ERDENET ULAANBAATAR
|
Нэг. Бага нас, өсвөр үе (Үргэлжлэл)
Хожмоо тэр
газруудын дэргэд амьдрах юм гэж тухайн үед зүүдэлсэн ч үгүй. Надад бас
инээдмийн кино, бүр богино хэмжээний драмууд ч байв. Нэг тийм кинон дээр
Францын хувьсгалын үед нэгэн залуу хувьсгалч офицер дурласан бүсгүйнхээ
чинээлэг эцгийг чөлөөлөн явуулсан тухай гарна. Тэр офицер тушаал биелүүлээгүйн
тул гильотин рүү илгээгддэг. Бас нэг өнгөт драма байв. Тэр үед өнгөт фото
гараагүй байсан учир гараар будсан кино байсан байх. "Дурлал ба боол бүсгүй”
хэмээх уг кинонд Эртний Ромын нэгэн баян айлын залуу боол хүүхэнд дурласан
тухай гарна. Гэрлэх боломжгүй учраас тэр хоёр Ромео Жульеттагийн адил амиа
хорлоцгооно.
Тэр үед би бас амьтанд дуртай, дуртай ч гэж бүр хорхойтой байв. Надад туулай,
далайн гахай, ногоон гүрвэл, яст мэлхий, нохой, муур, хурга, хэрэм, зараа
байлаа. Үнэнийг хэлэхэд бараг хувийн амьтны хүрээлэнтэй байсан хэрэг.
1911 онд 14 насандаа би сургуулийнхаа тавдугаар ангид элсэн оров. Бид Латин
хэлийг долоо хоногт зургаан цагаар шахуу үздэг, хагас сайн өдөр хүртэл бүтэн
цагаар хичээллэдэг байлаа. Үүний дүнд бүр тавдугаар ангидаа би Франц хэлний
хоммэ нь Латины хоминэм – ээс, Францын шевал Латины кабаллус – аас гаралтай
болохыг мэддэг болсон юм. Манайд мөн Грек хэл долоо хоногт 7 цаг, үүнээс хоёр
цаг нь хагас сайнд, дээр нь Герман, Орос, Франц хэл, алгебр, геометр,
тригонометр, түүх, газарзүй, урлагийн түүх, дуу, биеийн тамир ордог байв.
Хичээл есөөс гурав хүртэл зургаан цаг үргэлжилдэг, сахилга бат нэн чанга
байлаа.
Сургуулийн захирал, урлаг судлалын магистр, алдарт Нежин лицейн профессор асан
Артур Брок гуайг бид гүнээ хүндэтгэнэ. Захирал бас ахлах ангид бидэнд латин хэл
ордог байлаа. Түүнтэй хамт бид Хораций, Цицероноос уншиж, эх зохиолын олон
хэсгийг цээжээрээ мэддэг болсон. Би одоо ч Цицероны Каталинагийн эсрэг дайрч:
"Quousque tandem abutere, Catilina, patientia nostra?” гэснийг, Хорацийн
харанхуй бүдүүлэг улсыг жигшин "Odi vulgus profanum et horreo!” хэмээсэн
ишлэлүүдийг санаж байна. Бодвол эдгээрийг "ард нийтийн ардчилал” хэмээн дунд
сургуулийн ахлах ангийн хөтөлбөрөөс хасаа байлгүй. Бусад багш нараас гэвэл янз
бүрийн ангиудад Герман, Грек хэл заадаг байсан Эрик Вон Восс их сайн байв.
Манай ангид тэрбээр зөвхөн Грек хэл ордог байсан бөгөөд бид түүнтэй Илиада,
Одиссей болон Платоноос уншдаг байлаа. Восс Лейпцигийн Их Сургуулийн Ph.D. зэрэгтэй,
хэлзүйч багш байсан юм. Түүний докторын зэрэг горилсон бүтээл нь Самгарди
судлалаар байв. Тэрбээр мундаг хэлзүйч, бидэнд хэлзүйн аргаас зааж өгдөг
байлаа. Жишээ нь, уг эхэд буй хэлзүйн хэлбэр бүрийг задлан хийдэг хадмал
орчуулгын аргыг бидэнд зааж өгсөн билээ.
