Saturday, 2024-04-27, 6:41 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 611
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Бүлэг 3 Коммунист дайны үе ба Шинэ эдийн засгийн бодлого

Гурав: Коммунист дайны үе ба Шинэ эдийн засгийн бодлого

Бүлэг 3
Николас Поппе: Коммунист дайны үе ба Шинэ эдийн засгийн бодлого

... Мөнөөх Мирбах гүн энэ явдлын дараахан Социал Хувьсгалт Намын гишүүн Яков Блюмкин гэгчид алуулж билээ. Аллагын шалтгаан нь ердөө л Герман, Зөвлөлт Орос хоёрын дунд дайн өдөөх гэсэн санаа байв. Зөвлөлт засгийнхан Блюмкиныг буудан хорооно хэмээн Германы талд амлаж байсан хэдий ч миний бие 1926 онд яах аргагүй түүнтэй Улаанбаатарт таарч билээ. Блюмкин тэнд Зөвлөлт засгийн мэдээллийн алба болох ТАСС-ын менежер болсон байв. Тэрбээр хатуу тавилангаасаа хоёр дахиа зугтаж чадаагүй. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр түүнийг Социал Хувьсгалт Намын гишүүн байсных нь хувьд, магадгүй еврей байсных нь ч тулд мөн буудан хороосон юм. Блюмкин ийнхүү үйлдсэн аллагынхаа төлөө шийтгэгдээгүй атлаа улс төрийн өөр намын гишүүн байсныхаа төлөөсөнд буудуулсан билээ. Зөвлөлт Холбоот Улст коммунист биш байх нь хүн алахаас илүү хүнд гэмт хэрэгт тооцогддог юм даа...

1918 онд болсон хамгийн чухал үйл явдал бол иргэний дөнгөж эхэлж байхад большевикууд Эзэн хааныг гэр бүлийнхэнтэй нь хамт хороосон явдал байв. Хаан 1917 онд эрхээсээ татгалзаад Петроградын ойролцоо, Царьское Село гэдэг жижиг хотын нэгэн ордонд, түр засгийн газрын харьяанд амьдарч байсан юм. Царьское Село нь Хааны ордон бүхий хотхон болохын хувьд Францын Версаль, Германы Потсдамтай төстэй.

Түр засгийн газрын тэргүүн А. Ф. Керенский бүр 1917 оны 2 сарын хувьсгалын дараа Хааны гэр бүлд аюул нүүрлэж буйг урьдчилан харж, Их Британийн засгийн газарт хандан тэднийхэнд улс төрийн орогнол хүссэн юм. Британичууд Орос дахь тогтворгүй байдал болон түүнээс үүдэн Хааны гэр бүлд учирч болох аюулыг мэдэж байсан нь лавтай. Гэвч Хаан хэдийгээр Британы Вангийн үеэл нь байсан боловч тэд туслахаас татгалзсан юм. Британийн Засгийн газраас тухайн үеийг Хааны айлчлалд тохиромжтой цаг хараахан биш хэмээн үзэж байна гэсэн хариу ирсэн аж. Би үүнийг уучилж болшгүй алдаа гэж боддог. Орос оронд нүүрлэсэн иргэний дайн, эмх замбараагүй байдал, хаа сайгүй гарах болсон аллага, дээрэм тонуулын үе түүнийг хүлээн авахад тохиромжгүй байсан юм бол хэзээ илүү тохиромжтой болох байсан гэж?

Керенский дараа нь түүнийг тухайн үед харьцангуй тайван байсан Баруун Сибирийн Тоболск хот руу нүүлгэв. Гэвч Керенскийн засгийн газар унаж, большевикууд засгийн эрхэнд гармагц Тоболск дахь орон нутгийн Зөвлөлт засаг Хааны гэр бүлийг хамаарах болсон юм. Тэд Хаан, хатан хоёрыг таван хүүхдийнх нь хамт Екатеринбург руу шилжүүлсэн бөгөөд 1918 оны зун тэнд бүгдийг нь буудан хороосон билээ. Хааныг хөнөөсөн хэргийг хувьсгал гэдэг утгаар нь зөвтгөж болох ч хөөрхий хатан болон таван хүүхдийг нь хороосон явдал жигшмээр, булай аллага болсон юм. Хааныг ч тэр, шүүн хэлэлцэж, буруутайг нь тогтоож байж цаазлах учиртай байв. Үүнтэй харьцуулахад, Германчууд эрхээсээ татгалзсан 2-р Кайзер Вилхелмийг Холландад гарахыг зөвшөөрсөн нь тэдний хэчнээн соёлжсон байсныг харуулж байна.

