Tuesday, 2024-03-19, 11:57 AM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар-23

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]  Санамж: 1. Эхийг анхааралтай уншиж, ойлгоорой. 2. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. 3. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн хэсгийн утга санаатай холбож ажиглаарай. 4. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. 5.Даалгавар бүр 2 оноотой.

“Морь”

Дээвэрт нь зэрлэг хиж, шарилж багсайтал ургаж, бороонд дэвтэх шахсан дагз байшинд Наваан хэн нэгнийг тэсэж ядан хүлээж суув. Ар нуруунаас нь хүйт даахад ямааны арьсан хөнжлөө тулмайдлаа. Чийгэнд идэгдсэн модон шалнаас мөөг ургаж, түүнээс юу болох нь танигдахгүй, бохь шиг нялцгай юм савирчээ. Навааны төрсөн нутаг ар халхын нар ээсэн говь тал боловч таван настайдаа Төвөдийн томоохон хийдийн хувилгаанаар гэнэт тодорч, олон бараа хөсөг, аавынхаа хамт нутгаасаа сүртэй гарчээ. Нар хамба, нанжин чавганд пологтож, морин дээрээ дандаа үүрэглэж явдаг хар Дорлиг руу атга атгаар нь шидэж саваагүйтэж явснаа л санадаг аж.

“Шөнө болох нь ээ. Нөгөөдөх чинь яачхав аа” гэж амандаа үглэнэ. Наваан гэгээвчээр гадагш харвал хүйтэн бороо уйлагнаж байв. Өвгөн дархи модны нөмөрт хээр морь омруугаа бараг газар шаах шахан бөгтийж, цавиных нь хөх мах чичрэх нь хүртэл харагдана. Нүднээс нь нуух цувж, ташаан толгойн яс нь арай л арьсыг нь цоолж гарч ирээгүй бололтой. Сүүлийг нь бүр угаар нь тасаджээ. Их гэгээний сэтэрлэсэн морь тулдаа энэ зэрэгтэй үлджээ. Төвөд тангадууд гуяных нь махнаас өм огтолсныг Наваан элдэв арга хэрэглэж эдгээсэн удаатай.

Бурхан гэгээн минь! Аав нь үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна. Уулзах ерөөл тавилан байх болов уу? Чамд сарвайх юм алга. Морио л үлдээе. Унаж гийгүүлэхгүй ч морины үнэр  нь элгийг чинь дэвтээх биз. Харин үхэхэд нь тасын хоол болгочхолгүй, толгойг нь өндөр газар тахиарай гэж захиж үлдээгээд ар Монгол руугаа буцахад Наваан хувилгаан хэдэн өдөр усан нүдэлж хоцорчээ. Дунгийн нэг хэвийн уйтгартай дуунаар гадаалахдаа өглөө бүр мориныхоо магнайг үнэрлэхэд агь ганга, айраг цагаа, аавынх нь тамхины бохь ханхлах шиг болоход “Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү” гэж жанчаараа толгойгоо нөмрөөд гол дуганы чулуун шатаар өгсдөг байсан аж.

Шалбааг дундуур шал пал алхсаар нэг хүн хүрч ирсэн нь бараа бологч лам байв.

  • Багштан минь өнөө шөнө л амжихгүй бол өнгөрөх нь. Сэрчингийн хийдийг хуухуй цэргүүд үнсэн товрог болгожээ. Далай багш ч байж суухын аргагүй болоод Жагарын орныг сэм зорьсон бололтой гэж царай нь илжигний арьс шиг үрчийж хөхөрсөн лам амьсгаадан өгүүлэв.

Аян замд хоромхон зуур бэлдлээ. Тэр хоёрыг бүх юмаа үүргэвчиндээ хийгээд гарахад тэнгэрт ганц нэг од сүүмэлзэж байв. Ард нь мод хугарах шиг чимээ гарахад хоёул айж сандран харвал хээр морь байв. Ээ хөөрхий гэж... Хаяж оргохдоо морио үнэрлэчихээ ч мартах нь байна шүү. Аавынхаа захиасыг биелүүлж чадсангүй. Намайг явсны маргааш нь л төвөдүүд үүнийг махална даа гэж Наваан тэрхэн зуур бодлоо.