Бас нэг сонирхолтой багш, гарамгай эрдэмтэн бол эртний урлагийн мэргэжилтэн
Оскар Валдхауэр байна. Валдхауэр манай сургуулийн цагийн багш нарын нэг, түүний
жинхэнэ ажил нь Эрмитаж музейн хянагч байв. Тэрбээр Грек, Ромын урлагийн талаар
өргөн мэдлэгтэй, дэлхийн музейнүүдэд хадгалагдаж буй Грек, Ромын урлагийн
холбоот үзмэрүүдээр нэг том хавтас, Грек, Ромдоо болон Ромын эзэнт гүрний
нөлөөнд байсан улсууддаа хадгалагдсаар байгаа бүтээлүүдээр бас нэг том хавтас
эмхэлсэн байдаг сан. Хувьсгалын дараа Зөвлөлтийн нууц цагдаагийнхан тэднийхийг
нэгжиж байгаад уг хавтсуудыг олжээ. Ингээд хавтсуудыг нь авч явсан боловч
буцааж ирүүлээгүй учир багш маань бүх амьдралынхаа хөдөлмөрийг үр дүнгүй
өнгөрлөө хэмээн үзэх болсон аж. Сэтгэлээр унасан тэрбээр архинд орон, түүнээсээ
болж өөд болсон билээ. Хувьсгалын дараа миний өмнө дурдсан Брок захирал
Герцений нэрэмжит Ленинградын Багшийн Дээд Сургуульд Германы утга зохиолын багш
болсон. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр тэрбээр баривчлагдан Казахстанд
цөлөгдөж, удалгүй тэндээ нас барсан билээ. 1927 онд Брок захирал эхнэртэйгээ
гарах виза авч Латвид хүү дээрээ очиж байжээ. Тэгээд тэндээ үлдэлгүй, арван
жилийн дараа Орост өөрийг нь юу хүлээж буйг үл мэдэн, Ленинграддаа буцсаныг
хувь заяаны нэгэн шоглоом гэлтэй.
Брок, Вон Восс, Валдхауэр нар гарамгай багш нар байсан ч сургуулийн зарим багш
тийм биш байв. Математикчид жишээ нь юу ч тайлбарлаж өгдөггүй байлаа. Тэд
зүгээр л шилдэг сурагчий самбарт гаргаж теором бодуулах бөгөөд үлдсэн хүүхдүүд
яаж бодоод байгаагий нь ч ойлгохгүй харан суудаг сан. Үүнээс болж манай ангийн
ихэнх хүүхэд математиктаа муу болсон юм. Би ч бас тэдний нэг байсан тул ээж
надад гэрийн багш хөлсөлж өгөв. Андрей Иванович Гершун манай сургуулийг төгсөөд
тухайн үед Петрбург дахь Институт Путей Сообщения (Харилцаа холбооны дээд
сургууль)-д оюутан байв. Тэр сайн хүн, гарамгай математикч байсан бөгөөд надад
бүхнийг тайлбарлаж өгдөг байв. Уг нь манай багш нар анхнаас нь л бидэнд тэгж
заах байсан юм.
1911-1912 оны өвөл надад хүндхэн тусав. Энэ өвлийн ихэнхийг би өвдөж
өнгөрөөлөө. Эхлээд улаан бурхан, дараа нь хэд хэдэн хүнд ханиад тусч, олон
хичээл алгассан учир гүйцэж чадалгүй улиран сурах болсон билээ. Өвлийн зарим
өдрийг би Финляндад, Вийпури (шведээр Виборг) – гээс галт тэргээр нэг цагийн
газар, Вуокси голын хөвөөнд орших Антреа хэмээх жижиг хотод өнгөрөөв. Антреа
хотыг дэлхийн 2-р дайны үед эзэлж авсан тул одоо Зөвлөлт Холбоот Улсын нэг
хэсэг болсон. Тэнд би маш сайн эдгэж ирэх жил нь дахин тавдугаар ангид сурав.
Гэрийн багштай математикаа үргэлжлүүлснээс гадна Грек, Латинаар ч давтлага авч
байлаа. Шинэ ангийнхан маань хуучин ангийнхнаас хавьгүй сонирхолтой, эвтэйхэн
хүүхдүүд байсан тул тавдугаар ангид улиран сурсан маань харин ч таатай юм
болов. Би тэр ангидаа олон найзтай болж, 1916 онд хамтдаа төгсөцгөөсөн билээ.
Найз нараасаа хамгийн дотно, цөөхөн хэдийг л дурдъя. Виктор вон Стриедтер
Новгород орчмын язгууртнуудын толгойлогчийн хүү байв. Викторын эцэг Эзэн хааны
шүүхийн хэргийг эрхлэх албанд өндөр тушаалтай хүн байлаа. Сергей Липский гэж
Орос хүү, манай ангийн шилдэг сурагч, бас их эелдэг хүүхэд байсан юм. Гурав
дахь найз маань Сергей Прокофьев, нэрт зураачийн хүү бөгөөд сүүлд Самоед хэл
болон хүн судлалаар гарамгай эрдэмтэн болсон билээ. Бас нэг сайн найз Дмитрий
Венцель маань сүүлд Их Бууны Академид математикийн профессор болсон. Би эдгээр
найз нарындаа байнга очдог, тэд ч манайхаар их ирдэг байв. Бид түүх, гүн ухаан,
шашны янз бүрийн асуудлыг цуглан хэлэлцдэг клуб маягийн юм байгуулж, түүндээ
хамгийн дуртай багш нараа урин оролцуулж, чихэр, боов бүхий хүлээн авалтаар
дуусгадаг болсон билээ.
