Monday, 2024-10-14, 8:18 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 622
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Арван ес. НИЙЛМЭЛ ҮГЭЛБЭР

Арван ес.

НИЙЛМЭЛ ҮГЭЛБЭР

Нийлмэл үгэлбэрийн учир. Үгэлбэрийг бүтцээр нь энгийн үгэлбэр, нийлмэл үгэлбэр гэж ангилдаг. Хэрэв энгийн үгэлбэр нь нэг буюу хэд хэдэн холбоо үгсээс бүтсэн байдаг бол нийлмэл үгэлбэр нь эмх замбараагүй энгийн үгэлбэрүүдийн нийлбэр биш, харилцан нягт холбоо бүхий, тухайн хэлний хэлзүйгээр хэлбэржиж, нэг аялгад захирагдсан үгэлбэрүүдийн нийлбэр юм. Нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан энгийн үгэлбэрүүд нь ихэнхдээ биеэ даасан мэдэгдлийн нэгж чанараа алдахаар барахгүй, хэлбэрийн талаар ч хувирч тухайн нийлмэл үгэлбэрт зохицсон байдаг. Өөрөөр хэлбэл, нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан энгийн үгэлбэрүүд нь биеэ дааж мэдэгдлийн нэгж болж чадахгүй, уул нийлмэл үгэлбэрийн салшгүй хэсэг болж, бусад энгийн үгэлбэрийн хамт мэдэгдлийн нэгж болно.
Жишээлбэл: ”Наашаа суу, цай уу!”, "Наашаа суугаад,цай уу!” гэсэн хоёр нийлмэл үгэлбэр нь "Наашаа суу!”, "Цай уу!” гэсэн хошоод энгийн үгэлбэрээс бүтсэн байна. Түрүүчийн нийлмэл үгэлбэрт дурдсан хоёр энгийн үгэлбэрийг зөвхөн аялгаар холбож, сүүлчийн нийлмэл үгэлбэрт эхний энгийн үгэлбэрийн үглэхүүнийг урьдчилах нөхцөл үйл үгийн хэлбэртэй болгож, дараах үгэлбэртэй нь холбосон байна. Мөн ”Батын гэрээсээ авчирсан номыг үзэв үү?” , "Доржийг хотоос ирэхээр хамт явъя”, "Багшийг гэртээ харина гэж Бат хэлсэн” гэсэн гурван нийлмэл үгэлбэр нь "Бат гэрээсээ ном авчирсан”, "тэр номыг үзэв үү?”, "Дорж хотоос ирнэ”, "хамт явъя”, "Багш гэртээ харина”, "Бат тэгж хэлсэн” гэсэн хошоод хошоод энгийн үгэлбэрээс бүтэж, нэгдүгээр үгэлбэрт эхний нь үгэлбэрийг сүүлчийнхтэй дэс дараагаар холбож үглэгдэхүүнийг нь харьяалах тийн ялгалаар зохицуулан, хоёрдугаар үгэлбэрт эхний нь үгэлбэрийг сүүлчийнхтэй нь үйлдэх тийн ялгалын хэлбэрээр холбож, үглэгдэхүүний нь заах тийн ялгалаар зохицуулаад, гуравдугаар үгэлбэрт эхний нь үгэлбэрийг сүүлчийнхтэй "гэж” гэсэн үгээр холбосон байна.
Монгол хэлний гүйцэд үгэлбэрийн хамгийн чухал төв нь үглэхүүн байдаг тул мөн нийлмэл үгэлбэрийг хэдэн үглэхүүн байгаагаар хэмжээ болгож энгийн буюу нийлмэл үгэлбэр гэж таних хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл энгийн үгэлбэрт нэгээс илүү үглэхүүн байдаггүй бол нийлмэл үгэлбэр нь хоёр буюу түүнээс дээш үглэхүүнтэй байна гэсэн үг болно.
Энгийн үгэлбэрт үглэгдэхүүнгүй заримдаг үгэлбэр аль олон тохиолддогийн адил нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан энгийн үгэлбэрүүд дотор ч үглэгдэхүүнгүй заримдаг үгэлбэр арвин тохиолдоно. Жишээлбэл: дээр дурдсан гурван нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан Хамт явъя, Тэр номыг үзэв үү гэсэн энгийн үгэлбэр нь үглэгдэхүүнгүй байна.
