Tuesday, 2024-03-19, 6:41 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Бүлэг 4 Монголчуудын дунд хийсэн судалгаа

Дөрөв: Монголчуудын дунд хийсэн судалгаа

Бүлэг 4
Николас Поппе: Монголчуудын дунд хийсэн судалгаа

...Тэр зааныг ирдэг өдөр сүсэгтнүүд олноор цугласан бөгөөд заан Богд гэгээний өмнө өвдөг сөхрөн, толгой гудайлгаж ёслоход олон түмэн ихэд гайхан биширсэн байна. Сүсэгтнүүд зэрлэг амьтан хүртэл гэгээнтэнд сөгдөж байна хэмээн бодсон бол үнэн хэрэгтээ тэр нь циркийн заан байж...

1926 оны эхээр миний бие Шинжлэх Ухааны Академийн Монголын Тасгийн эрхлэгчийн тушаалд албан ёсоор томилогдосноор Бүгд Найрамдах Монгол Ард Улс руу явж, судалгаа хийх эрхтэй болов. Би маш их баярлаж байлаа. Тэр тасгийг бүр байгуулагдахаас нь эхлээд л би Монгол явахыг тэчьядан хүсдэг байсан юм. Мөрөөдөл маань биелэх цаг ирлээ. Баяр баяслыг маань дундруулах ганцхан зүйл байсан нь юун хэмээвээс анх удаагаа хөдөө, Ленинградын ойролцоох Бернгардовкад зусах гэж буй бяцхан хүү Валерианаасаа удаан яаж хол байна даа гэсэн бодол байв. Хүүгээ Валериан гэж би өвөг эцгээр нь нэрийдсэн юм.

1926 оны 5 сард Владимирцов, Алексеев бид гурав галт тэрэг хөлөглөн Москвагаар дайрч, одоо Улаан-Үд хэмээгдэх болсон Автономит Буриад Улсын нийслэл Дээд-Үд хотноо хүрлээ. Тэнд хэд хоноод байтал манай буриад оюутан Балжи Бамбаев ирж, бидэнтэй нийлэв. Дээд-Үдээс эмээл олж авахгүй бол Монгол эмээл гадныханд таатай бус. Хэдэн эмээл худалдаж аваад бид Монголын хилийн зүг Сэлэнгэ мөрнөөр завьтай хөдөллөө. Гучин зургаан цаг аялсны эцэст Хиагт хүрээд тэндээсээ арай том, хуучны хот болох Тройцкавск руу морин тэргээр явав. Бамбаев биднийг тэнд түр орхиод өөрөө хууль бусаар хил давахаар явлаа. Иргэний дайны үед бусад олон буриадын адил Бамбаев ч бас Хасагийн офицер болон коммунистуудын эсрэг тулалдаж байжээ. Төрөлх тосгон нь Сэлэнгэ мөрний сав газар байсан бөгөөд нутгийн буриадууд нь бүгд хасаг байсан гэнэ. Үүний улмаас тэрбээр Зөвлөлтийн гадаад паспорт болон гарах виза авч чадахгүй байсан юм. Маргааш нь бид гурвыг хилийн цэгээр нэвтрэн 300-гаад метрийн цаана орших Монголын хилийн хотхон Алтанбулагт хүрэхэд Бамбаев хэдийнээ оччихсон хүлээгээд байж байв. Нэвтрэх цэгээс 300-400-хан метрийн цаагуур харагдалгүй орж чаджээ. Тэрбээр гар буу агсаж явсан тул баригдсан бол хатуухан шийтгүүлэх байсан болов уу.

Нийслэл Улаанбаатарт зочид буудал гэж байгаагүй тул бид нэгэн сургуульд байрлав. Улаанбаатар Хятад маягийн хот байлаа. Буддын сүм хийд, Хятад дэлгүүр, гуанз (куантзу) маш их, Орос маягийн байшин тун цөөхөн аж. Их сонирхолтой хот юм. 1924 онд таалал болсон Жавзандамба Хутагт (Амьд Бурхан) – ын ордоныг музей болгосон нь чухал, сонирхолтой үзмэр ихтэй байв. Оросын Хаант Засгийн газраас Хутагтад бэлэг болгон илгээсэн зааныг тэнд чихмэл болгон тавьжээ. Тэр зааныг ирдэг өдөр сүсэгтнүүд олноор цугласан бөгөөд заан Богд гэгээний өмнө өвдөг сөхрөн, толгой гудайлгаж ёслоход олон түмэн ихэд гайхан биширсэн байна. Сүсэгтнүүд зэрлэг амьтан хүртэл гэгээнтэнд сөгдөж байна хэмээн бодсон бол үнэн хэрэгтээ тэр нь циркийн заан байж.