Зургаан сарын нэгнээс есөн сарын нэгэн хүртэл үргэлжилдэг зуны амралтаар манайх
эхлээд Антреа руу явдаг байсан бол 1911 оноос хойш Финляндын зүүнтээ орших
Симпеле нуурын (зураг 10) дэргэдэх Париккала хэмээх сайхан хотод очих болсон
юм. Хотын төмөр замын буудал одоо Лаппээнранта, Савонлинна хоёрын хоорондох
шугамд бий. Манайх ээжийн эхлээд хөлсөлж байгаад дараа нь худалдан авсан
зуслангийн байшинд (зураг 11) байдаг байв. 1976 онд би Финляндад аялахдаа тэр
хавиар явж, хувьсгалын дараа Финнийн консулаар дамжуулан Финлянд дахь найздаа
зарсан хуучин байшингаа харж билээ. Финлянд дахь зуны амралтууд маань надад маш
гүнзгий нөлөөлж байв. Учир нь миний гадаад ертөнцийг үзэх үзэл тодорхой
хэмжээгээр энд л бүрэлдсэн юм. Фин хэлээр би чөлөөтэй ярьдаг байсан тул хүмүүс
намайг Фин хүүхэд, тэр ч байтугай Фин найзуудын маань төрөл гэж боддог байлаа.
Тэд миний болон найзуудын маань ярианаас дуудлагын ямар ч ялгаа олдоггүй байв.
Париккалад байхаасаа би Финлянд улс болон Финнчүүдэд хайртай болж эхэлсэн
бөгөөд одоо ч тэр сайхан нутаг, хүмүүсийн талаар өндөр сэтгэгдэлтэй явдаг.
Финляндын Париккала хот бүхий хэсгийг Өмнөд Карели гэх бөгөөд эртнээс хүн аж
төрдөггүй байжээ. 1813 оноос өмнө Париккалаг Койцанлахти гэдэг байсан бол бүр
тэрнээс өмнө Жоукио гэдэг нэртэй байжээ. Новгородын үеийн Оросын хууны
дурсгалууд, тодорхой хэлбэл 14-р зууны баримтанд Жоукиог "Эвгия” хэмээн
тэмдэглэсэн байдаг нь "Ёвгия”-гийн сунжирсан хэлбэр. Жоукио хэмээх тосгон одоо
ч гэсэн Финлянд, ЗХУ-ын хилийн зааг дээр оршсоор байна.
Дэлхийн 1-р дайны өмнөх жилүүдэд Финляндын хөдөө нутаг хуучнаа хадгалсан
хэвээр, Париккалад эртний ёс заншил, мухар сүсэг байсаар байсан бөлгөө.
Тухайлбал, нэгэн хуучин сүм шатаж үгүй болоход, хүмүүс тэр сүмд ирж гаднах
ханыг нь тоншдог байсан тоншуулууд аюул ирэхийг урьдчилан хэлсээр байж хэмээн
итгэцгээсэн юм. Яг үнэндээ бол сүмийн мод ялзарч, дүнзэнд нь хорхой шавьж их
байх болсон нь тоншуул ирэх шалтгаан болсон хэрэг. Саунад хүйс харгалзахгүй,
бүгд хамтдаа орох ба саунаас гэр лүүгээ, эсвэл цэв хүйтэн усанд шумбахаар нуур
луу чармай нүцгэн гүйлдэх эр эм хүмүүс байнга харагдана.
Карелийн бусад хэсгээс ардын дуучид үргэлж ирнэ. Нэг өдөр манайд хоёр эрэгтэй
хүн ирэв. Тэд Орост хэлэлцдэг дорнод Карелийн аялгаар ярьж байсан бөгөөд нэг нь
кантэлэ хэмээх ардын утсан хөгжимтэй байлаа. Тэр хоёр урт вандан дээр бие бие
рүүгээ харж, мордон суугаад дуулж гарав. Финнийн үндэсний тууль, Калевала –
гаас дуулсан тэр хэсэгт туулийн гол баатар Вайнамойнен хэрхэн завь барьсан
тухай өгүүлдэг. Тэдний тоглолт надад гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. Тэгээд тэр
хоёрыг явсны дараа ээжээсээ Калевала авч өгөөч хэмээн гуйлаа. Ээжийн олж өгсөн
Калевала-г би амтархан уншиж дуусгасан. Ямар ч сонирхолтой мөрдөн байцаагчийн
зохиол, ковбойн адал явдал миний анхаарлыг тэгж татаж байсангүй. Карелийн тэр
хоёр ардын дуучны айлчлал миний амьдралд эргэлт хийсэн байж ч мэднэ, учир юун
хэмээвээс түүнээс хойш миний сонирхол Финнчүүд болон Фин-Угрын бусад ард түмний
түүх рүү шилжсэн юм. Би Ерео-Коскинений Финляндын түүх , түүний дараа Кастрений
Сибирь дэх аялалын тэмдэглэл, Алтай үндэстнүүдийн этнологийн лекцүүдийг уншив .
Би Финн болон Кастрений хэлний хувьд Финнтэй холбоотой гэж үзсэн Монгол, Түрэг
зэрэг ард түмний хэл, аман зохиолыг судлахаар шийдлээ.
Финлянд маш цэвэрхэн улс байсан бол Орос бохир агаад тосгод нь эмх замбараагүй
байлаа. Финнийн зам үнэн сайн байхад Оросын зам гэж ердөө шороо шавар, хавар
намарт түүгээр явах нь там болно. Финляндад утас, цахилгаан холбоо хаа сайгүй,
бараа сайтай дэлгүүр ч элбэг, pitaja буюу дүүрэг бүрт эмч, эмийн сан байна.