1917 оны хоёр сарын хувьсгалыг "хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цусгүй хувьсгал” хэмээн нэрийдэж байтал удалгүй тэр нь хүний амь, эд хөрөнгө, соёлын өвийг хамгийн их сүйтгэсэн үйл явдал болон хувирав. 1918 онд иргэний дайн эхэллээ. Адмирал А. В. Колчакийн босгосон улаантны эсрэг хүч эхэн үедээ хэд хэдэн ялалт байгуулж, Сибирийг бүхэлд нь, мөн Ижил мөрний зүүн биеийг түр эзлээд байв. Гэвч үүнээс хойш ялагдал хүлээн, Колчак өөрөө баригдан хоригдож, 1920 онд цаазлуулсан юм. Коммунистуудын эсрэг өөр нэгэн армийг Өмнөд Орост генерал А. И. Деникин бүрдүүлээд байв. Генерал Н.Н. Юденичийн удирдлага доорх гурав дахь арми Эстоноос довтлон, 1919 онд Петроградыг авахаа алдсан бол генерал, барон П. Н. Врангелийн удирдсан дөрөв дэх арми Кримээс эхлэн тулалдаж, 1920 онд Өмнөд Оросын зарим хэсгийг эзлээд байлаа. Эд бүгд эхэндээ амжилт олж байсан боловч адилхан хувь заяагаар төгсцгөөсөн билээ. Эцэстээ бүгд ялагдаж, удирдагчид нь цаазлуулах нэг нь цаазлуулж, гадаад руу зугтах нэг нь зугтсан. Миний бодлоор бол тэдний ялагдалд гурван шалтгаан байв. Коммунизмын эсрэг армиуд хүчээ нэгтгэлгүй, seriatim (латин: нэг нэгээрээ, ээлж дараагаараа. Орч.) тулалдсан юм. Нэг арми нь унахад нөгөө нь тулалдаанд орж байх. Хоёрт, тэд тоогоороо улаантнуудаас цөөн байв. Гурав дахь буюу хамгийн гол шалтгаан нь юу хэмээвээс, тэдэнд улс төрийн тодорхой мөрийн хөтөлбөр дутагдаж байсан явдал юм. Улаантнууд том газар эзэмшигчдээс газрыг нь хураан авч, тариачдад хуваарилна гэж амлаж байсан бол цагаан армийнхан, тэдний иргэдтэй харьцах албаныхан тийм амлалт гаргаж байсангүй. Цагаантнууд ялбал тариачид газартай болох бол уу? Үүнд албан ёсны хариулт байсангүй. Дээр нь, коммунистуудын эсрэг хүч дийлсэн тохиолдолд Орос улс засаглалын ямар хэлбэртэй байх нь тодорхойгүй байв. Хаант засаг уу, бүгд найрамдах улс уу? Бүгд найрамдах бол капиталист уу, социал демократ уу? Ийм тодорхой бус байдлаасаа болж цагаантнууд тариачдын дэмжлэгийг бараг хүлээгээгүй, ажилчид бол бүр ч дэмжээгүй билээ. Тариачид коммунистуудаас газар горьдон дэмжсэн боловч арван жилийн дараа, 1929 онд хамтралжуулалтаар буцаагаад хураагаад авчихна гэж төсөөлөө ч үгүй буй заа.

Зөвлөлт засгийн төлөөх тэр дайны үе миний хувийн амьдралд хэрхэн туссан бэ гэвэл 1918 он манайханд маш хүнд байсан гэдгийг л хэлэх байна. Ээж Петроградын шууданд ажилд орж, би өглөө нь хичээлдээ яваад, орой нь өмнө тодорхойлсон Хангамжийн газар ажиллаж байлаа. Бүх юм айхтар үнэтэй болсон тул миний цалин юу ч болдоггүй байв. 1918 онд банкнуудыг улсын өмчинд шилжүүлэхэд бид бүх хөрөнгөө алдсан. Миний үеэл Александер Бөтз 1914 онд Архангельскт баривчлагдан, хэдэн жил Сибирьт цөллөгөнд сууж байгаад эргэн ирж манай сэйф хадгалагдаж байсан банкинд ажилд орсон юм. Тэрбээр банкны комиссартай сайн харьцаатай байв.

Тэр комиссар банкинд сейфээ хадгалуулсан хүмүүст эд юмсаа тавь тавин хувиар хувааж авъя гэвэл сейфийг нь эргүүлэн өгнө гэж амласан юм. Александер энэ саналыг эмээд хэлтэл хэдий эмээ тун айхтар хүн байсан ч шийд гаргаж чадсангүй. Эмээ өөрийнх нь ах Вилхелм брокер хүн байсан тул санхүүгийн мэргэжилтэн хэмээн үзэж зөвлөгөө авав. Вилхелм харин эмээд "Хэрэггүй. Большевикууд ирээд л дараа нь арилаад өгнө. Тэдэнд хөрөнгөнийхөө хагасыг өгнө гэдэг галзуурсан хэрэг” гэсэн юм. Сейфэнд маань гадаадын компаниудын хувьцааны гэрчилгээ, эрдэнэс, бусад олон үнэт зүйл байсан билээ. Эмээ Александерын үгийг сонссон сон бол хувьцаа, бондныхоо талыг авч үлдэн, сүүлд зарж чадахаар байсан билээ.