Ерийн биеэ даасан энгийн үгэлбэрт үглэхүүнгүй үгэлбэр, ялангуяа ярианы хэлэнд арвин тохиолддог бол нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан энгийн үгэлбэрүүд нь үглэхүүнгүй байдаггүй. Хэрэв ерийн биеэ даасан энгийн үгэлбэрийн үглэхүүн нь ганц үглэхүүний үүрэгтэй байдаг бол нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан эцсийн бус энгийн үгэлбэрийн үйлт нэр, нэр үг, нөхцөл үйл үглэхүүн нь гол төлөв хоёр үүрэгтэй байдаг. Жишээлбэл: Доржийг ирэхээр хамт явъя гэсэн нийлмэл үгэлбэрийн эцсийн бус үгэлбэрийн "ирэхээр” гэсэн үглэхүүн нь өөрийн Дорж гэсэн үглэгдэхүүнд үглэхүүн болохын зэрэгцээгээр дараах үгэлбэрийн "явъя” гэсэн үглэхүүнд байцын үүрэгтэй байна. Гэвч нийлмэл үгэлбэрийн эцсийн бус үгэлбэрийн үглэхүүн нь цаг заах буюу захирах үйл үг байвал тийм хоёр үүрэгтэй байдаггүй, ганц үглэхүүний үүрэгтэй байх ба бас нөхцөл үйл үгийн хам, зэрэгцэх, урьдчилах нөхцөл үйлийн хэлбэрт үглэхүүн мөн үглэхүүний үүрэгтэй байна. Жишээлбэл: Наашаа суу, цай уу!, Наашаа суугаад, цай уу! гэх мэт.
Энэ мэтээр нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан эцсийн бус үгэлбэрийн нэр, үйлт нэр, нөхцөл үйл үглэхүүн нь наад зах нь үглэгдэхүүн, тусагдахуун, орон, цагийн байцын аль нэгтэй байж байж сая хоёр үүрэгтэй үглэхүүний шинжийг илрүүлж чадна. Хэрэв дурдсан гишүүний аль нь ч байхгүй дан ганц нэр, үйлт нэр, нөхцөл үйл байвал үглэхүүн биш, энгийн үгэлбэрийн ерийн гишүүн болно. Жишээлбэл: Явсан хүн ирлээ гэвэл "явсан” гэсэн үйлт нэр нь ганц тодотголын үүрэг гүйцэтгэж үглэхүүн болж чадахгүй юм. Гэтэл Хөдөө явсан хүн ирлээ гэвэл "явсан” гэсэн үйлт нэр дараах "хүн” гэсэн үгэндээ тодотгол болохын зэрэгцээгээр өмнөх "хөдөө” гэсэн үгтэйгээ орны байц, үглэхүүний харьцаатай тул эцсийн бус үгэлбэрийн үглэхүүн болж, энэ үгэлбэр бүхэлдээ "Хөдөө явсан”, "Хүн ирлээ” гэсэн хоёр үгэлбэрээс бүтсэн нийлмэл үгэлбэр болж чадна.
Ерийн биеэ даасан энгийн нийлмэл үгэлбэр нь хэлэх аялга, хэлзүйн талаар хойд, урд үгэлбэртээ захирагддаггүй бол, нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан энгийн үгэлбэрүүд нь хоорондоо хэлэх аялгын талаар нэг аялгад захирагдсан байхаас гадна хэлзүйн талаар харилцан нягт холболдож, нэг үгэлбэр нь нөгөөгүйгээр зохих нийлмэл үгэлбэрийн утга санааг бүрэн гаргаж чадахгүй тийм нягт холбоотой байна. Гэвч энэ холбоо нь янз бүрийн нийлмэл үгэлбэрт янз бүр байж болно.
Нийлмэл үгэлбэрийн бүтэц нь. Биеэ даасан энгийн үгэлбэрүүд нийлж, биеэ даасан чанараа алдан нэгэн нийлмэл үгэлбэр буюу мэдэгдлийн нэгж болохдоо зарим нөхцөлд уул энгийн үгэлбэрүүд нь дангаараа байхад байсан утга ба хэлбэр хэвээр нь буюу бараг хэвээр нь хадгалж, нэг энгийн үгэлбэр нь нөгөөдөө шууд захирагдалгүй, энгийн нийлэх, нөгөө зарим нөхцөлд нэг буюу хэдэн энгийн үгэлбэр нь нөгөө энгийн үгэлбэрт шууд захирагдаж, түүний ямар нэг гишүүний үүрэг гүйцэтгэж хавсран нийлэх үндсэн хоёр арга байдаг. Үүн дээр үндэслэж, нийлмэл үгэлбэрийг энгийн нийлмэл үгэлбэр, хавсарсан нийлмэл үгэлбэр гэж хоёр ангилдаг ажээ. Жишээлбэл: Наашаа суу, цай уу!, Та наашаа суу, цай уу!, Наашаа суугаад цайгаа уу! Та наашаа суугаад цай уу! гэх мэтийн үгэлбэрүүд нь цөм энгийн нийлмэл үгэлбэр болно. Батын гэрээсээ авчирсан номыг үзэв үү?, Доржийг хотоос ирэхээр хамт явъя, Багшийг гэртээ харина гэж Бат хэлсэн гэх мэтийн үгэлбэр нь хавсарсан нийлмэл үгэлбэр болно. Энгийн нийлмэл үгэлбэр, хавсарсан нийлмэл үгэлбэр гэж ангилах нь юуны өмнө бүтэц дээр үндэслэх бөгөөд хэлбэрийн ялгаврыг дагалцаж, утгын ялгаа гарах боловч зарим нөхцөлд утгын талаар ойролцоо болох удаа бий.
