монгол хэлний үнэн байдалд илүү нийлэлцэхийг бид авч хэлэлцэх хэрэгтэй болж байна. Эдгээр эрдэмтний нэг хэсэг нь бидний гишүүн үгүүлбэр гэж нэрлэдэг монгол хэлний нэг цогцсыг судлан үзэхдээ нэг бол орос хэлэнд орчуулахад гол төлөв хавсарсан үгүүлбэрээр орчуулдаг дээр үндэслэн хавсарсан үгүүлбэр гэж нэрлээд, эсхүл эдгээр цогцсын үгүүлэхүүн нь үйлт нэр буюу нөхцөл үйл үгээр байдаг дээр үндэслэн үйлт нэр буюу нөхцөл үйлийн хэллэг гэж нэрлэжээ. Ингэж үзсэн явдал бол аль алин нь дурдсан цогцсыг монгол хэлний өвөрмөц байдлаас авч үзэлгүй, дан ганц харь хэлний төстэй айд хүчээр тулган тохируулахыг оролдсон хэрэг юм. Тэхдээ нэг бол хэлбэрий нь хайхрахгүй дан ганц утга дээр нь үндэслэн эсхүл утгы нь хайхрахгүй, дан ганц үгүүлэхүүний хэлбэр дээр үндэслэн тайлбарлажээ. Гэтэл олон хэлэнд түгээмэл байдаг зүйл хэл тус бүрд өвөрмөц байдлаар илэрч болно гэдэг нь мэдээж хэрэг. Эдгээр эрдэмтний нөгөө хэсэг нь монгол хэлний өвөрмөц байдлыг онцгой анхаарч монгол хэлний дурдсан цогцсыг аль нэг харь хэлний төстэй айд тулган тохируулалгүй «гишүүн үгүүлбэр» гэх зэргээр өвөрмөц онцлогий нь тусган үзүүлсэн тусгай нэр томьёо өгчээ. Энэ нь 19 дүгээр зууны үед байсан оросын нэрт монголч эрдэмтэн Алексей Бобровников болно. Мөн Зөвлөлтийн эрдэмтэн Холодович, Фельдман нар солонгос, япон хэлний нийлмэл үгүүлбэрийг судлахдаа дээр дурдсан Бобровниковын санааг давхар баталжээ. Монгол хэлний гишүүн үгүүлбэрийн үгүүлэх нь гол төлөв үйлт нэр буюу нөхцөл үйл үгээр илэрдгээрээ энэтхэг европын хэлний үйлт нэр буюу нөхцөл үйлийн хэллэгтэй төстэй боловч монгол хэлний гишүүн үгүүлбэр нь хэл зүйн бүтцээр үгүүлбэрийн шинжтэй ба утга зүйгээрээ ч үгүүлбэрийн санааг илтгэж чадна. Монгол хэлний гишүүн үгүүлбэр бол үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, тусагдахуун зэрэг үгүүлбэрийн бүх гишүүдтэй байж болохоос гадна зэрэгцсэн олон үгүүлэхүүнтэй мөн өөрөө дан гишүүн үгүүлбэртэй нийлмэл шинжтэй байж болно. Энэтхэг европын хэлний үйлт нэр нөхцөл үйл үгийн хэллэг нь тийм биш юм. Ийм учраас монгол хэлний гишүүн үгүүлбэрийн дан ганц үгүүлэхүүний хэлбэрээр европын хэлний үйлт нэр буюу нөхцөл үйлийн хэллэгтэй адилтгаж үзэх үндэсгүй юм. Бас монгол хэлний гишүүн үгүүлбэрийг зөвхөн утгаар нь энэтхэг европын хэлний хавсарсан нийлмэл үгүүлбэртэй адилтган үзэхэд хэлнийхээ бүтцийн хувьд яг адилгүй ажээ. Энэтхэг европын хэлний хавсарсан үгүүлбэрийн бүтэц энгийн үгүүлбэрийн шинжтэй байдаг бол монгол хэлний гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүний хэлбэр энгийн үгүүлбэрийн үгүүлэхүүн, үгүүлэгдэхүүнээс өвөрмөц хэлбэртэй байж болно. Бид монгол хэлний гишүүн үгүүлбэрийн мөн чанарыг илрүүлэхдээ хэлбэр, агуулгын аль аль талыг анхааран үзэх хэрэгтэй. Мөн монгол