Tuesday, 2024-03-19, 6:07 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Арав. ХЭЛЭХ, ТҮҮНИЙГ ХЭСЭГЛЭН ХУВААХ НЬ

Арав. ХЭЛЭХ, ТҮҮНИЙГ ХЭСЭГЛЭН ХУВААХ НЬ

2. Хүний хэлэлцэхийг анхааралтай ажиглавал хэсэг хэсэг үгэлбэр болон тасарна. Хүн хэлэлцэхдээ хамгийн товчдоо нэг үгэлбэрээр, дэлгэрэнгүй хэлэлцвэл хэчнээн ч хамаагүй үгэлбэр хэрэглэн хэлэлцэж болно. Үгэлбэр гэдэг нь харьцангуй утга төгссөн нийлмэл дохио юм. Хүн харилцан саналаа солилцох буюу эсвэл сэтгэлийнхээ хөдөлгөөнийг илрүүлэх зорилгоор үг хэлж хэлэлцдэг.
Тэмдэглэх нь, манай хэвлэлд үгэлбэр, үглэгдэхүүн, үглэхүүн гэсэн нэр томьёог үгүүлбэр, үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, өгүүлбэр, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн гэж эхний эгшгийг ү буюу ө-гөөр, дэд эгшгий нь урт үү-гээр бичих зэргээр тогтворгүй байсаар байна. Энэ юунаас болов гэвэл зарим хүн дурдсан үсгийг монгол хэлний үг гэсэн үгээс үүссэн тул ү-гээр эхэлж бичих хэрэгтэй гэж үзсэн, зарим хүн хуучин монгол бичигт хөмүүс, өгүлэрүн гэж ө-гөөр уншиж байсан учир ө-гөөр бичих хэрэгтэй. Зарим хүн монгол хэлний үг гэсэн үгтэй гарлын холбогдолгүй харин түрэг хэлний өг-өгү гэсэн үгээс гаралтай байх гэх мэтээр янз бүрээр тайлбарласнаас болсон байна.
Нууц товчоон зэрэг дунд үеийн монгол хэлний ө, ү эгшгийг ялган тэмдэглэсэн дурсгалын зүйлд үгүлэрүн гэж бичдэг байсан, эртний уйгур хэлний сөзлэр гэсэн үгийг монголоор үгүлэр үн гэсэн хэлбэрээр орчуулж байсан (сөз гэсэн монголоор үг гэсэн үг болно) орчин цагийн монгол хэлэнд үг+лэ үглэ-үглэх гэсэн үг байсаар байгаа зэргээс үзэхэд хуучин монгол бичгийн хүмүүсийн өгүүлэрүүн гэж уншиж күмүн, гэмэн, болджугуй гэж унших ёстой байсан үг, үгийн хэлбэрийг көмүн, хэмэн, болджухуй гэж буруу ташаа уншиж байсантай адил үгүлэрүн гэж унших ёстой байсныг өгүүлэрүүн гэж ташаа уншиж хэвшсэнээс болсон хэрэг гэж бодож байна. Хэрэв хуучны үгүлэрүн гэсэн хэлбэр нь үг гэсэн үгээс үүссэн юм бол үгэлэрүн гэж бичихгүй г-гийн дараа ү эгшиг бичдэг байсны учир юу вэ? гэж асууж болно. Үүнд хуучин монгол бичгийн хүмүүс нь заримдаа хазгай ташаа уншиж байснаар хазгай ташаа бичих явдал цөөнгүй байсныг санах хэрэгтэй юм. Үгэлэрүн гэж бичих ёстой зүйлийг үгүлэрүн гэж бичиж заншсан нь эхний ү-гийн нөлөөгөөр дараах үеийн нь э-ийг ү болгосон хэрэг гэж бодож байна. Ийм үзэгдэл хуучин монгол бичгийн зөв бичих дүрэмд нэлээд байдаг. Жишээлбэл: 14-р зууны эхээр Бээжинд барласан Бодизарьяабадарын тайлбарт түгэгүлбэй гэж бичих ёстой хэлбэрийг түгүгүлибэй гэж ташаа бичсэн байдалтай адил юм. Энэ учраас бид монгол хэл шинжлэлийн үгтэй нягт холбоотой хэдэн чухал нэр томьёог мөн хэлний чухал нэгж болох үг гэсэн үгээс үүсгэж үгэлбэр, үглэгдэхүүн, үглэхүүн гэж нэрлэх нь илүү ойлгомжтой гэж үзсэн билээ.