Оросын тухайд гэвэл энэ бүхэн огт шинэ юм агаад эмчид үзүүлэхийн тулд тосгоноос
ойролцоох хот ортол заримдаа бүр дал наян километр газрыг айхтар муу замаар
туулдаг байв. Финнчүүд хөдөлмөрч, шударга хүмүүс байсан бол Оросууд ерөнхийдөө
тийм байсангүй. Орост хүмүүс ажил хийж эхлэхдээ хүрзээ тулан зогсоод тухайн
ажлыг хэрхэн хийвэл зохистой болох талаар удаан хэлэлцэцгээнэ. Үүнээс гадна
Орост хулгай их байв. Эд зүйлсээ ганц мөч ч эзэнгүй орхиж болохгүй. Дэлгүүрт
ороод цүнхээ доош нь тавихад зөрөн гарч байгаа хүн аваад л гарах жишээтэй.
Финляндад би дугуйтай байсан бөгөөд дугуйгаараа ойн захад ирж, мод түшүүлэн
тавиад хоёр гурван цаг мөөг, жимс түүчхээд гарч ирэхэд яг л байсан байрандаа
байж байна. Орост энэ бол ямар ч боломжгүй зүйл. Финляндад бид тосгоноос гарч
ой, талбайгаар зугаалахдаа үүдээ ер түгждэггүй. Хаалга, цонх үргэлж онгорхой
байдаг байлаа. Жинхэнэ мөнгөн хутга сэрээ болон бусад үнэт зүйлс гал тогооны
ширээн дээр байж л байдаг, хэн ч орж хулгай хийдэггүй байв.
Гэвч Финляндад юм бүхэн бас сайн сайхан байсангүй. Тийм сайхан байгальтай, тийм
цэвэрхэн газар атлаа сүрьеэ ихэд газар авсан байв. Үүний нэг шалтгаан нь
сүрьеэтэй үнээний ариутгаагүй сүү байлаа. Бас нэгэн шалтгаан нь тосгоны айлууд
дахь цэвэр бус байдал юм. Байрныхаа давхар цонхыг битүүмжилсэн байдаг нь
тамхины утаа болон бусад элдэв үнэрээр дүүрэн доторх агаарыг тэнд нь барьж
агаарын солилцоо үл оруулна. Нэлээд хэдэн залуу сүрьеэгээр өөд болсныг би санаж
байна. Ерео Лойкканены ах Эмил болон эмэгтэй дүү Хелми хоёр нь хоёул сүрьеэгээр
өнгөрсөн. Бас Пекка Канахента гэж эрүүл, чийрэг хүү сүрьеэ тусаад жил ч
хүрэлгүй өөд болж байв.
Париккалад би өөрийн үеийнхнээс гадна том хүмүүстэй ч танил байв. Хелениус
гуайн хөрөө раманд инженер хийдэг Мөлтси гэдэг хүнийг би санаж байна. Мөлтси
социал-демократ хүн байсан тул түүний нөлөөгөөр би социал-демократуудын зарим
санааг дэмжих болсон бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх нь зөв хэмээн боддог болсон
юм. Мөлтси хожим Финляндад болсон иргэний дайны үед Улааны талд орсон байх
бүрэн магадтай, тэндээ ч бараг дууссан биз ээ. Би олон Финн найзтай байснаас
хамгийн сайн анд маань сая дурдсан Ерео (Англиар Жорж) Лойкканен байлаа.
Тэрбээр өрлөгчний хүү, насаар бол надаас арай дүү, ухаантай, сайн хүүхэд байв.
Би тэгэхэд завины мотор авчихсан байсан тул бид хоёр Симпеле нуурын нэг эргээс
нөгөөг хүртэл үргэлж моторт завиар явдаг сан. Ерео надад Финнийн амьдралын
талаар ихийг зааж өгдөг байв. Би бас олон фермчин таньдаг, тэдний гэрээр
олонтоо очиж, амьдралынх нь хэв маягийг сайтар мэддэг болсон юм.
Финн найзуудаасаа би Оросын эзэрхийллийн эсрэг хөдөлгөөний тухай мэдсэн. Бүр
өмнө, 1909-1910 онд манайх Антреад зусдаг байх үеийн нэг явдлыг би тов тод
санаж байна. Нэг өдөр бид ойд зугаалж явав. Би бусдаасаа нэлээд түрүүлж яваад
бүлэг хүн тойрч суугаад нухацтайхан ярилцаж байхыг харсан юм. Тэд намайг
харуутаа тал тал тийшээ тарж, мод бутны ард орон алга болцгоов. Хэсүүлчид гэхэд
тун эвтэйхэн хувцасласан улс байсан тул би ямар нэг хувьсгалч үйл ажиллагаа
явуулж буй ажилчид юм уу, сэхээтнүүд байна гэж би таамагласан. Би бас
Париккалаас холгүй нэгэн газар Финнчүүд Оросын эсрэг бослого гарвал хэрэглэхээр
зэвсэг нуусныг мэдэж байлаа. Тэр зэвсгийн агуулах Вийпури, Элисэнваараа хоёрын
дундах Ояаяарви гэдэг өртөөний хажууханд, ойд байсан бөгөөд хожим тэр хавийн
нутгийг 1939-40 оны дайны үеэр Зөвлөлт Холбоот Улс Финляндаас авчихсан билээ.