хэлэнд нэг үгүүлбэрийг нөгөө үгүүлбэртэй нь холбоход «гэх» гэдэг үгээр холбох нэг ёс байгаа нь маргаангүй боловч зөвхөн үүгээр үндэслэж, монгол хэлний нэг үгүүлбэрийг нөгөө үгүүлбэртэй нь холбоход үйлт нэр, нөхцөл үйл үгийн олон хэлбэрийг хэрэглэдгийг үгүйсгэх үндэсгүй юм. Үнэндээ монгол хэлний нэг үгүүлбэрийг нөгөөтэй нь «гэх» гэдэг үгээр холбох нь мөн үйлт нэр буюу нөхцөл үйлийн олон хэлбэрээр холбохын нэгэн адил чанартай юм. Энд гол ялгавар нь гэх гэдэг үгээр холбосон үгүүлбэрийн үгүүлэхүүн нь жинхэнэ үйл үгийн заах, захирах, хүсэх төлөвөөр байж болдогт оршино. Гэвч «гэх» гэсэн үгээр холбосон гишүүн үгүүлбэр үгүүлэгдэхүүн нь мөн үйлт нэр, нөхцөл үйл үгээр холбосон гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнтэй нэгэн адил харьяалах буюу заахын тийн ялгалаар байж болдог. Энэ учраас алтайн хэлний гишүүн үгүүлбэрийг энэтхэг европын хэлний хавсарсан үгүүлбэр ч биш, мөн үйлт нэр, нөхцөл үйл үгийн хэллэг ч биш, харин эдгээр хэлнүүдийн хавсарсан үгүүлбэр, үйлт нэр, нөхцөл үйл үгийн хэллэгийн аль алины үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж чадах тусгай зүйл гэсэн эрдэмтэн Холодовичийн санал монгол хэлний үнэн байдалд хамгийн тохиромжтой мэт санагдана. Энэ байдлыг аль дээр XIX зууны дундуур үед Оросын монголч эрдэмтэн А. Бобровников мэдэж дурдсан цогцост «гишүүн үгүүлбэр» гэж нэр томьёо өгчээ. Монгол хэлний гишүүн үгүүлбэрийг үгүүлбэр гэж үзэхгүй гэдэг саналын талаар бол уул саналыг хатуу баримтлaгч хүмүүс ч дурдсан цогцсыг тайлбарлахдаа үгүүлэхүүн, үгүүлэгдэхүүн гэх зэргээр үгүүлбэрийн гишүүдийн нэр томьёог хэрэглэхгүйгээр өнгөрч чаддаггүй тул үгүүлбэрийн шинж бүрдсэн болох нь аяндаа илэрхий байна. 7. Энгийн үгүүлбэрийг бүтээх материал нь үг буюу холбоо үгс байдаг бол нийлмэл үгүүлбэрийг бүтээх материал нь энгийн үгүүлбэр байдаг ажээ. Жишээлбэл: Өчигдрийн таны хүүдээ өгсөн номыг би маргааш уншина гэхэд өчигдөр та хүүдээ ном өгсөн, тэр номы чинь би маргааш уншина гэсэн хоёр энгийн үгүүлбэрээс бүтжээ. Үүн дээрээс нийлмэл үгүүлбэр нь хоёр буюу түүнээс дээш тооны энгийн үгүүлбэр нийлж байж бүтдэг ажээ. Энгийн үгүүлбэр нийлмэл үгүүлбэр хоёрын бас нэг чухал ялгавар нь энгийн үгүүлбэр хичнээн дэлгэрэнгүй байвч утгаараа нэг сэтгэлийг илтгэж, хэлбэрээрээ уул үгүүлбэрийн үгүүлэхүүний цаг, төлөвөөр нэгдэн хэлбэржсэн байна. Нийлмэл үгүүлбэрт бол харилцан нягт холбоо бүхий хэд хэдэн салангид сэтгэлэг нь уул нийлмэл үгүүлбэрт багтсан энгийн үгүүлбэрүүдийн үгүүлэхүүний хэлбэрээр тус тусдаа нэгдэн төвлөрөөд, дараа нь эдгээр нэгдмэл төвүүд нь харилцан холболдож бүр нарийн нэг нийлмэл сэтгэлгийг илтгэж, тэр сэтгэлэг нь уул нийлмэл үгүүлбэрийн эцсийн төгс, үгүүлэхүүний цаг төлөвөөр давхар нэгдэн хэлбэржсэн байна. Хэдийгээр