Tuesday, 2024-03-19, 11:05 AM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Бүлэг 2 Их сургуулийн жилүүд (Үргэлжлэл)

Үүнээс ч айхтар жишээ хэлье. 1920-иод оны эхээр Эрдэмбилиг гэж Дагур Петроградад сурахаар ирэв. Дагур бол 13 – 16-р зууны үед хэлцэгдэж байсан Дунд Үеийн Монгол хэлний онцлогийг хадгалсан, нэн эртний, сонирхолтой хэлээр ярьдаг Монгол аймаг юм. Дагур хэл урьд нь огт судлагдаж байгаагүй тул би сонирхож, Владимирцовоос тэр оюутантай ажиллавал хэрхэхийг асуулаа. Тэрбээр "Өө, тэр дэмий дээ. Дагур бол Монгол, Манж хэлний ямар ч сонирхолгүй нийлц байгаа юм. Би аль хэдийн тэр хүнтэй ажиллаж үзсэн, юу ч гарахгүй юм билээ” гэв. Ингээд би Эрдэмбилигтэй ажилласангүй. Хэдэн жилийн дараа 1927 онд, Монголд хоёрдахь удаагаа аялж байхдаа би Монголын нэрт судлаач, Хаант засгийн үед Петрбургийн Их Сургуульд хичээл зааж явсан, Агын Буриад Жамсрангийн Цэвээнтэй уулзав. 1910 – аад оны үед тэрбээр Оросын иргэншлээс хасагдаж, Монголд цөлөгдсөн юм. 1927 он гэхэд Цэвээн, хожмоо 1961 онд Шинжлэх Ухааны Академи хэмээн нэрлэгдсэн Судар Бичгийн Хүрээлэнгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тэрбээр надад Улаанбаатар хотноо хэсэг Дагур хүн амьдарч байгааг дуулгаад, "Тэр хүмүүс нэн эртний Монгол хэлээр ярьдаг юм. Чи судалбал тун сонин байх сан” хэмээв. Владимирцов тэр Дагуруудтай огт хамаагүй тул би түүнийг эмзэглүүлнэ гэсэн ямар нэг эргэлзээ, зовнилгүйгээр судалгаагаа эхлэв. Би маш сонирхолтой баримтууд цуглуулж, түүнээ 1930 онд хэвлүүлсэн билээ . Тэгээд нэг хувийг нь Владимирцовд барив. Дараа нь тэрбээр "Энэ үнэхээр сонин хэл байна шүү. Тийм эртнийх гэдгийг нь төсөөлсөн ч үгүй” гэж хэлж билээ. Би дотроо "Бүр хориод оны эхээр намайг судлах гэхэд Дагур бол Монгол Манж хэлний ямар ч сонирхолгүй нийлц гэж хэлж байсан хүн та биш бил үү? Тэгэхэд та үнэнээсээ тийн бодож байсан гэж үү?” хэмээн бодон зогсов. Үнэндээ Владимирцов надад үнэн санаанаасаа хэлсэн бус Эрдэмбилигтэй ажилласнаар ямар нэг бүтээл гаргачих болов уу хэмээн атаархсан л хэрэг юм.

Владимирцов гэж ийм л хүн байлаа. Гарамгай эрдэмтэн боловч өөрийн гэсэн сул талтай нэгэн. Хожим, 1929 онд тэрбээр Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон боловч энэ цолныхоо үр шимийг хоёрхон жил амссан билээ. 1931 оны 8 сарын 17-ны өдөр, намайг Сэлэнгийн Буриадад байхад Владимирцов 47 насандаа өөд болов. Зүрхний шигдээсний анхны бөгөөд цорын ганц цохилт түүнийг гэнэтийн үхэлд хүргэжээ. Владимирцовын амьдралын хэв маяг нэн хачин байсан тул энэ нь тийм ч санаанд оромгүй мэдээ биш байлаа. Ажлаа оройны арав, арван нэг хүртэл эхлэхгүй, тэгээд эхлэхээрээ бүр үүрийн дөрөв, тав хүртэл сууна. Нойрмоглохгүйн тулд ром, брэнди хольсон маш өтгөн кофе их хэмжээгээр ууна. Өглөө арвын үед босоод үд дунд их сургууль юм уу, академи руу явна. Оройн хоолоо идэхээр таван цагийн үед гэртээ харина. Тамхийг угсруулан татах ба өдөртөө тус бүр нь 25 папирос бүхий тамхи хоёр ч хайрцгийг дуусгана. Мөн Япон маягийн час халуун ваннд дуртай байв. Буцлам халуун ваннд сууж байхдаа дотроосоо мөн хална хэмээн бүтэн шил дарс нэг дор ууж орхино. Амьдралын ийм л хэв маяг нь түүнийг үхэлд дөтөлж байсан юм. Учирч болох аюулын талаар анхааруулахад минь тэрбээр үл тоон, "Амьдрал өөрөө эрүүл мэндэд хортой юм аа” гэдэг сэн.

