Аманбай - Хувилбар 21
Sunday, 2016-12-04, 9:14 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                           
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 326
Цаг агаарын мэдээ

Хувилбар 21

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ  [20 оноо]

Санамж: Эхийг анхааралтай уншиж, ойлгоорой. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн хэсгийн утга санаатай холбож ажиглаарай.  Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээр зааврын дагуу будаарай. Даалгавар бүр 2 оноотой.  

Эцсийн тулалдаан

Үүр цайв. Хөгшин буурал сүргийн захад зүүрмэглэн зогсоно. Үүр цайхтай зэрэг унага, даага чилсэн биеэ тэнийлгэж тангаралдан наадна. Харин их насны морьд бол нар гарахыг хүлээж хэвтэх нь хэвтэж, зогсох нь зогсон хааяа нэг өвс хазлан эсвэл хөөс бургитал давсгаа суллан суниацгаана. Хөгшин буурал мэтийн амьтад өвс зулгаах ч үгүй, шээх ч үгүй зөвхөн нүд аньсан хэвээр, хааяа эвшээлгэн тургина. Тургихдаа ч ногооны шүүс болсон хамрынхаа самсааг сартайлган нэг муу найтаахчаа аядах ажээ. Үүр цайхтай зэрэгцэн хязаалан байдас, үрээ морьд хурц шүдээрээ өвс ширд ширд зулгаана. Ийнхүү өглөөний сэрүүнд гэдэс цадаж авбал үдийн халуунд нуур усанд тийрэх юм уу, уулын өндрийн салхинд явж басхүү бие биеэ хажиглан зодолдоход таатай. Гүүнүүд унагаа энхрийлэн үүрсэнэ. Унагаа энхрийлэхээс өөрөөр бас үүрсэх нь тарган цатгалангаа гайхуулах буюу сүргийн захад үүрэглэн зогсох хөгшин буурлыг даажигнан, үүрийн шаргал туяа өөд ихэмсгээр ширтэн зогсох залуу хонгор азаргыг өдөж хатгах янзтай. Зуны халууныг хэлэх үү. Адууны шээснээс хүртэл агь таанын үнэр ханхийнэ. Хээр хоносон энэ нэгэн азарга адуу бол үнэнхүү жаргасан амьтад ажээ. Адууны халиурсан тарган зоо үүрийн шаргал туяанд алт түрхсэн мэт туяа цацруулна. Энэ бүхнийг үзэхүл үнэхээр монгол хүний хийморь сэргэм бөгөөд агь гангын салхитай уудам чөлөөт талдаа адуун сүргийн дэргэд явахаас илүү жаргал үгүй гэлтэй. Гэвч өмхий утаа хаялан давхих төмөр тэрэг илүү сайхан унаа болсны улмаас энэ мэт эзэнгүй явах болсноо адуу хэдий ухаантай мал боловч хэрхэн тааварлах билээ. Ер дэллэх, малиндахаас бусад цагт онгон хээрийн амьдралаар амьдран үймэх түйвэхгүй нь сайхан. 

Гэвч адууны ийм чөлөөт амьдралд ч атаа жөтөө, хайр энхрийлэл, тачаал хорсол, гуниг зовлон, баяр баясгалан цөм бий. Үүрийн туяаны өөдөөс ширтэн зогсох хонгор азарганы дүр байдалд “Би энэ сүргийн ганц эзэн” гэх янз илэрхий. Омог баярын цогоор гялалзах нүд рүү нь унжсан хөхлөө хааяа нэг сэгсрэн зайлуулж өглөөний чийглэг агаар хамар сарталзуулан сороход хамаг биеийн судсаар урсан гүйх мэт болж дөрвөн хөлийн шандас зангирахад газар хааяа цавчилна. Хүч тэнхээ, шим шүлт багтаж ядан хээрийн салхитай уралдаж алсын алсад мандах нарны дор хөхрөн байгаа уул тийш хулжин одмоор санагдана. 

