Saturday, 2024-04-27, 2:14 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 611
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Ш. Лувсанвандан "Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн асуудлууд"

Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн асуудлууд

Нэг. МОНГОЛ ХЭЛЭН ДЭХ ЯЛГАХ БА ҮЛ ЯЛГАХЫН ЁСОН

И.В.Сталины "СССР дэх социализмын эдийн засгийн асуудлууд” гэдэг алдарт зохиолд "шинжлэх ухаан нь бодит зүй тогтоолыг зөвшөөрөхгүйгээр, тэдгээр зүй тогтоолыг судлахгүйгээр оршин байж, хөгжиж чадахгүй” гэж сургажээ.
Бид монгол хэлийг судлахад түүний бодит зүй тогтоолыг судлан илрүүлж, нэгэнт байгаа зүй тогтоолт үзэгдлий нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
Энэхүү үгүүлэлд монгол хэлний зүйд нэрийн зүйлийг үгүүлбэрт хэрэглэхдээ үгүүлэгч, сонсогч этгээдийн сэтгэлд уул юмны нэрийг тухайн төрлийн олон юмын нэрсээс онцолж ялган заах буюу эсвэл тэгж онцлон ялгахгүйгээр тухайн төрлийн нэг юмын нэр болох төдийг заах нэг ёс байдгийг илрүүлэхийг оролдъёо. Жишээлбэл:”Би нэг морь авлаа”, "Та тэр морийг үзнэ үү?” гэхэд нэгдүгээр үгүүлбэрт дурдсан морь нь олон морьдын дотроос чухам аль морь болохыг онцлон ялгаж заасангүй, зөвхөн морийн зүйл болохыг дурджээ. Гэтэл, 2 дугаар үгүүлбэрт дурдсан морь нь зөвхөн морийн төрлийн л нэг юм гэж хавтгайруулан хэлсэнгүй, урьдах үгүүлбэрт дурдсан тэр морь гэж онцолж ялган заажээ.
Энэ мэтээр үгүүлбэрийн доторхи нэрийн зүйлийг ялгах ба үл ялгахын ёс нь бусад зарим хэлэнд мөн байдаг бөгөөд монгол хэлтэй төрөл хэл болох башкир хэлэнд энэ мэт ялгах ба үл ялгахын ёс байдгийг Зөвлөлтийн эрдэмтэн Н.К.Дмитриев "Башкир хэлний зүй” гэдэг зохиолдоо "ялгах ба үл ялгахын категори” (”категори определенности и неопределенности”) гэж тусгай зүйл болгон тайлбарласан байна.
Монгол хэлэнд ялгах ба үл ялгахын ёсыг үгийн зүй, үгүүлбэрийн зүйн арга аль алинаар нь илрүүлдэг ажээ.
Ялгахын ёс нь
Нэг. Монгол хэлний зүйд үгүүлбэрийн дотор орсон нэрийн зүйлийг ялган үзүүлэхдээ эзэмших юм ба эзэмшигч эзэн хоёрыг нэгэн зэргээр илрүүлж, тухайн юм нь чухам хэний, юуны хамаатай болохыг зааж хамаадуулах ёсоор дамжуулж ялган үзүүлнэ. Монгол хэлний хамаадуулахын ёсыг дотор нь гурван биед хамаадуулах, ерөнхийлөн хамаадуулах гэж хоёр ангилж болно. Гурван биед хамаадуулах ёсыг харьяалахын тийн ялгалын төлөвт биеийн төлөөний нэрийг тухайн нэрийн дараа хэрэглэж, үгүүлбэрийн зүйн аргаар илрүүлнэ. Жишээлбэл: Ах минь ирлээ. Ах чинь ирлээ. Ах нь ирлээ. Бат-Очир, морий минь авчирчээ. Бат-Очир морий чинь авчирчээ. Бат-Очир морий нь авчирчээ. Би ахынд чинь очлоо. Би ахын нь морийг авчирлаа гэх мэт. Ингэж гурван биед хамаадуулах ёсыг илрүүлэх үүргээр хэрэглэгдсэн харьяалахын тийн ялгалын төлөвт биеийн төлөөний нэр нь жинхэнэ хэний, юуны хамаат болохыг заасан харьяалахын тийн ялгалын төлөвт биеийн төлөөний нэр тодотголоос авианы ба үгүүлбэрийн зүйнхээ үүргийн талаар нэлээд ялгаатай байна. Жишээлбэл: Миний морь ирэв. Морь минь ирэв гэхэд миний гэсэн нь авианы талаар биеэ даасан хүчлэх өргөлттэй бөгөөд урт ий-гээр төгссөн байна. Үгүүлбэрийн зүйн талаар бол биеэ даасан тодотгол гишүүн болно. Гэтэл, минь, чинь, нь гэхэд авианы талаар биеэ даасан хүчлэх өргөлтгүй тул өмнөх үгтэйгээ нэг үргэлж хэлэгдэх ба эцэст нь урт ий сонсдохгүй, зөвхөн зөөлөрсөн "нь” сонсдоно. Үгүүлбэрийн зүйн талаар бол биеэ дааж, үгүүлбэрийн гишүүн болохгүй. Энэ гурав дотроос "нь” нь эрт цагт Монгол хэлэнд гуравдугаар биеийн төлөөний нэр байгаад, одоо түүний ганцхан харьяалахын тийн ялгалын төлөвт хэлбэрийн үлдсэн нь болно.
