Tuesday, 2024-03-19, 7:20 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Зургаа.МОНГОЛ ХЭЛНИЙ НИЙЛМЭЛ ҮГҮҮЛБЭРИЙН ТУХАЙ

Зургаа.МОНГОЛ ХЭЛНИЙ НИЙЛМЭЛ ҮГҮҮЛБЭРИЙН ТУХАЙ

Монгол хэлийг cyдалсан монголч эрдэмтэн нар монгол хэлний нийлмэл үгүүлбэрийн асуудлыг нэгэн адил анхааран судалсаар иржээ. Гэвч энэ асуудлын талаар монголч эрдэмтэн нарын санал одоо хүртэл нэгэн мөр болж чадаагүй харилцан зөрүү байсаар байна. Нийлмэл үгүүлбэр гэдэг бол үгүүлбэрийн зүйн дээд зэргийн нэгдэл бөгөөд ялангуяа бичгийн хэлэнд нэн арвин тохиолдоно. Энэ учраас нийлмэл үгүүлбэрийн зүйг сайн мэдэхгүйгээр утга зохиолын хэлийг чадамгай эзэмшиж чадахгүйд хүрнэ. Одоо Монгол улсад соёл шинжлэх ухаан маш түргэн хөгжин бадарч, ард нийтээр бичиг үсгээ мэддэг болсон энэ үед монгол бичгийн хэл нь хэзээ хэзээнээс илүү чухал хэрэгцээтэй болж ирсэн тул монгол хэлний нийлмэл үгүүлбэрийг боловсруулах явдал нэн чухал болж байна. Энэ үгүүлэлд монгол хэлний нийлмэл үгүүлбэрийн талаар монголч эрдэмтэн нарын гол гол саналыг мөн монгол хэлтэй гүн холбогдол бүхий турк, манж зэрэг хэлийг судалсан эрдэмтний холбогдох зарим саналыг зэрэгцүүлэн үзэж, эцэст нь зохих саналаа тавья.
1. Оросын нэрт монголч эpдэмтэн Алексей Бобровников одоогоос 107 жилийн өмнө Казан хотноо хэвлүүлсэн «Монгол-халимаг хэлний зүй» гэдэг алдарт зохиолдоо монгол хэлний нийлмэл үгүүлбэрийн тухай нэлээд дэлгэрэнгүй бичжээ.
А. Бобровников, монгол хэлэнд, хоёр буюу хэд хэдэн энгийн үгүүлбэрийг холбож нэгэн нийлмэл үгүүлбэр бүтээх ёсыг дөрвөн зүйл болгож ялган тодорхойлсон нь: 1.Нэг үгүүлбэр нь нөгөө үгүүлбэрийнхээ доторхи нэг ухагдахууныг тодотгож болно. Жишээлбэл: Таны надад илгээсэн номыг би уншив гэхэд таны надад илгээсэн гэдэг үгүүлбэр нь нөгөө номыг би уншив гэсэн үгүүлбэрийн доторхи ном гэсэн ухагдахууныг тодотгожээ. Ийм янзын үгүүлбэрийг тодотгол үгүүлбэр гэж нэрлэе.
2. Нэг үгүүлбэр нь нөгөө үгүүлбэрийнхээ гишүүний үүргийг гүйцэтгэж болно. Жишээлбэл: Би таны, зугаалж явахыг үзсэн гэхэд таны зугаалж явах гэсэн үгүүлбэр нь нөгөө би үзсэн гэдэг үгүүлбэрийн үзсэн гэдэг үгүүлэхүүний тусагдахуун ажээ. Ийм янзын үгүүлбэрийг гишүүн үгүүлбэр гэж нэрлэе.
3. Нэг үгүүлбэр нь нөгөө үгүүлбэрийн дотор хэлсэн үйлийн нөхцөл байцыг заасан байж болно. Жишээлбэл: Гэртээ хариад би ном уншив гэх мэт. Ийм янзын үгүүлбэрийг холбосон үгүүлбэр гэж нэрлэе.
4. Нэг үгүүлбэр нь нөгөө үгүүлбэрийн дотор хэн нэгний үг, санаа буюу хүслийг дурдсан мэт байж болно. Жишээлбэл: Тэр хүн ирнэ гэж хэлэв гэх мэтийн ийм янзтай үгүүлбэрийг оруулсан үгүүлбэр гэж нэрлэе» гэх зэргээр ангилан ялгажээ. (Грамматика монгольско-калмыцкого языка. Казан, 1849. стр. 264-265).