Нийлмэл үгэлбэрийн бүтэц нь хэд хэдэн энгийн үгэлбэр нийлж, нэгэн нийлмэл үгэлбэр болохдоо янз бүрийн аргаар, янз бүрийн хэмжээгээр харилцан холбогдсон байдаг. Нэг бол энгийн үгэлбэрүүдийг тэр хэвээр нь буюу бяцхан хувилгаж, энгийн цувруулан холбосон байдаг. Жишээлбэл: Наашаа суу, цай уу гэх мэт. Эсвэл нэг үгэлбэрийг нь нөгөө үгэлбэрийн нь гишүүн болгож, тэр гишүүн болгосон үгэлбэрийнхээ үглэхүүн, үглэгдэхүүнийг гол үгэлбэрийн нь байдалд зохицуулж, үлэмжхэн хувилгаж хавсарган холбосон байдаг. Жишээлбэл: Таны өгсөн номыг би уншлаа гэх мэт. Үгүй бол үгэлбэрийг нь нөгөө үгэлбэрийн гишүүн болголгүй тэр хэвээр нь оруулсан байдалтай холбосон байдаг. Жишээлбэл: Ах манайд маргааш ирнэ гэх мэт.
Энэ мэтээр нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийн харилцан холбогдсон байдал дээр үндэслэж, бүх нийлмэл үгэлбэрийг цуварсан нийлмэл үгэлбэр, хавсарсан нийлмэл үгэлбэр, холимог нийлмэл үгэлбэр гэж гурван бүлэгт хувааж болно. Жишээлбэл:”Өнөөдөр чи яв, би үлдье”, "Өнөөдөр чи яваад, би үлдье”, "Тэнгэр цэлмэлээ, нар гарлаа”, "Тэнгэр цэлмэж, нар гарлаа” гэвэл цуварсан нийлмэл үгэлбэр болж, "Өнөөдөр чамайг явсны дараа би явъя”, "Тэнгэр цэлмэмэгц нар гарлаа” гэвэл хавсарсан нийлмэл үгэлбэр болоод, "Маргааш тэнгэр цэлмэнэ гэж радиогоор хэлсэн” гэвэл оруулсан нийлмэл үгэлбэр болох мэт.
Нийлмэл үгэлбэрийг цуварсан нийлмэл үгэлбэр, хавсарсан нийлмэл үгэлбэр, оруулсан нийлмэл үгэлбэр гэж ангилах нь юуны өмнө бүтэц ба хэлбэр дээр үндэслэсэн хэрэг болно.
Цуварсан нийлмэл өгүүлбэрийн бүтэц нь. Цуварсан нийлмэл үгэлбэрийг бүтцээр нь аялгаар холбосон, хэлбэрээр холбосон, бас хэлбэрээр холбосон цуварсан нийлмэл үгэлбэрийг дотор нь эцсийн ба эцсийн бус гэж ялган хэлэлцэж болно. Жишээлбэл:Наашаа суу, цай уу! гэсэн нийлмэл үгэлбэр нь аялгаар холбосон, цуварсан нийлмэл үгэлбэр, Наашаа суугаад, цай уу! гэсэн нь хэлбэрээр холбосон цуварсан нийлмэл үгэлбэр болно.
Аялгаар холбосон цуварсан нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан энгийн үгэлбэрүүд нь бүтцээрээ ерийн биеэ даасан энгийн үгэлбэрээс ялгаваргүй байна. Аялгаар холбосон цуварсан нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийг эцсийн ба эцсийн бус гэж ялгах ямар ч тэмдэггүй байна. Ийм цуварсан нийлмэл үгэлбэрийн үглэхүүн цаг заах, захирах хүсэх үйл үг буюу нэрлэх тийн ялгалын хэлбэрт нэр, үйлт нэрээр байж, хэрэв үглэгдэхүүнтэй байвал тэр нь заавал нэрлэх тийн ялгалын хэлбэрээр байна. Жишээлбэл: "Наашаа суу, цай уу”, "Чи үнээгээ саагаарай, би хониндоо явъя”, "Тэнгэр цэлмэлээ, нар гарлаа”, "Бат ирсэн, Дорж буцсан”, "Лувсан багш, Ханд малчин” гэх мэт.
