Monday, 2024-10-14, 8:33 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 622
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хувилбар 27

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ [20 оноо]    Санамж:  Эхийг анхааралтай уншиж, ойлгоорой. Асуулт даалгавар бүрийг анхааралтай, дуустал уншиж гүйцэтгээрэй. Сонгож авсан үг, өгүүлбэрийг эхийн утга санаатай холбож ажиглаарай. Сонгох даалгавраас зөвхөн нэгийг сонгож дугуйлаарай. Даалгавар бүр 2 оноотой.                        Хувилбар C

Саахалтын нууранд ангир дуугарна

Зуны салхи морин дэл дээр явдаг юм уу, явган явахад жигтэйхэн бүгчим бөгөөд аргал түүж яваа Цэнзэнгаад бүр ч бүгчим халуун байлаа. Царай нь улаа бутран, юм бүхнийг хайрлан ширтэх номхон бор нүд нь бодлогошрон явах ажээ. Гэрт байх түүнд нэг л уйтгартай мэт санагдан сав л хийвэл аргалд яваад өгнө. Тэгэх тусмаа аав ээж хоёрыгоо сумын төв явчихсанаас хойш бүр ч гэрт тогтохыг больжээ. Хонь малын бэлчээрт аргалын илчтэйг эрж, эцэг эхийн энэрлээс тэс ондоон хайр энхрийллийг хүсэн, алсын бараа харж явах түүнд сайхан санагдана.

Цэнзэнгаа сувай хониныхоо цаана гарсан хойно сая арагтай аргалаа түшин, толгой боосон цэнхэр алчуураар хөлсөө сэвэн, гэрийнхээ баруун хойтох бутат ухаагийн сэрвээнд хээр хоносон сар шиг харагдаж байгаа ганц бүгээн адуу сажилсаар саахалтын нуурт орохыг ажиж суулаа. Ганц адуунаас үргэв үү яав, нуурын хөвөөнөөс хоёр шаргал ангир нисэж нөгөө эрэгт нь буув. Магад тэнд ус үзээгүй, унаган далавч нь ургаагүй үр нь байж мэднэ. Үзэх юмсан. Алинтай нь адилхан байгаа бол хэмээн бодож суутал нь гэнэт салхи сэвэлзэн, олон морьтон хажуугаар нь давхилдан өнгөрөв.

Хөл жийн, хөлс сэвэн налайж суусандаа ичин санд мэнд арагтай аргалаа үүрэн босов. Тэдний бараанаар айлын нь зүрх цагаан хар нохой гүүн зэлний хэртэй холоос тосон хуцаж очсоноо энэ олон амьтны чинь алинд нь хуцах вэ дээ гэсэн янзтай ард нь гайхан хоцров.

Хурга ялгах цаг нэгэнт ойртсон тул Цэнзэнгаа ч гэсэн сувай хонио орхин гэрээдээ явлаа. Хэдийвээр түүний араг дүүрсэн авч буцахдаа хаврын салхи, зуны бороонд онгож хатсан хөх аргал түүсээр л явлаа. Аргал болгоныг эрж түүдэг болоод ч тэр үү, аргалтайгаа цуг олсон мэт сайхан бодол бодож харьдаг болоод ч тэр үү, нутаг дээрээ арагтай аргалаа асгачхаад нүүж чаддаггүйтэйгээ адилхан сайхан аргал олчхоод авалгүй орхиж чаддаггүй аж.

Цэнзэнгааг ирэхэд айлын нь уяан дээр морьд багширч догшин нэг нь толгой хаялан холын бараанд чих сортолзуулан, номхон нэг нь хөл сэлгэн, сүүл шарван зогсоно. Арагтай аргалаа гэрийнхээ гадаа буулгачхаад, хошлонгоос хавчуулаастай байсан шилбүүрээ аван айлын багачуудын хураан ирж яваа саах мал руу явав. Хурга ялгах гэж байгааг мэдсэн хөгшин хоньд хургаа хөхүүлэн, онгог хонь хурга майлалдан, эхлээр явж муу зан сурчихсан хурга шилбүүр хуйван дээгүүр харайж гарах гэсэн мэт агаарт хий дэгдэх авч, ялгаж сурчихсан хурга төдий л зовоосонгүй.