Цаашид А. Бобровников энэ дөрвөн зүйл дээр зохих жишээг гаргаж, дэлгэрэнгүй тайлбарлажээ.
2. Зөвлөлтийн монголч эрдэмтэн Г. Санжеев монгол хэлийг шинжилсэн зохиолууддаа мөн монгол хэлний нийлмэл үгүүлбэрийг нарийвчлан судалжээ.
Г.Санжеев 1953 онд хэвлүүлсэн «Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлэн зүй» гэдэг зохиолынхоо нэгдүгээр ботид монгол үгүүлбэрийн бүтцийн тухай бичсэн нь: «Үгүүлбэрийн аль ч гишүүн нь ямар нэг үгээр илэрсэн энгийн гишүүн, эсхүл үгүүлбэрийн зүйн ямар нэг хэлхээсээр илэрсэн дэлгэрэнгүй гишүүн гэж байж болно. Үгүүлбэрийн дэлгэрэнгүй гишүүн нь алимад нэг хэлэнд: 1. Хавсарсан үгүүлбэрээр (придаточное предложение), 2. Нэр үгийн холбоо үгсээр (Именное словосочетание), 3. Тодорхойгүй үйл үгийн хэллэгээр (Инфинитивный оборот), 4. Нөхцөл үйл үгийн хэллэгээр (Деепричастный оборот), 5.Үйлт нэрийн хэллэгээр (Причастный оборот), 6. Нэрлэсэн үгүүлбэрээр (Назывное предложение) тус тус илэрнэ. Монгол хэлнүүдэд бол үгүүлбэрийн дэлгэрэнгүй гишүүн бол үйлт нэр ба нөхцөл үйлийн хэллэг бөгөөд үгүүлбэрийн дэлгэрэнгүй гишүүдийн бусад хэлбэр хамгийн сүүлийн үе хүртэл байхгүй байсны учир нь: Нэгдүгээрт, монгол хэлнүүдэд захируулах тусгай холбоос байдаггүй. Хоёрдугаарт, ямар нэг нийлмэл үгийн хэлхээс нь зөвхөн үйл үгийн хүчээр бүтдэгт оршино» гэжээ (Г.Д.Санжеев, Сравнительная грамматика монгольских языков. Москва, 1953. стр. 122).
Mөн Г.Санжеев 1941 онд хэвлүүлсэн «Буриад монгол хэлний зүй» гэдэг шинжлэлдээ монгол (турк) хэлний дэлгэрэнгүй гишүүний хамгийн дэлгэрсэн хэлбэрийн нэг болох үйлт нэр тусагдахууныг А.Бобровников, Ж.Дени, Г.Д.Санжеев гурваас бусад бараг бүх монгол туркч эрдэмтэн, үүнийг орос хэлэнд заримдаа хавсруулсан үгүүлбэрээр орчуулдаг дээр зөвхөн үндэслэж хавсарсан үгүүлбэр гэж үздэг юм». Гэтэл «үгүүлбэрийн дэлгэрэнгүй гишүүн гэдэг бол түүхийн үүднээс хавсруулсан үгүүлбэрийн (придаточно-подчиненое предложение) өмнөх зүйл юм». Цаашид Г. Санжеев «үгүүлбэрийн дэлгэрэнгүй гишүүн гэдэг бол бүтцээрээ үгүүлбэр юм», «Дэлгэрэнгүй гишүүн гэдэг бол үгүүлбэрийн доторхи үгүүлбэр юм» гэх зэргээр ганц биш удаа дурджээ. (Грамматика Бурят-монгольского языка, 1941. стр. 127).
3. Зөвлөлтийн монголч эрдэмтэн Т.A.Бертагаев, зөвлөлтийн «Хэлний шинжлэлийн асуудал» гэдэг сэтгүүлийн 1953 оны дөрөвдүгээрт бичсэн «Нийлмэл үгүүлбэрийн асуудалд» гэсэн үгүүлэлдээ монгол хэлний нийлмэл үгүүлбэрийн асуудлыг дэлгэрэнгүй шүүмжлэн бичжээ.
