Tuesday, 2024-03-19, 6:52 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 610
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Дөрөв. МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГҮҮЛБЭРИЙН ДЭД ГИШҮҮДИЙН ТУХАЙ АСУУДАЛД

Дөрөв. МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГҮҮЛБЭРИЙН ДЭД ГИШҮҮДИЙН ТУХАЙ АСУУДАЛД

Монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг зөв ялгах, ялангуяа дэд гишүүдийг нь зөв ялгах тухай асуудал бол манай олон сургуулиудад эх хэлнийхээ зүйг нарийн судлахад их чухал ач холбогдолтой асуудлын нэг юм. Монголч эрдэмтэн нараас монгол хэлний үгүүлбэрийн зүйг судлахдаа монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг янз янзаар ялгасаар иржээ. Бид монгол хэлний үгүүлбэрийн дэд гишүүдийн тухай шүүмжлэн хэлэлцэхдээ юуны өмнө сүүлийн үеийн монголч эрдэмтэн нарын дунд энэ талаар ямар ямар санал байдгийг сонсоод, дараагаар нь зохих саналаа гаргавал дөхөмтэй болох юм.

Зөвлөлтийн монголч эрдэмтэн Г.Санжеев 1941 онд хэвлүүлсэн "Буриад монгол хэлний зүй”-дээ буриад монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг үгүүлэхүүн, үгүүлэгдэхүүн, тусагдахуун, тодотгол гэж дөрөв хуваагаад, тусагдахууны тухай зүйлд нь "сургуулийн сурах бичигт үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, тусагдахуун, тодотголоос гадна байц гэж

хэлэлцдэг нь онцын үндэсгүй юм. Тусагдахуун нь мөн заримдаа байц болно. Байц гэдэг бол утгын категори бөгөөд гэтэл тусагдахуун нь хэлбэрийн илрэл юм. Тусагдахуун бол үйлийн болсон орон цаг, зэвсэг нөхцөл, тусагдахууныг тус тус зааж үгүүлэхүүний утгыг өргөтгөж, нэмэн дэлгэрүүлсэн үгс юм” гэж тайлбарлажээ.

            Гэтэл профессор Санжеев 1953 онд хэвлүүлсэн "Монгол хэлнүүдийн харшуулсан хэлний зүй”-дээ монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, тусагдахуун, тодотгол, байц гэж ялгажээ. Мөн сүүлийн үеийн Зөвлөлт холбоот улсад хэвлэгдсэн монгол хэлний сурах бичигт монгол хэлний үгүүлбэрийн дэд гишүүдийг мөн л тусагдахуун, байц, тодотгол гэж хуваасаар байна. Бас дунд сургуульд үзэх буриад, монгол хэлний зүйн сурах бичигт үгүүлбэрийн гишүүдийг мөн л үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, тусагдахуун, байц, тодотгол гэж хуваажээ.

Б.Ринчен гуай улсын их сургуулийн хэл бичгийн ангид уншсан монгол хэлний зүйн лекцдээ монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг үгүүлэгдэхүүн үгүүлэхүүн гэж хоёр хуваагаад, хэрэв уул үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүнийг нэмэн дэлгэрүүлсэн бусад үгсийг цөмийг хүртээл гэж нэрлэжээ. Тэгээд бас энэ хүртээл гэдгээ нэр үгээр бүтсэн бол тийн ялгалаар нь харьяалахын хүртээл, өх оршихын хүртээл, заахын хүртээл, хамтрахын хүртээл, үйлдэхийн хүртээл, гарахын хүртээл гэж хуваагаад, нөхцөл үйл үгээр бүтсэн бол хам хүртээл, зэрэгцэх хүртээл, үргэлжлэх хүртээл, урьдчилах хүртээл гэж тус тус хуваажээ. Энэ мэтээр монгол хэлний үгүүлбэрийн дэд гишүүдийг ялгах тухай асуудал бол одоо хүртэл маргаантай байгаа нь илэрхий байна.

Бид монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг ялгахдаа мөн хэлний зүйн хэлбэр, агуулга зэргийн аль алиныг харгалзаж  ялгавал сая үнэн байдлыг илрүүлж чадна. Дан ганц хэлбэрээр хөөцөлдөөд, утга агуулгыг үл хайхрах буюу дан утга агуулгыг хөөцөлдөөд, хэлбэрийг үл хайхарвал зайлшгүй эндүүрэлд хүргэнэ. Энд бид "хэлбэр бол мөн чанартай, мөн чанар бол хэлбэржсэн байдаг” гэсэн Лениний гайхамшигт мэргэн томьёоллыг санах хэрэгтэй.

