Tuesday, 2024-03-19, 12:33 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Бүлэг 2 Их сургуулийн жилүүд

Хоёр: Их сургуулийн жилүүд

Бүлэг 2
Николас Поппе: Их сургуулийн жилүүд

Виктор вон Стриедтер бид хоёр армийн анагаахын академид давхар багшилдаг байсан профессор Тонковын анатомийн хичээлд суудаг байв. Бид хоёр бас профессор Шимкевичийн биологийн хичээлийг авсан боловч их уйтгартай хичээл байлаа. Шимкевич багш өөрийнхөө номыг зүгээр л чангаар уншиж өгдөг, заримдаа слайд үзүүлдэг ч энэ нь бас л мөнөөх номны зураг байдаг байв. Бид бас химийг нэрт эрдэмтэн Чугаеваар, физикийг хожмоо Шинжлэх Ухааны Академийн гишүүн болсон Иоффе багшаар заалгадаг байлаа.

Фронтын мэдээ таагүй хэвээр, Оросын хотуудад хүнс хомсдож, дэлгүүрүүд дотроо бараг хоосон ч гаднаа урт дараалалтай болох болов. Дайн дөнгөж эхэлж байхад орчин үеийн дайн гэдэг ердөө хэдхэн сар л үргэлжилнэ гэж бодож байсан улс буруу бодсоноо ойлгож эхлэв. 1916 оны 12 сард нэг чухал явдал тохиолоо. Үргэлжид хов жив, яриа хөөрөөний гол сэдэв болдог байсан цуут Распутин алагдсан юм. Энэ явдлаас хойш Эзэн хаан, түүний гэр бүл рүү халдсан элдэв цуурхал улам гаарав. Бүх юм урьдын хэвээр үргэлжилж болохгүй нь нийтэд толорхой байлаа. Их сургуулийн оюутнуудын дунд дургүйцэл, эсэргүүцэл маш их, олон ч оюутан янз бүрийн хувьсгалт бүлгэмд хамрагдаж байлаа. Харин манай анагаахын оюутнуудын хувьд ачаалал дэндүү их тул тийм бүлгэмд нэгдэх цаг зав байсангүй. Хичээлээс хоцорно гэдэг хөөгдөнө л гэсэн үг.

1917 оны 2 сард хувьсгал гарахад би их сургуульдаа сурсаар л байлаа. 3 сарын 15-нд Эзэн хааныг ширээнээс нь буулгав. Дэлхий түүхэнд нөлөөтэй, ийм чухал явдал болж байхад би хувийнхаа амьдралын гашуудалт явдлаас болж хоёр сарын хувьсгалыг анзааргагүй өнгөрөөсөн. Миний фокс террьер нохой хордсон хулгана идээд, хувьсгалаас хэдхэн хоногийн өмнө үхсэн тул би их гашуудаж байв. Эндээс харахад арван есөн насандаа би яасан гэнэн болчимгүй байгаа вэ? Хожим би хайрт нохойнхоо үхлийг ерөөс ард түмнийг нөмрөхөөр ирж буй их зовлон зүдгүүр, манай гэр бүлийг ч бусниулах тэр хар үеийг зөгнөсөн ёр байж дээ хэмээн өөртөө тайлсан билээ. Яг л хэн нэг нь "Энэ юу ч биш, жинхэнэ зовлон ирж яваа шүү” хэмээн анхааруулсан мэт.

Шинэ засгийн газрыг А. Ф. Керенский байгуулж, богино хугацаанд хэв журам тогтоон, харин дайн үргэлжилсээр байв. Петроградад цөөн хэдэн тохиолдлыг эс тооцвол хувьсгал намуун тайван санагдаж байв. Тийм ч учраас олон сонинд энэ хувьсгалыг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн цус бага урсгасан хувьсгал хэмээн зарлаж байлаа. Энэ нь том эндүүрэл байсан бөгөөд наймхан сарын дараа большевикууд өөр нэгэн хувьсгал гаргаж, түүнээс болж үргэлжилсэн иргэний дайн дэлхийн түүхэнд тохиолдоогүй их цус, их уй гашууг авчирсан билээ.

