Tuesday, 2024-03-19, 1:40 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Ес

Ес

Гэтэл байц гишүүн, гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь юуны өмнө гол үгүүлбэрийнхээ үгүүлэхүүнээр илэрсэн үйл байдлын нөхцөл шалтгаан цаг зэргийг заасан нөхцөл үйл үг жич үйлт нэрээр бүтэж, гол үгүүлбэртээ ямар нэгэн бодь биеийг заасан нэрийн утгаар үйлчлэх биш, харин гол үйл байдлын нөхцөл шалтгаан цаг зэргийг заасан өөр нэг үйл байдлын утгаар үйлчилдэг тул уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүнээр илэрсэн үйл байдлын эзэн болох үгүүлэгдэхүүн нь зохих үгүүлэхүүнийхээ хэний юуны үйл байдал болохыг заасан тодотголын хэлбэрээр биш харин хэнийг юуг гэсэн тусагдахууны хэлбэрээр буюу өөрөөр хэлбэл заахын тийн ялгалын хэлбэрээр хэлбэрждэг ажээ. Үйлт нэр нь ерөөс нэр, үйл үгийн аль алины утга шинжийг хадгалсан үгсийн нэг аймаг болох боловч үгүүлбэрт хэрэглэгдэхдээ зарим газар үйл байдлын санааг голчлон илтгэж, зарим газар нэрийн санааг голчлон илтгэнэ. Жишээлбэл: нисэх онгоц гэхэд нисэх гэсэн ирээдүй цагийн хэлбэрт үйлт нэр нь цагийг заах утга нь баларч ер нисдэг онгоц гэсэн утгаар хэрэглэгдэж байна. Гэтэл маргааш нисэх онгоц гэхэд нисэх гэсэн ирээдүй цагийн хэлбэрт үйлт нэр нь цагийг заах утгаа хадгалсаар байна. Энэ мэтээр үйлт нэр үгүүлэхүүн бүхий гишүүн үгүүлбэр нь гол үгүүлбэртээ үгүүлэгдэхүүн тодотголын үүргийг гүйцэтгэхдээ нэрийн утгаар үйлчлэх тул мөнхүү гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь харьяалахын тийн ялгалаар хэлбэржих нь зүйн хэрэг юм. Харин үйлт нэр үгүүлэхүүн бүхий гишүүн үгүүлбэр нь гол үгүүлбэртээ байц гишүүний үүргийг гүйцэтгэхдээ голдуу үйлийн утгаар үйлчлэх тул мөнхүү гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь гол төлөв заахын тийн ялгалаар хэлбэрждэг ажээ. Жишээлбэл: Би таны зураг зурсан (үзэг)-аар зурна. Би таныг зураг зурахаар зурна гэхэд зурснаар, зурахаар гэсэн нь хоёулаа үйлдэхийн тийн ялгалын хэлбэрт үйлт нэр боловч зурснаар гэсэн нь гол үгүүлбэрийнхээ үгүүлэхүүнээр илэрсэн зурах үйлийн зэвсэг буюу нэрийн утгаар хэрэглэгдсэн тул үгүүлэгдэхүүн нь таны гэж харьяалахын тийн ялгалаар хэлбэржиж, зурахаар гэсэн нь гол үгүүлбэрийнхээ үгүүлэхүүнийг илтгэн зурах үйлийн хэзээ зурах цагийг заасан нөгөө үйлийг заасан үйлийн утгаар хэрэглэгдсэн тул үгүүлэгдэхүүн нь таныг гэж заахын тийн ялгалаар хэлбэржжээ. Харин жинхэнэ үйл үг үгүүлэхүүнтэй бөгөөд гол үгүүлбэртэйгээ «гэх» гэдэг үгээр холбогдсон гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн бол ямар ч байдалд заахын тийн ялгалын дагавартай, дагаваргүй хоёр янзаар хэлбэржихээс биш харьяалахын тийн ялгалаар хэлбэрждэггүй ажээ. Энэ бол дээр дурдсан ёсоор уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүн нь дан гагц үйл байдлын санааг зааснаас болж байгаа хэрэг ажээ. Жишээлбэл: Доржийг хөдөөнөөс ирнэ гэсэн хүн ирэв. Таныг сургуульд орно гэснийг бид сонссон гэх мэтчилэн.
10. Гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг бас заахын тийн ялгалын дагавартай, дагаваргүй хоёр янзаар хэлбэржсэн байдгийг бид мэдэж байна. Үүнд: гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь ямар байдалд заахын тийн ялгалын дагавартай, ямар газар заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэрждэгийг илрүүлэх хэрэгтэй юм. Орчин цагийн халх монголын ярианы хэлэнд мөн халхын аялгуу дээр үндэслэсэн орчин цагийн монгол утга зохиолын хэл нь заахын тийн ялгалын дагавартай, дагаваргүй хэлбэржсэн үгүүлэгдэхүүн бүхий гишүүн үгүүлбэртэй хавсарсан нийлбэр үгүүлбэр арвин тохиолддог. Жишээлбэл:
Тэр хүнийг ирвэл би хэлье.
Хүн ирвэл би хэлье.
Энэ айлын нохойг хуцвал чи гараарай.
Нохой хуцвал чи гараарай,
Тэр айлын адууг ирмэгц чи морио тавиарай.
Адуу ирмэгц чи морио тавиарай.
Чи машин иртэл эндээ хүлээж бай.
Чи миний машиныг иртэл эндээ хүлээж бай.
Та хонь билчихээр үнээгээ саа.
Та манай хонийг билчихээр үнээгээ саа.
Хурал тарахаар би танайд очно.
Ангийнхаа хурлыг тарахлаар би танайд очно гэх мэт жишээтэй бөгөөд ингэж гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний заримдаа заахын тийн ялгалын дагавартай, заримдаа дагаваргүй хэлбэржүүлэх ёсыг зарим монголч эрдэмтэн эрхшээл нэрийн ангид заахын тийн ялгалын дагаврыг хэрэглэн эрхшээлгүй нэрийн ангид буюу эрхшээлгүй нэрийн анги болгож үзсэн нэрд заахын тийн ялгалын дагаврыг үл хэрэглэдэг дүрмийн ёсоор зохицуулсан зүйл гэж үздэг ажээ.
Эрхшээл нэрийн анги гэдэг нь хэн гэж асуухад хариулах хүн төрөлхтөнд холбогдох үгс, эрхшээлгүй нэрийн анги гэдэг нь юу гэж асуухад хариулах хүн төрөлхтнөөс бусад амьтан, юмын нэрсийг хэлсэн ажээ. Орчин цагийн монгол хэлний баримт зүйлээс үзвэл гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалын дагавартай дагаваргүй хоёр янзаар хэлбэржүүлдэг нь уул үгүүлэгдэхүүн нь эрхшээлт нэр эрхшээлгүй нэрээр бүтсэнээр ялгагддаггүй нь илэрхий байна. Жишээлбэл: хүн ирвэл хэлээрэй гэхэд хүн гэсэн үг нь хэдийгээр эрхшээлт нэр боловч заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэржжээ. Энэ мэтээр гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний заахын тийн ялгалын дагавартай, дагаваргүй хоёр янзаар хэлбэрждэг нь уул үгүүлэгдэхүүний эрхшээлт нэрээс бүтсэн, эрхшээлгүй нэрээр бүтсэнээс болдог гэсэн тайлбар нь ноцтой биш ажээ. Харин энэ үзэгдлийг уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнээр нэгэн төрлийн олон хүн буюу юмын дотроос онцлон ялгаж хэлсэн санаа илтгэсэн газар уул үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалын дагавартай хэлбэржүүлж, тэгж онцлон ялгалгүй, бүхэлд нь хэлсэн санааг илтгэсэн газар заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэржүүлдэг гэж тайлбарлавал орчин цагийн монгол хэлний үнэн байдалд илүү тохиромжтой мэт санагдана. Жишээлбэл: Хүн ирвэл надад хэлээрэй гэхэд олон хүний дотроос чухам тэр энэ хүн гэж онцлон ялгаж заалгүй ер хүн ирвэл хэлээрэй гэсэн санаатай тул дурдсан гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн болох хүн гэсэн үгийг заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэржүүлжээ. Гэтэл энэ хүнийг ирвэл надад хэлээрэй гэхэд ер нэг хүнийг хэлээгүй олон хүний дотроос чухамхүү энэ хүнийг ирвэл хэлээрэй гэж онцлон ялгаж заасан тул уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн болох хүн гэсэн үгийг заахын тийн ялгалаар хэлбэржүүлжээ.