Владимирцов Алексеев хоёр тэндээсээ Бээжин явж, Владимирцов баахан монгол ном худалдаж авсан бол Алексеев хувийнхаа судалгааг хийсэн байна. Дараа нь тэр хоёр усан онгоцоор Европ хүрээд тэндээсээ ЗХУ руу буцсан юм. Харин Бамбаев бид хоёр хэдэн морь худалдаж аваад хөдөө нутгийг сайн мэддэг газарч, бас хэдэн ажилтан хөлслөн аянд бэлдэв. Гоймон, будаа, гурил, лаазалсан хүнс, цай, элсэн чихэр болон бусад хүнсээ ч базаалаа. Ингээд Орхон голын эрэгт орших Эрдэнэ зуу хийдийн зүг хөдлөв. Эхлээд бид Чин толгой хэмээх Киданы хэрэм байсан, хүний гараар бүтсэн, зуугаад фут өндөр овоон дээр ирлээ. Тэнд бид яст мэлхийн хэлбэр бүхий дурсгалын зөвхөн суурь хэсгийг олсон бөгөөд яг бичигтэй хэсэг нь байхгүй байв. Нутгийн Монголчууд бидэнд тэр бичгийг бүр гучаад жилийн өмнө хэдэн "Орос” ирж судалгаа хийх үеэр үгүй болсныг мэдээлэв. Тэр хэдэн "орос” нь үнэндээ 1891 онд Орхоны сав газраар шинжилгээ хийсэн Радлов болон түүний хамтрагчид юм. Чин толгойгоос бид Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч алдарт Цогт хун тайжийн 17-р зуунд Туул голын хөвөөнд босгосон Цагаан байшин хэмээх хийдийн балгас дээр очив. Тэндээс олдсон бичээсийг Георг Хут герман орчуулгын хамт 1894 онд хэвлүүлсэн билээ . Бид өөр бичиг хайсны дүнд Цогт тайжтай холбогдох, 1627 оны цүүцээр сийлсэн нэгэн чулууны бичээс олсон юм. Би энэ бичээсийн тухай 1929 онд хэвлүүлсэн аяллынхаа тайланд оруулсан . Аяллаа цааш үргэлжлүүлсээр олон жилийн тэртээ улаан малгайтнуудын хийд байсан Харуухын хар балгас дээр ирэв. Тэнд сайн хадгалагдсан суварга байлаа. Суварга дотор ихэвчлэн ном судар, эмийн ургамал хийдэг. Бидний очсон хамгийн сонирхолтой газар бол 8-р зууны үеийн Эртний Түргийн алдарт Орхоны бичээс бүхий Хөшөө цайдам байв. Бичээс нь хадгалагдан үлдсэн хэвээр боловч үхэр шөргөөсөөр байж олон үсгийг нь баллажээ. Шувууд ч бас "хувь нэмрээ” оруулж, чулууны ухан сийлсэн бичээсийг сангасаараа дүүргэсэн нь цагийн явцад хатуурч цемент шиг болсон бөгөөд үсгийг нь гэмтээлгүйгээр цэвэрлэх бараг боломжгүй болсон байлаа.

Тэндээсээ бид эртний Уйгарын Хар Балгас хотын туурь хүрээд цаашаа Орхон голын эх рүү, Автай хааны 1586 онд байгуулсан Эрдэнэ зуу хийдэд очив. Тэр үед Эрдэнэ зууд хэдэн зуун лам аж төрж байв. Лам нар бидэнд тийм ч найрсаг хандсангүй, харин ч бичээсүүдийн зургийг авах, хэвийг нь буулгаж авах төлөвлөгөөг маань таагүй хүлээн авсан юм. Хамба лам нь биднийг урьж, хэн болох, хэрхэн ирсэн тухай маань лавлав. Дараа нь тэрбээр биднийг нохой толгойт улсаар дайрч өнгөрсөн эсэхийг маань асууж билээ. Тэр лам нар орчлон ертөнцийн талаар огт ойлголтгүй мэт байв. Бидэнтэй дэлхий нарыг эргэдэг бус нар дэлхийг эргэдэг гэж хүртэл маргаж байлаа.

Эрдэнэ зуугийн сүмүүдэд урлагийн гайхамшигт бүтээлүүд болон олон сайхан зүйл байсны зэрэгцээ муу муухай юм ч ажиглагдаж байв. Лам нар сахил санваараа дагах нь ховор, хийдийн ойролцоо байх гэрүүдэд тэдний "айлчилдаг” бүсгүйчүүд байх аж. Өнгөний өвчний тархалт тун өндөр байсан байж таарна.
Эрдэнэ зууд байхдаа би анх удаа цам үзэв. Цам нь Буддын домгоос сэдэвлэсэн баг бүхий жүжигчилсэн тоглолт болон бүжгийн цогц бөгөөд жирийн Монголчууд түүний учир утгыг огт буруу ойлгож байгаа нь их сонирхолтой байлаа. Монгол сүсэгтнүүд цамыг ямар нэгэн ид шидэт, бурханлаг үйл гэж ойлгосны улмаас түүнд сүсэглэн залбирч, бүр агнуулж буй буга болон бусад амьтныг дүрслэх жүжигчдээс хүртэл адис авч, багт нь хүрч байв.