Миний өмнө дурдсан Алексей Васильевич Бурдуков албан ёсны боловсрол бараг үгүй боловч хүн судлал, аман зохиол, хэлний талаар машид сонирхдог, ихийг уншсан хүн байлаа. Тэрбээр Монгол үлгэр домог, дуу болон бусад хэрэглэгдэхүүн цуглуулсан, өөрөө өөрийгөө боловсруулсан судлаач байв. Бурдуков материалаа Котвич болон Петроградын бусад нэртэй судлаач нарт илгээдэг, тэр ч байтугай зарим өгүүлэл нь Оросын Угсаатны зүйн Хүрээлэнгийн албан хэвлэл болох Живая Старина сэтгүүлд хэвлэгдэж байлаа. Хувьсгалын дараа Бурдуков Петроград руу нүүж, Монгол хэлээр чөлөөтэй ярьдаг байсан тул Дорно Дахины Хэлний Хүрээлэнд Монгол ярианы хэлний багш болсон юм. 1933 бил үү 34 онд Ленинградад айхтар гачаал болж байхад Бурдуков Монголоос авчирсан 2 унц алттай шороогоо сайн танил эмэгтэйдээ өгч Сибирээс хүнс авчруулахаар болж. Мөнөөх эмэгтэй алтаар хүнс худалдан авч байгаад хар захын ажиллагааг мөрдөж байсан цагдаа нарт баригджээ. Байцаалтын явцад эмэгтэй алтныхаа зарим хэсгийг Бурдуковынх гэдгийг хүлээсэн байна. Удалгүй нууц цагдаагийнхан Ленинградад Бурдуковыг ч баривчилж, бүх алтаа гаргаж тушаавал суллана хэмээжээ. Тэрбээр өөр алт байхгүй гэж мэдүүлсээр байсан тул шоронгоос гарч чадсангүй, харин ч дээр нь нэмээд эхнэрийг нь баривчлав. Тэгээд тэд алтаа гаргаж өгөхөөр шийдэж, охин Тайсиядаа захидал бичин, алтыг хаанаас авахыг зааж, нууц цагдаагаас илгээсэн хүнд өгөхийг хүссэн байна. Хожим ШУА-д миний нарийн бичиг болсон тэр охин нь эцэг эхийнхээ зааварласан ёсоор бүхнийг хийж, нөгөө хоёр ч суллагджээ. Гэвч дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд өмнө нь баривчлагдаж байсан бүх хүн дахин баривчлагдаж, Бурдуков ч 1941 оны 7 сард нууц цагдаад баригдан, энэ удаад эргэж ирэлгүй, үүрд алга болсон доо. Олон жилийн хойно Сталины үхлийн дараа Тайсия аавынхаа дурадхалыг хэвлүүлсэн бөгөөд өмнөх үгэндээ аавд нь чухам юу тохиолдсоныг бичсэн билээ.

Эхэн үедээ Владимирцовтой, дараа нь надтай ойр дотно ажиллаж байсан Бурдуковын ертөнцөөр жаахан аялаад буцахдаа их сургуулийнхаа багш нарыг тодорхойлъё. Бусад багш нарын маань дотор Польшийн судлаач Владислав Котвич байв. Би түүгээр Манж болон Ойрад (Халимгийг оролцуулаад) хэл заалгасан юм. Котвич Владимирцовоос огт өөр, хүн сонсохын аргагүй аяархан ярьдаг, дуу муутай хүн байв. Төрөлхийн эрүүл бус, санаагаараа өвддөг тул олон ч хичээл тасалсан. Нэг өдөр би түүний охин, Дорно Дахины Хэлний Хүрээлэнгийн номын санч Мариагаас аавыг нь сургууль дээрээ ирэх эсэхийг асуухад "Ирэхгүй ээ, өчигдөр аав шалбааган дээр гишгээд хөлөө норгочихсон. Өнөөдөр өөрийгөө ханиад хүрсэн гэж бодож байгаа” гэж хариулж билээ. Иймэрхүү явдал олон тохиолдоно. Котвич том, халаалтгүй байрандаа охиноосоо өөр хань үгүй, эгээ л даяанч шиг амьдардаг байв. Эхнэр нь архинд орж бүр өмнө нас барсан бөгөөд Мариагийн бага нас тун гунигтай өнгөрчээ. Котвич агуу эрдэмтэн байсан боловч хүний хувьд нэн этгээд, бяцхан охиноо харин яаж өсгөж чадсаныг нь таахад бэрх. Тэднийд юм бүхэн жигтэй. Нэг удаа би тэдний гэрт тууль бил үү дээ, нэг Ойрад эх уншиж суув. Тэсэхийн аргагүй хүйтэн байсан тул хөнжил нөмөрсөн суулаа. Яг тэр өдөр бил үү, үгүй бил үү, ямар ч байсан тэднийд уншлага хийн сууж байтал толгой дээр минь гэнэт чанга чимээ гарав. Дээш харвал зуухан дээр нь хэрээ сууж байна. Котвич "Өө хөөрхий, энэ амьтныг би гудамжнаас олсон юм. Үхэж байхаар нь аваад ирсэн, одоо манайд амьдардаг юм” гэж билээ. Котвич Оросоос 1923 онд гарч, төрөлх Польшдоо буцсан. 1944 онд Вильнюс хотыг Зөвлөлтийн арми эзэлсний дараахан тэнд нас барсан юм.