Цэнзэнгаа харьж сүүгээ хөөрүүлэх гэж бодсон хэр нь айлдаа нэг л ормоор санагдаад байгаа өөр нэгэн хүсэлдээ хөтлөгдөв. Цэнзэнгаа гэрийн зүүн талд айлын хүүхний дэргэд очиж суухад уяан дээрх омголон морьдын эзэд инээмсэглэн мэндэлцгээв. Харин номхон морьдын эзэд анзаарсан ч үгүй газрын гарц, тэнгэрийн царайг шинжин хөөрөлдөж сууна. Чингэтэл Шийрэв өвгөн том хүрэн хултай айраг мэлтэгнүүлэн:

-За хүү минь нэг ая бариатах хэмээн нэгэн зузаан бор залууд барив. Тэр зүс үл таних залууг хармагцаа Цэнзэнгаагийн зүрх цочсон мэт оволзон цохилж, нүүрнээс нь гал бутрах шиг болов. Мөнөөх залуу тогтуухан инээмсэглэснээ царайг төв болгон “Ар хөвчийн унага”... гээд  л нар мандах адил зугуухан эхлэв. Цэнзэнгаад энэ огтын танихгүй залуу хэзээ язааны танил дотно санагдахад гайхмаар ч юм шиг, хонь малын бэлчээрт алсын бараа ширтэн, нэгэн насны минь хань ийм хүн байна гэж сэтгэлдээ дүрслэн мөрөөдөж яваад гэнэт яг тэр хүнтэйгээ ингэж учирсан нь зүүд ч юм шиг санагдана. Хэдийвээр тэр залуугаас үүдэн хоймор зайтай хол суугаа хэр нь хажууд нь суугаа юм шиг ичин, хултай айраг руугаа харах авч өөрийн эрхгүй дахиад л түүнийг битүүхэн ширтэж байлаа.

“Энэ нөгөө хотоос ирсэн хэдэн залуугийн нэг юм гэнээ. Шийрэв гуайн суурьт очсон юм байх.” гэж хажуугаасаа шивнэх айлын хүүхний үгийг ч дуулахгүй чих нь дүнгэнэх авч:

Сүүмэлзэн харагдах нь Сүмтэй будрын чулуу юу Сүүтэлзэнхэн харагдах нь Миний л нэгэн алдрай юу гэж дуулах түүний дууг Цэнзэнгаагийн зүрх сонсож байлаа. Энэ дуу ч гэсэн зөн билгээр Цэнзэнгаад зориулагдаж байгаа мэт тэрээр нар хөөрөх мэт аажуухан алслуулж, аяа дээшлүүлснээ үдийн нар голлох шиг тогтоон, шуранхайлж эхлэв. Түүний уруул хөгжмийн чавхдас мэт чичирч, хултай айрагнаас нь ойх үдшийн гэгээ нүүрэн дээр нь тогтоно. “Энэ дуу битгий дуусаасай. Ингээд л дуулаад суугаад байгаасай.” гэж Цэнзэнгааг хүсэн суухуй зүрх сэтгэл нь хөглөгдөн ая орох мэт баясан догдолж бүхий биед нь хөгжмийн эгшиг уянгалан байлаа. Тэр залуугийн хашийн цагаан шүд дуулах дууныхаа аянд ер бусын сайхан хурц өнгө нэмэх мэт яралзана. Уруул нэвт гэрэлтэм ийм л хашийн шүд яралзуулан үдийн халуунд сэрүү татмаар исгэрэнхэн ирэх барааг нь сэтгэлдээ мөн ч олон үзсэн сэн.

Түүний дуулах дууг уулсын цуурай авах мэт гэр дэх хүмүүс цөм дагаж түрэхэд Цэнзэнгаа ч ичиж догдолсон хоолойгоор түрэн “Над руу хараасай. Инээгээсэй.” гэж хүсэж суулаа. Тэр залуу талын цэнгэг агаарт долгилон холдох дууныхаа аяыг наашлан наашлуулсаар зүрхэнд шингээх мэт дуугаа жаргаав.

-Төрмандах ч ёстой боржгон аяар дуулж байна шүү хэмээн Шийрэв өвгөн олзуурхав.

-Аав маань ингэж дуулдаг юм гэж Шийрэв өвгөн рүү харж инээмсэглэснээ өөрийгөө хүн ширтээд байгааг мэдсэн юм шиг Цэнзэнгаа руу харахдаа түүний харцтай мөргөлдөв.

Цэнзэнгаа шөнө гэрэлд орсон бөжин мэт сандран дэмий л харц буруулан доошоо харахдаа хонь саахдаа өмсдөг халцархай муу гуталтай яваагаа мэдэн улам их ичин, хурдхан л гарахын түүс болжээ. Цэнзэнгаа гэрээс гарч уужрах мэт уртаар санаа алдсанаа гэрээдээ яаран алхав. Тэрбээр гэртээ орсон хойноо ч гэсэн араас нь хүн ороод ирчих гэж байгаа мэт яаруу бачуу гутал хувцсаа сольсноо “Намайг ингэж наадамд очих гэж байгаа юм шиг гоёчхоод буцаж очихоор улс амьтан юу гэх юм билээ.” гэж бодон буцаж орох арга нэгэнт тасарсныг мэдэв.