Сонирхолтой нь Оросууд тэр агуулахыг ер олоогүй, бодвол сүүлд, 1917-18 онд
Финнүүд Улаантны эсрэг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхдээ хэрэглэсэн буй заа.
Париккала тосгоны зарим оршин суугчид хожмоо Оросын эсрэг, эрх чөлөөний нэрт
тэмцэгчид болсон байдаг. Тэдний нэг Ереө Фагерлунд тосгоноос холгүйхэн томоо
фермтэй, мундаг анчин, мэргэн бууч байсан байв. Олон жилийн хойно би түүний
тухай өгүүллийг Финляндын нэвтэрхий толиноос уншсан бөгөөд зургийг нь
харангуутаа л таньсан билээ.
Париккала зүнээр нэг байгалийн үзэсгэлэнт газар төдийгүй бас соёлын чухал төв
байсан юм. Тэнд Орост бол хаана ч байхгүй, хүйс харгалзалгүй хамт сурдаг
сургууль байснаас гадна том том хөгжимчид, зураачид их ирдэг байв. Хөгжимчид л
гэхэд, жишээ нь, нэрт хөгжмийн зохиолч Оскар Мериканто (1868-1925), Тойво
Тимотеус Куула (1883-1918), Пуулагийн эхнэр, дуучин Алма Силвэнтойнен
(1884-1944) нар байнга ирнэ. Ээж тэдний ихэнхийг таньдаг, нэгнийхээрээ орж
гарцгаадаг байлаа. Куопио Лицейн захирал, Финнийн нэрт хэл зохиол судлаач Онни
Ханникайнен манай тосгоноос холгүй зусна. Алдарт зохиолч Минна Кантын хүү
Париккалад сайхан байшинд амьдардаг, тэдний ферм манайхаас гурван километрийн
газар байдаг байв. Энэ бүхний дүнд зуны амралт маань миний хувьд сайхан амралт
төдийгүй Финн улс, ард түмэн, соёлтой танилцах сайхан боломж болж өгсөн юм.
Тэгэхэд би дөнгөж өсвөр насны хүүхэд байсан хирнээ Юхани Ахо, Алексис Киви,
Франз Ээмил Силланпаа, Минна Кант болон бусад зохиолчдыг хэдүйн уншчихсан , Финнийн
утга зохиолын талаар мэдлэг сайтай болсон байлаа.
1914 оны зургаан сард Австрийн хунтайж Франц Фердинандыг Сараевод хөнөөсний
дараахнаас Петрбургийн бүх сонин хэвлэл болзошгүй дайны талаар аюулт мэдээ
бичиж байсан боловч Дэлхийн 1-р дайн дэгдэх хүртэл манай гэр бүл тайван хэвээр
байлаа. Би сургуулиа төгсч, манайх Париккалаа явдгаараа явж, жирийн л нэг зун
эхлэх шиг болсон юм. Гэвч тэр зун жирийн ч бус, жаргалтай ч бус зун болох нь
тун удалгүй мэдэгдэв. Үнэндээ яг тэр явдлаар миний бүх насанд тохиосон цорын
ганц аз жаргал дүүрэн үе маань дуусгавар болсон юм даа.
Найман сарын нэгэнд дайн эхлэхэд Финнчүүд урам зориг дүүрэн байлаа.
Элисэнваарагийн өртөөн дээр Финн цагдаа нар зорчигчдод Оросууд одоо л нэг
ялагдах цаг нь ирлээ хэмээн ил задгай зарлаж байв. (тэр үед Финоянд Оросын
хяналтад байсан. Орч. ) Финнчүүд бүгд үүнд итгэж, баярлаж байлаа. Миний өмнө
дурдсан, чинээлэг боловсролтой сэхээтэн Ереө Фагерлунд ч бас тийн бодож баярлаж
байснаа сүүлд илэрхийлснээс харахад Финляндын сэхээтнүүд ч ерөнхийдөө мөн тийм
бодолтой байсан ажгуу.