Т.А.Бертагаевын энэ үгүүлбэрт бичсэн нь: «...хэл шинжлэгч зарим эрдэмтэн (монгол, турк хэлний) үйлт нэр ба нөхцөл үйлийн хэллэгийг (причастные и деепричастные обороты) хавсарсан үгүүлбэр (придаточные предложения) гэж үзээд, зөвхөн дурдсан хэллэгүүдийг задлан үзэх төдийгөөр гол асуудлыг төгсгөл болгож, хэрэг дээрээ тэд монгол хэлнүүдэд хавсарсан нийлмэл үгүүлбэр (сложно-подчиненные предложения) байхыг үгүйсгэдэг байна. Нөгөө зарим эрдэмтэн нap бол хэдийгээр эдгээр хэллэгийн чанарыг зөв таньж, эдгээр хэллэгийг хавсарсан үгүүлбэр биш гэж үзсэн боловч (монгол, турк хэлэнд) ерөөсөө хавсарсан нийлмэл үгүүлбэр байхыг үгүйсгэсэн буруу дүгнэлтэд оржээ. Гурав дахь зарим эрдэмтэн, 19 дүгээр зууны тэргүүн хагасын нэрт монголч А.Бобровниковын эн түрүүн тавьсан тэр үндэслэлийг цаашид өргөтгөн боловсруулахыг эрмэлзэж байна (Дурдсан сэтгүүлийн 51 дүгээр талд үз).
«Нэгдүгээр бүлгийн (зэрэгцэх, урьдчилах, хам) нөхцөл үйлээс бүрэлдсэн, нэрлэхийн тийн ялгалын хэлбэрт үгүүлэгдэхүүнтэй нөхцөл үйлийн хэллэг нь энэ мэтийн хэллэгнүүдийн дотроос хамгийн биеэ даасан хэллэг юм. Ийм хэллэг бол олон талаар үгүүлбэрт ойртох төдийгүй үүнийг үгүүлбэр гэж үзэж болно. Ийм хэллэгнүүдийн хамгийн илүү бие даасан байдал нь энгийн нийлмэл үгүүлбэрийн бүрэлдэхүүн, ялангуяа эсрэг тэсрэг утгаар хэрэглэгдэхдээ онц илэрнэ. Жишээлбэл: Шувуу нисч, манай газраар явдаг гэх мэт. Энэ хэллэг нь хүүрнэн тодорхойлсон үг хэлний энгийн нийлмэл үгүүлбэрийн хэсгийн үүргийг гүйцэтгэхдээ ийм биеэ даасан байдалтай болно. Жишээлбэл: Дулаан болж, шувуу жиргэж, цэцэг дэлгэрч, хаврын нартай дулаан өдрүүд ирлээ гэх мэт.
Гэвч хэллэг-үгүүлбэрийн биеэ даасан байдал нь уул хэллэгийн үгсийн утга ба бүхэл үгүүлбэрийн санаанаас ихээхэн холбогдоно. Жишээлбэл: Дулаан болж, ногоо ургав гэсэн үгүүлбэрт нөхцөл үйл хэллэг нь шалтгааныг зааж захирагдсан үгүүлбэрийн санааг илтгээд нөхцөл үйл нь үгүүлэхүүн болохын зэрэгцээгээр байцын шинжтэй болох нь дамжиггүй».
Зохион байгуулах төв нь нэгдүгээр бүлгийн (зэрэгцэх, урьдчилах нөхцөл үйл үгээс бүтсэн тийм хэллэгээс бусад бүх хэллэг нь зөвхөн хэллэг болох бөгөөд тэхдээ бид харьяалахын тийн ялгал буюу үгийн үндсэн хэлбэрт үгүүлэгдэхүүнгүй энгийн хэллэгээс ялгаж, эдгээрийг биеэ даасан үйлт нэр буюу нөхцөл үйлийн хэллэг буюу Г.Д.Санжеевынхыг баримталж үгүүлбэрийн «дэлгэрэнгүй» гишүүн гэж нэрлэе. Эдгээр үйлт нэр ба нөхцөл үйлийн хэллэг нь хэдийгээр ерөнхий гадаад байдлаараа үгүүлбэр мэт санагдавч эдгээрийг бидний дээр дурдсан бүхий л шинж тэмдгээр үгүүлбэр гэж үл болно. Yүн дээрээс Г.Д.Санжеев эдгээрийг онцгой маягийн үгүүлбэр гэсэн нь буруу юм» (Дурдсан сэтгүүлийн 48-49 дүгээр талд үз).