нийлмэл үгүүлбэр нь хоёр буюу хэд хэдэн энгийн үгүүлбэрээс бүтэх боловч энгийн үгүүлбэр нь нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтахдаа дангаар байхад байсан шинж чанар мөн хэлбэрээ ч алддаг байжээ. Ер үгүүлбэр, түүний дотор энгийн үгүүлбэр, нийлмэл үгүүлбэр алиныг ч бүхэлд нь чухам байдалд харьцуулбал харьцангуй утга төгссөн санааг илтгэж тухайн хэлний зүйгээр хэлбэржсэн бөгөөд тусгай аялгаар нэгдсэн мэдэгдлийн нэгж гэж үздэг бол нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтан орсон энгийн үгүүлбэрүүд нь харьцангуй утга төгссөн санааг илтгэж чадахгүй ба мөн биеэ даасан төгс аялга байхгүй болдог тул биеэ даасан мэдэгдлийн нэгж болж үл чадна. Үлгэрлэвэл: хэд хэдэн жижиг байшинг нэгтгэж дотроо олон өрөөтэй нэг том байшин болгосныг бид урьд дангаар жижиг байшин байсан өрөө тасалгаануудыг тус тусад нь байшин гэж нэрлэдэггүй, нэг байшингийн олон өрөө гэж нэрлэдэгтэй адил нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан энгийн үгүүлбэрүүдийг дангаараа байсантай нь адилтгаж үл болно. Энэ учраас хоёр буюу гурав, дөрвөн энгийн үгүүлбэрээс бүтсэн нэг нийлмэл үгүүлбэрийг түүний бүрэлдэхүүнд багтсан энгийн үгүүлбэрийн тоогоор хоёр буюу гурав, дөрвөн мэдэгдлийн нэгж болгохгүй, бүхэлдээ нэг нийлмэл үгүүлбэр нь нэг л мэдэгдлийн нэгж болно. Жишээлбэл Дорж өчигдөр хотоос иржээ. Бид мэдсэнгүй гэсэн хоёр энгийн үгүүлбэр нь тус тусдаа биеэ даасан мэдэгдлийн нэгж болно. Гэтэл энэ хоёр энгийн үгүүлбэрийг нэгтгэж «Доржийг өчигдөр хотоос ирснийг бид мэдсэнгүй» гэсэн нийлмэл үгүүлбэр болговол урьдын биеэ даасан мэдэгдлийн хоёр нэгж нь мэдэгдлийн нэг нэгж болно. Нийлмэл үгүүлбэр бол үгүүлбэрийн зүйн дээд зэргийн нэгдэл юм. Нийлмэл үгүүлбэр нь ярианы хэлнээс бичгийн хэлэнд илүү арвин тохиолдоно. Энэ учраас бичгийн хэлийг чадамгай эзэмшин сурахад нийлмэл үгүүлбэрийг чадамгай хэрэглэж сурах асуудал чухал холбогдолтой ажээ. Түүхийн үүднээс үзвэл хүний нийгэм хөгжихийн хирээр хүний сэтгэхүй улам хөгжиж, үзэгдэл юмын хоорондын холбоог улам гүн ухаарч, хийсвэрлэн сэтгэхүй чадвар нь дээшилж, ялангуяа утга зохиолын хэл боловсорч, зүйл бүрийн ухааны утга зохиол олшрохын хирээр нийлмэл үгүүлбэрийг хэрэглэж хэрэгцээ чадвар нь нэгэн адил нэмэгдсээр иржээ. Энгийн үгүүлбэрээр илрүүлэхэд их олон илүү сул үг хэрэглэж их нуршуудалтай илрэх санааг нийлмэл үгүүлбэрээр цөөн үгээр хялбархнаа илрүүлж болно. Заримдаа энгийн үгүүлбэрээр илрүүлэхэд үнэхээр бэрхтэй, эрхбиш нийлмэл үгүүлбэрээр илрүүлэх санаа ч олон тохиолддог ажээ. Жишээлбэл: Сая, таныг хотоос олон сонин ном авчирсныг бид сонссон гэсэн нийлмэл үгүүлбэрээр илэрсэн нэг санааг заавал энгийн үгүүлбэрээр илрүүлэх гэвэл сая та хотоос олон сонин ном авчирсан, түүний чинь бид сонсов