Дайны эхнээс л Орос хүнд хохирол амсч эхэлсэн бөгөөд энэ нь манайхны хөгжлийн
хоцрогдол болон бэлтгэлгүй байдлаас болж байв. Армийн удирдлага хийгээд энгийн
иргэд ч дайныг ердөө гурав дөрвөн сараас хэтрэхгүй гэж үзэж байлаа. Харин манай
нагац ах, хуульч Василий огт өөр бодолтой байв. Тэрбээр дайныг долоон жил
үргэлжилнэ гэж үзэж байлаа. Түүний таамаглал яг үнэн болж, дэлхийн дайн болон
залган гарсан иргэний дайн нийлээд яг долоон жил үргэлжилж билээ. Харамсалтай
нь, Оросын зэвсэг болон сум ердөө хэдхэн сарын нөөцтэй байв. Дайн удаан
үргэлжлэх нь тодорхой болж, Орос Холбоотны хүчгүйгээр Герман болон бусад Төвийн
Хүчнийг дийлэхгүйгээ ойлголоо. Балтийн тэнгисийг Германы усан онгоцууд эзэгнэж
байсан тул Америк, Британийн тусламж Орост хүрч чадахгүй байв. Төвийн Хүчний
нэг нь болох Турк Дарданнелийг хаасан тул Хар тэнгис ч тус болдоггүй. Баруунтай
холбогдох боломж гэвэл ердөө Цагаан тэнгис болон хойт талаас Хойт мөсөн далай л
болж байв. Гэтэл мөсгүй ганцхан боомт болох Мурманскаас төв рүү холбогдох төмөр
зам байдаггүй. Тиймээс Оросууд Петроград (Санкт Петрбургийг тийн нэрлэх болоод
байв) Вологда хоёрыг холбосон гол шугамаас салаалуулан Мурманскийн төмөр замыг
барьж эхлэв.
Финнчүүд цэрэгт татагддаггүй байв. Хуучин тэд өөрийн армитай байсныг 1900 онд
Оросууд татан буулгаж, цэрэгт дайчлагдаагүйн тусгай татвар оногдуулсан юм.
Үүнээс гадна, Финнчүүд Оросын бусад олон бага үндэстэн, ялангуяа Киргиз, Казах,
Узбекүүдийн нэгэн адил дайны үед ар талын хүнд хүчир ажлыг гүйцэтгэдэг байв.
Жишээ нь, Мурманскийн төмөр замын ажилд дайчлагдаж, намаг, нуур, гол гатлан
тавина. Олон ажилчин бүтэн өдрийн турш өвдөгцөө, заримдаа бүр цээжээр татам цэв
хүйтэн усанд зогсолгүй ажилладаг байв. Дайчилгааны ажлаас буцаж ирсэн Финнчүүд
ялангуяа Узбек, Казах, Киргиз, Буриад болон Сибирийн өөр бусад үндэстэн
хүмүүсийн дунд үхлийн тоо үлэмж их, дор хаяж 100,000 хүн Арктикийн намагт ясаа
тавьсан тухай надад ярьж өгсөн юм. Энэ бол Дундад Ази болон Казахстанд гарсан
1916 оны бослогын гол шалтгаан байсан бөгөөд Оросын хэвлэлд энэ талаар огт
дурдалгүйгээр Хаант засгийн газар балмадаар нухчин дарсан байна. Хойт Оросын
намагт үхсэн 100,000 дээр нэмэхэд, Хаант засгийн залхаан цээрлүүлэх ангийнхан
Туркестанд 250,000 түргийг цааш харуулсан билээ. 1500 километр урт төмөр зам дорхноо
баригдаж, 1915 оны сүүлч, 1916 оны эх гэхэд ажиллаж эхлэн, Их Британиас усан
онгоцоор ирсэн нэн чухал ханган нийлүүлэлтийг зөөх болов.
Оросын эсрэг хөдөлгөөн Финляндад их хүчтэй байв. Ажилчид, фермчид, сэхээтнүүд
болон бизнессменүүд эх орноо Оросын эзэрхийллээс чөлөөлөхөөр нэгдээд байлаа.
Гэтэл дайн эхэлсний дараахнаас Финляндын залуус "алга болж” эхлэв. Манай
хөршийн нэг хүү гэртээ үзэгдэхээ байж, дараа нь тосгоноос нэг залуу алга болсны
дараа бид тэднийг хил гаран, Швед, Даниар явж, Германд хүрээд Оросын эсрэг
байлдахын тулд Германы армид элсэх болсныг мэдсэн юм. Тун удалгүй Финляндын
дивиз бий болов. Яг энэ үеэр ирээдүйн тусгаар тогтносон Польшийн удирдагч
Пилсудски Германы армийн дор Оросын эсрэг тулалдах Польшийн хороог бүрдүүлж
байжээ.
Фронтын байдлын тухайд гэвэл, 1916 оны зун гэхэд Германы арми Оросын Польшийг
бүгдийг, Рига хотыг оролцуулаад Балтийн томоохон хэсгийг эзлээд байв. Германы
энэ амархан гэмээр ялалтуудын өнгөн дээр Цагаан хаан Польшид тусгаар тогтнол
олгосон нь утгагүй явдал болсон юм. Думын хуралдаан дээр социал демократ
Чхейдзе Эзэн хааны энэ сүрхий нинжин сэтгэлийг "хоолны дараах гич” (борооны
дараах цув гэсэн үг. Орч.) хэмээн хэлж байсныг санаж байна. Орос дайнд ялагдаж
буй нь тодорхой байв. Холбоотнууд Мурманскт зэр зэвсэг болон бусад зүйлсийг
нийлүүлж байсан хэдий ч эд бараа хомсдож, 1916 оны дунд үе гэхэд том хотуудад
хүртэл талхны дараалал бий болов. Уг нь, Орост хүнс хангалттай, ялангуяа Ижил,
Кубань, Өрнөд Сибирийн орчмоор элбэг байсан боловч төмөр зам зохион байгуулалт
муутай, тэрэг нь цөөдөж байсан юм. Үүнтэй холбоотой баримт дурдахад Румын хүрэх
шугам ганцхан замтай байсан тул хангамж хүргэсэн галт тэрэгний барааг буулгаад
дараачийнхыг нь хүлээн авахын тулд тэрэгнүүдээ замаас гарган унагадаг байжээ.
