Tuesday, 2024-03-19, 6:54 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Арван зургаа.ҮГЛЭХҮҮНИЙ БҮЛГИЙН ЭЦСИЙН ҮГ НЬ ҮЙЛ ҮГИЙН ЦАГ ЗААХ, ЗАХИРАХ XҮСЭХ НӨХЦӨЛӨӨР ХЭЛБЭРЖИХ Т

Арван зургаа.ҮГЛЭХҮҮНИЙ БҮЛГИЙН ЭЦСИЙН ҮГ НЬ ҮЙЛ ҮГИЙН ЦАГ ЗААХ, ЗАХИРАХ XҮСЭХ НӨХЦӨЛӨӨР ХЭЛБЭРЖИХ ТУХАЙ АСУУДАЛД

Ямар ч үгэлбэр үглэгдэхүүн, үглэхүүн гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй байна. Энэ хоёр бүрэлдэхүүн нь хоёр үгээр бүтсэн, дөрвөн үгээр бүтсэн, найман үгээр бүтсэн янз бүp байж болно. Жишээлбэл, Багш ирлээ, Манай багш мориор ирлээ, Манай хэлний багш бор мориор ирлээ, Манай сумын хэлний багш өнөөдөр бор мориор ирлээ гэх мэт. Үглэгдэхүүний бүлэг нь юм, үзэгдлийг орлосон, үглэхүүний бүлэг нь харьцаа хөдөлгөөний нь орлосон байна. Юм, үзэгдэлгүй хөдөлгөөн, хөдөлгөөнгүй юм, үзэгдэл гэж байхгүй тул чанартаа юм буюу үзэгдлийг хөдөлгөөний нь хамт гүйцэд заасан төгс дохио болох үгэлбэр нь заавал үглэгдэхүүн, үглэхүүн гэсэн хоёр бүрэлдэхүүнээс бүтэх ёстой байна. Гэвч ярихад аль нэг бүрэлдэхүүний бүхлээр буюу зарим хэсгий нь нэг хэлбэрээр хураан хэлж болно. Жишээлбэл, Би оюутан (байна), Тэр хүн багш (байна) гэх мэт.
Үгэлбэрийн ямар нэг гишүүнийг хязгааргүй дэлгэрүүлж болдог тул бүх гишүүний нь шавхан ил хэлсэн төгс үгэлбэр гэж байхгүй, байж болох ч үгүй юм. Энэ учраас үгэлбэрийн өдий төдий гишүүнийг орхиж жинхэнэ хэрэгтэй хэдий нь хэлнэ. Ингэж үзвэл үгэлбэрийн гишүүнийг ил гишүүн, далд гишүүн гэж хувааж болно. Далд гишүүд гэсэн нь хэлээгүй орхисон гишүүд болно. Хэрэв хамаг юм, үзэгдэл шүтэн барилдаж бас хязгааргүй байдаг бол тэр бүгдийг багтаасан төгс үгэлбэр гэж байж болохгүй байна. Энэ далд гишүүн нь бүхэл үглэгдэхүүний бүлэг, үглэхүүний бүлэг, үглэгдэхүүн, үглэхүүн зарим хэсэг ч байж болно. Өөрөөр хэлбэл, далд гишүүнгүй үгэлбэр байж болохгүй юм. Үгэлбэр нь хэлний төгс нийлмэл дохио бол холбоо үг, үг, морфем нь хэлний төгс бус энгийн буюу нийлмэл дохио болно. Энд бид морфемыг энгийн дохио хоёроос дээш морфемоор бүтсэн үг, холбоо үг, үгэлбэрийг нийлмэл дохио гэж үзсэн билээ.