Манай Түрэг хэлнүүдийн багш бол атаман Самойловичийн удам, Украйн гаралт Александр Николаевич Самойлович байлаа. Тэрбээр эелдэг, хөгжилтэй, сайхан хүн байв. Сайн дарс, сайхан хоолонд нугасгүй, онигоо их ярьдаг сан. Ер нь бүх л талаараа Котвичийн яг эсрэг хүн. Котвич монгол, халимаг аль алинаар нь огт ярьдаггүй, Владимирцов монголоор тааруухан ярьдаг байсан бол Самойлович турк хэлээр цэв цэвэр ярина. Тэрбээр бас узбек, крымын татаар хэлтэй, туркмен хэлний өндөр мэдлэгтэй хүн байлаа. Түүний бүтээл арвин , дээр нь тун таатай, маш сайн багш байсан юм. Самойловичтай би В. Радловын цуглуулсан Алтайн Түрэгийн эхүүд , Абул Гази Бахадур Ханы бичсэн Цагаадай хэлний түүх болон Аннет Беверижийн хувилан хэвлэсэн Бабур хааны дурадхалыг уншсан.

Би түүнтэй бас Орхоны Түрэг эхүүдийг уншиж эхлээд байсан боловч харамсалтай нь гадаад хэргийн комиссар Карахан түүнийг ажилд авч, Турк руу илгээсэн билээ. Сүүлд Самойлович мөн Узбек болон Дундад Азийн бусад үндэстнүүдэд соёл дэлгэрүүлэхийн тулд Туркестанд илгээгдэж байв. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр Карахан, Узбекийн бусад удирдагчид болох засгийн газрын тэргүүн Файзуллах Ходжаев, Узбекистаны Коммунист Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга Икрамзаде нарын хамт баривчлагдан цаазлуулсан юм. Эдгээр албаны хүмүүсийг урвагч, үндсэрхэг үзэлтэн, фашист байгууллагын хамсаатнууд хэмээн буруутгасан билээ. 1938 оны зун Самойлович ч мөн баригдаж сураггүй болов. Түүнийг Хойт Кавказын Кисловодск сувиллын газар баривчилсан бөгөөд тэгэхэд манайх бас тэнд байсан юм. Бид тэднийд үе үе айлчилдаг байв. Нэг удаа очиход гэртээ байгаагүй бөгөөд тэнд амрагчид урьд шөнө нь нууц цагдаагийнхан ирж баривчилсныг дуулгасан билээ. Самойлович тэгээд удалгүй нас барсан байх. 1978 онд түүнд зориулсан боть Тюркологический сборник 1974 нэрээр хэвлэгдсэн бөгөөд бусад зүйлсээс гадна Самойловичийн намтрыг оруулсан байв. Намтарт нь амьдралынх нь нарийн ширийнийг тухайлан бичсэн боловч хэзээ, хаана, хэрхэн өөд болсныг нь огт дурдсангүй. Тэдэн онд тэгж явсан, энэ жил нь ийм юм хийсэн гэхчлэн уншиж байтал гэнэтхэн 1938 онд нас барсан гээд гараад ирэх нь гайхалтай. Харамсалтай нь иймэрхүү зүйл Зөвлөлт Холбоот Улсад байнга тохиолддог. Их хэлмэгдүүлэлтэнд өртөөд цагаадсан судлаачдад зориулан тусгай боть гаргахдаа амьдралынх нь сүүлчийн жил, хэрхэн нас барсан тухайг нь орхигдуулна.