Сүүлдээ Румыны энд тэнд галт тэрэгний том том хаягдлын газар бий болсон билээ.
Фронтод бүх юм гачигдалтай, хоёр цэрэг дундаа нэг винтовтой байсныг бид мэддэг
байлаа. Цэргүүдэд давших тушаал өгөхөд хагас нь давшилгүй ард үлдэж, бусдыгаа
буугаа орхин унах хүртэл харж хэвтдэг байсан гэдэг. Дараа нь "Урагшаа, винтов
цуглуулаад!” гэх тушаалаар үлдэгсэд ухасхийн гарч, унасан винтовыг аваад
давшилтад буй бусад нөхөдтэйгөө нийлдэг байжээ. Гачигдлын улмаас амиа алдагсдыг
тоолж барамгүй, олон ялагдал мөн л түүнээс болсон. Ялагдлын бас нэгэн шалтгаан
нь удирдлага дахь генералуудын мулгуу бодлого байв. Дайн дөнгөж эхлээд, Германы
армийг Парист хүрч байхад Оросууд Генерал Самсоновын удирдлага дор нэг арми,
Генерал Ренненкампфын удирдлага дор бас нэгэн армийг Дорнод Прусст илгээжээ.
Хоёр арми хоёул тэндээ, Танненбергийн тулаанд бут цохиулсан бөгөөд нэмэгдэл
томоохон хохирол гэвэл Ренненкампфын армид Хамгаалалтын шилдэг хороо багтаж
байсан явдал юм. Хүнд цохилтуудад өртөөд байсан хэдий ч 1916 онд засгийн газар
бүх юм сайн байгаа хэмээн худал зарласаар байв. Тэр жилийн зун Петроградын нэг
сонин дээр "Оросын Бурхан Агуу” гэсэн гарчгийн дор Рига-ын буланд Германы
флотыг бут ниргэсэн тухай урт өгүүлэл хэвлэгдсэн юм. Олон жилийн хойно, 1973
онд намайг Германд зочлоход, алдарт Хитлер ба Сталины эсрэг номыг бичсэн, миний
найз Вилфред Стрик-Стрикфелдт мөнөөх сониноос нэг хувийг хадгалснаа надад
үзүүлж билээ. Тэрбээр тухайн үед Рига-ын ойролцоо амьдарч байсан бөгөөд тийм
байлдаан болоо ч үгүй, ер нь Германы флот Ригын буланд орж ирээ ч үгүй гэдгийг
надад хуучилсан юм. Үнэн болсон явдал гэвэл, булангаас зайдуухан Германы нэгэн
мина устгагч онгоц гарч ирсэнд эргийн батальоноос гал нээсэн бөгөөд тэр онгоц
төдөлгүй холдон одсон байна. Стрик-Стрикфелдт үнэн явдлыг надад хүүрнэхдээ
гунигтай байсан бөгөөд учир нь тэгэхэд болсон бүх явдал Оросын тогтолцооны
гажиг, хоцрогдлын үр дүн байсанд билээ.
Дайны талаарх иймэрхүү сурталчилгаа нь үнэн хэрэгтээ гэмт хэргийн чанартай
байв. Учир нь дайны бүр эхнээс л урам зоригтой байсан залуус бүр ч эрэмсэж,
сайн дураар цэрэгт явж байлаа. Манай ангид байсан Николай Шмидт гэдэг хүүхдийг
би санаж байна. Герман нэртэй боловч тэр жинхэнэ Орос, бүр Германыг үзэн яддаг
хүү байсан юм. Засгийн газрын гэмт хэргийн шинжтэй сурталчилгаанд хууртан,
Германыг хялбархан, хурдхан ялчихна хэмээн бодож явсан олон залуугийн нэг нь
тэр билээ. Сургуулиа төгсөхөөс нь өмнө дайн дуусчих вий хэмээн эмээсэндээ мань
эр сургуулиа хаяж, цэрэгт мордсон юм. Сүүлд сонсохуй, хөөрхий Шмидт Германы
эсрэг олон жил байлдсан ба хожим иргэний дайны үеэр алагдсан гэнэ лээ. Өөр нэг
жишээ бол манай захирал Брокийн хүү байна. Тэрбээр мөн л цэрэгт сайн дураараа
мордсон бөгөөд ердөө гуравхан сар хүрэхтэй үгүйтэй бэлтгэгдээд л шууд фронтод
илгээгджээ. Тэрбээр явган цэргийн галт тэрэгнээс буунгуутаа тэнэсэн суманд
өртөж амиа алдсан юм. Цэргийн дарга нар галт тэргийг Германы шугаманд тийм
ойрхон аваачиж болохгүй байв. Эцэст нь нэгэн сайхан залуугийн амь Оросын армийн
удирдлагын мэдлэггүйгээс болж талаар өнгөрсөн хэрэг.