Аялгаар холбосон цуварсан нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийн үглэхүүнүүд нь захирах хүсэх үйл үг, нэр үг бол цөм нэр үг байх мэтчилэн гол төлөв нэг төрлийн хэлбэрт үг байна. Аялгаар холбосон цуварсан нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийн үглэхүүнүүд нь туслах үйл үгтэй нэр үглэхүүн байвал уул туслах үйл үгийн нь эцсийн үглэхүүнд нь эцсийн бус үгэлбэрийн үглэхүүний цагийг хамтруулан заах удаа байдаг. Ийм нөхцөлд бол аялгаар холбосон энгийн нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийг эцсийн ба эцсийн бус гэж хэлбэрээрээ ялгарах удаа байдаг. Жишээлбэл: "Бат адуучин, Дорж хоньчин байсан” гэх мэтээр Бат адуучин байсан, Дорж хоньчин байсан гэсэн хоёр үгэлбэрийг холбохдоо түрүүчийн үгэлбэрийн үглэхүүний туслах үйл үгийг эцсийнх нь үглэхүүний туслах үйл үгтэй хавсаргах удаа байдаг. Үүнчлэн аялгаар холбосон цуварсан нийлмэл үгэлбэрт багтсан үгэлбэрүүд нь нийт дундаа нэг үглэгдэхүүн, тусагдахуун, байцтай байвал үгэлбэр бүрт давтахгүй нэгтгэн хэлэх нь арвин байдаг. Жишээлбэл: "Та наашаа суу, та цай уу!” гэхийг "Та наашаа суу, цай уу!”, "Хонио чи усла, хонио би хяргая” гэхийг "Хонио чи усла, би хяргая”, "Өнөөдөр чи хоолоо хий, Өнөөдөр би үнээгээ саая” гэх мэт. Энэ мэтээр аялгаар холбосон цуварсан нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийг салангид байсан байдалтай нь харьцуулбал арай товч хураангуй, илүү сул үг байхгүй болно. Аялгаар холбосон энгийн нийлмэл үгэлбэр нь маш хялбархан ерийн биеэ даасан салангид энгийн үгэлбэрүүд болж болно. Хэрэв ерийн биеэ даасан энгийн үгэлбэрүүдийн хооронд их таслалтай хэлдэг бол аялгаар холбосон энгийн нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийн хооронд бага таслалтай хэлнэ. Жишээлбэл: Наашаа суу! Цай уу! =Наашаа суу, цай уу! гэх мэт.

Хорь

Энгийн үгэлбэр, нийлмэл үгэлбэр нь хэлэх хөг аялгын талаар онцын ялгаваргүй бөгөөд аль аль нь хүүрнэх үгэлбэрийг уруудах буюу уруудаж тэгшрэх аялгаар, асуух үгэлбэрийг өгсөх аялгаар, захирах үгэлбэрийг тэгш аялгаар хэлдэг ерөнхий хуульдаа захирагдана. Энэ учраас аялгаар холбосон нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрийн нэг нь асуух, нөгөө нь захирах, хүүрнэх үгэлбэр байдаггүй, асуух бол цөм асуух, хүүрнэх бол цөм хүүрнэх, захирах бол цөм захирах үгэлбэр байна.
Хэлбэрээр нь холбосон энгийн нийлмэл үгэлбэр. Нэг үгэлбэрийг нөгөөтэй нь энгийн холбож, энгийн нийлмэл үгэлбэр бүтээхэд хэлэх аялгаас гадна бас тусгай хэлбэрээр холбож бүтээх ёс бий. Ингэж хэлбэрээр холбосон энгийн нийлмэл үгэлбэрийн эцсийн үгэлбэр нь ерийн биеэ даасан энгийн үгэлбэртэй адил, эцсийн бус үгэлбэрийн нь үглэхүүнийг хам, зэрэгцэх, урьдчилах нөхцөл үйл үгийн аль нэгээр хэлбэржүүлж, дараах үгэлбэртэй нь холбосон байна. Жишээлбэл: Тэнгэр цэлмэж, нар гарав, Бороо ороод, ногоо ургав, Салхи хөдлөн, шороо босов гэх мэт. Ийм энгийн нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан бүх үгэлбэрийн үглэгдэхүүн нь цөм нэрлэх тийн ялгалаар хэлбэржсэн байна. Мөн эцсийн бус үглэхүүн нь биеэ дааж, цагийг нарийн заахгүй боловч эцсийнхээ үгэлбэрийн үглэхүүний цагтай хоршиж, тухайн үйлийн цагийг маш