Цамын үеэр нэг айхтар осол болов. Нэг жүжигчний барьж байсан 18-р зууны үеийн цахиур бууны дарь тэсэрснээс гарын алгыг нь хүнд гэмтээж орхив. Цус их алдаж байсан боловч ойрхон эмч байсангүй, оточ нар харин мэс заслын талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тиймээс би сайн дураар мэс засалчийн үүрэг гүйцэтгэв. Гарынх нь яс гэмтээгүй байгааг би хэлж чадахаар байсан юм. Тиймээс шархыг нь калийгаар цэвэрлээд тусгай боолтоор цусыг нь тогтоов. Мэс заслын зүү байгаагүй учраас ердийн зүүгээр нэлээд хэдэн оёдол тавьсан, ядаж хуруугаа хөдөлгөн ашиглаж чадахаар үлдсэн болов уу хэмээн найдна.

Эрдэнэ зуугаас гараад бид эртний дурсгалуудын зургийг авч, бичгийг нь буулган, Монгол аман ярианы хэл болон аман зохиолын баримт сэлт цуглуулан явав. Тэр үед Монголчууд их мухар сүсэгтэй хэвээр байлаа. Зургаа авхуулах болох асуултад хариулахаас эмээхгүй, харин ч бүр дуртай, гагцхүү биднийг ямар нэг хад чулууг ухах зэрэгт "газрын эзэн” (төвдөөр савдаг, самгардаар локапала) – ийг нь уурлуулах вий хэмээн болгоомжилно. Нэг удаа би газарт хэвтээ чулууны бичгийн хэвийг буулгаж авах болов. Нүүр нь дээшээ харсан хятад бичигтэй тэр чулууг хялбархан хуулбарлачихаж болохоор санагдсан юм. Чулууны дээрээс тонгойтол хоёр могой мурилзан гараад ирдэг байгаа. Хуулбар маань сайн болсонгүй, харин Монголчууд үүнд ихэд баясаж, "Тэр харав уу, чи савдгийг нь үргээчихлээ. Шийтгэл чинь ч энэ боллоо” гэж байж билээ.

Миний Монголоор ярьж, Төвдөөр бичих чадвар Монголчуудад сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Үнэнийг өчихөд Монголд аялах үедээ би монголоор аль хэдийн чөлөөтэй ярьдаг болсон байсан юм. 1924 оноос Мэргэн гүний хүү Гомбожав хэмээх монгол хүн Ленинград дахь манай гэрт суусан билээ. Тэрбээр Ленинградад орос хэл сурахаар ирсэн бөгөөд би түүнд орос хэл заахынхаа хажуугаар монгол ярианы хэл сурч, docendo discimus (латин: зааснаараа сурах, заангаа сурах. Орч.) болж байсан юм. Жамцараногийн protégé (франц: дэмжлэг, ивээлд нь байдаг хүн. Орч.) байсан Гомбожав хожим Парист очиж нэрт нанхиадач, иран судлаач, монголч, түрэгч эрдэмтэн Пол Пеллиогоос суралцан өөрийн хирд тохирсон эрдэмтэн болсон билээ. Харамсалтай нь Гомбожав 1937 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр баривчлагдан хороогдсон юм. Эхнэр Оюунбилиг нь Зоригт, Билигт хэмээх хоёр хүүтэйгээ Ижил мөрний сав, Башкир хавьцаа цөлөгдсөн.

Монголчуудын хувьд гэвэл тэд бохир улс байлаа. Усанд орно гэж бараг үгүй, цөөн хүн дотуур хувцастай, тэрнийгээ солих нь ховор. Тэд залхуу боловч үнэнч, шударга хүмүүс байв. Үнэнч, шударга гэснээ би дараах жишээгээр үзүүлье. Монголчууд задгай мөнгө огт авч явдаггүй байлаа. Тиймээс би хүнснийхээ хонийг ч юм уу худалдан авахдаа яг таарсан мөнгө өгдөг байв. Мөнгөө тийн тааруулахын тулд дүүрэн бутархай мөнгө бүхий модон авдар авч явдаг байсан юм. Монголчууд их сониуч улс. Шинэ газар ирэх бүрт л "Энэ юу вэ? Энэ авдар дотор юу байгаа юм бэ?” хэмээн шалгаана. Манай хөтөч Дагва тэдэнд мөнгө байгааг хэлэхэд ихэд цочирдон дахин харах ч үгүй. Нэг газар буудаллаад байхдаа би жараад бээрийн зайтай бичиг бүхий чулуу байгааг мэдэв. Очиж үзмээр байсан тул тийшээгээ морьтой яваад маргааш нь буцаж ирэхээр боллоо. Би Дагваас мөнгөн зоос бүхий авдраа хэрхэхийг асуув. Мань эр "Зүгээр зүгээр. Яах ч үгүй. Орхиод яв” гэж байна.