Хүний хэлэн янз бүрийн үгэлбэрийг бүтцийн нь хамгийн ерөнхий шинжээр аялга үгэлбэр, бүтэц үгэлбэр гэж хоёр ангилж болох мэт санагдана. Зарим үгэлбэрт үг, нөхцөл хоёр заавал хослон оролцож, зарим үгэлбэрт нөхцөл хэрэглэдэггүй байна. Үүн дээр нь үндэслэж, монгол хэлний үгэлбэрийг аялга үгэлбэр, бүтэц үгэлбэр гэж ялган хэлэлцэж болох юм.
2.1. Аялга үгэлбэр
Нөхцөл огт оролцохгүй бүтэх үгэлбэрийг бид аялга үгэлбэр гэж нэрлэв. Монголч эрдэмтний бүтээлд энэ аялга үгэлбэр бүтээдэг материалыг ерийн үгийн эгнээнд багтааж үгсийг аймаглахдаа зарим нь аялга үг гэж тусгай ялгаад, зарим сул үгийн аймагт багтаасан хүн ч байдаг. Аялга үгэлбэр, жинхэнэ үг хоёрын хооронд бүтцийн талаар ямар ялгавар байна гэвэл 1) Аялга үгэлбэр нь дангаараа нөхцөл хэрэглэхгүй үгэлбэр болж байна. Гэтэл жинхэнэ үг нь нөхцөл хэрэглэхгүй ганцаараа үгэлбэр болж чадахгүй, 2) Аялга үгэлбэрийг гэх гэдэг үгэлбэр заах үйл үгэнд шууд захируулж болдог бол жинхэнэ үгийг үндэс хэлбэрээр нь гэх гэсэн үйл үгэнд шууд захируулж болдоггүй, 3) Аялга үгэлбэрийг гэх гэдэг үйл үгээс өөр үгэнд захируулж болдоггүй, гэтэл, жинхэнэ үгийг гэх гэсэн үгээс бусад аль нэг үгэнд захируулж болдог гэх мэтийн ноцтой ялгавартай юм. Энэ учраас аялга үгэлбэрийг үгтэй эгнүүлэн үзэж болохгүй, харин үгэлбэртэй эгнүүлэн үзэж болно. Аялга үгэлбэр нь мөн ерийн үгэлбэртэй адил санаа илрүүлэх арга болж чадна.
Аялга үгэлбэр нь ерийн үгэлбэрийн бүтцэд дан ганц гэх гэдэг үгээр дамжиж оруулсан үгэлбэрийн үүргээр багтан орж чадна. Гэтэл ерийн үгэлбэр нь нөгөө үгэлбэрийнхээ бүтцэд оруулсан үгэлбэрийн үүргээр орохоос гадна гишүүн үгэлбэрийн үүргээр орж чадна.
2.1.2. Аялга үгэлбэрийг утгаар нь дуудах, захирах, зөвшөөх, татгалзах, гайхах, жигших аялга үгэлбэр гэж ангилж болно. Жишээлбэл, Бат-аа, Ах-аа, Банхаар, Май, Байз, За, Уухай, Үгүй, Биш, Эш, Аа, Пөх, Ёох, Тийтий гэх мэт. Аялга үгэлбэрийг бүтээх материал нь нэг бол аа, май, за, тий, эш, пөх гэх мэтийн үг болдоггүй тусгай авиан нийлбэр байна, эсвэл ерийн үгийг ах-аа, үгүй, биш, байз гэх мэтээр аялга үгэлбэрийн утгаар хэрэглэх газар цөөнгүй үзэгдэнэ. Аялга үгэлбэр нь зохих авианы нийлбэр дээр дуудах, захирах, зөвшөөх, татгалзах, гайхах, жигших аялга буюу хөг хослон илэрнэ. Аялга үгэлбэр нь дангаараа, ерийн үгтэй цуг, эсвэл ерийн үгэлбэрт оруулсан шинжтэй байж болно. Жишээлбэл, Бат-аа, чи маргааш ир!, Май, энэ номоо ав!, За, би маргааш ирье!, Үгүй, би маргааш амжихгүй!, Эш, яасан сайхан зураг вэ!, Пөх, яасан муухай юм бэ! Бат, за гээд үлдлээ, Энэ хүүхэд барьж байсан алимаа надад, май гээд өглөө гэх мэт.