Тарган биеэ дааж ядсан хэдэн гүү, тогтож ядан шарваганалдах хязаалан байдсууд тэр их хүчийг нь барахгүйг мэднэ. Тийнхүү сүргээ тойрч гүйх юм уу, “азарган чээж” гаргасан морьдыг шороо үмхтэл дайрна. Түүнээс өөр хүч гаргах шалтаг ховор. Сүргийн захад толгой унжуулан зогсох хөгшин буурал түүний эрх дураараа явахад ямар ч саадгүй амьтан. Бас адууны богинохон амьдралд их юм үзсэн толгой гэдэг нь илэрхий тул асман морьдыг дарангуйлдгийн адил ширүүн догшин авирлаж хараахан болохгүй мэт ажээ. Гэвч хөгшин зөнөг болсноо мэдэхгүй эрх дархад нь хөндлөнгөөс оролцох юм бол мөн л арьсыг нь хэгз хазаж, эрүүг нь зад өшиглөхөөс буцахгүй. Сүргийг эзэгнэн захирч, удам угсааг залгуулах адууны эр чадал түүний хэнхдэг чээжнээ оволзон буцална. Одоо тэр шөнийн шүүдэрт ногоонд гэдэс цадаж цангаа гараад зөвхөн наран мандахыг ширтэн зогсох ажээ. Гэтэл нэг аальгүй загал байдас гүйн харайж урдуур нь орон биеэ өрөхөд “Зайл” гэж хөхөл дэлээ сэгсрэн илд мэт хурц шүдээ ярсхийлгэн ташаан толгойгий нь хазан алдтал загал тасхийтэл чарлан тангараад гүйн одов. 

Наран ургажээ. Хөгшин буурал зуны шөнийн сэрүүхэнд боловч хөрсөн биеэ наранд таашаан шарж нүд анин зогсоно. Насаараа нар мандахыг үзсэнээс гадна залуу хонгор азаргатай адил алсын уулс тийш давхин одох хүсэлгүй тул нүд нээхийн ч хэрэггүй. Нүд аниастай бол бие илүү амрах шиг болдог нас. 

Хөгшин буурал амьдралдаа мөн ч их юм үзсэн толгой болох нь андашгүй. Түүний зоо нуруу, хэнхдэг чээжинд олон удаагийн догшин тулааны ор сорви үлджээ. Энд тэнд нь цагаан хөдсөөр нөхөөс тавьсан адасга шиг үзэгдэнэ. Сүрэгтээ хосгүй харамч хажиг амьтан явсан юм санж. Гэхдээ зөвхөн зодоон цохионы сорви ч бус унага, сарваануудаа өлөн чононоос хамгаалан тэмцэж олсон нь ч бий. Гэвч түүнийг санах ухаантай амьтан байдаг эсэхийг бүү мэд. Үе мөчний шандас сулран бие хүндэрч өвс ногоо зулгаах шүд ч үгүй болоод ирэхэд гүү байдсууд тоохоо байж, залуу азарга хажиглан сүргийн захад шоовдорлогдон явдаг юм байж. Наранд бие халж судас шөрмөс тэнийхчээ болоход завжаараа ногооны шүүс гоожуулан тургилж нуруугаа нужигнатал хэд сайн суниагаад нүдээ нээж шүүдэрт ногоо үнэрлэн сүргээ тойрон явав. Ингэж газарт шингэсэн шивтэр шиншлэн сүргээ тойрох л ямар ч байсан азарга гэдгээ үзүүлэх ганц арга болжээ. Гэтэл хэдхэн алхтал залуу хонгор газар цавчлан хуухирч, нүдээ гал цог мэт гялалзуулан буйг үзээд азарган байдлаа даруйхан дарж өвс зулгаан зогсов. 