Их сургуулийн маань хичээлийн эхний жил 1917 оны таван сард дуусч, манайх уламжлал ёсоороо Париккалад зусахаар очив. Тэр зун Финляндад бараа хүнс ховордож, дэлгүүрээс юм авах тун хэцүү болсон байлаа. Би моторт завиа Петроградын нэг банкны захирал Ноён Феттиг гэж хүнд хөлслөв. Феттиг гуай залуухан эхнэртэйгээ Симпэлэ нуурын хөвөөнд хөөрхөн байшин хөлслөн суудаг байлаа. Миний найз Ереө Лойкканен нуурын бүхий л чулуутай газар, гүехэн хэсгийг мэддэг байсан тул Феттиг гуай түүнийг завины жолоочоор авч ажиллуулах болов. Петроградаас тэр үед тун базаахгүй мэдээ ирлээ. 1917 оны 6 сарын 3-нд Петроградын гудамжинд большевикууд болон Керенскийн цэргүүдийн хооронд жинхэнэ тулаан болжээ. Энэ явдалд Феттиг ихэд санаа зовон Петроград дахь бүх хөрөнгөө үгүй хийж, мөнгөө Шведийн банкинд шилжүүлэв. Тэрбээр зун дуустал Париккалад байлаа. Тэгээд нэг өдөр эхнэртэйгээ манайд ирж, маргааш нь Швед явах болсноо дуулган, сарах ёс гүйцэтгэсэн билээ. Бид тэр хоёртой дахин огт уулзалдаагүй бөгөөд тун удалгүй тэдний Оросыг орхихоор шийдсэн нь хэчнээн зөв санаа байсныг ойлгосон сон.

Айсуй гай зовлонг Феттиг харчихсан байхад Керенскийн засгийн газар харин үгүй шүү. Германтай дангаар нь энхийн гэрээ байгуулж, нэн яаралтай хэрэгтэй байсан газар тариалангийн шинэчлэл, хөдөлмөрийн хууль тогтоомж зэргийг хэрэгжүүлэхийн оронд ялагдлаас өөр ямар ч үр дүнгүй дайнаа үргэлжлүүлсээр байв.

Зун шувтарч байсан цаг. 1917 оны 8 сард Вийпурийн гарризон дахь Орос цэргүүд бослого гаргаж, офицеруудаа Финляндын буланд живүүлж орхижээ. Энэ бол тун түгшүүрт явдал байв. 9 сард дүү маань ахлах сургуульдаа, би их сургуульдаа сурахаар манайх Петроградад буцаж ирлээ. Гэтэл их сургуулийн хичээл гэхээр юм бараг байсангүй, би ч хичээлд суулгүй байж байтал цэрэгт яаралтай татагдаж, Их Петр хааны анхлан үүсгэн байгуулсан явган цэргийн хороодын нэг болох Семеновын хороонд томилогддог юм байна.

Хороонд дэг журам сайн хэвээр байв. Бид марш жагсаал, цэргийн сургууль хийж, үндсэн сургуулилтаа дуусахаар фронт руу илгээгдэх байсан юм. Гэвч 1917 оны 10 сарын 25 (одоогийн Грегорийн тооллоор бол 11 сарын 7) –ны өдөр Петроградад большевикууд эрхийг авсан тул биднийг фронтод илгээх тушаал гараагүй юм. Эргэлт гарахын өмнөх шөнө нь манай хороо Нева мөрний бүх гүүрийг эзэлж, хэнийг ч үл нэвтрүүлэх тушаалтай байв. Би тэр шөнө Тройцкийн гүүрэн (ойролцоох сүмээр нь "Гурвал” хэмээн нэрийдсэн гүүр) дээр харуул хийж байсан бөгөөд манай хорооны хэд хэдэн салаа энэ гүүрийг большевикуудаас хамгаалах ёстой байсан юм. Зайдуухан хэд хэдэн буун дуу сонстсоноос өөр ямар нэгэн юм тэр гүүрэн дээр юм болоогүй учир бид хуарандаа буцав. Тэр явдлаас хойш удалгүй би хорооны штабт худалдагчаар томилогдлоо. Шинэ ажилд орсноор өдөр тутмын цэргийн сургуулиас чөлөөлөгдсөн хэдий ч дэндүү уйтгартай ажил байв. Тэгэхэд би амьдралдаа банк, албан өрөө, дэлгүүрт ажиллахгүй юм шүү хэмээн ойлгож авсан юм. Өөр ямар ч ажил үүнээс илүү дээр байх сан.