            Ринчен гуай монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг ялгахдаа зөвхөн үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн гэж хуваагаад, үгүүлбэрийн дэд гишүүд гэж ялгахгүйгээр үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүнийг нэмэн дэлгэрүүлсэн бүх үгсийг хүртээл гэж нэрлэсэн нь үнэндээ үгүүлбэрийн дэд гишүүд нь уул үгүүлбэрийг гишүүдээр нь ялгасны үр дүнд ялгарах биш, харин үгүүлбэрийн хэсэг буюу өөрөөр хэлбэл, үгүүлэгдэхүүний бүлэг, үгүүлэхүүний бүлгийг дотор нь хэсэглэн хуваахад ялгарах зүйл гэж үзүүлбэрийг дан ганц логик утгаар тайлбарлахад хүрчээ. Нөгөөтэйгүүр үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүнийг нэмэн дэлгэрүүлсэн бүх үгсийг тэдгээрийн хэлний зүйн утга агуулга, хэлбэр дүрсийг хайхрахгүйгээр бөөгнөрүүлэн хутгаж ганц хүртээл гэж үзсэн нь хэлний зүйн нь утга хэлбэрийн аль алиныг ч анхаарсангүй. Жишээлбэл: Ринчен гуайн саналаар бол Багш сурагчдаа ном өгөв. Багш улаан буланд лекц уншив. Ахтай уулзав. Би номтой болов. Хутгаар огтлов. Замаар явав. Хөрөөгөөр тайрав. Хөрөөдөн тайрав. Цайнаас уув. Хөдөөнөөс ирэв гэх зэрэг үгүүлбэрийн доторх сурагчдаа, ном, улаан буландаа, лекц, ахтай, номтой, хутгаар, замаар, хөрөөгөөр, хөрөөдөн, цайнаас, хөдөөнөөс гэсэн эдгээр үгсийг цөмийг хүртээл гэж нэрлэжээ. Үүгээр үзвэл Ринчен гуай үгүүлбэрийн дэд гишүүд гэж гол гишүүдээс  онцлон ялгасангүй, мөн үгүүлэгдэхүүн үгүүлэхүүнийг нэмэн дэлгэрүүлсэн бусад үгсийг дотор нь тусагдахуун, байц, тодотгол гэж ялгасангүй, бас хүртээл гэдгээ тийн ялгалын нь хэлбэр, нөхцөл үйл үгээр заахын хүртээл, зэрэгцэх хүртээл гэх зэргээр олон ялгасан нь зөвхөн үгүүлбэрийн дэд гишүүдийг илрүүлэх үгийн зүйн хэлбэрийг тоочсон хэрэг юм. Хэрэв Ринчен гуайн хүртээл гэж нэрлэсэн эдгээр үгсийг үгүүлбэрт хэрэглэгдсэн утга, үгийн зүйн хэлбэрийн талаар анхааран үзвэл харилцан адилгүй болох нь илэрхий байна. Жишээлбэл, дурдсан үгсийг үг нэг бүрийн тухайн үгүүлбэрт хэрэглэгдсэн тодорхой  утгаар нь биш, хэлний зүйн хамгийн ерөнхий хийсвэрлэсэн утгаар нь ялгавал: ном, лекц гэсэн хоёр үгэнд уул үгүүлбэрийн үгүүлэхүүн болох өгөв, уншив гэсэн үйлд шууд тусч юу? гэсэн асуултад оногдож байна. Мөн сурагчдаа гэсэн үгэнд өгөв гэсэн үйл шууд бус тусч хэндээ? гэсэн асуулт оногдож байна. Гэтэл улаан буландаа гэсэн үгэнд уншив гэсэн үйл тусахгүй, зөвхөн уул үйлийн хаана болсон орныг зааж хаана? гэсэн асуултад оногдож байна. Үүнчлэн хутгаар гэсэн үгэнд огтлов гэсэн үйл шууд бус тусч, уул үйлийг гүйцэтгэсэн зэвсгийг зааснаар нь юугаар? гэсэн асуултад оногдоно. Гэтэл замаар гэсэн үгэнд явав гэсэн үйл тусахгүй, зөвхөн уул үйлийн болсон орныг зааж хаагуур? гэсэн асуултад оногдоно. Хөрөөгөөр тайрав гэхэд хөрөөгөөр гэсэн үгэнд тайрах үйл шууд бус тусч,  уул үйлийг гүйцэтгэсэн зэвсгийг заан юугаар? гэсэн асуултад оногдоно. Гэтэл хөрөөдөн тайрав гэхэд хөрөөдөн гэсэн үг нь тайрах үйлийн зэвсэг биш, харин яаж  тайрсныг зааж байна. Энэ мэтээр ном, лекц, хөрөөгөөр, хутгаар, сурагчдаа гэсэн үгс нь утгаараа тухай тухайн үйлийн тусагдахуун болж, улаан буландаа, замаар, хөрөөдөн гэсэн үгс нь утгаараа тухай тухайн үйлийн байц байдлыг зааж  байна. Хэрэв Миний дүү хурц хөрөөгөөр бүдүүн мод хөрөөдөв гэвэл миний, хурц, бүдүүн гэсэн үгс нь утгаараа тухай тухайн нэр үгийн бэлэг тэмдэг буюу хэний юуны хамаатай болохыг заах тул тодотгол болно. Ийнхүү үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүнийг нэмэн дэлгэрүүлсэн үгсийг утгаар нь тусагдахуун, байц, тодотгол гэж ялгаж болох бүрэн үндэстэй