Үглэхүүний эцсийн үг нь нэрийн тийн ялгалаар хэлбэржсэн нэр үг, үйлийн тийн ялгалаар хэлбэржсэн үйл үг байж болдоггүй, заавал үйлийн цагийн хамаатуулах буюу үйлийн биед хамаатах нөхцлөөр хэлбэржсэн байдгийн учир нь нэрийн тийн ялгал, үйлийн тийн ялгалын нөхцөл нь төгс бус хэлбэр, тэгээд бас орон цагийн айг заадаггүй, цаг заах, захирах хүсэх хэлбэр бол төгс хэлбэр, тэгээд бас орон цагийг заах тул тэгж үгэлбэр төгсгөж чадна. Үйлийн хамаатуулахын нөхцөл нь орон, цагийг дүрсээр ялгах, харьцаагаар ялгаx хоёр янз байна. Хэрэв дүрсээр нь ялгаагүй л бол харьцаагаар нь ялгаж, харьцаагаар нь ялгаагүй бол дүрсээр нь ялгана. Цагийн нөхцөл нь цагийг дүрсээр зааж, биеийг харьцаагаар нь заагаад, биеийн нөхцөл нь биеийг дүрсээр нь зааж, цагийг харьцаагаар нь заана. Цагийг дүрсээр заахад зохих үйл үгэнд зохих нөхцөл залгаж, биеийг дүрсээр заахад зохих үгэнд зохих нөхцөлийг залгаж, цагийг харьцаагаар заахад захирах хүсэх үйл үг нь ямагт ирээдүй цагт үйлдэх үйлийг заах тул ирээдүй цагийг зааж, биеийг харьцаагаар заахад цагий нь заавал үйл нь ямагт эзэн биетэй байдаг үглэгдэхүүний эцсийн нэр үгийн нэрлэхийн тийн ялгалаар бие нь мэдэгдэнэ. Заримдаа нэрийн нэрлэхийн тийн ялгал, захирах хүсэх үйл үгийн нөхцлөөр биеий нь давхар заах удаа бий. Жишээлбэл: Би ирлээ, Бат иржээ, Багш ирнэ, Чи маргааш ирээрэй, Бид явъя гэх мэт. Энэ мэтээр цагийн нөхцөл нь гурван цагийг ялгавч биеийг ялгахгүй, биеийн нөхцөл нь гурван биеийг ялгавч, цагийн ялгахгүй юм. Гэвч цаг, биеий нь харьцаагаар ялгах аргатай юм. Үглэгдэхүүний бүлгийн эцсийн үг нь нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржиж, үглэхүүний эцсийн гол үгэнд голлон захирагдаж, үглэхүүний бүлгийн эцсийн үйлийн хамаатуулахаар хэлбэржсэн үйл үг нь үглэгдэхүүнээ голлон захирсан байна. Үглэгдэхүүнээр илэрсэн нэр нь үглэхүүнээр илэрсэн үйлийг үйлдсэн, үйлдэгдсэн, эдэлсэн хүн, юм нь байна. Энэ учраас үглэгдэхүүн нь дагалдсан дагуул, үглэхүүн нь голлосон цөм нь шинжтэй байна. Ер нь монгол хэлэнд цуварсан хоёр морфемын түрүүчийнх нь дагалдсан, сүүлчийнх нь голлосон шинжтэй байна. Жишээлбэл, төмөр xүpз гэхэд төмөр нь дагалдсан, хүрз нь голлосон байна. Үүнчлэн малчин гэхэд мал нь дагалдсан, -чин нь голлож малчин болсон байна. Энд мал нь адгуус, малчин нь мал малладаг хүн болно. Үглэгдэхүүн, үглэхүүний цөм нь энгийн нийлмэл хоёр янз байж болно. Үглэгдэхүүний бүлгийн цөм нь нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржсэн нэр, үглэхүүний бүлгийн цөм нь үйлийн хамаатуулахын нөхцөлөөр хэлбэржсэн биеэ даасан үйл үг байна. Үглэгдэхүүний нийлмэл цөм нь нэр, үйлийн тийн ялгалаар хэлбэржсэн нэр буюу үйл үгэн дээр орших утгатай, бай- язгууртай, цагт нэр, болох утгатай, бол- язгууртай цагт нэр орж, нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржсэн байна. Үглэхүүний нийлмэл цөм нь нэр, үйлийн тийн ялгалаар хэлбэржсэн нэр буюу үйл үгэн дээр орших утгатай, бай- язгууртай үйл үг, болох утгатай бол- язгууртай үйл үг үйлийн хамаатуулахын нөхцлөөр хэлбэржсэн байна. Үглэгдэхүүн, үглэхүүний цөмийн энгийн, нийлмэлийг мэдэхэд уул цөмийн өмнөх нэмэн дэлгэрүүлсэн үгсийг хасаж ганц цөмий нь үлдээхэд уг үгэлбэрийн утга хувирахгүй байвал энгийн цөм байжээ, хувирвал нийлмэл цөм байжээ гэж мэдэж болно. Жишээлбэл, Манай багш мориор иржээ, Багш иржээ, Бат багшиллаа, Бат багшилж байна. Би багш, Би багш байна гэх мэт,
Үйл үгийн янз бүрийн хэлбэр дотроос захирах хүсэх, цагийг заах хэлбэр нь ганцаараа орон, цагийн төгс айтай тул тэгж үглэхүүний бүлгийн эцэст орно. Үйл үгийн энэ хэлбэрт цагийн ай нь цагийн нөхцлөөр орны ай нь биеийн нөхцлөөр илэрнэ. Учир нь бие нь тод бол орон нь аяндаа тод болно. Орон цаг нь хөдөлгөөнтэй салшгүй холбоотой, хөдөлгөөн нь үзэгдэлтэй салшгүй холбоотой юм. Үглэхүүний нийлмэл цөмийн түрүүчийн үг нь үгсийн сангийн утгыг хадгалж, сүүлчийн үг буюу үйл үг нь хэлзүйн утгыг хадгалсан байна. Үгсийн сангийн утга гэдэг нь салангид юм, үзэгдлийн утга, хэлзүйн утга гэдэг нь бүхэл бүтцийн утга, харьцааны утга болно. Жишээлбэл, Би сууж байлаа гэхэд сууж гэдэг зөвхөн яаж байсныг зааж, байлаа гэсэн нь яаж байлаа? хэн гэх зэргээр өмнөх үгсээ бүгдийг хамарч чадах тул бүхэл бүтцийн утгыг гаргаж, хамгийн чухал үүрэг гүйцэтгэж бүхэл үгэлбэрийг зохион байгуулах төв нь болж чадна. Энгийн ярихад ялангуяа одоо цагт үглэхүүний нийлмэл цөмийн сүүлчийн үйл үгийг орхиж хэлэх нь арвин байдаг. Жишээлбэл, Би багш, Тэр хүн оюутан гэх мэт. Гэвч эдгээр үгэлбэрийг өнгөрсөн цагт оруулбал Би багш байлаа, Тэр хүн оюутан байлаа гэх мэтээр орхисон үйл үгий нь сэргээн хэрэглэдэг. Үглэхүүний бүлэгт орсон нь чанарын утгатай болж, үглэгдэхүүний бүлэгт орсон нь бод биетэй утгатай болно. Жишээлбэл, Бат сайн иржээ, Сайн нь иржээ, Бид танайд гурав очлоо, Гурав нь очлоо, Багш ирлээ, Бат багш болжээ гэх мэт. Үглэхүүний бүлгийн нийлмэл цөмд түрүүчийн нэр үг нь нэрлэх, заахын тийн ялгалаар сүүлчийн үйл үг нь үйлийн урьдчилах, зэрэгцэх, хам тийн ялгалаар хэлбэржсэн байна. Жишээлбэл, Би суугаад байлаа, Би суун байлаа, Бид сууж байлаа, Бат багш байлаа, Манай сургууль Батаар багш байлгажээ, Бат нь би байлаа, Манай сургууль багшаар нь намайг байлгалаа гэх мэт. Үглэхүүний бүлгийн нийлмэл цөмийн түрүүчийн үйл буюу нэр нь үлэмж, бод биетэй утгыг хадгалсан, сүүлчийн үйл үг нь үлэмж хийсвэр утгыг хадгалсан байх тул бод биетэй утгатайг хэлж, хийсвэр утгатай үйл үгий нь хурааж болдог ажээ. Бай-, бол - хоёр үйл үгийг маш өргөн утгаар, маш олон үгтэй хэрэглэх тул бусад ерийн үйл үгнээс илүү хийсвэр утгатай хэрэглэх болсон байна.