Маргааш нь Дагва бид хоёрыг ирэхэд нээрээ л хэн ч юу ч оролдоогүй, бүх юм бүрэн бүтнээрээ байж билээ.
Монголчуудын дунд туулсан туршлагаа бодолцохуй, Улаанбаатар хотын банкны нэгэн албан хаагчийн надад ярьсан доорх түүхийг би үнэн хэмээн итгэнэ. Банкнаас ЗХУ-ын нэгэн зоосны үйлдвэр лүү зоос хийлгэхээр мөнгөн гулдмай илгээжээ. Хийлгэсэн зоосоо шуудайлан ачааны машинаар зөөсөн байна. Замд шуудайнууд нь хоорондоо үрэгдсээр нэг шуудай цоорч, нэлээд зоос асгарчихжээ. Жолоочийн хажууд явсан банкны ажилтан үүнийг гэнэт мэдэж, буцсан байна. Буцах замдаа жин тээж явахтай таарч жингийн ахлагчаас мөнгө харсан эсэхийг нь асууж. "Харсан харсан, одоо ч тэндээ байгаа” гээд зааж өгч байна гэнэ. Тэд цааш жаахан яваад үнэхээр зооснууд нь зам дээр хэвтэхийг харсан байна. Сүүлд мөнгийг тоолж үзэхэд ердөө хэдхэн зоос л дутсан гэнэ. Дутсан зоос нь замын хажуу руу, зүлэг ногоон дотор унаад л олдоогүй байж таараа.

Монголчуудын үнэнч шударгыг батлах гурав дахь жишээ тал нутагт тохиов. Монголын талд би хоёр сарыг Ленинград дахь эхнэр лүүгээ захиа, цахилгаан илгээх ямар ч боломжгүйгээр өнгөрөөсөн юм. Нэг өдөр би Улаанбаатар явж буй морьтон монголтой таарлаа. Би түүнээс цахилгаан илгээж өгөхийг хүсэхэд зөвшөөрсөн тул мөнгө болон илгээх үгсээ өгөв. Долоо хоногийн дараа луус тэрэг хөлөглөсөн хятад эр Улаанбаатарыг зорьж явахтай таарав. Юмыг яаж мэдэх вэ хэмээн мөнгө өгч, цахилгаанаа дайлаа. Үүний хойно ачааны машинтай орос жолооч бас дайралдав. Энэ удаад цахилгаан, мөнгө хоёр дээрээ гарын мөнгө нэмж өгөөд үлдлээ. Үүнээс хоёр сарын дараа Улаанбаатарт эргэж ирээд цахилгаан холбооны газрын урдуур явж байтал яг нөгөө Монголтойгоо дайралддаг юм байна. Мань эр яг л хуучин андтайгаа таарсан мэт танимхайран, дотноор мэндлээд "Холбоон дээр ирэх зав гарсангүй. Май, энэ мөнгө чинь” хэмээн бүх мөнгийг маань буцаан өглөө. Ленинградад ирснийхээ дараа би Наталиягаас долоон сард хоёр цахилгаан авсан эсэхийг нь асуув. "Үгүй, ганцыг л авсан” гэж байна. Сонирхон үзтэл нөгөө хятад хүнээр дайсан цахилгаан мөн байлаа. Бас л шударга хүн байжээ. Орос жолоочийн хувьд гэвэл, муу юм бодоод юүхэв, явуулсан цахилгаан нь замдаа гээгдэж л хэмээн найдсу.

Үнэнч шударгаас гадна Монголчууд мөн зочломтгой улс байлаа. Айл саахалтын хажуугаар өнгөрөх болгонд, гэр нь бүр бүтэн бээрийн холд ч байсан хамаагүй, заавал нэг морьтон домбо дүүрэн цай эсхүл айраг барин давхин ирнэ.

Хаа ч хүмүүс бидэнд элдэв сонин үлгэр домог, үүх түүх ярьж өгнө. Шүлэг дуу дуртайяа хэлж өгдөг тул Бамбаев бид хоёр аман зохиолын нэн баялаг цуглуулгатай болсон билээ. Эрдэнэ зууд байхдаа бид бас 1220 онд үндэслэгдээд, дараа нь Чингис хааныг тэнгэрт хальсны дараа, 1227 онд Монголын нийслэл болсон Хархорум хотын туурийг шинжилсэн. Хотын туурь хийдээс тун ойрхон бөгөөд гэр оромж байсныг батлах олон жижиг дов байхын зэрэгцээ шаазангийн хагархай ч их олдож байв.