Би Самойловичид талархаж явдаг юм. Чухам Самойловичийг л асуусны тул би анхныхаа номыг Якут хэлзүйгээр бичиж байлаа. Якутын хэвлэлийн хороонд хэлзүй хэрэгтэй байсан учир анхлан түүнээс гуйхад мань хүн их завгүй байсан тул орондоо надаар бичүүлсэн юм. Тэр ном 1926 онд хэвлэгдсэн . Самойлович бас 1926 онд Бакуд болсон Түрэг судлалын анхдугаар их хуралд илтгэл тавихыг надад зөвлөсөн хүн билээ. Владимирцовын надад хэзээ ч хурал цуглаанд илтгэл тавихыг зөвлөдөггүй байсантай харьцуулахад Самойлович огт өөр хүн байсан юм. Би Самойловичид их сайн байсан, сураггүй болсноос нь хойш их ч үгүйлсэн дээ.

Түрэг судлалын өөр нэг багш маань Оросын Үнэн Алдартны шашны ламын хүү, Сергей Ефимович Малов байв. Малов Владимирцовоос хавьгүй ахмад, дөч гарсан хүн байлаа. Түрэг хэлнүүдээр чөлөөтэй ярих боловч дуудлага нь их хатуу. Владимирцов "Маловын чихэн дээр баавгай гишгэчихсэн юм” хэмээн дамшигладаг сан. Гэхдээ Малов Түрэг хэлнүүдийн талаар онолын асар их мэдлэгтэй судлаач байсан юм. Тэрбээр алдарт Түрэг судлаач Радловтой олон жил хамтран ажилласан, туслах нь байсан хүн. Эртний Уйгур хэлний талаарх мэдлэгээрээ түүнтэй зэрэгцэх эрдэмтэн дэлхийд байсангүй. Малов Шар Уйгур болон бусад үндэстнүүдийн талаар гайхамшигтай бүтээлүүд гаргасан . Тэрбээр өргөлтгүй о (= ə) – г о– гоор дууддаг Хойт Оросын аялгаар ярина. Оросын ихэнх хэсэгт боловсролтой хүмүүс тийн дууддаггүй байсан юм. Малов бас л этгээд хүн байв. "Чих рүү нь гэнэт юм үсрээд орчих вии” хэмээн телефон утас огт үл хэрэглэнэ. Өрөөнөөс гарахад гэрэлтэй байвал, тэр нь лаа ч байсан хамаагүй, "Цахилгаанаа үлээгээд унтраачихъя” гэдэг сэн. Айлд зочлохдоо найр дөнгөж эхэлж байхад л дарс уугаад дахихгүй. Түүнийгээ тайлбарлахдаа "Эхнэр маань мэдчихвэл ‘Амаа ангайгаад үлээ, Хөгшин чөтгөр минь, чи дахиад л гударчхаа юу’ гэж загнана” гэдэг байв. Маловтой би эртний Уйгур эх, ялангуяа Алтун Ярук (Алтан гэрэл судар), мөн орчин цагийн Татаар эх уншсан юм. Малов 1957 онд, намайг АНУ-д байхад нас барсан билээ.

Түрэг судлалын гуравдахь багш маань П. А. Фалев гэж залуухан багш байсан бөгөөд би түүгээр Османли Түрэг (Одоогийн Турк улсын түрэг хэл. Орч.) болон Фалевийн өөрийнх нь тусгайлан судалж байсан Ногай хэлийг заалгаж байв. Түүнтэй би бас араб үсгээр хэвлэгдсэн Казахын Едигэ туулийг уншиж байлаа. Гэвч, харамсалтай нь энэ хичээлүүд удаан үргэлжлээгүй, Фалев 1921 онд Туркестанд аялж ирээд юм туурч халуурсаар өөд болсон билээ. Ийм өвчин тэр үед Орос даяар тархсан байв. Фалев Туркестан руу оюутнууд авч дадлагын ажил хийлгэхээр явсан бөгөөд Петроград руу буцах замдаа өвчин тусч, нас барсан юм.

Би бас Төвд хэлийг нэрт Самгард болон Төвд судлаач Федор Ипполитович Щербатской багшаар заалгасан. Би түүнтэй Шантидевагийн бичсэн Бодичирьяаватара хэмээх самгард бүтээлийн төвд орчуулгыг уншсан юм. Тэрбээр маш их мэдлэгтэй, сайн багш байсан боловч заримдаа хэтэрхий их шахдаг байв. Түүний гол дутагдал нь хүүхэн. Тийм том эрдэмтэн гэхэд зартай хүүхэмсэг, эмэгтэйчүүдтэй их бүдүүлэг харьцдаг хүн байлаа. Бүх эмэгтэйчүүд түүний хувьд нэг л утгатай, тэднийг зөвхөн тэр л талаар ашиглана. Нэг удаа ШУА-ийн байнгын нарийн бичгийн дарга Ольденбург Щербатскойн гэр лүү бичээч эмэгтэйг хамт ажиллуулахаар илгээжээ. Тэр даруйдаа л нөгөө бүсгүй сэгсийсэн амьтан буцан гүйж ирээд, уйлж, дахин хэзээ ч тийшээгээ зүглэхгүй гэж байж билээ. Миний анхны эхнэр Наталиягийн нэг найз хүүхэн эхнэрт маань доорх түүхийг ярьсан юм. Нэгэн баярын ширээн дээр тэр бүсгүй Щербатскойн хажууд сууж таарчээ. Щербатской гараа явуулан хөл, гуяыг нь базаж эхэлж. Бүсгүй "Одоохон болихгүй бол хашгирлаа шүү” хэмээн анхааруулан шивнэж байж зогсоосон байна.