  • Багш аа, түргэлээрэй! Амь наана, там цаана байхад наад муу илжгээр яах юм бэ гэж шивнэв. Бургасаар шавхуурдсан ч, нүдийг нь чичилсэн ч морь тэр хоёроос салсангүй, хойноос нь дагав.
  • Муу адасга биднийг дайсанд барьж өгөх нь дээ гэхэд Наваан “Хэсэг бараадаад биднийг гүйцэхгүй биз. Орхи наадхаа” гэв. Морь гэсэндээ хоёр залуугийн гүйдлээс хоцролгүй дагав. Уулын оройгоос өнхөрсөн чулуу Навааны хөлийн шагайг онож унасан тул явж чадахаа больж, төвөд лам түүнийг үүрэхээс өөр аргагүйд хүрлээ. Өвчнөө намдаах сэхээ ч тэдэнд байсангүй. Наваан хэчнээн цааргалсан ч түүнийг чирч гулдарсаар цавчим хадан хясаанд туллаа.
  • Үүнийг л давж чадвал хуухуйнуудаас мултарлаа гэсэн үг. Зөрөх нь байтугай ганц хүн арай гэж багтах зөрөг бий. Гишгэдэл алдвал тэртээ доошоо гүн цүнхээл рүү ниснэ шүү гэж бараа бологч аргаа барсан царайтай гоншгонов.
  • Халивал цуг л халья. Намайг морин дээр минь мордуулаад аль гэж Наваан цочмог хэллээ.
  • Таны толгойд ийм хачин бодол яаж оров оо? Өөрийн турсагыг яая гэсэн амьтныг...
  • Муу ч гэсэн монгол морины сэгэлдрэг юм даа гээд Наваан нуруунд нь гараа хүргэхэд үнэхээр арьс нөмөргөсөн хэдрэг шиг санагдлаа. Морь өөрийн биеэ байдгаараа чивхрүүлж, шөрмөс булчингаа чангалах нь Навааны суудал доороос хатгаад авах шиг мэдрэгдлээ.

Шавь нь хэзээ нисчих бол гэж байдаг тарни номоо уншаад морины араас зүрх алдан  гэлдэрнэ. “Багш аа доошоо битгий хараарай” гэсэн тул Наваан нүдээ анив. Морины нуруу нь хотолзоход хэлхээтэй яс заадлаараа бут үсэрмээр эвгүй. Гэвч хөдөлж байгааг нь ажвал осолдохгүй газар хороож байна гэж санана. Наваан нэгэнтээ нүдээ нээвэл морь чихээ хулмайлган урагш байдгаараа зүтгэлэх нь өөрөөсөө хэтэрсэн хүч гаргаж байгаа бололтой. Үе үе чулуу хайрга нүргэлэн унана. Хагас эрих маани уншиж дууссаны хойно өнхөрсөн чулуу усанд цүлхийн унах нь сонсогдоход бид мөн ч дээр явна даа гэж хувилгаан дотроо наманчлав.

Морь хаашаа ч үгүй зогслоо. Одоо л энэ амьтан нислээ дээ гэхээс Навааны дотор балартана. Сарвайж ойчих нь уу гэснээ дахин хүчээ сэлбэх шиг урагшлав. Шавь нь үхсэн мэт дуугүй, хэдрэг шиг яс доороос нь нухаж, тэсэхийн аргагүй агсагадаж байгаагаа л бүхнээс илүү мэдэж байлаа.

Гэгээнтээн! Нүдээ нээгээрэй. Бид аюулаас мултарлаа гэсэн шавийнх нь догдолсон дуу гарав. Үүр манхайтал цайж, чанх өмнө нь уужуу дэнж цэлийнэ. Хээр морь усан хулгана болжээ.