Ерөнхийлөн хамаадуулах ёсыг тухайн нэр үгийн дараа эгшиг зохицохын ёсыг баримтлан аа, ээ, оо, өө гэж дагавар залгаж илрүүлнэ. Жишээлбэл: Би номоо үзнэ. Дорж номоо үзнэ. Чи морио барь. Бид хичээлээ давтъя гэх мэт. Энэхүү ерөнхийлөн хамаадуулах ёсыг илрүүлэх дагаврыг 1 дүгээр, 2 дугаар, 3 дугаар биеийн алинд ч хэрэглэж болох боловч, тухайн үгүүлбэр ба хойдохь урьдахь үгүүлбэрийн утгаар гурван биеийн чухам аль нэгэнд хамаадуулж байгааг заавал ялган үзүүлнэ. Жишээлбэл: Дорж морио эмээллэнэ гэхэд морь нь гуравдугаар биед хамаатай болохыг ялган заагаад Би морио эмээллэнэ гэвэл морь нь нэгдүгээр биед хамаатай болохыг ялган зааж, Чи морио эмээллэнэ гэхэд морь нь 2 дугаар биед хамаатай болохыг заана.
Энэ мэтээр монгол хэлний хамаадуулахын ёсны үгүүлбэрийн дотор гүйцэтгэх үүрэг нь юуны өмнө тухайн нэрийн зүйлийг төрлийн нь олон юмын нэрсээс онцлон ялган заах явдал болно.
Орчин цагийн монгол хэлэнд ерөнхийлөн хамаадуулах ёсыг арвин хэрэглэх бөгөөд гурван биед хамаадуулах ёсыг арай цөөхөн хэрэглэнэ.
Энэхүү хамаадуулахын ёс нь нэгэн үгүүлбэрийн доторхи нэрийн зүйлийг тухайн үгүүлбэрийн утгаар илрэх чухам ямар этгээдэд холбогдохыг ялган зааж чадахаар барахгүй, уул үгүүлбэрийн өмнөх хойнох үгүүлбэрүүдэд гарсан аль нэгэн этгээдэд холбогдохыг ч нарийнаар ялган чадах тул салангад үгүүлбэрүүдийн утгыг чадамгайгаар хэлхэн холбож, хүний салангад санааг харилцан холбоотой нэгэн бүхэл бүтэн зүйл болгоход үнэлж баршгүй сайхан арга гэж болно. Үүнд Б.Ринчин, Улсын их сургуулийн хэл бичгийн ангид уншсан монгол хэлний зүйн лекцдээ "харьяалахын тийн ялгалын дагавартай 3 дугаар биеийн төлөөний нэрийг үгүүлэгдэхүүний сүүлд дагуулж, тодотголоход үгүүлэгдэхүүнийг өмнө учрыг гаргаж дурдсан буюу тус үгүүлбэрийн дотор байгаа юманд холбон хамаадуулж, түүний харьяа болгон тодотгодгийг онцлон тэмдэглэлтэй” гэж дурдан гаргаад, "Бат явжээ. Малгай нь алга байна” гэхэд малгайг Батын малгай байгааг үзүүлснээр өөр үгүүлбэрт байгаа эзэнтэй холбож, учир байдлыг тодчилжээ.” гэж жишээ тайлбарыг хавсаргажээ.
Ингэж гуравдугаар биеийн төлөөний нэрийн харьяалахын тийн ялгалын хэлбэрээр нэгэн үгүүлбэрийг урьдахь хойдохь үгүүлбэртэй нь хэлхэн холбох ёс монгол хэлний зүйд байгаа нь маргаангүй бөгөөд тэхдээ ганцхан 3 дугаар биеийн төлөөний нэрийн харьяалахын тийн ялгалын хэлбэрээр хязгаарлахгүй мөн аа, ээ, оо, өө гэж ерөнхийлөн хамаадуулах дагавар, жич хэний юуны алин болохыг заасан биеийн ба заах төлөөний нэр, тодотголын зэрэг нэрийн зүйлийг тухайн төрлийн олон юмын нэрсээс онцлон ялгаж үзүүлэх бусад арга нь тухайн үгүүлбэрийг урьдахь хойдохь үгүүлбэртэй нь нэгэн адил хэлхэн холбож чадна. Жишээлбэл: Бат одоо л явах нь. Морио эмээллэж байна. Хичээлээ давтаж гүйцлээ. Одоо бид бяцхан наадаж амаръя. Дорж нэг сонин ном авчээ. Та тэр номыг уншихгүй юу? гэхэд морио эмээллэсэн нь Бат, хичээлээ давтсан нь бид, тэр ном нь Доржийн авсан ном болох нь ив илэрхий байна.