гэх зэргээр өмнөх үгүүлбэрээр илэрсэн санааг төлөөлүүлж дараахь үгүүлбэрт нь түүний чинь гэж үг нэмэн оруулахад хүрнэ. Гэтэл Бид таныг хотоос ирэхлээр танайд очно гэсэн нийлмэл үгүүлбэрээр илэрсэн санааг энгийн үгүүлбэрээр илрүүлэхэд бэрхтэй биш үү? Энэ мэтээр нийлмэл үгүүлбэр нь энгийн үгүүлбэрээр илрүүлэхэд нуршуудалтай олон үг хэрэглэх буюу ер энгийн үгүүлбэрээр илрүүлж болшгүй нарийн төвөгтэй санааг цөөн үгээр маш чадамгай илрүүлж чаддаг ажээ. Монгол хэл нь энгийн үгүүлбэрүүдийг холбож нийлмэл үгүүлбэр бүтээх аргын хувьд маш баялаг хэлний нэг болох тул эрт, одоогийн монгол бичгийн хэлэнд нийлмэл үгүүлбэр арвин үзэгдэнэ. Бичгийн зарим хүмүүс бичих, зохиохдоо монгол хэлний нийлмэл үгүүлбэр бүтээх энэ баялаг apгыг буруу талаар хэрэглэж хэдэн зуун үг багтаасан хэтэрхий их нуршуудалтай урт нийлмэл үгүүлбэр хэрэглэж бичсэн нь цөөнгүй байдаг. Энэ нь ялангуяа хувьсгалын өмнөх албан бичгийн хэлэнд арвин үзэгддэг бөгөөд арав хорин хуудас үpгэлжилсэн ганц үгүүлбэр цөөнгүй байдаг. Ийм нуршуудалтай хэтэрхий урт үгүүлбэр нь уншигчдын ойлгоход сайнгүй байдаг. Гэвч аливаа бичиг зохиолын уншигчдад ойлгомжтой сайхан болох нь дан ганц түүний урт буюу богино үгүүлбэрээр найруулснаас болохгүй, харин аль зэрэг чадвартай сайн найруулснаас болно. Өөрөөр хэлбэл богино үгүүлбэрээр найруулсан боловч ойлгомж сайтай, муутай янз янз байж болно. Түүнчлэн урт үгүүлбэрийг арвин хэрэглэсэн боловч ойлгомж сайтай муутай янз янз байж болно. Үүнээс гадна энгийн үгүүлбэр, нийлмэл үгүүлбэр гэснийг богино үгүүлбэр, урт үгүүлбэр гэсэн үг гэж ойлгож үл болно. Учир нь нийлмэл үгүүлбэрээс урт энгийн үгүүлбэр байж болно. Бас нийлмэл үгүүлбэр урт богино янз янз байж болно. Энгийн үгүүлбэр, нийлмэл үгүүлбэр гэдэг нь бүтцийн ялгавар бөгөөд богино үгүүлбэр, урт үгүүлбэр гэдэг нь найруулгын ялгавар болно. Энэ учраас бичиг зохиолын найруулгыг дан богино үгүүлбэртэй бол сайн гэх буюу эсхүл дан урт үгүүлбэртэй бичвэл их гүн утгатай болно гэж тасархай зааварлаж үл болно. Аль аль нь зохиогчийн найруулгын чадвараас болно. Бас уншигчдын байдлаас болж заримдаа аль болохуйц богино үгүүлбэртэй найруулахыг шаардах ч газар байдаг. Жишээлбэл: бага хүүхдийн унших бичиг зохиол буюу бичиг бага мэдэгчдийн уншихад зориулсан бичиг зохиолыг аль болохоор богино үгүүлбэртэй бичихэд чухал байдаг. Гэтэл бичиг сайн мэдэгчдэд зориулсан зохиол найруулгад ингэж заавал богино үгүүлбэртэй бичихийг шаардах хэрэггүй юм. Гэвч хуучны албан бичгийн найруулга шиг хэд хэдэн зуун үгийг багтааж, хэдэн арваад хуудас үргэлжилсэн хэтэрхий нуршуудалтай урт үгүүлбэрээр найруулсан бичиг зохиол нь ямар ч хүний уншихад төвөгтэй байдгийг анхаарах хэрэгтэй. |
Хайлт
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|