Хэдий тийм боловч Щербатской зоригтой, үнэнч хүн байсан бөгөөд жинхэнэ итгэл үнэмшлээсээ хэзээ ч хазайгаагүй юм. Зөвлөлтийнхний ардчилал гэж нэрлэдэг болгоныг тэр үзэн яддаг байв. Нэг явдлыг би санаж байна. ЗХУ-ын Дорно Дахины Нийгэмлэгийн нэгэн хуралдаан дээр нэрт Япон судлаач , профессор Конрад эртний Японы ардчилсан институцийн талаар илтгэсэн юм. Илтгэлийн дараах хэлэлцүүлэг дээр Щербатской "Профессор, та ардчилал гэж чухам юуг хэлж байна вэ?” хэмээн асуув. "Хүмүүс цуглан, асуудлыг хэлэлцэх, мөн сонгох, саналаа өгөх эрхтэй” гэхчлэн хариулж байтал Щербатской таслан, "Тийм үү, тэгвэл ямар ч тэнэг толгойдоо юу орсноо бурж байх эрхтэй байх нь ээ?” гэж билээ. Гэгээн өдөр тэнгэр ниргэх шиг л болж, бүгд л Щербатскойг баригдана гэж айж байлаа. Гэтэл айх юм байсангүй, учир нь тийм хамаа намаагүй ярьдаг улсыг нууц цагдаа оролддоггүй байсан юм. Тийм зоригтой өөр хүн гэвэл физиологич Павлов байв. Тэр их шүтлэгтэй хүн байсан тул тэдний хүрээлэн шинээр тогтоосон тавдахь өдөр болгон амардаг тогтолцоог дагалгүй бүтэн сайндаа л амардаг байлаа. Тэр ч байтугай лабораторынхаа хананд ертөнцийн эзний хөрөг өлгөсөн байдаг байлаа. Павлов нэр цуу нэгэнт түгсэн байсан тул Зөвлөлтүүд яаж ч чаддаггүй байсан юм.

Их Сургуулиасаа санаж буй өөр багш маань гэвэл Семит судлаач Павел Константинович Коковцов байна. Тэрбээр маргаан байхгүй, мундаг эрдэмтэн, бас шударга хүн байв. 1911 онд Киев хотноо, Мендел Бейлис хэмээх жүүд эрийг Ющинский гэдэг христчин хүүхдийг шашны ёслолд зориулан хөнөөсөн хэрэгт буруутган шүүх хурал болсон юм. Коковцов энэ шүүх хуралд Иудын шашны шинжээчээр оролцох хүсэлт гаргажээ. Шүүх хуралд оролцсон бүх гэрч Бейлисийг буруутай хэмээн мэдэгдсэн боловч Коковцов ганцаар Жүүд нар хэзээ ч шашны ёслолдоо хүн хөнөөж байгаагүй, харин ч тэдний шашин бүх төрлийн аллагыг хориглодог юм хэмээн мэдэгдсэн байна. Түүний баталснаар Жүүдүүд матцо (шашны ёслолд хэрэглэх нэгэн зүйл талх. Орч.) – ныхаа зуурсан гуриланд цус огт хийдэггүй, учир нь цус түүнийг бузарлана гэж үздэг аж. Коковцов нарийвчилсан мөрдлөгийг шаардав. Гэтэл Бейлисийн өрөөний ханан дахь цус гээч нь ердөө хоолны үлдэгдэл болж таарч, Бейлисийн эсрэг мэдүүлж байсан гол гэрч Вера Чеберяк гэж хүүхэн янхан болох нь тогтоогдов. Бейлисийн эсрэг мэдүүлэг өгөхгүй бол орлогогүй болгоно хэмээн заналхийлсэн цагдаагаас айж тийн мэдүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад мөн хүүг хороосон жинхэнэ алуурчдын дотор нэгэн харгис бүлэглэлийн гишүүн, Вера Чеберякийн үйлчлүүлэгч байсан нь тогтоогдсон байна.