Үгэлбэр, түүний бүрэлдэхүүн нь хичнээн олон үгээр бүтсэн ч хос хосоороо нийлсээр нэг бүхэл цогц болно. Энэ учраас үгэлбэр нь нэг бүхэл цогц байвч хоёр бүрэлдэхүүн - үглэгдэхүүн, үглэхүүнтэй байна. Хоёр бүрэлдэхүүн хоёр хоёр дөрөв, тэр дөрөв нь хоёр хоёр найман бүрэлдэхүүнтэй байх мэт. Эдгээр бүрэлдэхүүн гишүүний өдүй төдүй нь далд байна. Үгэлбэрийн ил гишүүнийг мэдэхэд далд гишүүнийг бас мэдэх хэрэгтэй. Тэр далд гишүүд харьцаагаараа мэдэгдэнэ. Ингэж үгэлбэрийг хос хосоор нь холбох, салгах нь ялангуяа үгэлбэрийн зэрэгцсэн гишүүн, гол гишүүн, дэд гишүүний тухай уламжлалт хэлшинжлэлийн дүгнэлтээс өөр болоход хүрнэ. Жишээлбэл, Аавын гурван тарган бор морь ирлээ, Шар, улаан, ногоон цэцэг ургажээ гэхэд уламжлалт хэлшинжлэлд аавын, гурван, тарган, бор гэсэн нь морь гэсэн үгийн нэг төрлийн бус зэрэгцсэн тодотгол шар, улаан, ногоон гэсэн нь цэцэг гэсэн үгийн нэг төрлийн зэрэгцсэн тодотгол гэж тайлбарладаг. Үүнийг бүтэц зүйн apraap тайлбарлавал аавын гэсэн нь гурван, тарган, бор морь гэсний бүгд дундын тодотгол, гурван гэсэн нь тарган, бор морь гэсний бүгд дундын тодотгол, тарган гэсэн нь бор морь гэсний тодотгол, бор гэсэн нь морь гэсний тодотгол болно. Үүний байрыг сольж болдоггүй нь үүнд оршино. Нөгөө шар, улаан, ногоон гэдгийн байрыг сольж болох тул нээрэн нэг төрлийн зэрэгцсэн тодотгол болно. Үүнчлэн үгэлбэрийн дэд гишүүн гэдэг нь гол гишүүн, гол гишүүн гэдэг нь дэд гишүүн ч болох тул бүхлийг тасалж үзсэн үндэс муутай зүйл болно. Үгсийг хос хосоор нь холбож үгэлбэр бүтээхэд төгсгөлийн түлхүүр нь үглэхүүний бүлэг, түүний дотор үглэхүүний эцсийн үйл үг болно. Үг холбож үгэлбэр бүтээхэд мөн хос хосоор нь холбох юм. Жишээлбэл, Би төмөр хүрзээр газар ухлаа гэхэд эхлээд төмөр хүрз, газар ухлаа гэж дөрвөн үгийг хос хосоор нь холбож, дараа нь төмөр хүрз, газар ухлаа гэсэн хоёр холбоо үгээ хос хосоор нь холбож, би гэсэн нэг үгээ төмөр хүрзээр газар ухлаа гэсэн холбоо үгтэй хос хосоор нь холбож нэг үгэлбэрийн хоёр бүрэлдэхүүн болгоод улмаар бүхэл цогц буюу нэг үгэлбэр болгоно. Үүнчлэн нэг төрлийн гишүүн ч хоёр хос болно. Жишээлбэл, шар, улаан, ногоон - цэцэг гэх мэтээр хоёр хос тал болно.