Манай байшинг хотын захиргаа авчхав. Уг нь тэр байр манай өвөөгийнх бөгөөд ээж маань ч тэнд төрсөн байтал хувьсгалчид ээжийг Хаант засгийн газрын ерөнхий консулын бэлэвсэн гэргий хэмээн амьдралыг нь үнэхээр хүнд болгосон юм. Ээж, эмээ хоёр паразит, "мөлжигч” анги хэмээх ангилалд орж, хүнсний кардыг хамгийн доод зэрэглэлээр тогтоож өгөв. Тэдний өдөр тутмын талх эхлээд найман унц (1унц 283 гр. Орч.) байсан бол дараа нь дөрөв сүүлдээ бүр хоёр унц боллоо. Өлсгөлөнг давахын тулд заримдаа бид хар зах дээрээс адууны овъёос авдаг байлаа. Овъёосоо чанаад махны машинаар машиндан жаахан давс нэмж, баахан хальстай агшаамал болгоно. 1919 оны нэг, хоёрдугаар сард манай гэрт Фаренгейтийн 29 хэм хүрч байхад бид зуухандаа түлээгүй л байв. Гэгээ тасарсны дараа гэрийн даалгавраа хийхэд гэрэл хэрэгтэй, гэтэл цахилгаан хангамж тун тогтворгүй учир би хар зах гарч, хоёр жижиг чийдэн, нэг керосин дэнлүү авч билээ. Тэр чийдэн гэдэг нь дундаа муухан голтой нэг шилэн сав л байсан бөгөөд яг л сүлд модны чийдэн шиг, бүдэгхэн гэрэл гаргана. Хоёр чийдэнгээ хоёуланг нь номынхоо хоёр талд асаан тавихад сая нэг дөнгөн данган унших хэмжээнд хүрдэг сэн.

1918 онд өөр нэг явдал болов. Эмээгийн нэг эмэгтэй дүү, нягтлан бодогчийн бэлэвсэн гэргий Шарлотт Диедерикс, Макс, Уилли гэдэг хоёр хүүтэй байлаа. Уилли дайны үед инженерийн нэгэн хороонд алба хааж байгаад халагдсанаасаа хойш манайд амьдарч байсан юм. Дөнгөж гэрлэсэн боловч өөр явах газаргүй тул залуухан гэргийтэйгээ манай том өрөөнд байдаг байв. Гэргий нь дайны үед цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг байж. Зуны нэг шөнө зэвсэглэсэн бүлэг хүн манай гэрт гэнэт дайран орж ирэв. Тэд большевикуудын Улаан хамгаалагч хэмээх иргэний цэрэгжсэн байгууллагынхан байлаа. Уиллиг бусад халагдсан офицеруудын хамт баривчлан ачааны онгоцоор Финляндын буланд аваачиж живүүлэх гэж байв. 1917 оны найман сард тэд Вийпурид яг тийм юм хийсэн билээ. Азаар, Уиллигийн дүү Макс Германы элчин сайд Мирбах гүнг таньдаг байсан тул ахдаа туслуулахаар гуйжээ. Мирбах гүн нарийн бичгийн даргадаа Уилли Диедерикс нь Герман улсын иргэн гэсэн бичгийг яаралтай хий хэмээн тушаав. Макс тэр бичгийг аваад, хөөрхий оффицерүүдийн хоригдож байсан газар очин үзүүлж, Уиллиг гарган авчээ. Ганц хоёр хоногийн дараа Уилли эхнэртэйгээ Герман явав.

Мөнөөх Мирбах гүн энэ явдлын дараахан Социал Хувьсгалт Намын гишүүн Яков Блюмкин гэгчид алуулж билээ. Аллагын шалтгаан нь ердөө л Герман, Зөвлөлт Орос хоёрын дунд дайн өдөөх гэсэн санаа байв. Зөвлөлт засгийнхан Блюмкиныг буудан хорооно хэмээн Германы талд амлаж байсан хэдий ч миний бие 1926 онд яах аргагүй түүнтэй Улаанбаатарт таарч билээ. Блюмкин тэнд Зөвлөлт засгийн мэдээллийн алба болох ТАСС-ын менежер болсон байв. Тэрбээр хатуу тавилангаасаа хоёр дахиа зугтаж чадаагүй. 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр түүнийг Социал Хувьсгалт Намын гишүүн байсных нь хувьд, магадгүй еврей байсных нь ч тулд мөн буудан хороосон юм. Блюмкин ийнхүү үйлдсэн аллагынхаа төлөө шийтгэгдээгүй атлаа улс төрийн өөр намын гишүүн байсныхаа төлөөсөнд буудуулсан билээ. Зөвлөлт Холбоот Улст коммунист биш байх нь хүн алахаас илүү хүнд гэмт хэрэгт тооцогддог юм даа.