Семитийн эсрэг үзэл Орост газар аваад байсан тэр үед Коковцовын энэ үйлдэл түүнийг хир зоригтой, шударга, сайн хүн байсныг илтгэнэ. Гэвч тэр бас жирийн бус хүн байв. Залуудаа мань эр нэг удаа Палестинд очиж суралцахаар явсан гэнэ. Гэтэл, ердөө Истанбул хүрээд л буцаад ирж. Үүнийгээ тайлбарлахдаа тэрбээр Истанбулд модны мөчир салхинд унаад гудамжинд хэвтэж байхыг харсан гэнэ. Тэгээд "Истанбулд байдал ийм байгаа юм чинь хаа хол Палестинд бүр хэцүү байгаа” гээд буцсан гэх. Өөр нэг тохиолдол хүүрнэхэд, Владимирцов нэг удаа түүнтэй Петроградад Нева мөрний гүүрэн дээр таарчээ. Коковцов нэг малгай өмсөөд гартаа бас нэг малгай барьсан байна гэнэ. "Багш, та шинэ малгай аваа юу?” гэж Владимирцовыг асуухад "Үгүй ээ, энэ хуучин малгай. Хэд хоногийн өмнө би үүгээр алхаж яваад нэг хүний малгайг салхи хийсгээд аваад явчихсаныг харсан юм. Тэгээд юмыг яаж мэдэх вэ гэж илүү малгай барьж яваа юм аа” гэсэн гэдэг.

Коковцов өөрөө ганц бие, гэрлэлтийг үнэнээсээ эсэргүүцдэг хүн байв. Түүний бодлоор бол эрдэмтэн хүн гэрлэх ёсгүй, учир нь судалгааны ажилд нь саад болно гэнэ. Тийм ч учраас түүний шавь М. Н. Соколов нэг удаа гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд "Битгий гэрлэ. Эмэгтэй хүн үнэхээр хэрэгтэй байвал эмсийн хүрээлэнд л очихгүй юу” гэж зөвлөжээ. Гэвч Соколов зөвлөгөөг нь хүлээн авалгүй, эхнэр авсан тул удаан хугацаанд Коковцовын дургүй хүний нэг болсон юм. Тэр Соколов, Коковцовын өөр нэг шавь А. П. Алявдин хоёр хоёул Оросын Үнэн Алдартны Шашны номлогчийн хүүхдүүд байсан бөгөөд тэрнээсээ ч болсон уу, 1937 онд хоёул баригдаж, үүрд сураггүй болсон билээ. Коковцов шавь нараа суллуулахаар хөөцөлдсөн боловч бүтээгүй. Коковцов өөрөө өндөр наслаад, 1941 -42 оны өвөл, Ленинградын бүслэлтэд нас барсан юм.

Тийм ч их этгээд зүйл олохооргүй нэг багш маань гэвэл нэрт Дорно дахины судлаач Василий Владимирович Бартольд байна. Тэрбээр дэлхийд нэртэй, сайн эрдэмтэн байсан боловч гадаад төрх нь барагтайхан, долир, хазгар нэгэн байв. Туркестанд нэг удаа морь унаж яваад унаж, хөлөө хугалсан гэдэг. Хөлийг нь боохдоо зөв байрлуулаагүйгээс болж, Бартольд бүх насаараа хазгар болсон юм. Үүнээс бүр хэцүү нэг юм нь тэрбээр айхтар ээрүү, бүр ойлгохын аргагүй агаад энэ нь ялангуяа шалгалтан дээр хүндрэл учруулна. Асуултаа давтахыг хүсэх юм бол мань хүн багтартлаа уурладаг байв. 1921 оны нэг сард намайг Дорно Дахины Судлалын Түүхийн хичээлээр төгсөлтийн шалгалтаа өгч байхад Бартольд багш гурван асуулт асуусан юм. Эхний хоёр асуултад нь шууд, төвөггүйхэн хариулсны дараа гурав дахь асуултаа тавьж эхлэхдээ тэрбээр эвгүй ээрэн, би юу ч ойлгож чадсангүй. Асуултаа давтахыг хүсч, азаа үзсэнгүй, харин жаахан бодож буй дүр үзүүлээд, "Уучлаарай, багш аа, би үүнийг мэдэхгүй юм байна” гэж хариулав. Бартольд инээмсэглээд, Рубрукын 1253-1255 онд Европоос Монголын Их Хаанд хүрсэн замыг тайлбарлан өгч байна. Уг нь би Рубрукын аян замын бүх газрыг мэддэг, тэр ч бүү хэл, түүний аяллын маршрутаар газрын зураг хийж байсан тул амархаан хариулчих байжээ. Гэсэн хэдий ч би шалгалтаа онцсайн дүнтэйгээр давсан билээ. Дан мэдлэг, чадвараараа хүн зорилгодоо үргэлж хүрнэ гэж үгүй, бас чиг уян хатан, дипломат чанар хэрэгтэй байдгийг би мэдэж авсан хүн. Дараа би та бүхэнд амьдралдаа хэрэглэж байсан өөр аргаасаа, жишээ нь, Зөвлөлт болон нацистуудад хэрхэн худал хэлж байснаа ярьж өгнө өө.