Эрдэнэ зуугаас бид Улаанбаатар луу буцаад тэндээсээ Ленинграддаа харьсан билээ. Энэ аялал миний Балжи Бамбаевтай хийсэн эхний агаад эцсийн аялал болсон юм. Сургуулиа төгсөөд тэрбээр нутаг буцаж, Улаан Үд дэх Судар Бичгийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болсон боловч 30-аад оны үед баривчлагдан, Улаан Үдийн шоронд хөдөлмөрлөх болсон юм. Азаар шоронгийн ажилтнууд дотор түүний найз нь байж таарч. Нэг өдөр найз нь Балжийн хоригдож байсан хэсгийн бохирын цистернийг солихоор иржээ. Солин авч байгаа цистернээ хагас дүүргээд Балжийг оруулан шоронгоос гарч, хотоос хол Сэлэнгэ мөрний эрэг дээр авчран саван болон цэвэрхэн хувцас өгсөн гэнэ. Нэг сайн усанд орж аваад Балжи Бамбаев Манжуурыг чиглэн одсон гэх бөгөөд түүнээс хойш огт сураг нь дуулдаагүй. Хятад руу гарч чадаад тэндээ насан өндөр болтлоо амьдарсан байж болох, үгүй бол яг тэр үедээ хил дээр эсхүл Манжуурт хороогдсон ч байж мэдэх.

...Тэр үед Богд уул ан болон мод бэлтгэл хориотой, дархан газар байсан юм. Бас нэг дүрэм байсан нь Богд уул харагдахуйц газар цаазаар авах ял гүйцэтгэж болохгүй. Тиймээс алах ял заагдагсдыг ардаа хонхортой, уул харагдахааргүй толгойн цаана аваачиж хөнөөдөг байв...

1926 оны 9 сарын сүүлээр Ленинградад буцаж ирээд би материалуудаа хэвлэлтэд бэлдэж эхлэв. Миний бяцхан хүү Валериан зөндөө том болж, ааш сайтай, сайн хүүхэд болжээ. Валериан эрүүл чийрэг, барагтай бол уйлдаггүй хүүхэд байв. Мэдээж, ханиад болон хүүхдийн бусад өвчин бас тусдаг л байсан. Нэг өдөр Наталия бид хоёрыг баярт явсан хойгуур хүү маань халуурч эхэлжээ. Ээж маань үүнд ихэд санаа зовж Гринберг эмчийг дуудсан байна. Ээжийн санаа зовж, эмч дууддаг сайн хэрэг болсон юм. Учир нь эмч хүүгийн чих хэвийн биш байгааг тогтоов. Маргааш нь бид чихний эмч Голдштейнийг дуудаж, удалгүй санаа зоволтгүй болсон билээ. Валериан бас ухаантай хүүхэд байв. Дөнгөж ой хагас хүрээд байхдаа л анхныхаа үгсийг шулганаж эхэлсэн юм. Зун цаг, бид гурав Бернгардовкад зуслангийн байшин хөлслөн сууж байв. Нэг өдөр би хүүгээ тэврэн алхаж явтал хашааны цаана буй зөгийн үүр лүү заагаад "зөгийний гэр” хэмээн хэлж билээ. Төдий насны хүүхэд ийм үг хэлэх нь ховор учир би түүнийг хаанаас энэ үгийг олж сонссон, яагаад бусад хүүхдийн хамгийн анх хэлж хэлд ордог ердийн үгсийг хэлээгүйг бодон ихэд гайхсан сан.

Би Монголд хоёр дахиа 1927 онд аялсан бөгөөд энэ удаад тун амжилттай байсан гэж болно. Сургуульд надаас нэг дор ангид байсан, хамт ажилладаг В. А. Казакевич гэж анд маань болон тэр үед Дорно Дахины Амьд Хэлний Хүрээлэнгийн оюутан байсан Г. Д. Санжеев хэмээх буриад надтай хамт явав. Бид таван сарын дундуур гарцгааж, Улаан-Үд, Алтанбулагаар дамжин Улаанбаатар хүрлээ. Тэндээсээ салцгааж. Казакевич Дарьганга руу, Санжеев Хөвсгөл нуурын зүг Дархадуудыг судлахаар явлаа. Харин би Улаанбаатарт үлдэж, Дунд үеийн Монгол хэл буюу 12-16-р зууны үеийн Монгол хэлний зарим онцлогийг хадгалан үлдсэн, нэн сонирхолтой Дагур хэлийг зургаан долоо хоног судалсан юм. Улаанбаатарт би бас Манжуурын баруун хойгуур нутаглах Барга Буриад болон Өвөр Монголын Харчин, Ордос, Улаан цавын аялгаар хэлэлцэгч хүмүүс олж судлав. Би Дагур хэлний зүйгээ 1930 онд хэвлүүлснээс гадна Барга Буриадын материалаа 1931 онд өгүүлэл болгон гаргасан .