Үүнээс үзэхэд, хамаадуулахын ёс нь үгүүлбэрийн дотор орсон нэрийн зүйлийг өмнө учрыг гаргаж дурдсан буюу тус үгүүлбэрийн дотор байгаа юманд холбон хамаадуулж, түүний харьяа болгон ялгаж тодотгохдоо гагцхүү үгүүлэгдэхүүний төдий биш, мөн нэр үгийн зүйлээр бусад гишүүнд ч нэгэн адил холбогдох нь илэрхий байна.
Хоёр. Монгол хэлний зүйд заахын тийн ялгалын хэлбэрийг дагавартай, дагаваргүй хоёр янзаар хэрэглэх ёсыг мөн энэхүү үгүүлбэрт орсон нэрийн зүйлийг ялгах ба үл ялгахын ёсыг илрүүлэх аргын нэг зүйл гэж үзэх хэрэгтэй.
Хэрэв үгүүлбэрт шууд тусагдахууныг тухайн төрлийн олон юмнаас онцлон ялгаж үзүүлэх гэвэл заавал заахын тийн ялгалын дагавартай байна. Тэгж онцлон ялгаж үзүүлэхгүйгээр тэр зүйлийн л нэг юм болох төдийг үзүүлэх гэвэл уул шууд тусагдахууныг заахын тийн ялгалын дагаваргүйгээр хэрэглэнэ. Жишээлбэл, Та надад тэр ширээн дээр байгаа харандааг өгнө үү? Та надад нэг харандаа өгнө үү? гэх мэт. Монгол хэлний зүйд ингэж заахын тийн ялгалыг дагавартай, дагаваргүй хоёр янзаар хэрэглэдгийг монгол хэлийг судлагчид аль хэдийн анхаарч шинжлэн шүүмжилсээр иржээ. Гэвч одоог хүртэл энэ талаар нийтээр зөвшөөрсөн нэгдмэл саналгүй байсаар байна Энд зарим гол гол саналуудыг дурдъя.
Заахын тийн ялгалыг ямар газар дагавартай, ямар газар дагаваргүй хэрэглэх тухай асуудлыг монгол хэлний классик грамматикийг зохиосон Алексей Бобровников анх удаа нэлээд ноцтойгоор ажиглан шинжилсэн байна.
Энэ тухай А.Бобровниковын санал нь:
1. Заахын тийн ялгал буюу түүнийг захирч байгаа үйл үг, эсхүл хоёул хамтдаа тодотгосон үгтэй байвал их төлөв заахын тийн ялгалын дагавартай байна.
2. Заахын тийн ялгалын хэлбэрт нэр нь үйл үгийнхээ шууд өмнө нь хэрэглэж болоогүй бөгөөд үгүүлбэрийн уртаас болж, ойлгомжгүй болмоор байвал заахын тийн ялгалын дагаваргүй байж үл болно.
3. Үйл үг нь заахын тийн ялгалын хэлбэрт нэрийнхээ хамтаар санамсаргүй, ховор үйлдлийг заасан биш байнга тохиолдох, ерийн үйлдлийг заасан байвал ихэнхдээ заахын тийн ялгалын дагаваргүй байна. (А.Бобровниковын 1849 онд Казан хотод зохиож хэвлүүлсэн "Монгол халимаг хэлний зүй”-ийн 224 дүгээр талд үз) гэх зэргээр тайлбарлажээ.
Бобровниковын энэ тайлбар нь үнэн баримттай зүйлүүд бөгөөд орчин цагийн монгол хэлэнд ч хэвээрээ байсаар байгаа зүйл боловч, зөвхөн баримтыг тоочоод чухам ямар учраас тэгдэг юм гэдгийг бүрэн дүүрэн илрүүлсэнгүйн дээр зарим зүйлд нэмэлт тайлбар шаардагдаж байна. Жишээлбэл:
1. Орчин цагийн монгол хэлний зүйд заахын тийн ялгалын хэлбэрт нэр нь өмнөө тодотгосон үгтэй л байвал ямагт заахын тийн ялгалынхаа дагавартай байх албагүй байна. Жишээ нь:Би хонинд унах морь барилаа. Бид үхрийн сүү уулаа. Сүүтэй цай уув. Гурван аяга айраг уув. Сайхан хоол идэв. Хаврын тариа тарьж байна. Би хоёр хонь танд өгнө гэхэд морь, сүү, цай, айраг, хоол, тариа, хонь зэргийн үгс нь хэдийгээр өмнөө харьяалах, хамтрахын тодотгол, үйлт нэр ба тэмдэг, тооны нэр тодотголтой гэсэн ч ялгаагүй заахын тийн ялгалын дагаваргүй хэрэглэгджээ. Харин эдгээр дурдсан үгсийг Үхрийн сүүг уулаа. Сайхан хоолыг идэв гэх зэргээр заахын тийн ялгалын дагавартай хэрэглэвэл буруу болно.