Гай зовлон зөвхөн армийн залуу сайн дурынханд төдийгүй жирийн иргэдэд ч хүндээр
туссан юм. Орост Герман гаралтай хүмүүс олон байлаа. Тэдний зарим нь Германы
харьяат боловч ихэнх нь Оросын иргэд, заримынх нь бүр эцэг өвгөд нь ч Оросын
харьяат байв. Париккалад Герман гаралтай нэгэн талхчных байлаа. Эхнэртэйгээ хоёул
Финляндад төрж, өссөн, германаар ярьж ч чаддаггүй улс байсан юм. Гэвч тэдэнд
Финляндын иргэн гэдгээ батлах бичиг баримт байгаагүй тул Оросын албаныхан
баривчилж, Сибирьт цөлж билээ. Миний авга ахын бэлэвсэн гэргий Александра Бөтз,
Александра, Лидя гэдэг хоёр охинтойгоо Ижил мөрний зүг цөлөгдсөн. Цөллөгт
байхдаа авга эгч маань эмнэлэг ч үгүй, эмч ч үгүй тосгонд хөхний хорт хавдар
тусан өөд болсон бол дараахан нь Лидя охин нь бас нас барсан юм. Хувьсгалын
дараа Александра охин нь Ленинградад буцаж ирээд суралцан багш болсон бөгөөд
1933 онд сүрьеэгээр нас барсан.
Энэ бүх хүмүүс Оросын харьяат боловч ердөө Герман нэртэйнхээ хувьд цөлөгдсөн
гэж бодохоор итгэмгүй. Миний нэг авга эгч Мауд Бөтзийн дүү нь Москвад эмээлийн
үйлдвэртэй байв. Хэдийгээр тэр Герман хүн биш байсан боловч Германы эсрэг
хөдөлгөөний үеэр үйлдвэрийг нь нурааж орхисон юм. Үүнээс хойш тэрбээр дахин
үйлдвэрлэл явуулж чадаагүй, үүнд хамгийн шог юм нь мань эр уг нь Оросын морин
цэргийн эмээлийн ихэнхийг хийдэг байсан билээ.
Дайнаас болж засгийн газрын хардлага сэрдлэг нэмэгдэж, нууц цагдаагийн тоо эрс
нэмэгдэв. Миний үеэл Александер Бөтз Архангельскт амьдардаг байлаа. Александер
нэг өдөр найзтайгаа гудамжаар зугаалан, амьд цоглог яриа өрнүүлж, чанга
инээлдэн яваад баригдсан байна. Цагдаа Герман сүүлийн байлдаанд ялсан учраас
инээлдэв хэмээн тэднийг Сибирьт цөлсөн бөгөөд дайн дуустал тэд эргэн ирж
чадаагүй. Александерийн охинтой би 1970-аад онд Штуттгартад дахин уулзсан агаад
тэгэхэд охин нь аав ээжийнхээ туулсан зовлонгийн талаар надад дэлгэрэнгүй ярьж
өгсөн билээ. Миний нагац ах Василий Credit Lyonnais Bank болон бусад фирмийн
хуульч хүн байлаа. Дайны үеэр тэр фирмүүдийн нэг нь Шведээс голын ёроол
цэвэрлэх том машин захитал Шведийн тал удаасаар байжээ. Тийм машиныг Орост
хийдэггүй, маш ховор, гэтэл суваг цэвэрлэх машин Мурманскийн төмөр замыг
барихад яаралтай хэрэгтэй байв. Нагацын сэтгэл зовон Швед рүү "Дреж (голын
ёроол цэвэрлэх машин) хэзээ ирэх вэ?” гэсэн цахилгаан илгээжээ. Мань эр тэр
дороо л баригдаж хэзээ ч хийгээгүй хэргээ таслуулахаар шоронд олон сар суух
болов. Мөрдөн байцаалтын явцад нууц цагдаагийнхан нагац ппппахыг "дреж” хэмээх
Германы тагнуулыг хүлээн авахаар зэхэж байсан хэмээн сэжиглэсэн нь тодорхой
болжээ. Нагац маань шоронгоос суллагдсан ба түүнээс хойш гаднаас машин техник оруулдаг
компаниудтай дахин ажиллаагүй юм. Энэ бүхэн зөвхөн манай гэр бүл, миний ойр
орчныхонд л тохиолдсон зүйлс. Оросын засаг ийнхүү харалган бодлого явуулж,
дайны хүнд үед өөрийнхнийгөө хүртэл хохироож байсан нь ичгүүртэй. Заримыг нь
бүр хүн төрөлтний эсрэг гэмт хэрэг гэлтэй.
Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, Герман гаралтай олон Орос иргэн Эзэн хаанд үнэнч
байж, фронтод бусдын адил тулалдаж явсныг хэ
|
Яг одоо
Хаанаас, хэд
Цаг тооны бичиг
|