Түмэн олны төлөө гарамгай зүтгэгч, ШУА-ийн Байнгын нарийн бичгийн дарга Сергей Федорович Ольденбург бол агуу эрдэмтэн байлаа. Би түүнтэй анх 1919 онд өөрийнх нь үргэлж даргалдаг Дорно Дахины Судлаачдын Хуралдаанд оролцож байхдаа танилцсан юм. Би сая Дорно дахины судлаач, гарамгай эрдэмтдийн этгээд, гаж зангаас дурдсан, харин Ольденбургийн хувьд тийм зан байсангүй. Онигоо сайн ойлгож өгдөггүйг нь эс тооцвол тэрбээр жирийн л хүн. Хэн нэг нь онигоо яриад дуусахад Ольденбург сайн ойлголгүй, "Тэгээд дараа нь яасан бэ?” гэж дандаа асуудаг сан.

Ленинийг амьд байхад, өөрөөр хэлбэл 1924 оныг хүртэл Ольденбургийн эрх дархыг улаантнууд бүрэн хүлээн зөвшөөрч байлаа. Тэрбээр Ленинтэй Академийн төсөв болон тухайн үед өлсгөлөнгийн байдалд байсан эрдэмтдийг хүнсээр хангах зэрэг асуудлаар хэд хэд уулзсан юм. Ленин Ольденбургийг анхааралтай сонсч, боломжтой л бол хүсэлтийг нь үргэлж гүйцэлдүүлдэг байв. 1922 онд Ольденбург, Щербатской хоёр, хэвлэл мэдээллийн солилцоо зохион байгуулах ажлаар гадаадад явах зөвшөөрөл авчээ. Парист Ольденбург хүү Сергей Сергеевичтэйгээ уулзсан байна. Хүү нь Оросын Үндсэн Хуулийн Ардчилсан Намд (Орос хэлээр ихэвчлэн КД гэж товчилдог) чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд большевикуудыг засгийн эрхэнд гарахад цагаачлан гарсан юм. Парисаас эргэж ирээд Ольденбург Ленинтэй дахин уулзжээ. Ажил хэргээ ярьж дууссаны дараа Ленин түүнээс "Та Парист байхдаа хүүтэйгээ уулзав уу?” хэмээн асууж. Ольденбургийг "Тийм ээ” гэхэд Ленин "Би таныг сайн ойлгож байна” гэсэн гэдэг. Энэ явдал Ленинийг хүнийхээ хувьд Сталинаас хэчнээн өөр байсныг харуулж байна. Сталин бол Ольденбургийг хатуу шийтгэх сэн.

Өөр нэг мундаг эрдэмтэн, сайн багш бол Орос хэлний түүхээр мэргэшсэн, ерөнхий хэл шинжээч Лев Владимирович Щерба байна . Тэр их найрсаг хүн байсан бөгөөд хамтран ажиллагсад, докторант, магистрантууд болон өсөх ирээдүйтэй оюутнуудаа Ст. Петрбург/Петроградын Их Сургуулийн 1818 онд байгуулагдсан тэр өдөр гэртээ урьж, Татьяанагийн Өдөр (1 сарын 18) – ийг тэмдэглэдэг байв. Самойлович, Ольденбург, Бартольд нарын нэгэн адил Щерба надад найрсаг ханддаг байлаа.

Их сургуульд дөнгөж сурч эхлээд байхдаа анхлан таарсан эрдэмтдийн маань нэг нь армен, гүрж хэлний мэргэжилтэн, гаргууд хэл зохиол судлаач Николай Яковлевич Марр байв . Тэрбээр Шотланд цэцэрлэгч, Гүрж эмэгтэй хоёроос төрсөн тул гүрж хэлээр эх хэл шигээ ярина. Сүүлд, хориод онд Марр дэлхийн бүх хэлний үгсийг дөрөвхөн элементийн янз бүрийн нийлцээс үүссэн гэж үздэг "шинэ хэл шинжлэл”-ийн онолыг үндэслэснээрээ ихэд алдаршсан юм. Энэ галзуурлын эхэн үед Владимирцов Маррын семинаруудад суудаг, Владимирцовыг дагаж би бас оролцдог байлаа. Сүүлд бид хоёул Маррын семинаруудыг хэл шинжлэлтэй огтхон ч холбоогүй болохыг мэдсэн билээ. Ердөө л амин хувийнхаа солиотой үзэлд зориулсан уулзалт шинжтэй байсан тул бид дахин очихоо больсон юм. Гэвч би Марртай дотно харьцаатай хэвээр үлдсэн бөгөөд тэр ч яах аргагүй боловсон, хүндтэй, сайн хүн байв. Харамсалтай нь түүнийг дагагчид, тойрон хүрээлэгчдийн ихэнх нь олиггүй этгээдүүд байсан бөгөөд Марртай санал нийлээгүй бүхнийг хувьсгалын эсэргүү, Марксын эсрэг үзэлтэн хэмээн зарладаг байв. Харин ч Марр өөрөө хөөцөлдөж байж олон хүнийг нууц цагдаагийн савраас салган авсан билээ. Гүржийн эрлийз, гүрж хэлээр чөлөөтэй ярьдаг байсны хувьд Марр Сталинтай танилцаж, түүнтэй эх хэлээр нь ярилцдаг байжээ. Сталин түүнд яах аргагүй тун сайн байсан юм.