Уламжлалт хэлшинжлэлд үгэлбэрийн үглэгдэхүүн, үглэхүүнийг дан ганц үгсийн сангийн утга дээр үндэслэн, үглэгдэхүүн, үглэхүүнийг түүний эцсийн үгэн дээр буулган, өмнөх үгээ дэлгэрүүлсэн бусад гишүүнийг дэд гишүүн гэх мэтээр бүхэл зүйлийг хэсэглэж, хэсэг зүйлийг бүхэл болгон үзэх заншил ихэд тархсан байна. Уламжлалт хэлшинжлэлд үглэхүүнийг үйл үглэхүүн, нэр үглэхүүн гэж ялгах, үглэхүүний нийлмэл цөмийн дагуулыг үглэхүүн, жинхэнэ цөм үйл үг бай-, бол- мэтий нь туслах үйл гэж тайлбарлаж заншсан байна. Гэтэл туслах үйл үг гэдэг нь үглэхүүний цөм, харин цөм гэдэг нь цөмийн дагуул болно. Жишээлбэл, Бид сууж байна. Би сайн байна. Би багш байна гэхэд сууж байна, сайн байна, багш байна гэсэн үглэхүүний нийлмэл цөмийн голлосон үг нь байна. Дагалдсан үг нь сууж, сайн, багш гэсэн үгс болно. Энд бид нэг утга дээр нөгөө утга нэмэхэд тэр хоёр утгын ерийн нийлбэр болох шинэ утгыг гаргана. Өөрөөр хэлбэл 5 + 7 = 12 биш, 25 болох мэт гэдэг зарчмыг баримталбал сууж байна, сайн байна, багш байна гэсэн нь тэр хоёр үгийн ерийн нийлбэр болохгүй, шинэ утгыг гаргана.
Тэгэхдээ түрүүчийн нь үг дагалдаж үгсийн сангийн нь утгыг хадгалсан, сүүлчийн нь үг голлож хэл зүйн нь утгыг хадгална. Бүхэл үгэлбэр нь, бүхэл үглэхүүний бүлэг нь, ямар цагт хэддүгээр бие болох, хүүрнэх, захирах, асуух үгэлбэрийн аль болох нь ганцхан эцсийн үйл үгээс болно. Үүнээс, үзэхэд үглэхүүний эцсийн үйл үг төгс хэлбэрээр байхгүйгээр дээр дурдсан үүргээ биелүүлж чадахгүй байжээ.
Үглэгдэхүүний цөмийн өмнөх үг нь цөмдөө нэр үг бол үндсээрээ буюу нэрийн тийн ялгалаар, үйл үг бол үйлийн тийн ялгалаар холболдон захирагдана. Ганцхан нэрийн тийн ялгалаар өмнөх үгээ дараахи үгэнд нь захируулж, хамаатуулахын нөхцлөөр өмнөх үгэндээ түүний өмнөх үгий нь захируулна. Жишээлбэл, Ах мориороо ирлээ гэхэд нэг талаар морь гэсэн нь үйлдэхийн тийн ялгалаар ир- гэсэн үгэнд захирагдаж, нөгөө талаар хамаатуулахын нөхцлөөр ах гэсэн үгий нь захирна. Энд ах гэсэн нэр үг нь нэрлэхийн тийн ялгалаар ир- гэсэнд захирагдаж, дараахь хамаатуулахынхаа нөхцлөөр морь гэсэн үгэнд ах гэсэн үг давхар захирагдсан байна. Ах мориороо гэдэг нь ахын мориор гэсэн үг болно.