Уиллиг явмагц байрны зөвлөлөөс өрөөг нь хураан авч өөр гэр бүл оруулав. 1918 оны Зул сарын баяр ердөө гамшиг л байлаа. Манайд ер нь юу ч байсангүй. 1918 оны 12 сарын 31-ний шөнө эмээ маань хүнсний дутагдлаас болж зүрх нь хаагдав. Нэг өрөөнд эмээгийн цогцос бүлээнээрээ байхад Байрны Хувьсгалт Зөвлөлийнхөн манай нөгөө өрөөнд уулзалт хийж байв. Зөвлөлийн гишүүд архи уун, бүжиглэж, хамаг чангаараа дуулалдана. Би энэ явдлыг хэзээ ч уучилдаггүй. Тэд эмээгийн цогцсын дэргэд яг л сэгээр хооллодог амьтад шиг авирлан, шинэ оныхоо баярыг тэмдэглэж, манай гэрт, өөрсдөд нь огт хамаагүй тавилга дээр тухлан, манай банкнаас хураасан ч байж мэдэх мөнгөөр архидацгааж байлаа.

Манай байрны механикийн ажлыг хийдэг байсан Микелсон гэдэг хүн эмээгийн оршуулгын зардлыг гаргав. Бидэнд түүнийг оршуулах ч мөнгө байсангүй, нагац ах Фердинандын санхүүгийн байдал ч манайхтай адил муу байлаа. Фердинанд ах сайн хүн байсан боловч ёстой л сайнаас цаашгүй болоод байв. Өвөөг нас барахад Фердинанд арван таван настай байжээ. Тэгээд сургуулиасаа шууд гарсан бөгөөд хорин нэг хүрээд ээжээсээ буюу миний эмээгээс эцгийнхээ хөрөнгөний хувийг нэхжээ. Хуульд зааснаар тал хувийг нь ээж нь авч, үлдсэн талыг нь хүүхдүүдэд хуваарилах ёстой. Ганц хүү нь байсан учраас Фердинанд долооны зургаан хувийг авч манай ээжид долооны нэг хувь нь, өөрөөр хэлбэл нийт хөрөнгөний бол арван дөрөвний нэг хувь нь л оногдсон юм. Фердинанд мөнгөө хүүхнүүд болон үнэт анд цацаж эхлэв. Ангийн гучин нохой авч тусгай байранд тэжээх бөгөөд тэднийгээ харуулахаар анчин хөлсөлсөн байна. Мөнгөөр зодож авсан ганцхан олигтой юм нь гэвэл үзэсгэлэнт гэргий Нина нь л байна даа. Фердинанд Нинатай хаа нэгтээ тааралдан танилцаад нөхөртэй гэдгийг нь мэдэж, хуульчийн тусламжтайгаар нөхрөөс нь худалдан авсан юм. Нөхөрт нь их хэмжээний мөнгө өгч салгаад өөрөө суух боломжтой болсон хэрэг. Нөхөр нь ядуу, мөнгөний хэрэгцээтэй байсан тул зөвшөөрсөн гэдэг. Дайн эхэлж, Фердинандыг цэрэгт татагдахад цэрэг татлагын комисстой холбоотой нэгэн ажилтан 25 рубль буюу 12.50 долларын хэмжээний хахууль өгвөл чөлөөлүүлж чадна гэж амлажээ. Фердинанд нээрээ л фронт руу явсангүй. Петрограддаа үлдэж, армийн нэг штабт бичиг хэргийн ажил хийж байгаад тэр ажил нь уйтгартай санагдаж өөрөө сайн дураараа фронт явж, тэндээс уушгины үрэвсэл туссан юм. 1917 онд большевикуудыг засгийн эрхэнд гарсны дараа Фердинанд манайд амьдарч байсан ээж дээрээ ирээд "Та өөрийнхөө хөрөнгийг сайн хадгалсан. Тэр чинь одоо хаа байна. Большевикууд юу ч үлдээлгүй авчихлаа. Харин би бүхнээ үрж дууссан. Нэр дээрээ нэг ч зоосгүй үлдсэн ч сайхан хүүхнүүд, наргианч хүмүүсийн дунд амьдрал маань маш сайхан өнгөрлөө” хэмээн дооглож байв. Түүний энэ үгийг зуун хувь буруу гэхэд бас хэцүү. Бүх мөнгөө үрж дуусгаад большевикуудад юу ч үлдээгээгүй гэж бодохоор түүнд таатай байсан байлгүй. Фердинанд ах 1921 онд Өмнөд Орос руу сувилалд явж байгаад галт тэргэн дотор сүрьеэгээр нас барсан.

Авга ах Василий Поппегийнхоо тухай бас хоёр үг хэлье. 1917 оны 11 сарын 7-нд большевикуудыг засгийн эрхэнд гармагц авга ах маань эхнэртэйгээ ирж, бидэнтэй салах ёс гүйцэтгэсэн юм. Тэрбээр большевикууд Орос орныг маш удаан, магадгүй бүр зуун жил ч захирах болно гэж хэлээд хэд хоногийн дараа Латвийн Рига хот руу нүүх гэж буйгаа мэдэгдэв. Тэр үед Рига Германд эзлэгдээд байсан бөгөөд ах тэндээсээ Герман руу гарч амьдран, 1927 онд тэндээ нас барсан. Түүний бэлэвсэн гэргий, ная гарсан хүн, одоо Германд амьдарч байгаа. Хүү Василий нь химийн доктор, тавь гарсан, өдгөө Чикагогийн ойролцоо амьдарч буй.