Залуу хүчирхэг явсныг санахад одоо ийм болно гэдэг даанч гутармаар. Хөгшин бууралд гал цахилгаан мэт явсан цаг бий. Уралдаанд түрүүлж, зодоонд ч түрүүлж явсан. Ойр хавийн азарганууд цөм түүнээс сүрддэг сэн. Хөхөл дэлээ газар шүргэтэл намируулан аягын чинээ алаг нүдээ эргэлдүүлэн ган дөрвөн туураараа газрын хөрсийг өм цөм татан унгалдахад хамар амнаас нь гал манасхийх мэт болон байдсууд шээс алдаж, азарганууд хөл чичирдэг сэн. 

Тэрбээр аль дайралдсан адууны сор тарган сайхан гүүнүүдийг булаан хураадаг байв. Түүний хүчийг үзээгүй азарга анхныхаа тулалдаанд ясаа хэмхлүүлэх шахаад дахин зодолдож зүрхэлдэггүй сэн. Соёолон наснаасаа эхлээд хэчнээн олон азаргатай тулалдаж дийлснийг тоолж баршгүй. Дийлэх тусмаа улаан нүдэлчхээд сүргээсээ хулжин нутаг ус алгасан давхидаг байж. Гэвч байгалийн жам ёсоор насанд дарагдаж дотор хэчнээн омог бардам байвч үнэхээр хүчин доройтохын зовлон ирэхэд анхандаа зөвхөн урьдын сүрээр бусдыг хий айлгаж явснаа сүүлдээ тэр ч үгүй болжээ. Цог хийморь доройтов. Эрх хүчин төгөлдөр амьтан аснаа ийм болчихсондоо бухимдан сүргийн захад толгой унжуулан зүүрмэглэх зуур хааяа чин зоригт залуу азарга болон гүү байдсыг гишгэж, ямар нэгэн азгүй азаргыг хэмх хазаж, шороо үмхтэл дайран унагаж зүүдэлнэ. 

Харин энэ өнтэй зуны шим шүүс хөгшин биеийг хатгаснаас ч юм уу эсвэл өнөөх зөнөх гэгч нь ч юм уу, заримдаа гэнэт уур омог хор шар буцлан тийнхүү залуу догшин хэвээрээ яваа нь зүүд биш үнэн юм шиг болно. 

Одоо ч гэсэн залуу хонгороос эрхгүй айн хулмалзаж өвс хэд зулгааснаа үнэхээр нэг юманд хатгуулсан юм шиг зүрх нь гэнэт оволзон уур омог бадрав. Тийнхүү шороо манасхийтэл хамраа дуугарган толгойгоо огцом өргөхөд шингэн боловч хур дэл нь хөх дөл дүрсхийх адил хийсэх нь өглөөний наранд гялсхийв. Өтөлсөн болохоос үхсэн биш гэдэг л энэ. Хөгшин буурал ийнхүү онгод оронгуут энэ сүргийн ганц эзэн аргагүй мөн бөгөөд гүү байдсууд түүнийг үзэн шарваганалдах залуу хонгор азарга ч “аавын чээж”- ээс цаашгүй харагдав. “Ай борвиндоо бааст чи зориг байвал хүрээд ир!” Хөгшин буурал газар доргитол шар шүдээ тачигнуулан хонгор азарганы өөдөөс өрж зогслоо. Цаадах нь эхлээд “Би зүүдлэв үү?” гэсэн шиг тээнэгэлзсэнээ дөрвөн хөлийн доороос нэгэн зэрэг шороо манаран агаарт хөөрөх мэт болоод дайран орж ирэв. Хөгшин буурал цоройж амжсангүй. Тэр нь сайн болж. Хэрэв цоройсон бол өеөдчих байлаа. Залуу хонгор толгой дээр нь мордон мундаан дээрээс нь хэгз хазахад хөгшин буурал тэсэхүйеэ бэрх өвдөж хоолой шахан чарлаад тангарах санаатай эргэтэл бөгсөө даасангүй. Ташаан толгойгоо мөн хэгз татуулж сөгдөх шахаад арай чүү мултран толгойгоо унжуулсаар өглөөний наранд цэлийсэн хээр тал руу яваад өглөө. Хөгшин буурлын үс салхинд хийсэж байсан бөгөөд энэ бол түүний эцсийн тулаан болжээ. С. Эрдэнэ “Нарангарвуу” өгүүллэгийн түүвэр. УБ., 2013. 116-120 талд