6 сарын сүүлээр би Улаанбаатараас мориор гарч, Оросын хилтэй залгаа нутгаар явав. Улаанбаатараас хөдлөөд хэд хонож байтал гэдэс өвдөж эхэллээ. Нутгийн ардууд домчийнхоо зөвлөсний дагуу намайг нохойн чанасан засаа ид хэмээн ятгана. Би харин татгалзаж, оронд нь ургамлын тос, өтгөн цайнаас өөр юм идэж уулгүй байсаар хэд хоногийн дараа зүгээр болсон юм. Тэгээд би Хараа голын дээд салаа Хүйн гол хүрч, Хэнтийн нуруунаас эх авах Түнгэлийн голын дэргэд, үзэмжит сайхан модтой толгодын дунд хоёр долоо хоногийг өнгөрөөлөө. Тэр гол Монголын Нууц Товчоонд (1240) дурдагддаг мөнөөх гол мөн байх магадлалтай. Тэндээс би маш олон дуу, тууль хүртэл цуглуулсан. Дараа нь Орхон голын эрэгт орших Амар Баясгалант хийд орж Жавзандамба хутагтуудын нэгнийх нь чандрыг үзэв. Тэндээсээ Чулуут хүрж, олон үлгэр, хэд хэдэн тууль бичиг авлаа. Чулуутад би нэг бөөтэй таарч, дуудлагыг нь бичиж авав. Тэр бөө миний Монгол улсын нутагт уулзсан эхний болоод сүүлчийн бөө байсан юм. Ингээд 9 сарын эхээр Улаанбаатарт буцаж очив.

Улаанбаатарт байсан тэр үе маань зөвхөн эрдмийн ажлын талаасаа төдийгүй ерөнхийдөө маш сонирхолтой байлаа. Миний найз Казакевич бүхий л төрлийн хүмүүстэй тун хурдан танилцан дотносч чаддаг, гойд авьяастай нэгэн байсан юм. Тийн танилцсан улсын нэг нь Персандер гэгч байв. Персандер өөрийгөө швед хүн гэх боловч Францын иргэн байсан юм. Тэрбээр Улаанбаатарт тухайн үе хүртэл байсаар байсан адал явдал хөөгч цөөн хүний нэг байв. Хожим тэднийг бүгдийг Монголоос гаргаж, ЗХУ-д шоронд хорьсон билээ. Персандерийн мэргэжил нь яг юу байсныг хэлэх хэцүү, харин Улаанбаатарт үйлдэж байсан гол ажил нь гэвэл хуучин байшингуудыг сурвалжилж, иргэний дайны үед Барон Унгерн-Штернбергийн амьдарч байсан чухам тэр байрыг олох явдал байлаа. 1921 онд улаантнуудад баригдахаасаа өмнө Барон бүх эрдэнэсээ амьдарч байсан байрныхаа шалан доор нуусан гэсэн цуурхал тараад байсан бөгөөд Персандер тэр эрдэнэсийг олохыг санаархаж байсан юм.

1927 он гэхэд Улаанбаатарт өөр бусад гадаадууд олон хэвээр байлаа. Миний санаж байгаагаар Оскар Мамен гэж норвеги, Картер гэж америк, доктор Рот хэмээх герман болон Харбинаас ирсэн баахан жүүд гаралт оросууд байв. Хамгийн их гадаадынхан нь хятадууд байсан бөгөөд миний л ажигласнаар тэд хамгийн найдвартай, нямбай улс байсан юм. Жишээ болгоход би нэг удаа хятад мужаанд номын авдар захиалаад маргааш нь аль болох эрт авчирч өгөхийг хүссэн юм. Өнөө мужаан авдраа маргааш нь үүрийн 4 цагт, гэгээ ороогүй байхад аваад ирж байж билээ.

Дараа жил нь буюу 1928 онд би Буриад Монгол руу аялав. Энэ удаад би ЗХУ-ын Буриад Монголын Автономит Улсын баруун хэсгээр орших Алар Буриадуудыг судлахаар сонгов. Энэ нутаг мөн 1925 онд Ленинградад очин Владимирцовын шавь болж Монгол хэл судалж эхэлсэн Гарма Санжеевийн эх нутаг нь байлаа. Санжеев миний судалж эхэлсэн анхны буриад байсан юм. Тэрбээр миний нутгийн аялгууны эх сурвалж болж байсан билээ. Санжееваар дуудуулан би олон эх бичиж авсан бөгөөд түүний туслалцаатайгаар тэдгээр эхээ орос руу орчуулдаг байлаа. Харин 1928 он гэхэд би хэлний багагүй мэдлэг олж авсан байсан тул түүний эх нутагт өөрөө очиж, гүнзгий судалгаа хийхээр шийдэв. Алар нутаг Транс-Сибирийн төмөр замын шугам дахь Забитуй өртөөнөөс гуч, дөчөөд километрийн зайд, хожим үйлдвэрийн хот болсон Черемковогоос холгүй оршино. Санжеевийн тосгоныг Тайшин гэнэ. Алар Буриадууд өвөлдөө гуалин байшин бүхий Сибирь-Орос маягийн тосгонд амьдрах аж. Харин зундаа Тайшингаас хориод км-ийн зайд Өлзийт хэмээх газар эсгий гэрт зусна. Тэнд би ардын дуу, тууль, аман зохиолын бусад материал цуглуулж авав.