Бас гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь биеийн төлөөний үг, заах төлөөний үгээр бүтсэн байвал түүнийг заавал заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх журамтай ажээ. Энэ нь мэдээжийн хэрэг юм. Биеийн төлөөний үг, заах төлөөний үгээр бүтсэн байвал түүнийг заавал заахын тийн ялгалаар хэлбэржүүлэх журамтай ажээ. Энэ нь мэдээжийн хэрэг юм. Биеийн төлөөний үг, заах төлөөний үг нь утгаараа бөөн олон хүн буюу юмны дотроос чухамхүү би чи гэх буюу энэ тэр гэх мэтчилэн ялган заахад хэрэглэдэг үгс тул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн болохдоо заавал заахын тийн ялгалаар хэлбэрждэг ажээ. Тэр ч байтугай биеийн төлөөний үг, заах төлөөний үгээр тодотгосон гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь хамт олон хүн буюу юмны дотроос ялган заасан санааг илтгэлцэх тул ямагт заахын тийн ялгалын дагавартай хэлбэржинэ. Жишээлбэл: Бид морь ирэхээр явна. Бид таны морийг ирэхээр явна. Би хонь үргэхээр гарав гэх мэт. Үүнчлэн уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний дараа минь, чинь, нь гэж гурван биений аль нэгэнд хамаатуулсан илтгэгч байлцвал уул үгүүлэгдэхүүнийг заахын тийн ялгалын дагавраар хэлбэржүүлдэг. Жишээлбэл: та морь ирэхээр үзээрэй. Та морийг минь ирэхээр үзээрэй. Та морийг нь ирэхээр үзээрэй. Би морийг чинь ирэхээр үзье гэх мэт.
Мөн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь хүн амьтны тусгай нэрээр бүтсэн байвал түүнийг заавал заахын тийн ялгалаар хэлбэржүүлнэ. Учир нь ийм тусгай нэр бол утгаараа аль нэг хүн биш хамт олны нь дотроос чухамхүү Дорж, Бат гэх буюу аль нэг амьтан биш чухамхүү банхар хойлог гэх мэтээр түүний төрлий нь олноос ялган заах санааг илтгэдэг тул гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн болохдоо заавал заахын тийн ялгалын хэлбэрээр хэлбэрждэг ажээ. Жишээлбэл: Доржийг ирэхээр бид хонио хяргая. Сүрэнг хэлэхээр мэдлээ. Банхарыг ирэхээр уяарай гэх мэт.
Бас тэмдгийн нэр, тооны нэр, гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн бол заавал заахын тийн ялгалын дагавраар хэлбэржсэн байдаг. Жишээлбэл: та морьдоосоо сайны нь ирэхээр надад өгөөрэй, нөгөө гурвыг очихоор хэлээрэй гэх мэт. Энэ нь тэмдгийн нэр, тооны нэр үгүүлэгдэхүүн болохдоо тэр зүйлийн олон юмсын дотроос уул чанар, тоог эзэмшсэн бодит юмсыг ялган заадаг тул ийнхүү заахын тийн ялгалаар хэлбэрждэг ажээ.