1919 он гунигтай эхлэв. Бидэн дотроос хамгийн сайн байсан нь миний 15 настай охин дүү Элизабет л байлаа. Өмнө миний ярьж байсан Элизабетийн асрагч Василиса үнэнч хүн байсан бөгөөд манайх түүнд төлөх юмгүй болсон хойно ч бидэнтэй хамт байсаар байв. Василиса төрөлх тосгон руугаа байнга явж, өндөг, гурил, төмс, заримдаа бүр гахай, тахианы мах авчирдаг байлаа. Авчирсан хүнснийхээ хагасыг хар зах дээр аваачин бөс бараа, хувцсаар солих ба тэр бараагаа дараа нь тосгон руугаа аваачиж эргээд хүнсээр арилждаг байв. Үлдсэн хагас хүнсээ тэрбээр бидэнд үнэгүй өгнө. Василиса дүүг тосгондоо аваачсан юм. Элизабет тэнд хэдэн сар тариачны дулаахан гэрт, хоол хүнсээр элбэг амьдарсан бөгөөд тэгснийхээ л хүчинд тэр хэцүү үеэс амьд гарсан билээ. Василиса өөрөө Маша гэж хөөрхөн охинтой байв. Нөхөр Алфред Валле нь Уукуниеми хотын номлогч ламын хүү, Фин залуу. 1920 онд Василиса нөхөр хүүхдийн хамт Финлянд явав. Олон жилийн хойно, би бүр АНУ-д ирээд байхдаа Финлянд руу захиа бичиж, тэдний тухай сурагласан бөгөөд Валле гуайг эрүүл саруул, харин Василиса, Маша хоёрыг өөд болсныг мэдсэн билээ. Маша хавдраар, харин Василиса чихрийн өвчнөөр өнгөрчээ.

1919 оны 4 сард би нэг удаа сүү, төмс авахаар Петроград хотын зах хэсэг рүү явав. Тэр хэсэг Финляндын хилтэй тун ойрхон байсан тул хилийн харуулууд намайг баривчилж, дүүргийн захиргаан (уезд) дээр авчирлаа. Азаар, миний ажиллаж байсан хангамжийн газрын менежер хөөцөлдөж байж, намайг таван сард суллуулсан юм.

1919 онд өөр бас нэг гай намайг хүлээж байжээ. Генерал Юденичийн удирдсан Зөвлөлт засгийн эсрэг шинэ арми Эстоноос Петроград руу хөдөлсөн тул коммунистууд бололцооны бие хаатай бүх эрчүүдийг цэрэгт татав. Үүнд нь миний мэтийн оюутнууд ч бас хамрагдлаа. Хоёр зүйл шалтгаанаас болж би сэтгэлээр унаж дуусав. Юуны түрүүнд, би цэргийн албыг үзэн яддаг, ялангуяа чөлөөт цаг гарахад хүчээр тойрогт орон сууж, бусад цэргүүдийн ярих завхай онигоонуудыг сонсох үнэн дургүй. Нөгөө талаар, өөрсдийг маань коммунизмаас чөлөөлөхөөр айсуй хүчний эсрэг тэмцэнэ гэдэг таагүй байв. Нэг өдөр казармдаа байж байтал "Коля! Чи юу? Энд байгаа юм уу?” гэх дотно дуу гарав. Манай гэр бүлийн эмч Др. М. Д. Гринберг гуай цэргийн эмчээр татагдаад иржээ. Миний түүхийг сонсоод "Маргааш миний ажил дээр хүрээд ир. Би өөр нэг эмчтэй ажиллаж байна. Бид хоёр чамайг цэрэгт тэнцэхгүй гэж баталгаа гаргаж өгье” гэв. Маргааш өглөө нь цэргийн эмнэлэг дээр очиж, Гринберг эмчид үзүүлтэл хамт ажиллаж буй хүндээ "Энэ хүн сүрьеэгийн хурц шатанд орчихжээ. Та нэг үзэх үү?” гэж байна. Нөгөөх эмч нь "Үгүй ээ, би тун завгүй байна. Бүгдийг нь биччих. Би гарын үсгээ зурчихъя” гэв. Эмнэлгийн бичгээр "зэвсэглэж” аваад би хорооны штабт очин дороо халагдлаа. Гринберг эмч олон жилийн турш манай гэрийн эмч байсан, сүүлд хоёр хүүг маань бага байхад тэдний ч эмч байсан хүн, тэр сайн хүнд би том өртэй билээ.