Нэрлэх, чиглэх, хамтрахын тийн ялгалын нөхцөл нь нэр үгийг үйл үгтэй холбоно. Өтөх орших, гарах, адилтгах, заах, үйлдэхийн тийн ялгалын нөхцөл нь нэр үгийг үйл үгтэй, нэр үгтэй холбоно. Харьяалахын тийн ялгалын нөхцөл нь нэр үгийг нэр үгтэй холбоно. Жишээлбэл, Багш ирлээ, Адуу гол руу орлоо, Хүнтэй уулзлаа, Ахад өгсөн ном мөн байна, Дүүдээ ном өглөө, Би гэрээсээ гарлаа, Хөдөөнөөс ирсэн хүнтэй уулзлаа, Ах шигээ бичжээ, Аав шигээ хүнийг хүндлэнэ, Бид таны морийг барилаа, Би ахыг ирэхээр явна. Манай сумд малаар баян хүн олон бий, Банзаар хийлээ, Миний морь ирлээ гэх мэт. Үүнд өгөх орших, гарахын тийн ялгалаар нэр үгийг нэр үгтэй холбоход цагт нэрээр дамжуулна. Цагт нэр нь хэдийгээр өөрөө өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг заавч нэрийн тийн ялгалаар ялгагдаж, үйлийн нөхцлийг авдаггүй тул үйл үгнээс нэрд илүү ойр юм. Явжээ, явсан хоёрын ялгаа нь нэгдэх нь төгс хэлбэр, хоёрдох нь төгс бус хэлбэр, нэг дэх нь ерийн нэр, үйл үгийн дараа ордоггүй, хоёрдох нь орж болдог, нэгдэх нь ерийн нэр, үйл үгийн өмнө нь ард нь хэлэхэд утга хувирдаггүй, хоёрдох нь ерийн нэр, үйл үгийг хэлэхэд утга нь хувирдаг нэгдэх нь цагийн айг заадаг, хоёрдох нь цагийн айг заадаггүй бөгөөд тэмдгийг заадаг, нэгдэх нь гэ- язгууртай үйл үгийн өмнө тохиолддог, хоёрдох нь гэ- язгууртай үйл үгийн өмнө тохиолддоггүй жинхэнэ үглэхүүн болсон утгатай бол тохиолдож болно гэх зэргийн ноцтой ялгаатай юм. Жишээлбэл, явжээ, явсан, Хүн явжээ, Хүн явсан (байна), Явжээ хүн, Явсан хүн, Хүн явжээ гэж хэлж байна. Хүн явсан байна гэсэн үйл үгий нь хурааж үглэхүүн болгож хэлбэл болно гэх мэт. Энэ учраас монгол хэлний бүх үйл үгийг үйл нэр үгийг захирах, үглэхүүн захирах гэж хоёр ангилж болно. Нэр, үйл үгийг захирч чаддаг үйл үг нь гэ-гээс бусад бүх үйл үг, үглэхүүнийг захирч болдог үйл үг нь ганц гэ- язгууртай үйл үг болно. Энгийн ярихад Энэ чинь миний харандаа гэж хэлж байна. Энэ чинь миний морь гэж хэлж байна гэх мэтээр харандаа, морь гэсэн үгийг гэ- язгууртай үйл үг захирч чадаж байгаа мэт боловч дээр дурдсан үгэлбэрийг Энэ чинь миний харандаа байна гэж хэлж байна. Энэ чинь миний морь байна гэж хэлж байна гэхэд утга нь өөр болохгүй юм. Энэ баримт дээр үндэслэн бодвол түрүүчийн жишээн дэх харандаа, морийн ар дахь байна гэсэн үйл үгий нь хурааж хэлж байгаа, сүүлчийн жишээнд байна гэсний нь оруулж гүйцэд хэлж байгаа тул гэх- үйл үгийн өмнө энгийн нэр, үйл үг шууд залган ордоггүй, ямагт үглэхүүн болсон үйлийн хамаатуулахын нөхцөлтэй төгс үйл байх ёстой нь мэдэгдэж байна. Энэ учраас бүх үйл үгийг үг захирах, үглэхүүн захирах үйл гэж хуваагаад үг захирах үйл үгий нь тусах үйл үг, эс тусах үйл гэж хоёр хуваан, ганц гэ- язгууртай үйл үгийг тусах, эс тусах гэхгүй жич, үйл үг гэх ёстой гэж үзэж байна.