Хааяа гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн дээр утгын өргөлт тохиолдвол уул үгүүлэгдэхүүнээр илэрсэн зүйлийг мөн төрлий нь олноос ялган заах санааг илтгэх тул заахын тийн ялгалын дагавраар хэлбэржүүлнэ. Жишээлбэл: хүнийг сайн сэтгэлээр туслахад хариу талархах хэрэгтэй. Уулыг цас дардаг, эрийг нас дардаг гэх мэт.
Гарахын тийн ялгалаар хэлбэржсэн, гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь чанартаа харьяалахын тийн ялгалаар хэлбэржсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнтэй адил тул xapьяалахын тийн ялгалаар хэлбэржиж болох гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг мөн гарахын тийн ялгалаар хэлбэржүүлж болно. Жишээлбэл: сумын даргын хэлсэн үгийг Батад хэлэв. Сумын даргаас хэлсэн үгийг Батад хэлэв. Аймгийн даргын бидэнд анхааруулсан нь их тус болов. Аймгийн даргаас бидэнд анхааруулсан нь их тус болов. Засгийн Газрын даалгасныг бид ширхэг дараалан биелүүлэв. Засгийн Газраас даалгасныг бид ширхэг дараалан биелүүлэв гэх мэт. Гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь гол төлөв албан газар буюу албан тушаалын хүмүүсийг заасан үг байвал гарахын тийн ялгалаар хэлбэржүүлдэг.
11. Өмнө дурдсан ёсоор гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь хүн, юмыг төрлий нь олноос онцлон ялгаж заасан утгатай байвал заахын тийн ялгалын дагавартай хэлбэржүүлж тэгэлгүй ер нэг хүн буюу юм гэсэн утгатай байвал заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэржүүлдэг нь гол төлөв энгийн богиновтор гишүүн үгүүлбэрт холбогдоно. Гэтэл ихэвчлэн бичгийн хэлэнд арвин тохиолддог их урт дэлгэрэнгүй зэрэгцсэн олон үгүүлэхүүнтэй гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнээс бол ялгах ба үл ялгахын ёсыг хайхралгүй нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржсэн нь цөөнгүй тохиолдог ажээ. Энэ байдал эрт, одоогийн монголын шилдэг зохиолч, орчуулагчийн найруулгад арвин үзэгдэнэ. Энд зарим жишээг дурдвал:
Нэгэн өдөр Хо Жү-гийн Эү-чаны архи сайн гэж хүний хэлэлцэхийг сонсоод Ли-бэй-мянганы газарт бие алжаахыг үл бодон тэнд хүрч архины пүүзэнд орж дэвттэл ууж coгтон ойр орчны хүнийг нэг ч анхаарахгүй, өндөр дуугаар шүлэглэн дуулахыг Сэ Ма-жиан я ноён сонсож дагалт хүнээ зарж, энэ ямар зэргийн хүн бэ гэж асуулгасанд Ли-бэ даруй дөрвөн шүлгээр ийн үгүүлрүүн:...(Жүн гү чи гуан гэдэг үгүүллэгийн чуулганаас) Түүнээс Цао-цао, Жиү Жюаны зүг одсоор, Жүн Мао Шианыг өнгөрөн одоход Шианы хаалга сахисан хүн Цао-цаог барьж, Шианы түшмэл нэрийг асуувал, Цао-цао биеэ худалдааны хүн гэж нэрээ Хуан по гэж хуурч хэлэхэд Шианы түшмэд зандран үгүүлрүүн: ...(Гурван улсын бичгээс).
Тэр завсар шивэгчин эм, эмчийн дэргэд очиж манай хаалганы гадна нэгэн өвчтэй хүүхэдтэй эр эм хоёр ирээд эм залах гэж энэ алтыг өгөв гэсэнд еврей тэр алтыг үзээд тэсгэлгүй баярлаж яаран сандран доош буутал харанхуйд тэр нуруугүй хүнийг дайран унагааж сочин үгүүлрүүн:...