ажээ. Гэвч үгүүлбэрийн дэд гишүүд нь зөвхөн утгаараа тусагдахуун, байц, тодотгол гэж хуваагдах төдийгүй мөн хэлзүйн хэлбэрээрээ ч ялгаж болох ялгавартай юм. Жишээлбэл: тусагдахуун нь гол төлөв заах, үйлдэх, өх орших, гарах, хамтрахын тийн ялгалын хэлбэрээр, тодотгол нь нэрлэх, харьяалах, хамтрахын тийн ялгалын хэлбэрээр, байц нь дайвар үг буюу мөн дайвар үгийн утгаар хэрэглэгдэн өх орших, гарах, үйлдэхийн тийн ялгалын хэлбэрт нэр үгс, мөн янз бүрийн нөхцөл үйлээр илэрдэг ажээ. Үгүүлбэрийн зарим гишүүдийг ялгахад бэрхшээлтэй зүйл тохиолддог боловч түүний утга хэлбэрийг солбицуулан тал бүрээс нь нарийвчлан ажиглавал тийм ялгаж болшгүй зүйл биш юм. Бид бусдад санаагаа нэвтрүүлэхдээ үгүүлбэрээр нэвтрүүлдэг. Үгүүлбэрийн доторхи хүн, юмын чухам юу хийсэн, яасан, юу болох зэргийг заасан хэсгийг үгүүлэхүүн гэдэг ба үгүүлэхүүнээр илэрсэн үйл байдлыг гүйцэтгэсэн хүн, юм буюу уул үйл байдлыг эдэлсэн хүн, юмыг заасан хэсгий нь үгүүлэгдэхүүн гэдэг. Үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн хоёрыг үгүүлбэрийн гол гишүүд гэдэг бөгөөд олонх өгүүлбэр ийм үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүний хоёр бүлгээс бүтсэн байдаг. Дан ганц үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн хоёроос бүтсэн үгүүлбэрийг хураангуй үгүүлбэр гэдэг. Гэвч бидний орчин тойронд болдог үйл явдал нь маш нарийн төвөгтэй учир тэр бүрийг зөвхөн үйл байдлыг гүйцэтгэгч буюу эдлэгчийг заасан үгүүлэгдэхүүн, уул үйл байдлыг заасан үгүүлэхүүн хоёр үгийн төдийгөөр санаагаа нэвтрүүлж болшгүй газар аль олонт тохиолддог. Хэрэв бид орчин тойронд болж байгаа үйл явдлын тухай бүрэн бүтэн бусдад нэвтрүүлэн хэлэх гэвэл уул үйл  байдлыг заасан үгүүлэхүүнээс гадна уул үйл байдлын болсон орон цаг ямар зорилготой, ямар шалтгаанаар болсон хийгээд болохдоо ямар байдалтай болсон зэргийг зохих зохих үгсээр нэмэн дэлгэрүүлж, бас уул үйл байдал туссан тусагдахууныг нэмэн хэлэх хэрэгтэй болдог. Үүнчлэн үгүүлэхүүнээр илэрсэн үйл байдлыг гүйцэтгэгч буюу эдлэгч хүн, юмыг заасан үгүүлэгдэхүүнд чухам ямар хүн, юм болох зэргийг тодруулсан өөр үгс шаардагдах удаа олонт тохиолддог. Үгүүлэхүүнийг нэмэн дэлгэрүүлсэн бусад үгсийг зохих утга хэлбэрээр нь тусагдахуун, байц гэж ялгадаг. Үүнчлэн нэр үгээр бүтсэн үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, тусагдахуун, жич нөгөө тодотголын бэлэг тэмдгийг тодруулсан бусад үгсийг тодотгол гэдэг. Энэ мэтээр үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүнийг нэмэн дэлгэрүүлсэн бусад үгсийг нийтэд нь үгүүлбэрийн дэд гишүүд гэдэг. Үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн хоёр гол гишүүдээс гадна дэд гишүүд бүхий үгүүлбэрийг дэлгэрэнгүй үгүүлбэр гэж нэрлэдэг. Үгүүлбэрийн гишүүд нь зөвхөн утгаар ялгарах төдийгүй мөн хэлбэрийн талаар ялгавартай бөгөөд үгийн зүйн категори дээр хатуу түшиглэсэн байна.  Жишээлбэл, үгүүлэгдэхүүн нь нэр үгийн зүйл, үйлт нэрийн аль алинаар байж болох боловч гол төлөв бодисын нэрээр нэрлэхийн тийн ялгалын хэлбэрээр байж, үгүүлэхүүн нь мөн нэр, үйл үгийн аль алинаар байж болох боловч гол төлөв үйл үгээр байгаад тодотгол нь нэр үгийн зүйл, үйлт нэрийн аль алинаар байж болох боловч гол төлөв тэмдгийн нэрээр нэрлэх, харьяалах, хамтрахын тийн ялгалын хэлбэрээр байх ба тусагдахуун нь  нэр үгийн зүйл үйлт нэрээр байж болох боловч гол төлөв бодисын нэрээр заах, үйлдэх, хамтрах, өх орших, гарахын тийн ялгалын хэлбэрээр байдаг байц нь дайвар үг, мөн дайвар үгийн утгаар хэрэглэсэн бусад нэрийн зүйл, нөхцөл үйл үгээр илэрдэг.