Энэ мэтээр Т.А.Бертагаев монгол хэлний зэрэгцэх, урьдчилах нөхцөл үйлээс бусад нөхцөл үйлээр бүтсэн хэллэг, мөн үйлт нэрээр бүтсэн хэллэг гэдгийг үгүүлбэр гэж үзэхгүй, зөвхөн үйлт нэр ба нөхцөл үйлийн хэллэг гэж үзвэл зохино гэжээ.
Цаашид Т.А.Бертагаевын монгол хэлний хавсарсан нийлмэл үгүүлбэрийн талаар гаргасан дүгнэлт нь: «Монгол хэлнүүдэд хавсарсан нийлмэл үгүүлбэрийн нилээд нарийн хөгжсөн систем байна. Хавсарсан нийлмэл үгүүлбэр нь монгол хэлнүүдэд мөн залгамал хэлнүүдэд Маррын судалсан онолын ёсоор энгийн үгүүлбэрийн дотор үүссэн биш харин шууд хэлсэн хөндлөнгийн үгээс «гэх» гэдэг үйл үгийн янз бүрийн хэлбэрийн утгыг алгуурхнаар хийсвэрлэн бодох аргаар үүсчээ. Бас монгол хэлний хавсарсан нийлмэл үгүүлбэрийн хэлбэржин тогтоход монгол хэлний жинхэнэ хавсарсан нийлмэл үгүүлбэрээр илрүүлж үл болох тийм тийм хавсарсан нийлмэл үгүүлбэрийн үүргийг гүйцэтгэдэг мөнөөхөн бидний «биеэ даасан гэж нэрлэсэн», «биеэ даасан үйлт нэр ба нөхцөл үйлийн хэллэг» зохих үүргээ гүйцэтгэжээ» гэжээ. (Дурдсан сэтгүүлийн 58-59 дүгээр талд үз).
Энэ мэтээр Т.А.Бертагаев монгол хэлний таны морио аваачихыг би мэдсэнгүй, таныг морио аваачна гэснийг би мэдсэнгүй гэсэн хоёр нийлмэл үгүүлбэрийн түрүүний үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан «таны морио аваачихыг» гэснийг биеэ даасан үйлт нэрийн хэллэг (самостоятельный причастный оборот) гэж үзээд сүүлчийн үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан «таныг морио аваачна гэснийг» гэснийг нь, хавсарсан үгүүлбэр (придаточное предложение) гэж үзэн «гэснийг» гэснийг нь тус хоёр үгүүлбэрийг холбосон холбоос гэж үзжээ.
4. Зөвлөлтийн эрдэмтэн А.А.Холодович 1954 онд хэвлүүлсэн «Солонгос хэлний зүйн ерөнхий тойм» гэсэн шинжлэлд бичсэн нь: Орос хэлний зүйд хавсарсан тодотгол үгүүлбэр, жишээлбэл: «узкая дорога была покрыта снегом, который проваливался под ногами» ба үйлт нэрийн хэллэг «узкая дорога была покрыто снегом, проваливавшимся под ногами» гэж ялгадаг. Тэгэхдээ энэ xоёp хэллэгийг утгаараа үлэмж ойролцоо гэж заадаг. Солонгос хэлэнд бол хавсарсан тодотгол үгүүлбэрийг үйлт нэрийн хэллэгтэй ингэж эсрэгцүүлэн тавьж үл болно. Орос хэлэнд байдаг энэ хоёр боломж солонгос хэлэнд ямар yчpаac байж болдоггүй юм бэ? гэвэл солонгос хэлэнд харьцангуй холбоос ба холбоос үг байдаггүй. Мөн солонгос хэлэнд үйл үг тодотгол нь үгүүлэхүүний төгс хэлбэрээр байдаггүй, дан ганц үйлт нэрээр илэрдгээс тийм хоёр боломж байж болдоггүй ажээ. «Который провалился под ногами», «проваливщийся под ногами» гэх мэтийн холбоо үгс нь солонгос хэлэнд юу болох вэ гэвэл уул үйл үг нь үйлт нэрийн хэлбэртэй байх тул (эдгээр хоёр нь) хэлбэрийн хувьд үйлт нэрийн хэллэг болно. Гэвч энэ нь үгүүлэгдэхүүнтэй байж болдог тул ийм холбоо үгс нь орос хэлний хавсарсан тодотгол үгүүлбэртэй адил юм. Энэ мэтээр солонгос хэлний дурдсан хэллэг нь орос хэлэнд хавсарсан тодотгол үгүүлбэр, мөн үйлт нэрийн хэллэгийн аль алины онцлогийг биедээ хадгалавч чухамдаа аль нь ч биш юм. Энэ учраас ийм хэллэгт өвөрмөций нь илрүүлэх тусгай нэр томьёо чухал болж байна. Ялангуяа энэ мэтийн онцлог нь дан ганц солонгос хэлэнд ч биш бүх алтайн хэлнүүдэд нэг адил байгаа байдалтай тул тийм тусгай нэр томьёо бүр ч чухал болж байна» гэжээ (Очерк грамматика Корейского языка, Москва, 1954, стр. 225).