1918 онд ашгүй нэг юм хуучин арми татан буугдав. Халагдах тушаалаа авахаар очтол дараалал нь дэндүү урт байсан тул хэрэг болгож хүлээсэнгүй. Үүний улмаас миний нэр хуучин Эзэн хааны армийн жагсаалтад огт бичигдээгүй тул энэ санамсаргүй тохиолдол томоохон аз болсон юм. Тэгээд ч би сүүлд анкет бөглөхдөө ямагт цэргийн алба хааж байгаагүй хэмээн бичих болсон билээ. Иймэрхүү худал мэдүүлэггүйгээр большевикуудаас сална гэж үгүй. Амьд явахын тулд хүмүүс уг гарал, эцгийн ажил болон бусад хувийн баримтуудаа худал мэдүүлдэг байлаа.

Богинохон, бас ямар ч амжилтгүй армийн амьдрал маань ийн өндөрлөж, их сургуульд үргэлжлүүлэн сурахаар шийдсэн боловч энэ удаад анагаах ухаан миний мэргэжил биш гэдгийг ойлгосон байлаа. Тэгээд ажил олох боломж нь хэчнээн бага нь хамаагүй, ямар ч байсан Дорно дахины хэл судлах сургуульд орохоор шийдэв.
Би үргэлж хэл бичиг, ялангуяа Финн-Угрын ард түмний хэлийг сонирхдог байсан ч тэдгээр хэлийг зөвхөн Хелсинки болон Будапештийн Их Сургуульд л заадаг байв. Гэтэл тэр үед Финляндад Оросын коммунистуудын өдөөн хатгалгаар иргэний дайн өрнөж байсан юм. Улаантнууд Вийпури, Хелсинки болон бусад хотуудыг эзэлсэн байсан бол Финляндын шинэ засгийн газар Ботнийн булан дахь Вааса хэмээх харьцангуй жижиг хотод байгуулагдаж, эсэргүүцэл үзүүлж байлаа. Удалгүй Германы армид орж Оросын эсрэг байлдаж байсан Финн сайн дурынхан эх орноо хамгаалахаар буцаж ирэн, хүчийг нэн зузаатгасан юм. Тэд сахилга бат, зэр зэвсэг сайтай, Германы армид олон жил байлдсан туршлагатай цэргүүд байв.

Финнчүүдийн ихэнх нь коммунизмд дургүй байсан учраас буцаж ирсэн цэргүүд дээр сайн дурынхан олноор нэгдэх боллоо. Ялангуяа хойт зүгийн Финнчүүдийн ихэнх нь шашны хөдөлгөөнийхөн байсан тул коммунистуудыг Христийн эсрэг үзэлтнүүд хэмээн илүүтэй эсэргүүцдэг байсан юм. 1918 оны хавар Германчууд генерал вон дер Голтзоор удирдуулсан ангийг илгээв. Тэд өмнөд Финляндад бууж, Маршал Маннерхеймийн удирдсан Финнчүүдийн хамтаар улаантныг ялсан түүхтэй.

Финляндын олж авсан тусгаар тогтнол миний хувьд харин хохирол болж тусав. Одоо би Хелсинкид сурч чадахааргүй боллоо. Хэрхэхээ яг таг мэдэхгүй байсан учир би 1918 оны 4 сарын эхээр юу ч гэсэн Петроградын Их Сургуулийн Монгол хэлний багш Рудневтэй зөвлөхөөр очив. Финн гэргий авсан, Шведээр ярьдаг, бас Рамстедтийг сайн таньдаг байсан тул Рудневийг би өөртөө сайн зөвлөгөө өгөх хүн хэмээн тооцсон юм. Өөрийнхөө байдлыг түүнтэй зөвлөлдсөний эцэст, Финн-Угр болон Алтай судлалын тухайн үеийн ашиг сонирхлыг бодолцон би Монгол хэлийг судалгааныхаа үндсэн чиглэл болгохоор шийдлээ.