1919-20 оны хамгийн хүнд гамшиг бол өлсгөлөн байв. Кардны хүнс дэндүү бага, хар зах дээрх бүх юм айхтар үнэтэй, эд барааг мөнгөөр бус бараагаар сольж арилжина. Нэг удаа би жижиг бадмаараг, алмааз, биндэрьяан шигтгээ бүхий зангианы алтан хавчаараа хоёр фунт талх, хэдэн фунт төмсөөр сольж байснаа санаж байна. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр 1920 онд бүгдийг ажил дээрээ байх хойгуур манайд хулгай орж, хувцас хунар, мөнгөн халбага, цаг зэргийг авч оджээ. Тэрнээс өмнө манайд өөр гарз бас учраад байсан билээ. Ээж булган дах болон бусад арьснуудаа үлдсэн эрдэнэсийнхээ хамт комиссийн дэлгүүрт тавьсан юм. Тэр дэлгүүрийг ээжийн танил эмэгтэй ажиллуулдаг байлаа. Гэтэл тэр дэлгүүрт хулгай орсон, эсхүл хулгай орсон гэж хэлсэн ч байж болох, ямар ч байсан ээжийн үнэт арьс болон эрдэнэс алдагдсан юм.

Хулгай, дээрэм гаарч байлаа. Цас дарсан шөнийн харанхуй гудамжинд орцны дэргэд, хашааны ард дээрэмчид нуугдана. Зарим нь гуталдаа пүрш хийж их хол харайхаар болгоно. Тэднээс зугтах арга байхгүй. Сүүлд, АНУ-д хүүхдүүд гутлаа яг тийм болгоод харайж тоглож байхыг хараад хувьсгалын үеийн Петроградад ийм төхөөрөмжийг хэрхэн ашиглаж байсныг харьцуулан дурсаж явлаа. Нэг сонин тохиолдлыг ярихад зүгээр юм уу. Дээгүүр зиндааны нэг эр үнэт арьсан дахтай явж байгаад дээрэмдүүлжээ. Өвөл цаг, гадаа хүйтэн байв. Дээрэмчид дах болон костюмыг нь авч Цельсийн хасах хорин хэмд гадаа дотоожтой нь орхиж. Хөөрхий эр дээрэмчдийн өмсч явсан хуучин муухай шинелүүдээс ядаж нэгийг нь үлдээгээч гэж гуйжээ. Тэд нэг муу шинель өгч мань эр ч гэртээ харьж. Эхнэр нь шинелийг угааж янзлан материалаар нь нөхөртөө сүүлд өөр юм хийж өгье хэмээн ханзалж гэнэ. Гэтэл драп, дотор хоёрынх нь дундаас баахан Америк зуутын долларууд гараад ирсэн байна. Бодвол мөнөөх дээрэмчид шинелийн эзэн офицерийг нухчхаад шинелийн жинхэнэ үнэ цэнийг мэдээгүй явсан буй заа.

Луйварчид, залилан мэхлэгчид хуурамч гарах виза, гадаад паспорт зарж мөнгө олж байв. Гадаадын хуурамч валют ч хар зах дээр зарагддаг байлаа. 1918 оны зун Финнийн Улаан Хамгаалагчид ялагдаж ирчхээд Петроградын гудамжаар хэсүүчлэн Финляндын мөнгөн тэмдэгтийг рублиэр солих уу хэмээн асууж явдаг байсныг би санаж байна. Үнэн хэрэгтээ бол Финнийн Вааса дахь засгийн газраас улаантнуудын гаргасан бүх цаасан мөнгийг хүчингүй хэмээн зарлачихсан байсан билээ. Гэвч Петроградчууд үүнийг мэдэлгүйгээр ямар ч үнэгүй тэр цааснуудыг шургуу авсаар байв. Гудамжинд цагдаа огт үгүй, ард олон дээрэмчдийн өмнө ямар ч хамгаалалтгүй байлаа. Гэхдээ хүмүүс гэмт хэрэгтнийг барьж чадвал газар дээр нь хороодог байв. Заримдаа гэмгүй хүмүүс ч хэлмэгдэх нь бий. Нэг удаа хотын хар захын хавьцаа явж байтал гэнэт нэг хижээл эмэгтэй түрүүвчээ хулгайд алдчихлаа гэж хашгирах сонстов. Хүмүүс хамгийн ойр байсан хүнийг нь шууд сэжиглэн нэгжиж үзэх ч гүйгээр тал талаас нь дайран зодоод алчихдаг юм байна. Энэ үед мөнөөх "хохирогч” авгай "Бурхан минь, Би түрүүвчээ олчихлоо, нөгөө халаасандаа хийчихжээ” гэж зарлахад сонссон хүмүүс бүгд түүн рүү дайран "Чамаас болоод бид гэмгүй хүн алчихлаа шүү дээ” гэж хашгирцгаан өөрийг нь ёстой л хэдэн хэсэг болгоод хаячихаж билээ.