Алар Буриадууд хагас суурьшмал улс юм. Тэд бүр 18-р зуунаас газар тариалан эрхэлж ирсэн хэдий ч бас мал ихтэй, малаа нэн хол бэлчээрлүүлнэ. Тиймээс тэд зундаа голчлон зургаан ханатай, шалтай, том гэрт суух аж. Нутгийн буриадууд чинээлэг улс байлаа. Тэдний малчид, гэрийн үйлчлэгч нар нь оросууд байх нь надад их сонин байв. Гармын ээж нь дээр нас барсан, аав нь ганцаараа амьдардаг, их уудаг хүн байлаа. Гарма бас аавынх нь хоёр дахь эхнэрээс гарсан эцэг нэгт дүүтэй байв. Санжеевийнх чинээлэг айл байсан бөгөөд хамаг малаа яг зөв цагт нь зарснаар хожим хамтралжуулах хөдөлгөөн өрнөхөд нийлүүлэх мал бараг үгүй болсон байсан юм. Би Гармын авга ах Алексейгийн гэрт байдаг байв. Жирийн Монгол гэрт ороход бөөс хуурс язганаж байдагтай харьцуулахад Алексейгийнх маш цэвэрхэн, ялаа шавьжгүй, том гэр байлаа.

Миний очсон эхний хэд хоногт буриадууд надад итгэхгүй, засгийн эсрэг юм яривал цааш нь дамжуулчихна хэмээн болгоомжтой харьцаж байв. Тиймээс тэд надад хэчнээн аз жаргалтай байгаагаа, Зөвлөлт засгийн бэлэглэсэн тэр баяр жаргалыг хэрхэн хариулахаа ярьж, өөрсдийгөө Зөвлөлтийн үнэнч иргэд хэмээн үнэмшүүлэхийг оролддог байлаа. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа эмэгтэйчүүд нь захыг нь алтан зоосоор гоёсон нөмрөг нөмөрч, үнэт чулуун зүүлт зүүн, хамаг сайхан гоёлоо агссан хуучин гэрэл зургуудаа үзүүлээд ийн өгүүлсэн юм: "Урьд бид ийм сайхан гоёл чимэглэл хэрэглэдэг байлаа. Одоо тэр бүгдийгээ хэнд ч үзүүлэхгүй нууж, аль болох ядуу харагдахыг хичээн хамаг муухай юмаа өмсөх боллоо доо”. Тэдний жинхэнэ бодол ийм л байсан хэрэг.

Алар Буриадууд албан ёсоор Оросын Үнэн Алдартны шажинд бүртгэгдсэн боловч үнэн байдал дээр бөө мөргөлтөн хэвээрээ байв. Эхлээд Орос сүм, дараа нь ламын хийд яваад эцэст нь бөөгөөр үйлчлүүлэх нь хачирхалтай. Үүнийгээ харин "нэг бурхан нь үл туслах аваас нөгөө нь туслах байлгүй” хэмээн тун логиктой тайлбарлана. Нэг удаа надад бөөгийн тэнгэрийг тахих тайлганд оролцох боломж тохиов. Тайлганд эрчүүд хүүхдүүдийнхээ хамт ирж оролцсон ба өөр овгийн хүнтэй гэрлэсэн эгч, эмэгтэй дүү нар нь мөн ирцгээв. Энэ нь эксогами буюу овгоос гадуур гэрлэх ёстой холбоотой. Эрчүүд өөрийн овгоос эхнэр авч болохгүй тул эхнэрүүд нь өөрийнхөө овгийн тэнгэрт тахилгаа өргөхийн тулд овгийнхоо ёслолд ирж оролцдог ажээ.

Хэд хэдэн бөө бөөлөв. Гүү төхөөрч хэсэг махыг нь шимийн арси (Буриат хэлний архи хэмээх үгийн алар хэлбэр)-ний хамт өргөв. Үлдсэн махыг тайлганд оролцогсдод хуваан хүртээлээ. Гайхалтай нь надад бас хувь хүртээв. Учир нь би энэ овгийн зочин бөгөөд өөр ямар ч овогт хамааралгүй байсан юм. Тайлганы хувь өөр овгийн хүнд огт очих ёсгүй бөгөөд үүнээс харахад өөр овогт хамаарах нь ямар ч овогт хамааралгүй байхаас хавьгүй хүндэтгэх шалтгаан болдог аж.