Навааныг буунгуут хээр морь хөл дээрээ чүүчгэнэн гуйвснаа сөхөрчхөв.

- Ээ хөөрхий минь! Морь минь... хүлэг минь... Одоо миний нуруун дээр юу ч байхгүй гэх шиг хальчихлаа. Эзнээ хүргэх газраа хүргэлээ гэх шиг сөхөрчихлөө. Эвий минь хөөрхий минь... гэж Наваан багтран цурхирав.

Тэртээд цайвалзах усан манан дунд Жагарын орны тосгон харлана. /До.Цэнджав/

  1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг олоорой.

1. хиж

a) хүний бие уналгад ядарч зүдрэх

2. тулмайдах

b) арьс нэхий элдэхэд хэрэглэх, нэг талдаа хөрөөний шүд мэт иртэй урт нарийн хавтгай мод

3. цүнхээл

c) сөөглөг ургамал

4. агсагадах

d) эргүүлэгтэй гүн ус

5. хэдрэг

e) ямар нэг юмаар биеэ ороон нөмрөх

A.1e2c3d4b5a                 B. 1c2e3d4a5b                       C. 1a2e3c4d5b D. 1c2e3b4a5d    E. 1b2c3d4a5e

 

  1. “Шавь  нь  хэзээ  нисчих  бол  гэж  байдаг  тарни  номоо  уншаад  морины  араас  зүрх алдан гэлдэрнэ” - өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
    1. зүрх гарган B. зүрх орон C. зүрхээ чангалан D. зүрх нь үхэн E. зүрхийг нь булаан
  2. Наваан “Муу ч гэсэн монгол морины сэгэлдрэг юм даа” гэж хээр морийг хэлсэн нь ямар учиртай вэ?
    1. Борвинд нь богц өлгөм туранхай юм гэдгийг шавьдаа ойлгуулах гэж хэлсэн.
    2. Хэдий турж эцсэн ч гэсэн монгол морины шандас шөрмөстэйг илэрхийлсэн.
    3. Хүлэг олон боловч ажнай ховор байдагтай адил хээр морио голж энэ үгийг хэлсэн.
    4. Монгол морь эцээд эмээлээ даахгүй болдгийг хэлсэн.
    5. Хүлэг муутай хүнд газар хол байдаг учраас мориндоо дургүйлхсэнээ илэрхийлж хэлсэн.
  3. Таамагласан өнгө аястай өгүүлбэрийг олоорой.
    1. Нар хамба, нанжин чавганд пологтож, морин дээрээ дандаа үүрэглэж явдаг хар Дорлиг  руу атга атгаар нь шидэж саваагүйтэж явснаа л санадаг аж. B. Их гэгээний сэтэрлэсэн морь тулдаа энэ зэрэгтэй үлджээ. C. Морь чихээ хулмайлган урагш байдгаараа зүтгэлэх нь өөрөөсөө хэтэрсэн хүч гаргаж байгаа бололтой. D. Муу ч гэсэн монгол морины сэгэлдрэг юм даа. E. Шөрмөс булчингаа чангалах нь Навааны суудал доороос хатгаад авах шиг.
  4. “Унаж гийгүүлэхгүй ч морины үнэр нь элгийг чинь дэвтээх биз” гэсэн санааг батлах баримт аль нь вэ?
    1. Наваан нэгэнтээ нүдээ нээвэл морь чихээ хулмайлган урагш байдгаараа зүтгэлэх нь өөрөөсөө хэтэрсэн хүч гаргаж байгаа бололтой. B. Морь гэсэндээ хоёр залуугийн гүйдлээс хоцролгүй дагав. C. Халивал цуг л халья, намайг морин дээр минь мордуулаад аль. D. Өглөө бүр мориныхоо магнайг үнэрлэхэд агь ганга, айраг цагаа, аавынх нь тамхины бохь ханхлах шиг болдог. E. Морь өөрийн биеэ байдгаараа чивхрүүлж, шөрмөс булчингаа чангаллаа.
  5. “Эдэнд нулимсаа үзүүлэхгүй юм шүү” - өгүүлбэрийн санааг хэлцээр илэрхийлснийг олоорой.
    1. Алс явахад сэтгэл сэргэнэ B. Аяыг нь мэдэхгүй алсын газар C. Харийн хүн харих номтой D. Хал үзвэл хашир, харь очвол догь E. Хүний газар нэрээ
  6. “...хэдрэг шиг яс доороос нь нухаж...” – дүрслэх ур маягийг тодорхойлоорой.
    1. зүйрлэл B. төлөөлөл C. эерүүлэл D. тойруулал E.багасгал
  7. Хээр морины хичээж зүтгэж байгаа дүрслэлээс ангид хэсгийг олоорой.
    1. Морь өөрийн биеэ байдгаараа чивхрүүлж... B. Морь шөрмөс булчингаа чангалах... C. Морины нуруу нь хотолзох... D. Морь чихээ хулмайлган урагш байдгаараа зүтгэлэх... E. Сарвайж ойчих нь уу гэснээ дахин хүчээ сэлбэх шиг урагшлав.
  8. Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудлыг олоорой.
    1. Харь нутгийн тухай B. Багш шавийн барилдлагын тухай C. Бурхны шашны зан үйлийн тухай D. Сайн хүлгийн тухай E. Эцгийн захиасын тухай
  9. Эхийн гол санааг илэрхийлсэн хэсгийг олоорой. a. Аав нь үнэндээ энэ нутагт амьдарч чадахгүй юм байна. B. Дунгийн нэг хэвийн уйтгартай дуунаар гадаалахдаа жанчаараа толгойгоо нөмрөөд гол дуганы чулуун шатаар өгсдөг байсан аж. C. Морь минь... хүлэг минь... Эзнээ хүргэх газраа хүргэлээ гэх шиг сөхөрчихлөө. Эвий минь хөөрхий минь... D. Хаяж оргохдоо морио үнэрлэчихээ ч мартах нь байна шүү. Аавынхаа захиасыг биелүүлж чадсангүй. E. “Багш аа доошоо битгий хараарай” гэсэн тул Наваан нүдээ анив.