Еврей эмч эм лүгээ тэр нуруугүй хүнийг үүрч шөнө айлын байшингийн туурганд сэмхнээ түшүүлж яаран зайлтал тэр гэрийн эзэн буцаж ирээд... (Б.Ринчений орчуулсан Нуруүгүй хүний үлгэрээс)
…Загд ядан байж өвөртөө байсан бяцхан алчуураар хөхний цусыг таглаж боотол, манхны урьд ирмэг дээгүүр нэгэн хүнийг дагаад зүүн тийш явах нь харагдав. (1945 оны Цог сэтгүүлийн 5-6 дугаар дахь Тарвын «Зоригт хүүхэн» гэдэг үгүүллээс). Энэ байдал нь урт дэлгэрэнгүй гишүүн үгүүлбэртэй ярианы хэлний нийлмэл үгүүлбэрт ч бас үзэгдэнэ. Жишээлбэл: Дорж худгаас адуугаа услаад ирэх замдаа ахынхыг нүүлгэж өвөлжөөнд нь буулгаад ирэхэд бид энэ ажлаа дуусгаж байна (ярианы хэлнээc) гэх мэт.
Энэ мэтээр зэрэгцсэн олон үгүүлэхүүнтэй урт дэлгэрэнгүй гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржүүлснийг зарим монголч эрдэмтэн, энгийн хар хэл аман ярианд тэр бүр тохиолддоггүй, давуу олон зүйл бүрдсэн нийлмэл үгүүлбэрийн зүйлийг эвлүүлэхэд тулгарснаас болсон хэрэг мэтээр үздэг байна.
Гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг ингэж заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэржүүлэх нь (хүн ирвэл хэлээрэй гэх мэтээр) энгийн богино гишүүн үгүүлбэрт ч үзэгддэг тул урт дэлгэрэнгүй гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг ингэж заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэржүүлэх ёсгүй заавал заах буюу харьяалахын тийн ялгалын аль нэгээр хэлбэржүүлэх ёстой гэж үзэх үндэсгүй юм. Үүнээс гадна урт дэлгэрэнгүй гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржүүлэх явдал монголын нэрт зохиолч, шилдэг орчуулагч нарын зохиол, орчуулгад арвин тохиолдож байгаа тул энэ бүгдийг цөмийг монгол хэлний зүйг зөрчсөн ташаа зүйл гэж үзэж үл болно. Харин энэ зүйлийг анхааралтай судлан үзэж түүний зүй тогтоолыг илрүүлэх хэрэгтэй юм. Үүнд хамгийн чухал нь дурдсан гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг чухам аль хэлбэрээр хэлбэржүүлсэн нь хүний уншиж ойлгоход илүү ойлгомжтой болохыг анхаарах хэрэгтэй. Учир нь хэл бол ерөөс харьцахын хэрэглүүр тул хүний харилцан санасан бодсоноо бусдад нэвтрүүлэхэд дурдсан хэлбэрийн аль нь хамгийн ойлгомжтой болох талаас авч үзэх хэрэгтэй юм. Тэгвэл дээрх жишээнд дурдсан хэдэн урт гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг уншсан хүн бүр нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржүүлсэн нь илүү ойлгомжтой байна. Харин харьяалах буюу заахын тийн ялгалаар хэлбэржүүлбэл ойлгомжгүй байна гэж үзэж байна. Энэ үзэгдлийг нарийвчлан судалж цаашид монголын утга зохиолын хэлэнд аль хэлбэрийг илүү сайн гэж үзэх явдлыг тогтоох хэрэгтэй юм. Ер нь энгийн богино гишүүн үгүүлбэр урт дэлгэрэнгүй гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүний хэлбэржих байдал харилцан өөр байхад үл болох газаргүй юм.