5. Зөвлөлтийн эрдэмтэн Н.И.Фельдман 1952 онд «Дорно-дахиныг судлах институтийн эрдэмтний бичиг» гэдэг хэлний шинжлэлийн түүврийн дөрөвдүгээр ботид хэвлүүлсэн «Орчин цагийн япон хэлний үгүүлбэрийн бодит ба хуурмаг тийн ялгалын тухай» гэсэн үгүүлэлдээ бичсэн нь: «Үгүүлбэрүүдийг энгийн нийлүүлэх буюу хавсарган нийлүүлэхдээ нэг бол холбоос буюу харьцангуй төлөөний үгийг хэрэглэж, эсхүл хэрэглэхгүйгээр нийлүүлэх хоёр үндсэн арга байдаг нь хэн бүхэнд мэдээж хэрэг юм. Холбоос үл хэрэглэх арга нь дотроо мэдээж дэс дараагаар нь xaмжyyлан холбох, бас тусгайлан үгүүлэхүүний илтгэгчээр буюу өөрөөр хэлбэл захирсан үгтэйгээ хэрхэн холбогдох харьцааг заагч үйл үгийн хэлбэрээр нь холбохыг, мөн захирсан үгүүлбэрийн үгүүлэхүүнийг, нэрийн зүйлийг захирахад xэрэглэдэг тэр илтгэгч буюу тухайлбал, тийн ялгалаар хэлбэржүүлэн холбох зэрэг янз янзын арга байдаг. Сүүлчийн энэ арга нь монгол буриад зэрэг монгол хэлнүүдэд, турк, алтай, уйгур, ногай зэрэг турк хэлнүүдэд, түнгүүс нанай зэpэг түнгүүс манжийн бүлэг хэлнүүдэд мөн энэхүү үгүүллийг зориулан бичиж байгаа япон хэлэнд тус тус байдаг байна.