  1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
    1. адасга             a) адууны сэрвээний ар тал                                                                 A. 1f2c3b4e5a6d 
    2. хөдөс               b) адууны богино дуугаар янцгаах мэт хүхтнэн дуугарах                    B. 1c2f3b4e5a6d
    3. үүрс-                c) элдсэн нэхий арьсны баахан хуучирсан хэсэг                                 C. 1f2c3b4e5d6a
    4. тангар-            d) адууг дэллэхдээ толгой дээр нь үлдээсэн урт туг үс                       D. 1f2c3e4b5a6d 
    5. мундаан           e) морь мал хойд хоёр хөлөөр зэрэг өшиглөх                                   E. 1f2c3e4b5d6a
    6. хөхөл               f) туранхилан үхсэн үхэр адууны шир, тугал бярууны хатсан арьс

  2. Дараах үйл явдлын аль нь нар ургасны дараа болсон бэ? A. Адууны тарган зоо алт түрхсэн мэт туяа цацруулна. B. Аальгүй загал байдас тасхийтэл чарлан тангараад гүйн одов. C.Буурал азарга шүүдэрт ногоо үнэрлэн сүргээ тойрон явав. D. Гүүнүүд буурал азаргыг даажигнан, хонгор азаргыг өдөж хатгах янзтай. E. Хонгор азарганы хөлийн шандас зангирч газар цавчилна.    

  1. Эхэд дурдсан дараах үйл явдлуудын аль нь буурал азарганд холбогдох вэ? A. Дөрвөн хөлийн шандас зангирахад газар цавчилна. B. Ган дөрвөн туураараа газрын хөрсийг өм цөм татдаг. C.Адууны эр чадал түүний хэнхдэг чээжнээ оволзон буцалдаг. D.Нүд рүү нь унжсан хөхлөө хааяа нэг сэгсрэн зайлуулна. E Дөрвөн хөлийн доороос нэгэн зэрэг шороо манаран агаарт хөөрнө.                                    
  2. Буурал азарга цагаан хөдсөөр нөхөөс тавьсан адасга шиг болсны учир юу вэ?  A. Цог хийморь нь доройтон шоовдорлогдсон учраас B. Хонгор азаргатай олон удаа тулалдсан учраас C. Залуу насандаа олон удаагийн догшин тулаанд оролцсон учраас D. Зөвхөн өөрийгөө хамгаалж бусадтай тэмцдэг байсан учраас E.Сүргээсээ хулжин нутаг ус алгасан давхидаг байсан учраас
  3. “...хоолой шахан чарлаад тангарах санаатай эргэтэл бөгсөө даасангүй” өгүүлбэрийн санаанд тохирох хэлцийг олоорой. A. Санаа байвч сачий хүрэхгүй B.Өөрийн бодол өөртөө зөв  C. Эрийг нас уулыг цас дарна       D. Хал үзэж халуун халуун чулуу долоох  E. Хувиа бодож довоо шарлуулах
  4. “...илд мэт хурц шүдээ ярсхийлгэн...” гэхэд ямар дүрслэх ур маяг ашигласан байна вэ?