Гэтэл Би таны унах морийг барилаа. Доржийн үхрийн сүүг уулаа. Би таны өгсөн сүүтэй цайг уулаа. Таны өгсөн гурван аяга айргийг уулаа. Доржийн хийсэн сайхан хоолыг идэв. Хараагийн сангийн аж ахуйн тариаг тарьж дуусав. Би гэрээсээ авчирсан хоёр хонийг танд өгнө гэхэд морь, сүү, цай, айраг, хоол, тариа, хонь зэрэг үгс нь урьдахийн нэгэн адил өмнөө харьяалах, хамтрахын тодотгол, үйлт нэр ба тэмдэг, тооны нэр тодотголтой боловч заахын тийн ялгалын дагавартай хэрэглэгджээ. Эдгээр дурдсан үгсийг харин Би таны өгсөн сүүтэй цай уув. Доржийн хийсэн сайхан хоол идэв гэх зэргээр заахын тийн ялгалын дагаваргүй хэрэглэвэл буруу болно.
Үүнийг өнгөцхөн гаднахь дүрс төдийгөөр буюу зөвхөн хэлбэрээр нь тайлбарлах аргагүй байна. Гагцхүү гүнзгий ажиглаж, хэлбэр агуулгыг хослож тайлбарлавал сая учир нь олдоно.
Үүнд А.Бобровников, дээр дурдсан зохиолынхоо 242 дугаар талд "онцлон ялгалгүй, өргөн утгыг хадгалж, үйл үгийнхээ хамтаар бүхэл төрөл үйлдлийг заасан нэрийг заахын тийн ялгалын дагаваргүйгээр үйл үгийн нь шууд өмнө тавина.” гэж тэмдэглэжээ. Энэ үгүүлбэр дотроос "онцлон ялгалгүй, өргөн утгыг хадгалж. . . бүхэл төрөл үйлдлийг заасан нэр” гэдэг санаа, дээр дурдсан учир нь үл мэдэгдэх үзэгдлийг тайлбарлахад гол шижим нь болно. Жишээлбэл, Бид үхрийн сүү уулаа. Бид, Доржийн үхрийн сүүг уулаа гэхэд нь нэгдүгээр үгүүлбэрт үхрийн сүү гэж үгийг чухам хэний, аль үхрийн сүүг онцлон ялгалгүй өргөн утгаар хэрэглэжээ. Гэтэл 2 дугаар үгүүлбэрт Доржийн үхрийн сүү гэж үгийг чухам хэний аль үхрийн сүү болохыг онцлон ялгаж явцуу утгаар хэрэглэжээ.Үүнд Доржийн үхрийн сүү гэхэд үхрийн гэж харьяалахын тодотгол нь сүүний зөвхөн төрлий нь заасан боловч, дэлхий дээр хязгааргүй их байдаг үхрийн сүү дотроос онцлон ялгаж чадахгүй юм. Гэтэл, Доржийн гэж харьяалахын тодотгол нь үхрийн сүүний бүхэл төрлийн дотроос зөвхөн Доржийн үхрийн сүү гэж онцлон ялгаж үзүүлжээ. Энэ мэтээр өнгөцхөн гаднаас нь харахад хоёр адилхан, харьяалахын тодотгол боловч гүнзгий ажиглавал хоёр өөр төрлийн санааг илрүүлжээ. Энэ нь ганцхан утгын талаар биш, мөн хэлбэрийн талаар тийн ялгалын дагавартай дагаваргүй хоёр хэлбэрээр илэрчээ. Хоёр гурав гэх мэтчилэн тооны тодотгол, эмээлтэй, хазаартай гэх мэтчилэн харьцангуй тодотгол нь тухайн юмыг төрлийн олон юм дотроос онцлон ялгаж чадахгүй юм. Жишээлбэл: Би гурван морь авлаа. Би бага морь авлаа. Би сайн морь авлаа. Би эмээлтэй морь авлаа гэх мэт. Харин төлөөний нэрийн харьяалахын тийн ялгалын хэлбэрт тодотгол буюу заах төлөөний нэр тодотгол бол уул юмыг төрлийн нь олон юман дотроос онцлон ялгаж чадах тул ийм тодотголтой заахын тийн ялгалын хэлбэрт нэр нь заавал заахын тийн ялгалын дагавартай байна. Жишээлбэл: Би таны морийг авлаа. Би энэ морийг авлаа гэх мэт.