Хэт ядуурал, өлсгөлөн, ирээдүйд үл итгэх байдлаас болж ёс суртахуун гэж юм хэнд ч үгүй болов. Аймшигтай ч гэмээр нэг жишээ хэлэхэд, дөч хол давсан нэгэн эр гудамжинд гуйлга гуйдаг байлаа. Түүний арван найм орчим насны хүү нь арван зургаа ч хүрээгүй охин дүүгээ өөрөө зуучилж, биеий нь үнэлүүлдэг байв. Орой ажлаасаа тараад ирж явахдаа би тэр залууг дүүгээ зарахаар гуйж байгаатай байнга тааралддаг байлаа. Энэ бол хамгийн доод түвшний жишээ. Шууд утгаараа биеэ үнэлэхгүй ч ёс суртахууны хувьд янханжсан хүмүүс бас олон байсан юм. Тийм хүмүүсийн тоонд Петроградын нэртэй эмчийн охин, Леночка (Еленагийн энхрийлсэн хэлбэр) гэгч багтана. Тэр хүүхэн манай ээжтэй нэг ангид байсан хүний хүү, миний найз Владимир Воронинтой сүй тавьсан юм. Воронин байргүй байсан тул ирээдүйн хадмындаа амьдардаг байв. Владимирийн аав нь бөс барааны үйлдвэрийн баян эзэн, гадаадуудтай худалдааны холбоотой хүн байлаа. Аав нь Баруун Европ руу мөнгөө хадгалуулсан газар луугаа зугтан гарсан бөгөөд Петроградаас хөдлөхөөсөө өмнө нэг үнэнч ажилтантайгаа хамт хамаг эрдэнэсээ амьдарч байсан байшингийнхаа арын цэцэрлэгт булжээ. Аавыг нь зугтан гарснаас хоёр жил орчим өнгөрөөд байтал мөнөөх ажилтан ирж, Владимирт эрдэнэсээ авахгүй бол тэр газар нь барилгын ажил эхлэх гэж байгааг мэдэгдсэн байна. Тэгээд нэг шөнө мань хоёр цэцэрлэгт очиж эрдэнэсээ ухан авчээ. Владимир эрдэнэсээ гэртээ авчирч орон дээрээ асгаад Леночкаг дуудан үзүүлсэн гэнэ. Леночка харангуутаа амьсгал нь багтарч, хөшиж орхижээ. Владимир нэг тийшээ явах ажилтай байсан тул яваад хэдэн цаг болоод иртэл орон дээр нь эрдэнэс нь байдаггүй гэнэ. Леночкаг аваад эвтэйхэн газар хадгалсан юм байх гэж бодоод асуутал, "Юун эрдэнэс? Тийм юм ёстой мэдэхгүй” гэж хариулжээ. Тэгээд удалгүй Владимир тэднийхээс нүүж, Леночка ч сүйн бөгжийг нь буцаан өгсөн байна. Хожим Леночка өөр хүнтэй гэрлэн тансаг хурим хийсэн бөгөөд шинэ хосууд байраа нэн үнэтэй тавилгаар чимсэн юм. Тэр алдагдсан эрдэнэс маш үнэтэй, Америк доллараар бодоход дор хаяж, хагас сая хүрэх эд байсан гэдэг.

Өлсгөлөн, халаалтгүй байр, цөхрөлийн тэр жилүүдэд ид шид, ер бусын явдлын тухай цуурхал газар авч, тийм яриаг хүмүүс амтархан сонсдог байлаа. Доорх нэг цуурхал бол бүр их тархсан юм. Нэг эмчийн дүүрэн хүнтэй хүлээлгийн өрөөнд жаахан охин ороод ирж гэнэ. Дараалалд зогссон олон хүнийг тоолгүйгээр тэр охин шууд эмчийн өрөөнд ороод, ээжийгээ хүнд өвчтэй байгаа тул туслахыг хүсчээ. Охин яагаад ч юм эмчид гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн аж. Тиймээс өвчтөнүүддээ хэлээд охины өгсөн хаягаар очив. Тэднийх холын гудамжнаа зөвхөн ядуусын амьдардаг нурсан байшинд байжээ. Эмэгтэй үнэхээр хүнд өвчтэй байсан тул эмч нийтийн утас олж ярин түргэн тусламж дуудаж гэнэ. Түргэн тусламж ирсний дараа эмчийг ажил руугаа буцаж явахаар завдан байтал өвчтэй эмэгтэй түүнд талархаад "Ингэхэд та яаж намайг өвчтэй гэж мэдээд, хэрхэн манайхыг олж ирсэн юм бэ?” хэмээн асууж. "Жаахан охин чинь ирээд туслахыг хүссэн юм аа” гэвэл "Эмч ээ, миний охин хоёр жилийн өмнө нас барчихсан шүү дээ” гээд эмэгтэй уйлж гарчээ. Эмчийн ажил дээр охины сүнс очсон нь тэр гэнэ.