нарийн заана. Эцсийн бус үгэлбэрийн үглэхүүн нь хам нөхцөл үйл үгийн хэлбэрээр илрээд, эцсийн үгэлбэрийн үглэхүүн өнгөрсөн цагт байвал хам өнгөрсөн, одоо цагт байвал хам одоо цагт, ирээдүй цагт байвал хам ирээдүй цагт байх буюу мөн эцсийн бус үгэлбэрийн нь үглэхүүн зэрэгцэх нөхцөл үгийн хэлбэрээр илрээд, эцсийн нь үгэлбэрийн үглэхүүн өнгөрсөн цагт байвал зэрэгцэж болсон өнгөрсөн цагт, одоо цагт байвал урьдчилж одоо байгаа цагт, ирээдүй цагт байвал урьдчилж болох ирээдүй цагт байна. Дээр дурдсан янз бүрийн хэлбэрт энгийн нийлмэл үгэлбэрийг задалж, тус тус биеэ даасан энгийн үгэлбэр болговол дараах байдалтай байна. Тэнгэр дуугаран, бороо оров. – Тэнгэр дуугарав, Бороо оров; Бороо орж, ногоо ургав – Бороо оров, Ногоо ургав; Тэнгэр цэлмээд, нар гарав – Тэнгэр цэлмэв, Нар гарав; Нар гаран, ногоо ургана – Нар гарна, Ногоо ургана; Зун болж, ногоо ургана – Зун болно, Ногоо ургана; Хавар болоод, цас хайлна – Хавар болно, Цас хайлна. Үүнчлэн энгийн нийлмэл үгэлбэрийн эцсийн бус үгэлбэрийн хам, зэрэгцэх, урьдчилах нөхцөл үйл үглэхүүн эцсийн нь үглэхүүн захирах хүсэх төлвийн аль нэг хэлбэрээр байвал түүнтэйгээ зохицож захирах хүсэх утгыг илтгэнэ. Жишээлбэл: Бороо орж, ногоо ургаасай – Бороо ороосой, Ногоо ургаасай; Тэнгэр цэлмэж, нар гараг – Тэнгэр цэлмэг, Нар гараг; Бат хонио хяргаж, Дулам үнээгээ сааг – Бат хонио хяргаг, Дулам үнээгээ сааг гэх мэт.
Хам, зэрэгцэх, урьдчилах нөхцөл үйл үгээр холбосон энгийн нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүд нь нийт дундын үглэгдэхүүн, тусагдахуун, байцтай байж болно. Жишээлбэл: Өчигдөр Бат хонио хяргаж, Дорж услав -- Өчигдөр Бат хонио хяргав, Өчигдөр Дорж хонио услав гэх мэт.
Хавсарсан нийлмэл үгэлбэрийн бүтэц. Хавсарсан нийлмэл үгэлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгэлбэрүүдийг гол үгэлбэр, гишүүн үгэлбэр гэж ангилдаг. Биеэ дааж голлон орсон үгэлбэрийг нь гол үгэлбэр гэнэ. Гол үгэлбэрийнхээ аль нэг гишүүний үүргийг гүйцэтгэж орсон үгэлбэрийг нь гишүүн үгэлбэр гэнэ.
Хавсарсан нийлмэл үгэлбэрийн гол үгэлбэрийн бүтэц нь ерийн биеэ даасан энгийн үгэлбэртэй адил байна. Гол үгэлбэрийн үглэхүүн нь цаг заах, захирах хүсэх үйл үг буюу үйлт нэр, нэр үгийн нэрлэх тийн ялгалын хэлбэрээр илэрнэ. Мөн үглэгдэхүүн нь нэрлэх тийн ялгалаар хэлбэржсэн байна. Гэтэл гишүүн үгэлбэрийн бүтэц ихэнхдээ ерийн биеэ даасан энгийн үгэлбэрээс ялгаатай байна. Гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь нөхцөл үйлийн болзох, дутагдах, угтах, бэлтгэх, үргэлжлэх, зорих, хүсэх, дагалдах, далимдах, магадлах хэлбэрээр буюу үндсээр хэлбэржсэн байна. Үглэгдэхүүн нь харьяалах, заах, нэрлэх тийн ялгалын аль нэгээр хэлбэржсэн байна. Жишээ нь: Маргааш тэнгэр цэлмэвэл бид тариагаа хураана. Чамайг хотоос иртэл би эндээ хүлээж байя. Эрдэнийг ирмэгц хонио услая. Хичээл эхэлсээр тав хоног өнгөрөв. Дорж хонио услахаар явсан. Та гэртээ харингаа миний захидлыг ахад минь хүргэнэ үү. Манай сургуульд сайн сурдаг хүүхэд олон бий. Бид таны ирэхийг мэдсэнгүй. Өчигдрийн миний хэлдэг зөв байжээ. Энэ бол миний хэлдэг байна. Таныг багшийн сургуульд багшийг бид мэдсэнгүй. Энд үс нь гуужсан тэмээ явна гэх мэт.