Тэгтэл гадаа хүн амьтан ярилцан дөрөө хангиналдахад Цэнзэнгаа гэрээс гүйн гарав. Найр өндөрлөж байгаа бололтой уяан дээрээс морио тайлах нь тайлж, олмоо чангалах нь чангалж буй нь харанхуйн дунд бүдэг бадаг харагдана.

Омголон морьтонгууд шон дээрээс мордонгуут л пижигнэлдэн давхилдахад саахалтын ноход шуугилдан угтлаа. Харин номхон морьтонгууд дүнгэр, дүнгэр ярилцан хаа нэгхэн дөрөө хангинуулан одсоноо саахалт хүрэв бололтой төдхөн чимээ тасрахад салхи хүртэл тэдэнтэй дарвин одсон мэт нам гүм болов.

Цэнзэнгаа гэртээ орон, сүүгээ хөөрүүлэхээр аргал зэрэглэн галаа асааж намуухнаар бадрах аргалын галыг ширтэн суув. Аргал болгоныг бодол бодон, хүсэл мөрөөдөлд автан явж түүсэн болоод тэр үү, аргалынх нь илч бодол хүслийнх нь илч юм шиг санагдана. Цэнзэнгаа бүсгүй хүнд аз жаргал өөрөө хүрч ирдэг гэж үеийнхээ охидтой шивнэлдэн аз жаргалаа хүлээж явсныгаа буруу гэж бодлоо.

Аргалын илчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олох ёстой. Би аав ээж хоёрыг ирэхээр Шийрэв гуайн суурь дээр очно гэж бодон тэр залуугийн аргалын гал бадрах мэт намуухан инээх инээд, дуулах дууг зүрхнээсээ сонсож суухуй саахалтын нууранд ангир дуугарав. Нууран дундаа бие биесээ дуудан хэн хэндээ эрхлэн жаргах ангир ганганалдан байлаа. (1971он)

  1. Эхэд орсон дараах үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

1. шилбүүр

a. мал гөрөөсний төллөлгүй жил өнжсөн нь

A.  1f, 2d, 3e, 4a, 5c, 6b

2. бүгээн

b. найр дээр дуулах

B.  1c, 2b, 3d, 4e, 5a, 6f

3.сэвэлзэх

c. ойрхон буусан хоёр айл

C.  1b, 2a, 3e, 4f, 5c, 6d

4. сувай

d. цайруу, бараан биш

D.  1b, 2a, 3d, 4f, 5e, 6c

5.саахалт

e. хүч багатайгаар салхилах

E.  1f, 2d, 3a, 4e, 5c, 6b

6.ая барих

f. амьтныг хөөн туухад хэрэглэх хэрэгсэл

 