Гай зовлон, цөхрөл гунигаа нимгэлэх гэж хүмүүс большевикуудыг цагаантнуудад бут цохиулсан гэсэн цуурхлыг ч зохион ярьдаг байв. Миний нэг сонссон ярианд Нестор Махно гэгч зартай дээрэмчин өөрийн арми, мянга мянган дээрэмчдийнхээ хамт большевикуудыг жирийн харж зогсоо хүмүүстэй нь ялгалгүй хүйс тэмтрэн, хот тосгодыг дээрэмдэн цөлмөж байна гэж гардаг бөгөөд тэр зартай эр гээч нь үнэн хэрэгтээ Хааны дүү Михайлыг хэлж байгаа ба Махно гэдэг нь Михайл Александрович Хранитель Нашего Отечества (Михайл Александрович манай эх орныг хамгаалагч) гэдэг үгний товчлол байлаа...

...Монголчууд болон тэр төвд оюутан Орос хэл сурах гэж үйлээ үзэж байлаа. Орос хэл авиазүй, хэлзүйн хувьд эх хэлнээс нь огт өөр, үндсэн дүрмээ зөрчих тохиолдол ихтэй учир тэдэнд тухайн үгийг хэлзүйн ямар хэлбэрээр хувилахыг таах нь маш хэцүү, зарим нь бүр ямар ч боломжгүй байв. Давхар гийгүүлэгчээр эхэлсэн үгийг дуудаж чадахгүй, байнга дунд нь эгшиг хавчуулна. Бас Р гийгүүлэгчээр эхэлсэн үгийг дуудаж чадахгүй, өмнө нь эгшиг нэмж, "радио” гэхийг "арадио” гэж хэлнэ...

1919 онд ямар ч байсан нэг ч болов баярт явдал тохиов. Би эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилд орлоо. Маш чухал гэрийн даалгавруудаа оройн цагаар хийх хэрэгтэй, гэтэл тэр үед би оройдоо конторт ажиллаж байсан тул хичээл номоо үргэлжлүүлэхэд хэцүү болж байсан юм. Тиймээс манай хүн судлал, угсаатны зүйн багш Л. Я. Штернберг намайг Газарзүйн Хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар оруулж өгөв. Газарзүйн хүрээлэн Газарзүй, Угсаатны зүй гэсэн хоёр салбартай байлаа. Штернберг багш намайг финн хэл, аялгуудыг сайн мэддэг гэж мэдэж байсан учраас Петроград орчмын Финн хүн амын угсаатны зургийг хийх даалгавар өгөв. Би тосгодоор явж, нутгийн Финн хүмүүсийг судлан өөр өөр аялгуудыг өөр өөр өнгөөр зураг дээрээ тэмдэглэх болов. Финн хүн амын угсаатны бүрэлдэхүүнийг тодорхойлох энэхүү судалгаа маань намайг олон ч тосгонд аваачсан даа. Ижора (финнээр Инкери) гэж нэг тосгоны номлогч лам нь миний өмнө ярьж байсан Париккалагийн Ереө Фагерлундын нагац ах Сийтонен гэж хүн байв. Номлогч ламынх нь нэрийг дурдахад тосгоныхон бүгд л надтай тун энгийн харьцаатай болно. Тариачид надад "Чи ч Финляндаас ирсэн "Цагаан Финн” шив дээ, хялбархан мэдэгдэж байна” гэдэг сэн. Миний финн хэл тэдэнд ийн нөлөөлсөнд би дотроо их баяртай байлаа. Гэхдээ би тэднийг энэ тухай Оросуудад хэлэхгүй гэдгийг нь лавлаж байж л нэг санаа амардаг байв. Цаг хэцүү хэвээр байсан юм.

Дараа нь, 1920 онд профессор Штернберг Тверь орчмын, тухайлбал Вышний Волочок мужийн Карелиудыг судлах аяллын мөнгө олов. Би тийшээгээ Газарзүйн Хүрээлэнгийн хэдэн оюутны хамт явлаа. Тэнд хэд хэдэн тосгонд карели айлаар орсны дотор Цыбульское Горка гэж, гучаад айлтай, харьцангуй жижиг тосгон байсан юм. Тосгон нэг жижгэвтэр нуурын дэргэд байсны ус нь хар, эрэг нь хөвдөрхөг, намаг ихтэй аж. Нутгийн кареличууд их сүсэгтэй, лусын гүнж, лусын хаан, ойн савдаг гэх мэтэд итгэнэ. Тэд бас Илминэйнэ гэгчийг нууранд амьдардаг гэдэгт итгэх ба өвдөхөөрөө нуурын эрэг дээр очиж, "Хөгшин Илминэйнэ, алтан нүдэт, мөнгөн малгайт өвгөн эмгэн минь, ирж өөрийнхөө юмыг (өөрөөр хэлбэл: өвчнийг) аваад эрүүл мэндийг минь авчирч өгөөч” гэсэн шүү залбирал хэлнэ. Илминэйнэ гэдэг нь карели хэлээр "лусын хаан” гэсэн үг бөгөөд финн хэлний ус,

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com