2. Орчин цагийн монгол хэлний зүйд заахын тийн ялгалын хэлбэрт нэр, түүний захирч байгаа үйл үгийн завсар өөр үг орвол уул нэрийг заавал заахын тийн ялгалын дагавартай хэрэглэх албагүй бөгөөд мөн л ялгах ба үл ялгахын ёсонд захирагдаж, хэрэв онцолж ялгасан бол заахын тийн ялгалын дагавартай, тэгж онцолж үл ялгасан бол заахын тийн ялгалын дагаваргүй байна. Жишээлбэл: Би одоо хоёр морь танд өгнө. Би гэрээсээ авчирсан хоёр морийг танд өгнө гэх мэт.
Үүнд хааяа үйл үгээсээ алслан орсон заахын тийн ялгалын хэлбэрт нэрийг хэдийгээр онцлон ялгахын бусад янз бүрийн нэрийг хэрэглээгүй боловч, уул нэрийг дан ганц заахын тийн ялгалын дагавартай хэрэглэж онцлон ялгасан санааг илтгэж болно. Ингэж хэрэглэхэд уул заахын тийн ялгалын хэлбэрт нэр үгэнд дээр гол төлөв утгын өргөлт туссан байна. Жишээлбэл: Эрийг нас дарна, уулыг цас дарна гэх мэт.
3. Бобровников, үйл үг нь заахын тийн ялгалын хэлбэрт нэрийнхээ хамтаар санамсаргүй, ховор үйлдлийг заасан биш, байнга тохиолдох ердийн үйлдлийг заасан байвал ихэнхдээ заахын тийн ялгалын дагаваргүй байна гэсэн нь орчин цагийн монгол хэлэнд тохирохгүй байна. Жишээлбэл: Би морь барилаа. Би таны морийг барилаа. Би цай уулаа. Би таны чанасан цайг уулаа. Би өнөөдөр нэг гэр барилаа. Би өнөөдөр ахын гэрийг барилаа гэхэд морь барилаа, цай уулаа, гэр барилаа гэсэн үгс нь Монголын нийгмийн байдалд өдөр тутам тохиолдох ердийн үг боловч тухайн нэр үгс нь заахын тийн ялгалын дагавартай хэрэглэгдсээр байна. Энэ мэтийн үгсийн заахын тийн ялгалын дагаврыг ямар газар хэрэглэх, ямар газар үл хэрэглэхийг гагцхүү ялгах ба үл ялгахын ёсны үүднээс авч үзвэл аяндаа илэрхий болно.
Үүнээс гадна Бобровников өмнө дурдсан зохиолдоо монгол хэлний заахын тийн ялгалын дагаврыг ямар газар хэрэглэж, ямар газар үл хэрэглэх тухай нарийн дүрэм тогтооход бэрхтэй юм. Заахын тийн ялгалын дагаврыг дур зоригоор тавих, үл тавих нь аль олон байдаг” гэжээ. Хэрэв бид хөгжлийн гүнзгий дэх процесс, өнгөцхөн үзэгдэл хоёрыг нарийн ялгах хэрэгтэй гэсэн Сталины үндэслэлийг баримталбал Бобровниковын өмнөх саналыг зөвшөөрч болохгүй байна. Орчин цагийн монгол хэлний ярианы ба бичгийн хэлийг ажиглавал хааяа заахын тийн ялгалын дагаврыг замбараагүй хэрэглэх удаа үзэгддэг боловч, аравны есөн хувь нь дурдсан ялгах ба үл ялгахын ёсыг хатуу баримталж, заахын тийн ялгалын дагаврыг уг нэрийг төрлийн нь олноос онцлон ялгасан утгатай газар хэвээр үлдээж, тэгж онцлон үл ялгасан газар хасаж хэрэглэдэг ажээ. Бид, Монголын шинэ утга зохиолын хэлийг цаашид улам боловсон сайхан системтэй болгохын төлөө тэмцэхдээ орчин цагийн монгол хэлний зүйн байгууллын хөгжлийн гүнзгий дэх процессыг тулгуурлаж, түүний норм хэмжээг тогтоох хэрэгтэй нь маргаангүй. Өнгөцхөн үзэгдэлд хуурагдаж, гүнзгий дэх үзэгдлийг хөнгөн мөчдөөр тайлбарлаж болохгүй.