  1. “Тэр залуугийн хашийн цагаан шүд дуулах дууныхаа аянд ер бусын сайхан хурц өнгө нэмэх мэт яралзана.” гэсэн өгүүлбэрээр хэнийг дүрсэлсэн бэ?
    1. Цэнзэнгаа                  B. Шийрэв            C. Төрмандах                      D. Айлын хүүхэн                 E. Цэнзэнгаагийн ээж
  2. “...халцархай муу гуталтай яваагаа мэдэн улам их ичин, хурдхан л гарахын түүс болжээ.” өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
    1. Нүүр хийх газаргүй болох      B. Айсан хүнд аргал хөдөлнө          C. Сахил хүртээд шал дордов        D. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох   E. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий
  3. Цэнзэнгаа өөрийн эрхгүй дахиад л түүнийг битүүхэн ширтэж байсны учир юу вэ?
    1. Сэтгэлдээ дүрслэн мөрөөдөж явсан хүнтэйгээ учирсан болохоор                B. Омголон морьдын эзэд инээмсэглэн мэндэлсэн учраас        C. Номхон морьдын эзэд түүнийг анзаараагүй учраас            D. Шийрэв өвгөн тэр залууг олзуурхан магтсан болохоор        E.Салхи хүртэл тэдэнтэй дарвин одсон мэт нам гүм болсон тул
  4. Цэнзэнгаа сүүгээ оройтож хөөрүүлсний шалтгаан юу вэ?
    1. Хөл жийн, хөлс сэвэн налайж суусан тул              B. Хурга ялгах цаг нэгэнт оройтсон тул        C. Аав ээжийгээ сумын төв явснаас хойш гэртээ тогтохоо больсон тул                 D. Сайхан аргал олчхоод авалгүй орхиж чаддаггүй тул           E. Айлдаа нэг л ормоор санагдаад байгаа өөр нэг хүсэлдээ хөтлөгдсөн тул
  5. Эхэд өгүүлсэн дараах үйлүүдийн алийг нь Төрмандах хийсэн бэ?
    1. Төрмандах ёстой боржгон аяар дуулж байна хэмээн олзуурхав.                   B. За хүү минь нэг ая бариатах хэмээн нэгэн бор залууд барив.      C. Уртаар санаа алдсанаа гэрээдээ яаран алхав.     D. Аяыг наашлан наашлуулсаар зүрхэнд шингээн дуугаа жаргаав.                E. Өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олов.
  6. “Тогтуухан инээмсэглэснээ царайг төв болгон “Ар хөвчийн унага”... гээд л нар мандах адил зугуухан эхлэв.” гэсэн нь хэний хэлсэн үг вэ?                       A. Цэнзэнгаа                        B. Зохиогч            C. Шийрэв            D. Төрмандах      E. Айлын хүүхэн
  7. “Бутат ухаагийн сэрвээнд хээр хоносон сар шиг харагдаж байгаа ганц бүгээн адуу сажилсаар саахалтын нууранд оров.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгс ямар дүрслэх ур маягаар бичигдсэн бэ?
    1. Ихэсгэл                      B. Адилтгал                          C. Багасгал          D. Ёгтлол              E. Төлөөлөл
  8. Эхийн гол санааг хадгалсан тулгуур өгүүлбэр аль вэ?
    1. Аргалын илчтэйг малын соргог бэлчээрээс эрж олдогтой адилхан өөрийнхөө аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олох ёстой.
    2. “Намайг ингэж наадамд очих гэж байгаа юм шиг гоёчхоод буцаж очихоор улс амьтан юу гэх юм билээ.” гэж бодон буцаж орох арга нэгэнт тасарсныг мэдэв.                C. Намуухан инээх инээд, дуулах дууг зүрхнээсээ сонсож суухуй саахалтын нууранд ангир дуугарав. D. Ганц адуунаас үргэв үү яав, нуурын хөвөөнөөс хоёр шаргал ангир нисэж нөгөө эрэгт буув.      E. Сэтгэлдээ дүрслэн мөрөөдөж яваад гэнэт яг тэр хүнтэйгээ ингэж учирсан нь зүүд ч юм шиг санагдана.
  9. Эхийн сэдвийг тодорхойлоорой.
    1. Аз жаргал өөрөө хүрч ирдэг.                 B. Саахалтын нууранд ангир дуугарна.       C. Хүн аз жаргалыг амьдралаас өөрөө эрж олдог.      D. Найр, наадам тогтсон ёс дэгтэй байдаг.                 E.Ялгаж сурсан хурга төдий л зовоодоггүй.

ХОЁРДУГААР ХЭСЭГ [30 оноо]  Санамж: Даалгавар тус бүрийн зааврыг анхааралтай уншиж ойлгоод гүйцэтгээрэй. Даалгавруудын хариуг хариултын хуудсанд тэмдэглэхгүй тул шалгалтын дэвтрийн зохих зайд бичиж тэмдэглээрэй. Даалгавар бүрийн оноо харилцан адилгүй болно.

    1. Дараах эхийн хэсгийг уншин зөв бичих дүрмийн алдаатай 5 үг олоод, засаж бичээрэй.               [5 оноо]

“Нэгэн буурин дээр удахаар газрын үндэс талхлагдаж, малын хийморь гунддаг.” гэж аав ярьдаг сан. Магадгүй сэтгэл санаандаа нандигнаж явдаг багийн минь дурдатгалтай холбоотой болоод ч тэр байж мэднэ. Гэрт байхад хаашаа ч юм мордоод явчхмаар санагдавч мордсон хойно хаашаа явхаа мэдэхгүй мухардна. Нутаг хуучирахаараа бодол санаа, хүсэл мөрөөдөл хүртэл хулжин одсон мэт болдгийг эд нар мэдэхгүй гэж үү. (Д.Б)

Ташаарсан нь

Залруулсан нь

 

 

    1. Дараах эхийг уншаад кирил бичигт хөрвүүлээрэй. [5 оноo]

    1. Та, дүү нартаа зөвлөгөө өгөх зорилгоор “Өөрийгөө хөгжүүлээрэй” сэдвээр эх зохиож бичнэ үү. Суралцаж байх хугацаандаа өөрийгөө хэрхэн хөгжүүлж байсан хийгээд хүний хөгжил яагаад чухал болохыг ятган ойлгуулаарай. (Ятгасан эх нь бичигчийн байр суурь, түүний шалтгаан үндэслэл, энэхүү шалтгааны нотолгоо гэсэн гурван хэсгээс бүтнэ.) Бичихдээ бүтэц, өнгө аяс, сэдэв, агуулгын харьцааг оновчтой гаргаж, дүр дүрслэл, баримт мэдээллийг зохистой ашиглан зөв найруулгатай бичээрэй. Бичгийн соёл оноонд нөлөөлнө гэдгийг анхаарна уу. /Үгийн тоо 200- 250/ [20 оноо]
Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com