2.2. Бүтэц үгэлбэр
2.2.1. Нөхцөл оролцож бүтэх үгэлбэрийг бид бүтэц үгэлбэр гэж нэрлэлээ. Хэрэв бүтэц үгэлбэр нь бодит ертөнцийн юм, үзэгдэл тэдгээрийн хоорондын нарийн харьцааг тусган нэвтрүүлж чаддаг бол аялга үгэлбэр нь зөвхөн баярлах, гомдох, жигших, зөвшөөх, татгалзах, хориглох, захирах санаагаа илрүүлэх төдий их явцуу хэрэгцээтэй байна. Бүтэц үгэлбэр нь аялга үгэлбэрээр илрүүлж болох санааг бүр нарийн илрүүлж чадахаас гадна аялга үгэлбэрээр илрүүлж чадахгүй нарийн санааг илтгэж чадна. Жишээлбэл, аялга үгэлбэрээр Май гэж захирсан санааг энгийн бүтэц үгэлбэрээр Ав! гэж товчхон илрүүлж чадахаас гадна энэ санаагаа бүр нарийн дэлгэрэнгүй Номоо ав, Чи энэ номоо ав! Чи энэ номоо маргааш ав! гэх мэтчилэн олон янзаар илрүүлж болно. Гэтэл Май! гэсэн аялга үгэлбэрийг ингэж дэлгэрүүлж болохгүй. Жишээлбэл, Номоо май, маргааш май гэж хэлдэггүй.
Бүтэц үгэлбэр нь маш нарийн зохион байгуулалттай олон талтай байдаг учир хэлний бүтцийг судлахад хамгийн чухал сонирхолтой бүтэц үгэлбэр болно. Хэрэв яаран ярихад хааяа номоо май! гэж холбон хэлэх удаа тохиолддог бол номоо гэсэн нь май гэсэн аялга үгэлбэрт захирагдсан шууд тусагдахуун болж байгаа хэрэг биш, номоо гэсэн нь май гэсэн аялга үгэлбэрийн өмнө дутуу заримдаг хэлсэн бүтэц үгэлбэрийн шууд тусагдахуун болно. Энэ заримдаг үгэлбэрийг гүйцэд хэлбэл Чи номоо ав, май гэсэн хоёр үгэлбэр болно. Хэлний төгс дохио болохын хувьд аялга үгэлбэр, бүтэц үгэлбэр хоёр онцын ялгаваргүй юм. Цаашид бид орчин цагийн монгол хэлний үг, нөхцөлийг шүүмжлэн хэлэлцэхдээ юуны өмнө бүтэц хэлбэрээр суурь болгон авч үзнэ.
3. ҮГЭЛБЭР, ТҮҮНИЙГ ХЭСЭГЛЭХ НЬ
3. Дээр дурдсан хоёр янзын үгэлбэрээс хүмүүсийн хоорондын харилцаанд хамгийн чухал нь бүтэц үгэлбэр болно. Хэрэв аялга үгэлбэрийг хааяа нэг хэрэглэдэг бол бүтэц үгэлбэрийг алхам бүр хэрэглэнэ. Хэрэв аялга үгэлбэрийг задлан хэсэглэх гэвэл нэг буюу хэд хэдэн фонемын нийлбэрээс бүтсэн цогц, хэлэх аялга буюу хөг хоёр зүйлээс бүрэлдсэн байдаг бол бүтэц үгэлбэр нь нэг буюу хэд хэдэн үг, нэг буюу хэд хэдэн нөхцөл, түүний дээр хэлэх аялга буюу хөг давхарлаж бүгд гурван үндсэн зүйлээс бүрэлдсэн байна. Энгийн үгээс бүтсэн аялга үгэлбэрт заримдаа үг, нөхцөл оролцсон мэт тохиолдвол тэр язгуурын чанараа алдсан байна.
Монгол хэлний бүтэц үгэлбэр нь хэлэх аялгаас гадна үг, нөхцөл хоёрын аль нэггүйгээр утга төгс бүтэц үгэлбэр болж чадахгүй юм.

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com