Алексей Бобровников дээр дурдсан зохиолдоо заах төлөөний нэр ба харьяалахын тийн ялгалын хэлбэрт биеийн төлөөний, нэр тодотголтой нэр, жич тусгай нэр нь заахын тийн ялгалын дагавартай хэрэглэгдэнэ гэж тэмдэглэжээ. Энэ бол үнэн баримттай зүйл бөгөөд орчин цагийн монгол хэлний зүйд ч хүчин төгөлдөр байсаар байна. Гэвч ийм байдгийн учрыг тайлбарлах хэрэгтэй. Энэ бол монгол хэлний зүйд үгүүлбэрийн дотор орсон нэрийн зүйлийг төрөл олноос нь онцолж ялгах ба тэгж онцлон ялгахгүйгээр төрлөөр нь сэтгэж хэлэх бичих ёс байгааг давтан баталж байгаа хэрэг. Энэ тэр гэж заах төлөөний нэр ба миний, чиний, түүний гэж чухам хэний болохыг ялган заах биеийн төлөөний нэрийн харьяалахын тийн ялгалын хэлбэр нь утгаараа дараахь тодотгож байгаа үгээ түүний төрлийн олон юмнаас онцлон ялгаж байгаа хэрэг тул тухайн юмын нэр нь хэрэв шууд тусагдахуун байвал заавал заахын тийн ялгалын дагавартай байх нь зүй юм. Жишээлбэл: Энэ морийг бариарай, миний морийг эмээллээрэй гэх мэт. Тусгай нэрийн зүйл бол утгаараа ерөөсөө төрлийн нь олон юмнаас онцлон ялгаж өгсөн нэр тул аяндаа онцлон ялгасан нэрийн зүйлд хамаарах нь илэрхий хэрэг юм. Жишээлбэл: Би Доржийг явуулъя, Сүрэнг дуудаарай гэх мэт.
Г.Д.Санжеев "Буриад Монгол хэлний зүй” гэдэг зохиолдоо заахын тийн ялгалыг дагавартай, дагаваргүй хэрэглэх тухай асуудлыг дурдахдаа "Юмын тусагдахуун болох байдал нь аяндаа илэрхий газар заахын тийн ялгалын дагаврыг хэрэглэдэг” гэжээ. Энэ тайлбар дэндүү ерөнхий байна. Үнэндээ Би морь барилаа. Би таны морийг барилаа гэхэд нэгдүгээр, хоёрдугаар үгүүлбэрийн шууд тусагдахуун болох морь гэдэг үг нь тус тусын үгүүлбэрийн үгүүлэхүүнээр илэрсэн үйлийн тусагдахуун болох нь аяндаа илэрхий боловч, нэгий нь заахын тийн ялгалын дагавартай нөгөөг нь дагаваргүй хэрэглэжээ. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? Орчин цагийн монгол хэлний зүйн үүднээс авч үзвэл, Би таны морийг барив гэхэд морийг гэсэн үгийг дараахь үйлийнхээ тусагдахуун болох байдал нь аяндаа илэрхий гээд заахын тийн ялгалын дагаваргүй хэрэглэж болохгүй байна

Б.Ринчин Улсын их сургуулийн хэл бичгийн ангид уншсан "Монгол хэлний зүй”-н лекцдээ монгол хэлэнд заахын тийн ялгалыг дагавартай, дагаваргүй хэрэглэхийн учрыг нэлээд дэлгэрэнгүй илтгэжээ. Уул лекцэнд дурдсан нь: "зарим монголч нарын заахын тийн ялгалын дагавар хэрэглэх эсэхийн байдал нь тухайн юмын тодорхой, тодорхой бусын байдлаас болно гэж тайлбарлахыг оролддог байжээ. Гэтэл, бичиг хийгээд аман хэлэнд үзвэл энэ тайлбар төдий л нот болж чадах шинжгүй байна. Жишээлбэл: Ах, Жадамбааг дуудав. Ах Жадамбаа дуудав. Өвгөн Шүхэртийг дуудав. Өвгөн Шүхэрт дуудав гэх мэт жишээнд ах Жадамбааг дуудав, өвгөн Шүхэртийг дуудав гэхэд Жадамбаа, Шүхэрт гэсэн хүнийг дуудсаныг заажээ. Үүнд Жадамбаа, Шүхэрт гэдэг нэр хэрэглэсэн нь хүн гэсэн ерөнхий нэрийтгэл нэрээс тодорхой гэж үзэж болох биз. Тэгвэл Түвд, Монгол хоёр улсад Жадамбаа гэдэг нэртэй хүн дэлхий дахины хүнээс хэдий цөөн боловч, хэдэн мянган хүн лав байх биз. Байхдаа бас нас хүйс, яс угсаа хүртэл харилцан адилгүй бөгөөд Жадамбаа нэртэй хүн байх биз. Нөгөө Жадамбаа гэдэг судар гэвэл Түвд-Монгол аль ч хэлэнд хэдэн түмэн ширхэг судар байвч, утга санаа нь ив ижил нэгэн судар болох учир бүр ч тов тодорхой байгаа мөртөө заахын тийн ялгалын дагаврыг үл хэрэглэн, Жадамбаа явуулав гэж Жадамбаа нэртэй хүнийг явуулснаас ялгаатай болгодог ёс байна. Тэрчлэн Та Төмөрийг явуул. Та Төмөр явуул. Та Тогоог таних уу? Та Тогоо таних уу? гэх мэтийн жишээнд хүн дээр хэлбэл Тогоог, Төмөрийг, эд юманд хэлбэл төмөр, тогоо гэдэг ёс бичиг хийгээд аман хэлэнд одоо ч хүчинтэй байсаар байгааг бодвол тодорхой, тодорхой бусын учраас тэгнэ гэдэг нь шүүмжлэлийн пян даахгүй бололтой.