Нэг үгүүлбэрийг нөгөөд нь тийн ялгалаар захируулах нэрийг хэрэглэх боломж нь дараа дурдсан үгийн зүйн хоёр үзэгдэлтэй холбогдолтой юм. Үүнд нэгдүгээрт, (эдгээр хэлнүүдэд) залгамал тийн ялгалалтын, хоёрдугаарт, үгүүлэхүүн болохын зэрэгцээгээр тийн ялгалалт буюу өөрөөр хэлбэл өмнөх үгсдээ заах төлөвийн утгатай (буюу үгүүлэхүүний утгатай) байдаг тул үгүүлэгдэхүүнтэй байж болно. Бас үйл үгийн хувьд нэрийн зүйлийг бүрэн захирч чаддаг тул тусгагдахуунтай (мөн шууд тусгагдахуунтай) байж болдог ба дараахь голлосон үгэндээ нэpийн зүйлтэй нэгэн адил байдаг ажээ» (Н.И.Фельдман «О реальном и фиктивном склонении предложении в современном японском языке». Ученые записки института востоковедения Т. IV. стр. 230-231)
Н.И.Фельдманы цааш бичсэн нь: «Сүүлийн үеийн монгол, туркийн судлалд дурдсан зүйл дээр үгүүлбэр гэдэг нэр томьёог бараг хэрэглэхгүй болжээ. Бүр дээр үед Дени гэдэг (туркч) эрдэмтний бичсэн нь: «турк хэлэнд хавсарсан үгүүлбэр (придаточные предложения) ихээхэн ховор тул захирагдсан үгүүлэхүүн үгсийн хэлхээсийн ерийн хэлбэр нь хуурмаг үгүүлбэр (квози-предложение) юм», «Ийм хуурмаг үгүүлбэрийн хэл зүйн хэлбэр нь үгүүлбэрт гүйцэтгэх үүргээрээ буюу өөрөөр хэлбэл үгүүлбэрийн гишүүний чанараар тайлбарлагдах бөгөөд энэ хэлбэр нь ерийн гишүүний хэлбэрийн нэг адил юм» гэжээ. А.Н.Кононов мөн турк хэлний хувьд үнэндээ «Захирагдсан үгүүлбэр нь энгийн үгүүлбэрийн аль нэг гишүүний хэл зүйн хөгжлийн үр дүнд мөнхүү энгийн үгүүлбэрийн дотроос үүсэн гарна» гэж хэлэвч мөн дорхноо, энэ томьёогоо тайлбарлахдаа үйлт нэр, нөхцөл үйл хийгээд зарим үйлийн нэр нь «үгүүлбэрийн дотор үгүүлбэрийн дэд гишүүний үүргийг гүйцэтгэхдээ... (өөр систем бүхий хэл, жишээлбэл орос хэлний үүднээс үзвэл) янз бүрийн хавсарсан үгүүлбэрийн утгыг нэвтрүүлэх бололцоотой» гэжээ.
Н.П.Деренкова, «алтайн хэлэнд үгүүлбэрийн гишүүн нь саланги нэг үгнээс, мөн хэд хэдэн үгнээс бүтсэн байж болно. Энэ нь үйлт нэр, нөхцөл үйлийн тусгай хэллэг юм. Ийм хэд хэдэн үгсийн хэлхээсээс үгүүлэгдэхүүн тодотгол буюу тусагдахууны нийлмэл бүтэц бий болно. Эдгээрийг үгүүлбэрийн дэлгэрэнгүй гишүүн буюу хэллэг гэж нэрлэж болно» гэжээ.
«Үйлт нэрийн хэллэг», дэлгэрэнгүй гишүүн» гэдэг нь дурдсан цогцсын хамгийн дэлгэрсэн нэр болжээ. Баc Б.М.Насилов, уйгур хэлэнд мөн энэ үзэгдлийг «дэлгэрэнгүй тусагдахуун», «дэлгэрэнгүй тодотгол», «дэлгэрэнгүй үгүүлэгдэхүүн» гэж шууд нэрлэж байна. Н.А.Баскаков, нийлмэл үгүүлбэр нь томьёолбол хавсарсан үгүүлбэр гэж нэрлэж болно. Тусгай хэллэгээр нэршсэн «энгийн үгүүлбэрийн» байдалтай байж болно. Ногай хэлний хавсарсан үгүүлбэр нь чанартаа салангид үгээр биш, тусгай хэлхээс болон хувирсан, бүхэл үгүүлбэрээр илэрсэн энгийн үгүүлбэрийн тийм гишүүд юм гээд цаашид энэ тусгай хэлхээсээ үйлт нэрийн хэллэг гэж нэрлэжээ. В.И.Аврорин, «тийн ялгалаар ялгаллагдах хамааруулсан хэллэг» гэсэн нэр томьёог хэрэглэжээ. «Үйлт нэрийн хэллэг» гэсэн эдгээр нэр томьёог хамгийн их өмгөөлөгч Г.Д.Санжеев «үгүүлбэрийн гишүүн нь салангид үгээр, мөн бүхэл бүтэн бүлэг үгсийн аль алинаар нь байж болно. Бүхэл бүтэн үгсээс буюу өөрөөр хэлбэл үйлт нэр, нөхцөл үйлийн хэллэгээр бүтсэн, үгүүлбэрийн гишүүнийг дэд дэлгэрэнгүй гишүүн гэж нэрлэдэг» гэж бичжээ...

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com