Зэрэгцсэн олон үгүүлэхүүнтэй дэлгэрэнгүй урт гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг бичгийн хэлэнд нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржүүлсэн нь илүү ойлгомжтой байдгийн учир нь гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн хичнээн олон зэрэгцсэн үгүүлэхүүнтэй, хичнээн дэлгэрэнгүй урт бол захирагдсан гол үгүүлбэрийн өгүүлэгдэхүүнийг үгүүлэхүүнээс төчнөөн алсалж, мөн түүний хирээр захирагдсан байдал нь төчнөөн суларч ирэх тул уул үгүүлэгдэхүүнийг харин ч заах буюу харьяалахын тийн ялгалаар хэлбэржүүлснээс нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржүүлсэн нь илүү тохиромжтой болдог ажээ. Бас ийм зэрэгцсэн олон үгүүлэхүүнтэй гишүүн үгүүлбэрийн эцсийн бус үгүүлэхүүнүүд нь зэрэгцэх, урьдчилах хам нөхцөл, үйл үгийн хэлбэрээр байдаг тул энгийн нийлмэл үrүүлбэрийн эцсийн бус үгүүлбэрийн зүйгээр нэрлэхийн тийн ялгалын хэлбэрт үгүүлэгдэхүүнийг шаарддаг байж болно. Өөрөөр хэлбэл ийм гишүүн үгүүлбэр нь ерийн богинохон гишүүн үгүүлбэрээс илүү биеэ даасан байдалтай байж болно.
12. Бас заримдаа гишүүн үгүүлбэр нь үгүүлэгдэхүүнгүй байж болно. Жишээлбэл: Хөдөөнөөс морь авчирсан хүн ирэв. Маргааш орой гурван иагт манай сургууль дээр хуралтайг та нар мэдсэн үү? Машинаар хадсан өвсийг хураав гэх мэтчилэн. Үүнд гишүүн үгүүлбэрээр тодруулсан үг нь утгаараа уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүнээр илэрсэн үйл байдлын эзэн байвал уул гишүүн үгүүлбэр нь үгүүлэгдэхүүнгүй байна. Жишээлбэл: адуун дээрээс морь авчирсан хүн ирэв гэх мэт. Бас уул гишүүн үгүүлбэр нь нэгэн бүрэлдэхүүнт үгүүлбэр байвал мэдээжийн хэрэг тусгайлан үгүүлэгдэхүүнгүй байна. Жишээлбэл: манай сургууль дээр маргааш хуралтайг мэдсэн үү гэх мэт.
Мөн хойдох урдах үгнээс буюу орчны байдлаас утга нь тодорхой байвал утга нь зохих гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг орхисон байж болно. Уулнаас морин дээр aвчирсан түлээг хашаанд хураав гэх мэт.
Бас гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь хойноо гурван биеийн аль нэгийг заасан минь, чинь, юу гэж хамаатуулах үгтэй байвал уул гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүнээр илэрсэн үйл байдлын эзэн нь тодорхой болж ирэх тул ийм гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүнийг заримдаа орхиж болно. Жишээлбэл: морио авчирсны нь би мэдсэнгүй. (Батыг морио авчирсны нь би мэдсэнгүй) гэх мэт.
13. Заримдаа гишүүн үгүүлбэрийн үгүүлэгдэхүүн нь мөн гол үгүүлбэрийнхээ үгүүлэгдэхүүнтэй хавсарч байж болно. Жишээлбэл: та маргааш гэртээ харингаа миний морийг авчрана уу? Хэдэн адуугаа услахаар худаг руу явсан гэх мэт. Үүнд: харингаа, услахаар гэсэн гишүүн үгүүлбэрийн үгүүлэхүүнээр илэрсэн үйлийн цаг нь тус тусын гол үгүүлбэрийн үгүүлэхүүнээр илэрсэн авч ирнэ үү?, явсан гэсэн үйлийн эзэн та, Бат гэсэн үгүүлэгдэхүүнтэй хавсарчээ.
Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com