Руднев багш их сайхан хүн байв. Ихэнх багш нар оюутнууддаа боловсон боловч хүйтэн ханддаг бол тэрбээр намайг дотноор хүлээн авсан юм. Хэдийгээр би түүнээс хорин насаар дүү байсан ч намайг Коля хэмээх Николайгийн энхрийлсэн хэлбэрээр дуудан, өөртэйгөө ч мөн албан бус хэлбэрээр харьцахыг хүсдэг юм. Гэвч би мэдээж түүнд хүндэтгэлийн хэлбэрээр Андрей Дмитриевич (өөрөөр хэлбэл Дмитрийн хүү Андрей) гэж хандана. Намайг Финн хэлээр ярьдаг гэдгийг дуулаад их баярласан бөгөөд ер нь намайг юм дуулгаж мэдэх оюутан байна хэмээн бодсон нь илт байв. Тэрбээр надад өөрийнхөө бичсэн Монгол хэлзүйн номыг өгөөд, сайн унш, тэгээд чадлынхаа хирээр тогтоогоод яг нэг долоо хоногийн дараа ир хэмээн явуулсан юм. Цаг алдмааргүй байсан тул би ч шууд л эхлэв. Би хэлзүйг нь нухацтай үзэж, цагаан толгой сурлаа. Долоо хоногийн дараа ирэхэд Руднев надад тун хэцүү эх өгөөд уншиж, орчуулахыг хүсэв. Би одоо ч нэрийг нь санаж байна: Жайиданг кар-а эрэ үкэртү көбэгүн-ү тугужи (Зайдан хар эр үхэрт хөвгүүний тууж). Энэ бол нэгэн бага хүү гүн ухааны маргаанд оролцож, бүх асуултад гайхамшигтай хариулан мэргэн ухаантан болохоо харуулсан Буддын үлгэр юм. Маш хэцүү эх байсан учир мэдээжийн хэрэг миний орчуулгад алдаа олон байлаа. Миний Монгол судлал ийн эхэлсэн бөлгөө.

Руднев миний хичээл сурлагад сэтгэл хангалуун, би ч түүнийг сайн багшаа хэмээн үздэг байв. Учир нь тэрбээр оюутнуудаа гараас нь хөтлөн дагуулдаг бус харин өөрсдөөр нь ихийг хийлгэж чаддаг байлаа. Тэгэхэд Руднев багш надаас гадна хоёр өөр шавьтай байсан юм. Нэг нь Н. Р. Паллисен гэж, үргэлж тэнгисийн цэргийн дүрэмт хувцас өмсдөг эр байсан боловч удалгүй сургуулиас гарч Өмнөд Орост очиж, цагаантнуудтай нэгдэн коммунистуудын эсрэг байлдахаар яваад өгөв. Би Паллисентэй дахин хэзээ ч тааралдаагүй боловч, сүүлд сонсохноо, мань эр Югославд байж байгаад дэлхийн 2-р дайны дараа Герман руу нүүж, Марбургийн Их Сургуульд номын санч болсноосоо хойш 1950-иад оны эхээр нас бартлаа тэндээ байсан гэдэг. Нөгөө шавь нь А. А. Колпаков. Колпаков надад ажил олж өгсөн учраас би түүнд их баярлаж явдаг байв. Тэр үед оюутны тэтгэлэг гэж байгаагүй тул хоосон хонохгүйн тул ямар нэг юм хийх хэрэгтэй байсан юм. Өдөр нь хичээлдээ явахын тулд оройн ажил олж хиймээр байлаа. Петроградын хүн амын хүнсний кардыг хянан түгээдэг, мөн Оросын бусад нутгаас Петроградад нийлүүлэх гурил, үр тариа болон бусад хүнсний зүйлийн тээврийн асуудлыг зохицуулдаг Хангамжийн Албанд Колпаков ажилладаг байв. Түүний надад олж өгсөн ажил нь Сибирь, Украйнаас үр тариа зөөх галт тэргүүдийг хянах ажил байлаа. Вагоны серийн дугаар, тээшний шинж төрх, тухайн үед хаана явааг заасан цахилгаан утас байнга ирэх бөгөөд би тэр бүгдийг хянадаг байв.