Хэрэв энгийн нийлмэл үгэлбэрийн эцсийн бус үгэлбэрийн үглэхүүн нь эцсийнхээ үглэхүүнтэй цагаар зохицдог бол гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь тэгэж гол үгэлбэрийнхээ үглэхүүнтэй цагаар зохицохгүй, уул гишүүн үгэлбэрийн үглэхүүн биеэ дааж цагийг заана. Жишээлбэл: -сан (-сэн, -сон, -сөн) дагавартай үйлт нэр нь өнгөрсөн цаг, -ах(-эх, -ох, -өх) дагавартай үйлт нэр нь ирээдүй цаг, -даг(-дэг, -дог, -дөг) буюу –аа(-ээ, -оо, -өө) дагавартай үйлт нэр нь одоо цаг, -бал, (-бэл, -бол, -бөл) буюу –хул(-хүл) дагавартай болзох нөхцөл үйл, -тал(-тэл, -тол, -төл) дагавартай угтах нөхцөл үйл, -магц (-мэгц, -могц, -мөгц) дагавартай бэлтгэх нөхцөл үйл, -хлаар(-хлээр, -хлоор, -хлөөр) дагавартай дагалдах нөхцөл үйл, -хаа(-хоо, -хээ, -хөө) дагавартай зорих нөхцөл үйл нь ирээдүй цаг, -саар(-соор, -сээр, -сөөр) дагавартай үргэлжлэх нөхцөл үйл нь үргэлжилж байгаа одоо цагийг заах мэт. Жишээлбэл: Бид таныг ирснийг мэдсэнгүй. Бид таны ирэхийг мэдсэнгүй. Таны энд суудгийг бид хүнээс сонссон. Батыг хөдөө явааг сая мэдлээ. Хичээл эхэлбэл бид завгүй болно. Таныг иртэл бид хүлээж байя. Таныг ирмэгц хамт явъя. Цай болохоор уугаад явъя. Дүү ус авахаар явсан. Таныг ирсээр бид хөгжилтэй болов гэх мэт.
Гишүүн үгэлбэр нь үглэгдэхүүнгүй байж болох боловч үглэхүүнгүй гишүүн үгэлбэр гэж байхгүй. Гишүүн үгэлбэр нь хамгийн товчдоо үглэхүүн, үглэгдэхүүн хоёр, үглэхүүн, тусагдахуун хоёр буюу, үглэхүүн, орон цагийн байц хоёроос бүтсэн байна. Энэ учраас ганц үглэхүүнээс бүтсэн гишүүн үгэлбэр байдаггүй гэж болно. Жишээлбэл, Явсан хүн ирлээ гэхэд явсан ганц тодотголын үүрэг гүйцэтгэж байгаа тул гишүүн үгэлбэрийн үглэхүүн биш ерийн тодотгол гишүүн болно. Гэтэл, хөдөө явсан, хөдөө багшаар явсан гэсэн нь хэдийгээр үглэгдэхүүнгүй боловч байц, тусагдахуун бүхий гишүүн үгэлбэр болно. Энэ мэтээр гишүүн үгэлбэр нь үглэхүүн, үглэгдэхүүний хоёр бүлгээс бүтсэн, дан ганц үглэхүүний бүлгээс бүтсэн байж болно.
Гишүүн үгэлбэр нь энгийн нийлмэл, хавсарсан нийлмэл бүтэцтэй байж болно. Жишээлбэл:Ах гэртээ хариуд дүүг хонио услаад иртэл бид энэ ажлаа дуусгана. Батын өгсөн номыг Доржийг уншиж дуустал чи энэ номыг уншиж байгаарай! гэх мэт.
Гишүүн үгэлбэрийн зүйл. Гишүүн үгэлбэр нь гол үгэлбэртээ ямар үүрэг гүйцэтгэж байгаагаар нь үндэс болгож, тодотгол гишүүн үгэлбэр, үглэгдэхүүн гишүүн үгэлбэр, тусагдахуун гишүүн үгэлбэр, байц гишүүн үгэлбэр, үглэхүүн гишүүн үгэлбэр гэж ангилж болно. Гишүүн үгэлбэр нь гол үгэлбэртээ ямар гишүүний үүрэг гүйцэтгэж байгаа нь түүний үглэхүүний хэлбэрээр илэрнэ. Гишүүн үгэлбэр нь гол үгэлбэртээ энгийн нэг үг буюу холбоо бүхий хэдэн үгээр илэрсэн гишүүнтэй адилхан үүрэг гүйцэтгэнэ. Энэ учраас гишүүн үгэлбэрийг үгэлбэрийн дэлгэрэнгүй гишүүн гэж болно. Үйлт нэр үглэхүүн бүхий гишүүн үгэлбэр нь мөн нэр үгийнхээ үйлээр бүтсэн гишүүний адил гол үгэлбэрийнхээ зохих гишүүнтэй үйлт нэрийн үндэс буюу ямар нэг тийн ялгалаар холбогдсон байна. Нөхцөл үйл үглэхүүн бүхий гишүүн үгэлбэр нь мөн нөхцөл үйл үгийн аль нэг хэлбэрээр зохих гишүүнтэйгээ холбогдсон байна.