Миний өөр нэг багш Лев Яковлевич Штернберг угсаатны зүйн профессор байлаа. Тэрбээр миний амьдралд томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэр тухай би дараа дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Эдгээр агуу хүмүүсийн сүүдэр дор би их сургуульд сурч, ажиллаж байлаа. Харамсалтай нь, муу улс ч бас байв. Хүмүүний тийм ангилалд гайхамшигтай хэл шинжээч, Япон, Түрэг судлал, харьцуулсан Алтай судлал болон бусад сэдвээр чанартай бүтээлүүд туурвисан Евгений Дмитриевич Поливанов багтана.

Октябрийн хувьсгалын яг дараа тэрбээр Троцкийгийн дор Гадаад Явдлын Яамны орлогч сайд болсон юм. Поливановын сайд болоод явуулсан анхны арга хэмжээнүүдийн нэг нь Гадаад Явдлын Яамны албатнуудын орон сууцнаас хоёр ахмад профессорыг хөөн гаргасан явдал юм. Хөөрхий тэр хоёрын нэг нь Гадаад Явдлын Яамны дэргэдэх Дорно Дахины Хэлнүүдийн Сургуулийн захирал, Иран судлаач В. А. Жуковский, нөгөө нь Азийн түүх судлаач Н. И. Веселовский нар байв. Веселовский нас өндөр, бие муутай, дээр нь хамаг эд зүйлсээ байрандаа орхихоос аргагүй болж, өвлийн хүйтэнд гудамжинд юу ч үгүй хөөгдөн гарсан тул удалгүй уушгины өвчин тусч нас барсан билээ. Жуковский ч гэрээсээ хөөгдсөнөөс хойш удалгүй өөд болсон. Поливановтай хамт ажиллагсад үүнийг хувийн өстэй нь холбон үздэг. Поливанов мөн хар тамхинд орсон, архичин, завхай явдалтай нэгэн байв. Оюутны дотуур байранд байхдаа үргэлж согтуурхан, зодоон хийдэг байсан тэрбээр нэг удаа эмэгтэй оюутнуудын байр луу дайран орохыг оролджээ. Оюутны байрны эмэгтэйчүүдийн тасаг байдаг хэсэг рүү орох гэж улайрч байхдаа хаалган дээр нь саатуулагдаад чанга хашгиран, харааж дайрч байсан гэдэг. Оросын зохиолч Вениамин Каверин тэр үед Дорно дахины хэлний ангийн оюутан байсан бөгөөд Скандалист (Гүжирдэн гүтгэгч) гэдэг зохиолдоо Поливановыг гол дүрийнхээ хэв шинж болгон ашигласан билээ.

Хожим Поливанов Узбекистан руу нүүсэн бөгөөд дараа нь Москвад очиж, хэсэг хугацаанд судалгааны ажил хийн, хичээл зааж байв. Тэнд Маррын дагалдагчидтай муудалцаж, Узбекистан руу буцаж нүүхээсээ өмнө Маррын онол руу довтолсон билээ. Узбекистанд байхдаа 1937 онд баривчлагдаж, шоронд хар тамхинаас огцом салсны улмаас даалгүй нас барсан юм. Хэдий Поливанов өөдгүй муу зантай, хэрцгий араншинтай, зарим нэгэнд үнэхээр хүн чанаргүй хандсан хүн боловч түүний үхэл судалгааны ертөнцөд том гарз болсон билээ. Нэгэнтээ би түүнийг хог шороон дунд унасан эрдэнэстэй зүйрлэж байсан. Хэчнээн бохирдож, шороотой холилдсон ч гэлээ эрдэнэс л бол эрдэнэс байдаг шүү дээ.

Багш нарынхаа талаар хуучилсныхаа дараа одоо би хувьсгалын дараа амьдрал ямар байсан тухай хүүрнэе.
Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com