Монгол судлалтай холбогдоод удаагүй байтал, харамсалтай явдал тохиож, Рудневээс салах болж билээ. Нэг сайн өдөр Руднев уламжлал ёсоор Вийпури руу галт тэргээр аялан гэр бүл дээрээ очсон юм. Чухам тэр сайн өдрүүдэд Маннэрхэймийн арми төмөр замыг тасалж, Руднев Петроградад дахин ирж чадаагүй билээ. Би түүнтэй дахин уулзаагүй. Олон жилийн дараа, бүр Германд байхдаа би түүнд захидал бичиж, найрсаг сайхан хариу авсан. АНУ-д очсон хойноо ч тэр, 1958 онд өөд болох хүртэл нь бид харилцаатай байсан юм. Финляндад Монголыг сонирхох оюутан цөөн байсан тул Руднев тэнд Монгол хэл зааж чадаагүй аж. Харин тэрбээр гарамгай хөгжимчин байсан учраас консерваторт төгөлдөр хуурын багш болсон байна. Түүнийг нас барахад би маш их харамссан. Руднев миний сайн нөхөр, сайхан ч хүн байсан билээ.

1918 онд Руднев Петроградад эргэн ирж чадаагүй тул би өөр багш олох хэрэгтэй болов. Өмнө нь би Борис Яковлевич Владимирцовын тухай сонссон байлаа. Өмнөд Оросоос дөнгөж ирээд байхад нь би түүнтэй уулзахаар очив. Каспийн тэнгисийн хойгуур амьдардаг Халимагууд өөрсдийн засгийн газрыг байгуулаад Владимирцовыг Боловсролын яамныхаа сайд болооч хэмээн хүссэн боловч зөвшөөрөөгүй байна. Энэ шийдвэр нь их азтай явдал болсон юм. Учир нь Оросын энд тэнд байгуулагдсан коммунизмын эсрэг засгийн газрууд унахад ялсан большевикууд хамтран зүтгэгчдийг нь хатуу шийтгэсэн билээ.

Владимирцов их сонин хүн байв. Эхлээд түүний гадаад төрхийг тодорхойлъё. Холын хараа маш муутай, эрүүл бус ногоовтор шар арьстай, мариалаг гэхээсээ илүү хавдартай харагдана. Бага зэрэг ээрэх ба мэдрэлээс болж татав хийнэ. Толгойгоо үе үе гэнэт, огцом хөдөлгөнө. Судлаачийн хувьд тэрбээр Рудневээс илүү байв. Самгарди, Төвд, Түрэг хэл мэднэ. Харин Монголоор дунд зэрэг ярьдаг байсан нь Рудневийн Монгол хэлэндээ ус цас байсантай харьцуулахад хаана нь ч хүрэхгүй. Владимирцов бас Дорнын талаарх Өрнийн утга зохиолын тухайд сайн мэдлэгтэй байлаа. Тэрбээр 1909 онд их сургууль төгссөнийхөө дараа эхлээд Монгол, дараа нь Парис явж, Эдуард Шовин, Поль Пеллио, хамба Руссо болон нэрт хэл шинжээч Антон Мэйе нараар хичээл заалгажээ. Жилийн дараа Парисаас Лондонд шилжиж, Британийн Музейн байнгын айлчин болсон бөгөөд Денисон Росс болон Британийн тэр үеийн бусад нэрт эрдэмтэдтэй танилцсан байна. Владимирцов цэцэн, зугаатай яриатай, Монгол, Парис, Лондонд байхдаа учирсан элдэв сонин явдлаа ярьж өгдөг байв. Нэг удаа намайг гадаадын ховор хэлээр яривал ойлгох хүн нэг ч үгүй хэмээхэд тийм биш болохыг анхааруулан сонин түүх ярьж өгсөн нь санаанд байна. Мань эр Парисийн дүүрэн хүнтэй нийтийн унаанд зогсон явтал тэрэг гэнэт зогсож, шалан дээр таварцаглан унахаа шахжээ. Ингээд уурандаа Монгол хэлээр хамгийн муу муухай хараал хэлтэл сууж явсан нэгэн хатагтай түүнийг монгол хэлээр эелдэг урин, зай гарган суулгасан гэнэ. Тэр эмэгтэй Монголд (шашин номлогчийн эхнэр байсан байх) хэсэг байсан бөгөөд Владимирцов хамаг муухай хараалыг нь ойлгосонд ичиж үхэхээ шахсан гэдэг.