A. Ёгтлол                       B. Егөөдөл                   C. Тойруулал  D. Төлөөлөл                  E.Зүйрлэл

  1. Хонгор азарганы ид залуу ааг омогтой байгааг хамгийн оновчтой илэрхийлэх өгүүлбэр аль нь вэ? A. Эрх хүчин төгөлдөр амьтан асан  B.чийглэг агаар хамар сарталзуулан сорох. C.хөхөл дэлээ сэгсрэн ташаан толгойгий нь хазан алдтал. D.Хүч тэнхээ, шим шүлт багтаж ядан. E. .азгүй азаргыг шороо үмхтэл дайран унагаж зүүдэлнэ.
  2. Эхийн сэдэв буюу дэвшүүлсэн асуудлыг олоорой. A. Адуун сүргийн тухай  B.Хөгшин азарганы тухай          C. Залуу азарганы тухай           D.Эцсийн тулааны тухай  E.Байгалийн жам ёсны тухай 
  3. Эхийн гол санааг илэрхийлсэн хэсгийг олоорой.  A. Хээр хоносон энэ нэгэн азарга адуу бол үнэнхүү жаргасан амьтад ажээ. B. Нүд аниастай бол бие илүү амрах шиг болдог нас. C. Үүрийн туяаны өөдөөс ширтэн зогсох хонгор азарганы дүр байдалд “Би энэ сүргийн ганц эзэн” гэх янз илэрхий. D.Хөгшин буурлын үс салхинд хийсэж байсан бөгөөд энэ бол түүний эцсийн тулаан байжээ. E. Аливаа амьтан байгалийн жам ёсоор насанд дарагдаж хүчин доройтохын тавилантай. 
  4. Адууны нас, хүйсийн нэрийг тохирох үйлтэй нь зөв харгалзуулсан хэсгийг олоорой.
    1. Унага, даага                                    a. хааяа эвшээлгэн тургина                 A. 1c2e3b4d5a   
    2. Хязаалан байдас, үрээ                    b. өвс хазлан, суниацгаана                 B. 1e2c3b4d5a
    3. Их насны морьд                              c. өвс ширд ширд зулгаана                 C. 1d2c3b4e5a 
    4. Гүүнүүд                                            d. тангаралдан наадна                        D. 1e2c3d4b5a 
    5. Хөгшин адуу                                    e. энхрийлэн үүрсэнэ                          E. 1c2e3d4a5b

 ХОЁРДУГААР ХЭСЭГ  [30 оноо] 

Санамж:  Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй.

Даалгавруудын хариуг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй.

Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

  1. Дараах эхийн хэсгийг  уншин зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй. Алдаатай 1 үг олбол 0,5 оноо, зөв болгон засвал  0,5 оноо.         [5 оноо]

  Шог хошин, инээдмийн жүжгийг тайзан дээрээс үзхийн хэрэггүй болж дээ. Зүгээр л гудамжнаас, дэлгэц, тайзнаас харж болно. Энэ цагын балай явдал буюу балайрлыг тоочсоноос балайгүй юм юу байна гэдгийг тоолвол дөхүү юм даа. Монголчуудын танхай мунхаг, тэнэг эрх чөлөө жинхэнэ балайрал руу хөтлөж байна. “Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх”-ийг л хүний эрх чөлөө гээд ойлгочихож дээ. 

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
  1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. 0-1 алдвал 5 оноо, 2-4 алдвал 4 оноо, 5-7 алдвал 3 оноо, 8-10 алдвал 2 оноо, 11-13 алдвал 1 оноо, 14-өөс дээш алдвал 0 оноотой болно.      [5 оноо]

 2.3  Та үе тэнгийнхэндээ сургамж өгөх зорилгоор “Надад тохиолдсон нэгэн явдал” сэдвээр эх зохион бичээрэй. Бичихдээ бүтэц, өнгө аяс, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй. Бичгийн соёл оноонд нөлөөлнө гэдгийг анхаарна уу. /Үгийн тоо 200-250/                     [20 оноо]

Хайлт

Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
Тоолол


Холбоо барих: amanbai631102@gmail.com