Буриадад 1928 оны зун гэхэд байдал дордоогүй, хэвээрээ байсан гэж болно. Бөө нар устгагдаагүй, хамтралын тухай цуу яриа сонстож байсан ч арай ч бодот хэрэг болоогүй байлаа. Тэр ч байтугай Голуметь хэмээх орос тосгоны нэг багш надаас яагаад хамтрал заавал хэрэгтэй тухай асууж билээ. Зөвлөлт засгийн тухайн үеийн бодлогыг шүүмжлэхгүйгээр байдлыг эвтэйхэн тайлбарлана гэдэг нэн хэцүү байв. Ашгүй харин түүний охин болох 18 орчим настай, хөдөөдүүхэн царайтай хөөрхөн охин яриаг өөр зүгт залж, надаас гитар тоглож чадах эсэхийг маань асууж билээ.

Найман са

рд Ленинградад ирээд би цуглуулсан материал дээрээ ажиллан Аларский говор (Алар аялгуу) гэсэн нэрээр хоёр боть болгон хэвлүүлсэн . Нэгдүгээр боть нь хэлзүй, хоёрдугаар ботид нь эхүүдийг орос орчуулгын хамт оруулсан юм.

Би Монголд 1929 оны таван сард дахин нэг удаа очив. 1929 оноос хойш би дахин хэзээ ч гарах виза авч чадаагүй тул энэ миний Монгол дахь сүүлчийн аялал болсон билээ. Энэ удаад богино хугацаанд аялан, зөвхөн Улаанбаатарт л байж, Солоон, Барга, Ордос болон Урад аялгуугаа үргэлжлүүлэн судлав. Эдгээр аялгаар голчлон Өвөр Монголд хэлэлцдэг боловч тухайн үед Улаанбаатарт бас олон тийм аялгуутан ажиллаж амьдарч байсан юм. Хэлийг нь судалж буй хүмүүстэйгээ ажилласныхаа дараа би хотоос гарч, байгалийн сайханд зугаалдаг байлаа. Нэг удаа би Богд ууланд гарч, үзэсгэлэнт шигүү ойгоор нь явав. Буддын зураг бүхий агуй олон байснаас гадна араатан амьтантай хүртэл таарав. Тэр үед Богд уул ан болон мод бэлтгэл хориотой, дархан газар байсан юм. Бас нэг дүрэм байсан нь Богд уул харагдахуйц газар цаазаар авах ял гүйцэтгэж болохгүй. Тиймээс алах ял заагдагсдыг ардаа хонхортой, уул харагдахааргүй толгойн цаана аваачиж хөнөөдөг байв.

Надад бас таньдаг цөөн айлдаа зочлох цаг гарч байв. Тэдний нэг нь П. Н. Шастин эмчийнх байлаа. Шастин эмч удаан хугацаанд Монгол дахь цорын ганц Европ эмчээр ажилласан юм. 1929 онд тэрбээр нийтийн болон цэргийн эмнэлгийн аль алиных нь ерөнхий эмчээр ажиллаж байлаа. Нэг удаа би Шастин эмчийнд оройн хоол идэхээр иртэл Шастин намайг ирэхээс хэдхэн минутын өмнө ирсэн, туйлын ядарсан харагдаж байв. Би түүнээс хэцүү, урт өдөр байв уу хэмээн асуухад тэрбээр цэрэгт татлагын эмчээр ажилласан тухайгаа ярилаа. Тэр өдөр 150 гаруй эрийг үзэхэд талаас илүү хувьд нь удамшсан тэмбүүгийн тов тодорхой шинж илэрсэн гэнэ.

Би Шастиныд очдог ганцхан зочин нь биш байлаа. Эрдэм шинжилгээний өөр аяллын гишүүд, судлаачид бас тэднийд зочилдог байв. Тэднийд байнга ирдэг зочдын дунд Ленинград дахь ШУА-ийн ажилтан, ургамал судлаач нэг орос байсан юм. Ургамал судалдаг боловч амьтны ертөнцийн тухайд бараг ойлголтгүй хүн аж. Тэрбээр Монголд өнгөний өвчин газар авсныг дуулаад өөрөө авчих вий хэмээн ихэд айдаг нэгэн байлаа. Нэг удаа Шастиныд хооллож байгаад би түүнийг тун баргар байхыг харав. Өвдөж зовсон нь илт. Хоолны дараа бид хоёр гэр лүүгээ хамт алхлаа. Бид Монгол улсын одоогийн ШУА-ийн өвөг нь болох Судар Бичгийн Хүрээлэнгийн эзэмшлийн байранд байдаг байсан юм. Урьд Хүрээнд алхана гэдэг асар том, догшин нохдын хоол болчих гээд нэн аюултай байж билээ. Нэг орос цэргийг ноход бүр хэдэн хэсэг болгоод хаячихсаныг би мэдэх юм. Бүр сүүлд, 1926 он гэхэд шөнө ганцаар алхах бас л амь дүйсэн ажил байлаа. Хамт алхангаа би түүнээс "Чи зүгээр үү? Нэг л баргар харагдах чинь

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com