Хичээл дээрээ бид Монгол эх уншдаг байсан ба хамгийн анхны уншсан эх маань Монгол хутагт Нэйж Тойны намтар байлаа. Нэйж Тойн 16-р зууны Монгол тайжийн хүү бөгөөд дор өгүүлэх явдлаас болж лам болсон юм. 15 настайдаа тэрбээр аавтайгаа хамт тахь агнахаар морджээ. Тахь бол зэрлэгшсэн морь бус жинхэнэ зэрлэг адуу бөгөөд тэр үед Монголын талаар давхилдсаар л байсан аж. Аав нь нэг хээлтэй гүүг харван унагав гэнэ. Сум хэвлийг нь цоолж, унага нь унажээ. Шархтай гүү үхэн үхтлээ дөнгөж төрсөн унагаа долоон цэвэрлэсээр байв. Унага ч мөн амьдарч чадсангүй. Энэ явдал Нэйж Тойнд гүнзгий нөлөөлснөөр хүмүүний ертөнцөөс ангижирч, лам болохоор шийднэ.

Руднев профессор байсан бол Владимирцов ердөө доцент буюу Америкийнхаар бол дэд профессор байв. Миний бодлоор бол Владимирцов Рудневээс илүү сайн эрдэмтэн байсан боловч нэгд нас залуу, хоёрт профессорын орон тоо байгаагүйгээс доцент хэвээр байсан болов уу. Нөгөө талаас нь харвал, Владимирцов Руднев шиг сахилга баттай, нямбай хүн байсангүй. Хуваариа байнга зөрчиж, хичээлдээ үргэлж хоцорно. 10 цагаас хичээлтэй байлаа гэж бодоход 11, бүр тэрнээс ч орой ирж, лекцээ 12 цагт дуусгалгүй үргэлжлүүлэн, заримдаа бүр 2 цаг хүргэх агаад үүнээс болж дараа нь өөр хичээлтэй байсан оюутнууд таслахаас аргагүйд хүрдэг байв.

Тун удалгүй би түүний хувийн амьдралтай танилцсан юм. Магистрант байхдаа Владимирцов 1909 онд Монголд очиж, судалгааны ажил хийж байгаад Монгол бүсгүйд сэтгэлтэй болж, гэрлэхийг хүсчээ. Гэтэл тэр үед Монголд амьдарч байсан, Монгол хэлэндээ ус цас Бурдуков түүнийг ятгаж болиулжээ. Бурдуков гэрт амьдарч байсан нүүдэлчин Монгол бүсгүй Орос профессортой гэрлэвэл Петроградын давхар байшингаас цардмал зам харахаас өөр хийх зүйлгүй, хэнтэй ч ярьж чадахгүй, их л гунигтай байх болно гэдгийг ойлгуулсан байна. Сүүлд Владимирцов Капитолина Васильевна Вяткина гэж нэг залуухан хүүхэнд хайртай болж гэрлэхийг хүссэн юм. Тэр Вяткина хүн судлаачаар мэргэшиж, Шинжлэх Ухааны Академийн Хүн Судлал, Угсаатны зүйн Музейд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Яагаад ч юм, Вяткина Владимирцовын саналыг хүлээн аваагүй тул тэрбээр 1919 оныг хүртэл гоонь хэвээр явсан билээ. 1919 онд Владимирцов эмэгтэйчүүдийн их сургуулийн зэрэг горилогч Лидия Мелиоранскаятай (нэрт түрэг судлаач П.М. Мелиоранскийтэй ямар нэг хамаа байхгүй) гэрлэсэн юм. Лидия сүүлд надад Владимирцов өөрийг нь хэрхэн гуйсныг ярьж билээ. Тэр жил ШУА Эрмитаж музейтэй хамтран Петроградад Буддын урлагаар үзэсгэлэн нээжээ. Тэнд Буддын төрөл бүрийн зураг, баримал, эд зүйлс тавигдсанаас гадна Буддизмыг судлаач нэрт эрдэмтэд, тухайлбал, Ольденбург Буддын урлагаар, Щербатской Буддын гүн ухаанаар, Оттон Розенберг Япон дахь Буддизмаар, мөн Владимирцов Монгол, Төвд дэх Буддизмаар лекц уншсан байна. Үзэсгэлэн Буддын урлагийг сонирхогчдын анхаарлыг ихэд татсан бөгөөд тэдний дунд Лидия Мелиоранская явсан аж. Владимирцов өмнө нь түүнийг огт мэддэггүй байсан боловч харангуутаа сайн болж, дөхөж очоод "Уучлаарай, та надтай гэрлээч” гэжээ. Мелиоранская энэ шуудхан занд баахан сочиж, балмагдаж, хэсэг байзнаад яагаад ч юм "Тэгье, тэгье” гэж хариулсан гэнэ. Хожим тэд танилцаад үнэнээсээ гэрлэж хоёр охин, нэг хүүтэй болсон билээ.