Аав, ээж, ах дүү, авга, эгч, нагац, худ, ач, зээ, нөхөр, сайд, дарга, эзэн, хатан, Лувсан, Цэрэн, Бат, Төмөр гэх зэргийн нэр үгийн зүйлийг үзвэл цөм заахын тийн ялгалын дагаврыг хэрэглэх бөгөөд дээл, өмд, шөл, цай гэх мэтийн үгийн зүйлд заахын тийн ялгалын дагаврыг эрт одоогийн хэлний баримт зүйлийг анхаарвал заахын тийн ялгалын дагаврыг төлөв хэрэглэдэггүй . . . байна.
. . .Бичгийн хэлний эрт одоогийн тулгуур бичгийн эл баримт, одоогийн монгол аман хэлний тухайлагдахууныг харшуулж

үзвэл үгүүлэхүүний үйл тусах этгээдийг заагч нэрийн зүйлд нэгэн хэсэг нь заахын тийн ялгалын дагаврыг заавал хэрэглэдэг. Эл байдлыг ажиглавал заахын дагавар хэрэглэдэг нь цөм эрхшээлт юмыг нэрийдсэн нэрийн зүйл байна.
Бас нэгэн хэсэг нэрийн зүйл, үгүүлэхүүний заах хүртээл болохдоо заахын тийн ялгалын дагаврыг хэрэглэхгүй нэгэн хэсэг нэрийн зүйл байна. Байдлыг ажиглавал эрхшээлгүй юмын нэр ажээ.
Энэ хоёр зүйлийн нэрийн хооронд нэгэн хэсэг нэрийн зүйл байгаа нь заримд заахын дагаврыг хэрэглэн, заримд үл хэрэглэнэ. Байдлыг үзвэл эрхшээлт нэрийн зүйл ч бий. Эрхшээлгүй нэрийн зүйл ч бий бөгөөд одоогийн аман аялгуунд хүн, тийнхүү заахын тийн ялгалын дагаврыг заавал хэрэглэдэг үгийн зүйлийг эл дагаваргүй хэрэглэвэл баахан эвгүй сонсдоно гэх ажээ. Бас нөгөө дагаваргүй хэрэглэж заншин уламжилсаар ирсэн нэрийн ангиас заахын тийн ялгалын дагаврыг дагуулахад мөн аанай чихэнд баахан эвгүй, хэлэхэд ч гаж буруу юм уу даа гэж, хэлний заншсан норм хэмжээг баримтлах үүнд эл байдлыг нягтлан үзвэл үгийн зүй дэх дагаврын зүйлд үйлийг бусдад тусгах буюу эрхшээх, үйлийг биедээ хүлээх буюу үл эрхшээх нэрийн зүйл гарч байсан үүнийг эрэгцүүлбэл хүртээл нэрийн зүйлд ч мөн ёсны байсны учраас эрхшээлт нэрийн зүйлд заахын дагаврыг хэрэглэх болсон нь дамжиггүй. Эрхшээх юманд хэрэглэж байсан гаралтай бөгөөд нөгөө заахын тийн ялгалын дагаваргүй нь эрхшээлгүй юманд хэрэглэж байсан байна. Сүүлдээ энэ хоёрын завсархи саармаг зүйл бий болж, дагавартай дагаваргүй хэрэглэдэг болсон нэгэн хэсэг үг гарч иржээ” гэж тэмдэглэжээ.
Мөн лекцэнд дурдсан нь: ”Үгүүлэхүүний үйл туссан юмыг, өөрөөр хэлбэл, үгүүлэхүүний заах хүртээл нь эрхшээлгүй нэрийн зүйл байвал заан нэрлэх тийн ялгалын хэлбэрт байх ажээ. Үүнд байгаль, бодисын аливаа юмны нэр, амьтан адгуус зэргийг цөм эрхшээлгүй нэрийн ай гэж үздэг учир, асуухад ч юу гэж асуудаг учир, эл асуултад хариулах нэрийн зүйл цөм үгүүлэхүүний заах хүртээл болоход энэхүү заан нэрлэхийн тийн ялгалын хэлбэртэй буюу өөрөөр хэлбэл, тусгай ямар ч дагавар хэрэглэхгүй ажээ. Жишээ нь:
Даш сумын галч хийж байна
Чимид галч хийж байна.
Ах өртөө хийж байна.
Оюутан бичиг уншив.
Саальч гүү саав.
Адууч адуу манав.
Гөрөөч чоно хөөв.
Нохой нэг бэлтрэг барьжээ.
Би солонго үзлээ.
Ах хэрэм барьсан.