Монгол хэлний бүтцийг үзэхэд энгийн дохионоос нийлмэл дохио, төгс бус дохионоос төгс дохио үүссэнд хэлний хамгийн энгийн дохио нь морфем юм. Монгол хэлний морфемыг язгуур морфем, залгавар морфем гэж хоёр том ангид хуваагаад язгуур морфемы нь идэвхтэй язгуур, идэвхгүй язгуур, залгавар морфемы нь үг бүтээх дагавар, үг холбох нөхцөл гэж тус тус хоёр ангилж болно. Гэвч зарим тохиолдолд нэг дүрс хоёр морфемд хуваагдаж байж болно. Жишээлбэл, -tai, -toi нь эртний ба дундад эртний монгол хэлэнд нэг зүйлийн үг бүтээх дагавар, орчин цагийн дорнод монгол хэл-аялгуунд үг бүтээх дагавар хэрэглэхийн зэрэгцээгээр хамтрахын тийн ялгалын үүргээр хэрэглэх болсон байна. Жишээлбэл, хуучин бичгээр Bi nigen mori tai kumun luge ayuljaba, ойрд аялгаар Bi nege morta kumun-la ulzaw гэдгийг орчин цагийн халх аялгаар Bi nege morita xunte ullzala гэх мэт. Үүнээс үзэхэд эртний -tаi, -tei гэсэн хоёр хэлбэр орчин цагийн халхын зарим аман аялгуунд -tai,-toe,-tei,-toe гэсэн дөрвөн хувилбар болсон байна. Гэвч утга нь хоёр юм. Нэг нь бүхий, нөгөө нь хамт үйлдэх гэсэн хоёр утгатай байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан жишээний үгэлбэр нь Bi nege mori buxe xunte uldzaw гэсэн үг болно. Энэ бол нэг дүрсээр хоёр морфем болох, хоёр дүрсээр нэг морфемыг илтгэж болохын жишээ болно. -tai, -toi нь ямар үед үг бүтээх дагавар, ямар үед үг холбох нөхцөл болохыг тогтоох нь чухал байна. Дээр дурдсан ёсоор хуучин монгол бичиг, ойрд аялгыг ашиглаж болох боловч бас түвэгтэй юм. Орчин цагийн монгол хэлэнд хамаатуулахын нөхцлийг үгсийн үндсэнд залгадаггүй, заавал тийн ялгалын нөхцлийн дараа залгах журамтай болно. Зарим хүн Би номоо мартжээ, Бид морио барилаа гэхэд -оо, -о морфемыг ном, морь гэсэн үгийн үндсэнд залгаж байгаа мэтээр боддог. Үнэндээ энэ нь заахын тийн ялгалын тэг морфемын дараа зохих хамаатуулахын нөхцлийг залгаж байгаа тул энд үгийн үндсэнд хамаатуулахын нөхцөл залгаж байгаа хэрэг биш юм. Энэ онол үнэн бол үг бүтээж үндэс үүсгэх -tai дээр хамаатуулахын нөхцөл залгаж болохгүй хамтрахын тийн ялгалын нөхцлийн үүрэг гүйцэтгэж байгаа -tai дээр хамаатуулахын нөхцөл залгаж болох ёстой болно. Тэгвэл Би нэг морьтойгоо хүнтэй уулзлаа гэвэл өөр утгатай болох тул харин Би нэг морьтой хүнтэйгээ уулзлаа гэж залгаж болно. Ингэж үзвэл дээр дурдсан жишээний морьтой гэсний -той нь үг бүтээх дагавар, хүнтэй гэсний -тэй нь хамтрахын тийн ялгалын нөхцөл болно. Ингэж хоёр үүрэг гүйцэтгэдэг учраас зарим тохиолдолд -тай-н дараа -тай залгаж болдог. Жишээлбэл: Тэр цагаан хайрцагтайтай нийлээд арван хэсэг ачаа байна гэхэд хоёр - тайтай -гийн түрүүчийнх нь үг бүтээх дагавар, сүүлчийнх нь хамтрахын тийн ялгалын нөхцөл болно. Хэлэнд нэг морфем дараалан орох байтугай нэг төрлийн хоёр морфем дараалан орохгүй бие биеэ үгүйсгэнэ. Энэ учраас давхар тийн ялгал байна гэдэг нь будлиантай асуудал юм. Ахынд гэсэн хэлбэрийг харьяалахын тийн ялгал дээр өгөх оршихын тийн ялгалын нөхцөл залгасан мэтээр тайлбарладаг нь гарлын талаар зөв боловч үүргийн талаар бас түрүүчийнх нь одоо үг бүтээх дагавар болсон байна. Нэг үг нэг зэрэг хоёр харьцаанд байж болохгүй, нэг л харьцаанд байх ёстой байна.

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com