Тодотгол гишүүн үгэлбэр. Тодотгол гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь үйлт нэр буюу нэр үгээр байдаг. Үүн дээр үндэслэж, тодотгол гишүүн үгэлбэрийг үйлт нэр тодотгол гишүүн үгэлбэр, ерийн нэр тодотгол гишүүн үгэлбэр гэж ялган хэлэлцэж болно. Жишээлбэл: Миний хэлсэн үгийг битгий мартаарай. Өвс сайтай, ус элбэгтэй газрыг шилж буулаа гэх мэт.
Тодотгол гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь гол төлөв үйлт нэр, ерийн нэр үгийн үндсээр хэлбэржсэн байдаг боловч хааяа үйлт нэрийн харьяалах тийн ялгалаар хэлбэржсэн байдаг. Жишээлбэл: Та миний өгсөн хариуг авсан уу, Чи бидний асуусны хариуг хэзээ өгөх вэ гэх мэт.
Үүнд тодотгол гишүүн үгэлбэрийн, тодотгуулж байгаа үг нь утгаараа уул гишүүн үгэлбэрийн үглэхүүнээр илэрсэн үйл байдлын эзэн буюу зохих үйл байдал тусах үг байвал уул гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь зохих үгийн үндсээр хэлбэржиж, тийм биш бол харьяалах тийн ялгалаар хэлбэржсэн байна. Жишээлбэл, Хөдөө машинаар явсан хүмүүс ирлээ (Хүмүүс хөдөө машинаар явсан), Батын өгсөн хариуг та уншив уу (Бат хариу өгсөн), Батын асуусны хариуг та өгөв үү гэх мэт.
Тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь харьяалах тийн ялгалын тэг эсвэл тэг бус хувилбараар хэлбэржсэн байна. Жишээлбэл: Навч нь газар хүрсэн саглагар модны доор орж хоргодов. Энд үс нь гуужсан хэдэн тэмээ явна. Таны тарьсан мод сайхан ургажээ. Батын авсан тэмээ энэ байна гэх мэт.
Зарим монголч эрдэмтэн "Навч нь газар хүрсэн саглагар модны доор орж хоргодов” гэх мэтийн тодотгол гишүүн үгэлбэрийн харьяалах тийн ялгалын тэг хувилбараар хэлбэржсэн үглэгдэхүүнийг нэрлэх тийн ялгалаар хэлбэржсэн гэж тайлбарлах удаа байдаг. Монгол хэлний нэр үгийн үндэс, нэрлэх тийн ялгалын хэлбэр, мөн аль нэг шууд бус тийн ялгалын тэг хувилбар нь олонхидоо адил байдаг учир танин ялгахад бэрхтэй байдаг боловч төлөөний үг ялангуяа биеийн төлөөний үгийн үндэс ба нэрлэх тийн ялгалын хэлбэр нь тогтвортой ялгавартай байдаг тул үүгээр шалгуур болгож бусад нэр үгсийн чухам ямар хэлбэрээр байгааг хялбархан танин мэдэж болно. Жишээлбэл, төлөөний нэр үглэгдэхүүнтэй тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь нэрлэх тийн ялгалаар байдаггүй, ямагт харьяалах тийн ялгалаар хэлбэрждэг бол бусад нэр үгс ч мөн тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн болохдоо нэрлэх тийн ялгалаар хэлбэржиж болохгүй, харьяалах тийн ялгалын тэг буюу тэг бус хувилбараар хэлбэржих ёстой болох нь илэрхий ажээ. Тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь төрлийн олноос үл ялган, ерөнхий хэлсэн утгатай газар харьяалах тийн ялгалын тэг бус хувилбараар хэлбэржинэ. Жишээлбэл: Хүн явсан мөрөөр ороод яв. Энэ хүний явсан мөрөөр ороод яв гэхэд түрүүчийн үгэлбэртхи тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн болох хүн гэсэн нь хэн аль хүнийг ялгалгүй ерөнхий хэлсэн тул харьяалах тийн ялгалын тэг хувилбараар хэлбэржиж, сүүлчийн үгэлбэртхи тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн болох хүний гэсэн нь алив нэг хүн биш, энэ хүн гэж ялган хэлсэн тул харьяалах тийн ялгалын тэг бус хувилбараар хэлбэржсэн мэт. Энэ учраас төрлийн нь олноос онцлон ялгасан утгатай тусгай нэр буюу төлөөний үг үглэгдэхүүн нь заавал харьяалах тийн ялгалын тэг бус хувилбараар хэлбэржсэн байна. Жишээлбэл: Батын явсан мөрөөр ороод яв. Миний явсан мөрөөр ороод яв гэх мэт.