Манай хүү энэ жил их сургууль төгссөн гэх мэт бөгөөд ардын аман хэлэнд энэ заан нэрлэх тийн ялгалыг үгүүлэхүүний заах хүртээлийн зүйлд маш их хэрэглэдэг бөгөөд бага сургуулийн сурах бичгийн зүйлд энэ мэтэст заавал заахын тийн ялгалтай тулгаж, би цайг уусан, саальчин гүүг саасан, хүүхэд номыг уншсан гэж чанд дүрэм баримтлах гэж оролддог нь ...монгол хэлэнд эрхшээх юмны нэрийн айг үгүүлэхүүний заах хүртээл болгоход заахын тийн ялгалын хэлбэртэй, эрхшээлгүй юмын айг заан нэрлэхийн ялгалтай хэрэглэдгийг эс ажиглажээ. Гэвч, үүнд Монголыг судалсан зохиолд ч эрхшээлт эрхшээлгүйн ай гэж монгол хэлэнд байгааг судлан анхаараагүй тул бага сургуулийн сурах бичигт байдаг аль мөчид дутуу зүйлийг тоочин үгүүлэх вэ” гэж тэмдэглэжээ.
Үүнээс үзэхэд нөхөр Ринчин, монгол хэлний зүйд заахын тийн ялгалыг дагавартай, дагаваргүй хоёр янзаар хэрэглэх ёсыг тайлбарлахдаа монгол хэлэнд нэрийн зүйлийг эрхшээлт буюу идэвхтэй, эрхшээлгүй буюу идэвхгүй гэж хоёр ай болгох ёс байна гэсэн онол дээрээ үндэслэжээ. Тэгэхдээ заахын тийн ялгалын дагаваргүй хэлбэрийг заахын тийн ялгал биш, нэрлэхийн тийн ялгалын хэлбэр гэж үзжээ. Монгол, турк, манж хэлийг судлагчдаас энэ мэтээр ганцхан гадаад хэлбэрээр нь нэрлэхийн тийн ялгалын хэлбэрийг зохих дагаваргүйгээр илрэх, заах, өх оршихын зэрэг бусад тийн ялгалтай хутган үзэх явдал байсан боловч, бид одоо ингэж үйлийн эзэн ба тухайн үйлийг биедээ шууд хүлээгч тусагдахуун хоёрыг ижил хэлбэрээр илрэх буюу өөрөөр хэлбэл, нэрлэхийн тийн ялгал, заахын тийн ялгал хоёрын ижил хэлбэрээр илэрснийг хөнгөн мөчдөөр хутгаж, нэгэн зүйл болгон үзэж болохгүй мэт. Үүнд бид юмын хэлбэр, агуулгын аль алиныг анхаарч үзэх хэрэгтэй байна.
Зарим хэлэнд нэрийн зүйлийг эр, эм, саармаг гэх буюу заримдаа эр эм, амьтай, амигүй юм гэх буюу эсхүл идэвхтэй, идэвхгүй юм гэж янз янзаар ангилах ёс байдаг байна. Ингэж ангилсан нэрийн зүйлийг тийн ялгалаар ялгаллах зэрэгт тусгай тусгай хэлбэрээр илрүүлдэг ажээ. Жишээлбэл, орос хэлэнд хүн амьтны зэрэг амьтай юмын нэрийн заахын тийн ялгалын хэлбэр нь видеть человека(людей), быка(быков), козла(Козлов) гэх мэтээр харьяалахынхаа тийн ялгалын хэлбэртэй тохирч, ширээ сандал гэх мэтийн эр хүйсийн амигүй юмын нэрийн заахын тийн ялгалын хэлбэр нь видеть дуб(дубы), стол(столы) гэх мэтээр нэрлэхийнхээ тийн ялгалын хэлбэртэй тохирдог байна.
Нөхөр Ринчин, монгол хэлний нэрийн зүйлийг эрхшээлт, эрхшээлгүйн ай гэж ангилахдаа орос хэлэнд нэрийн зүйлийг амьтай, амигүй гэж ангилахтай төсөөтэй мэтээр үзжээ. Тэхдээ эрхшээлт юмын нэрд хэн гэж асуулт, эрхшээлгүй юмын нэрд юу гэж асуулт тавина гэжээ.
Монгол хэлний зүйд хүний зүйлд хэн гэж асуулт тавьж, хүнээс бусад ургамал, амьтан, амигүй юманд юу гэж асуулт тавьдаг нь маргаангүй.
Зарим хэлэнд нэрийн зүйлийг эр, эм, саармаг гэх буюу амьтай, амигүй, идэвхтэй, идэвхгүй юм гэж ялгах ёс байдгийг хэлний шинжлэлд аль хэзээний анхааран судалсан бөгөөд Маррын үзэлтэн ч мөн энэ үзэгдлийг анхаарч судлахдаа өнөөх хэлийг сэтгэхүйтэй хутгаж, сэтгэхүйг үзэл сурталтай хутгасан алдаатай онол

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com