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо] Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй. Даалгавруудын хариуг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг     уншин  зөв  бичих  дүрмийн  алдаатай  5  үг  олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал 0,5 оноо.                                                                                            [5 оноо]

Саяхан л шилбүүр унаад гүрвэл хөөж явсан балчир хүүхэд одоо үс сахал нь бууралтаж, нүд зовхи нь цэлхэрсэн хөгшин хар хүн болчихоод морины явдалд үүртэн сал сал шогшуулж явах юм хэмээн шоолж хөх инээд нь хүрэх байлгүй гэж бодхоос баахан ичих шиг болов. “Дөшийн худаг дайрж морио услан, хүзүү толгойгоо угааж сэрүүцье. Ховоо татан нар шургаагүй худгын хүйтэн ус залгилая” гэдэг бодол гэнэт төрөв.

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1.     Драах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. Үгийн тоо 25. 0-1 алдвал 5 оноо, 2-4  алдвал 4 оноо, 5-7     алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно. [5оноо]

 2.3 “Найз найман талтай...” сэдвээр эх зохион бичээрэй. Бичихдээ бүтэц, хэв шинж, сэдэв, агуулгын харьцаа болон найруулга зүйн шаардлагыг сайтар тооцоолж, баримт мэдээлэл болон дүрслэх ур маягийг зохистой         ашиглаарай. Бичгийн соёл оноонд нөлөөлөх тул хичээнгүй, гаргацтай бичээрэй. /Үгийн тоо 150-180/                                                                                                                    [20 оноо]

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com