Тэмдгийн нэр, тооны нэр тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн болбол заавал бод биетэй юмыг заасан тодорхой утгатай болдог тул мөн харьяалах тийн ялгалын тэг бус хувилбараар хэлбэржинэ. Жишээлбэл: Өнөө борын (морь) идсэн өвсний үлдэгдэл байна. Тэр хоёрын хэлсэн хүн ирлээ гэх мэт.
Тодотгол гишүүн үгэлбэрийн харьяалах тийн ялгалын тэг хувилбараар хэлбэржсэн үглэгдэхүүн нь гуравдугаар биед хамаатуулах дагавартай, дагаваргүй хоёр янзаар байж болно. Хэрэв тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь уул тодотгол гишүүн үгэлбэрээр тодотгуулсан үгээр илэрсэн зүйлийн хэсгийг заасан утгатай байвал гуравдугаар биед хамаатуулсан дагавартай байж, тийм биш бол хамаатуулах дагаваргүй байна. Жишээлбэл: Үс нь гуужсан тэмээ байна. Ус уусан тэмээ энэ байна гэхэд үс гэсэн нь тэмээний биеийн нэг хэсэг бол ус гэсэн нь тэмээний биед холбогдолгүй зүйл болох мэт.
Үглэгдэхүүн гишүүн үгэлбэр. Үглэгдэхүүн гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь үйлт нэр буюу ерийн нэр үгээр бүтсэн байдаг. Мөн үүн дээр үндэслэж, үглэгдэхүүн гишүүн үгэлбэрийг үйлт нэр үглэгдэхүүн гишүүн үгэлбэр, ерийн нэр үглэгдэхүүн гишүүн үгэлбэр гэж ангилж болно. Жишээлбэл: Таны хэлсэн чинь зөв байна. Нөхрийн сайн нь зовох цагт мэдэгдэнэ гэх мэт.

Хорин нэг

Үглэгдэхүүн гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь нэрлэх тийн ялгалаар хэлбэржсэн байдаг. Жишээлбэл: Багшийн хэлсэн маш зөв байна. Чиний ирсэн чинь сайн болов гэх мэт.
Үглэгдэхүүн гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь харьяалах тийн ялгалын тэг эсвэл тэг бус хувилбараар хэлбэржсэн байна. Жишээлбэл: Бороо орсон нь сайн болов. Чиний тусалсан нь зөв гэх мэт. Үглэгдэхүүн гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь мөн тодотгол гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүний нэг адил төрлийн нь олноос үл ялган, ерөнхий хэлсэн утгатай газар харьяалах тийн ялгалын тэг хувилбараар хэлбэржиж, төрлийн нь олноос ялгаж, тодорхой утгатай хэлсэн газар харьяалах тийн ялгалын тэг бус хувилбараар хэлбэржинэ. Жишээлбэл: Хүн ирсэн нь сайн. Энэ хүний ирсэн нь сайн гэх мэт.
Тусагдахуун гишүүн үгэлбэр. Тусагдахуун гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь үйлт нэр, ерийн нэр үгээр бүтсэн байна. Энэ учраас үйлт нэр тусагдахуун гишүүн үгэлбэр, ерийн нэр тусагдахуун гишүүн үгэлбэр гэж ялган хэлэлцэж болно. Жишээлбэл: Таны хэлснийг мэдэв. Хүний сайныг ханилан таних гэх мэт.
Тусагдахуун гишүүн үгэлбэрийн үглэхүүн нь заах тийн ялгалаар хэлбэржсэн байна. Жишээлбэл: Миний морь хаашаа явсныг мэдэв үү, Морины сайныг унан таних гэх мэт.
Тусагдахуун гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь харьяалах тийн ялгалын тэг ба тэг бус хувилбар, мөн заах тийн ялгалаар хэлбэржсэн байна.
Тусагдахуун гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн нь ерөнхийдөө уул гишүүн үгэлбэрийн нь үглэхүүн тусах үйл үгээр илэрсэн байвал гол төлөв харьяалах тийн ялгалын хэлбэртэй, эс тусах үгээр илэрсэн байвал гол төлөв заах тийн ялгалын хэлбэртэй байна. Жишээлбэл: Чиний хэлэхийг хүлээе. Чамайг ирэхийг хүлээе. Чиний авахыг мэдсэнгүй. Чамайг явахыг мэдсэнгүй. Чиний үзсэнийг авъя. Чамайг босохыг мэдсэн гэх мэт. Гэвч тусагдахуун гишүүн үгэлбэрийн үглэгдэхүүн дээр логик өргөлт тохиолдвол үглэгдэхүүнийг нь заах тийн ялгалаар хэлбэржүүлж, үглэхүүн дээр нь логик өргөлт тохиолдвол үглэгдэхүүний нь харьяалах тийн ялгалаар хэлбэржүүлж, тусах үйл үглэхүүнтэй боловч заах тийн ялгалын хэлбэрт үглэгдэхүүнтэй, эс ту

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com