Владимирцовын Монгол Төвд дэх Буддизмын тухай лекц сүүлд брошюр болон хэвлэгдсэн. Брошюрийн гарчиг нь Орос хэлээр Монгол, Төвд дэх Буддизм: 1919 оны 9 сарын 31 – нд уншсан лекц гэж буй. Үнэндээ, 9 сар 30 хоногтой нь тодорхой. Бүтээлээ туйлын хайнга нягталдаг Владимирцовын хувьд иймэрхүү алдаа хэвийн. Түүний ихэнх бүтээл шивэлтийн алдаа ихтэй, мань эр тийм алдаа харахаараа санаа зовохоосоо илүү харин ч баясдаг байв. "Өө хөө, энд бас буруу шивчхэж” гээд л баяртай зарлана. Шивэлтийн өөр нэг алдааг нь дурдахад, Амарсанаагийн тухай нэгэн домгийн талаарх өгүүлэл дээр нь үгчлэн орчуулбал "Төмөр зүрх” гэмээр нэг баатрын тухай гардаг. Орос хэлэнд энэ нэрийг "Төмөр санаа” гэж буулгадаг бөгөөд мысль гэсэн үгийг бичээч буруу хараад мышь буюу "хулгана” хэмээн буулгачихсан нь буй. Владимирцов нягтлан уншихдаа энэ алдааг огт хараагүй бөгөөд уншигчид ч "Төмөр хулгана” гэдэг баатар байж дээ л хэмээн бодоод өнгөрсөн биз.

Владимирцов миний багш, би түүнд хэдий талархаж явдаг ч гэлээ тэрбээр Руднев болон бусад багш нараас зарим талаараа огт өөр хүн болохыг энд дурдалгүй өнгөрч болохгүй. Өгүүлэл бичих, илтгэл тавих болоход минь бусад бүх багш дэмжин тусалдаг байсан бол Владимирцов л дургүйцэн болиулахыг оролддог байв. 1924 онд Asia Major сэтгүүлд Монгол бичгийн хэлний тухай өгүүлэл хэвлүүлэхэд минь Владимирцов ихэд дургүйцэн, энэ сэдвээр өөрөө бичих гэж байсан хэмээж билээ. Юм бичихээр төлөвлөж байсан нь үнэн байсан ч гэлээ, энэ сэдэв бол нэг нь нөгөөгөө үл үгүйсгэх хорин ч өөр өгүүлэл гарч болох өргөн судалгаа билээ. Нэг сэдвийн талаар өөр өөр үзэл, тайлбар гарсны үндсэн дээр шинжлэх ухаан хөгжиж, чухам үнэн тодордог сон. Тэнээд ч ганц хүн, бүгдийг, нэг л өгүүлэлдээ биччихнэ гэж үгүй билээ.

Хожим нэг удаа би ШУА-ийн Азийн музейд Монгол гар бичмэлүүдийг бүртгэн, товьёогий нь хийж байхдаа нэг сонирхолтой материал олж, дараа завтай болохоороо судалъя хэмээн тусгайлан тавьсан юм. Владимирцов орж ирээд Саган Сэцэний Монголын түүхийн ном хаа байгааг асуулаа. "Хуучирсан үг хэллэгүүдийг нь судлахаар би энд тусгайлан тавьсан юм” хэмээн хариулав. "Өө, уучлаарай. Чи судалж амжихгүй байх аа. Миний судалгаанд яг одоо хэрэг болоод байна” гэж байна. Мэдээж би түүнд мөнөөх эхийг өгсөн, гэвч тэрбээр түүнд гар хүрээ ч үгүй, тэр сэдвээр юу ч бичээгүй билээ.

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com