            Энэ мэтээр монгол хэлний үгүүлбэрийн гишүүд нь утгаараа тус тус нарийн ялгавартайгаас гадна үгийн зүйн талаар мэдээж хуваарьтай юм. Гэвч монгол хэлний үгүүлбэрийн доторх зарим үгс нь үгийн зүйн нэгэн адил хэлбэрээр хэд хэдэн өөр утга санааг илтгэж, мөн хэд хэдэн өөр хэлбэрээр нэгэн адил утга санааг илтгэдэг удаа цөөнгүй тохиолддог. Жишээлбэл: Замаар явав. Хутгаар огтлов. Бид Москвагаас агаараар ирэв. Бид Москвагаас онгоцоор ирэв гэхэд замаар, хутгаар, агаараар, онгоцоор гэсэн үгс нь цөм нэгэн адил үйлдэхийн тийн ялгалын хэлбэрт бодисын нэр боловч утгаараа замаар, агаараар гэсэн нь явав, ирэв гэсэн үйлийн болсон орныг зааж, хутгаар, онгоцоор гэсэн нь огтлов, ирэв гэсэн үйлийн зэвсэг, хэрэглүүрийг заажээ. Энэ бол үгийн зүйн нэгэн адил хэлбэрээр хоёр утга санааг илтгэжээ. Бас Би зун ирсэн. Би өчигдөр ирсэн. Би хорин таванд ирсэн гэхэд зун, өчигдөр, хорин таван гэсэн гурван үгнээс зун нь юмны нэр, өчигдөр нь дайвар үг, хорин таванд гэсэн нь өх оршихын тийн ялгалын хэлбэрт тооны нэр ажээ. Гэвч энэ гурван үг нь үгүүлбэрийн гишүүний хувьд гурвуулаа ирсэн гэсэн үйлийн цагийг заасан байц болно.

            Энэ мэтээр монгол хэлний үгүүлбэрийн гишүүдийг Оросын зэрэг бусад олон хэлний үгүүлбэрийн адилаар үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн  хоёр гол гишүүдээс гадна дэд гишүүдийг тусагдахуун, байц, тодотгол гэж гурав хувааж болох бүрэн үндэстэй юм. Үүнийг зарим монголч эрдэмтэн, монгол хэлний зүйд орос буюу гадаад хэлний зүйг сохроор хуулан буулгажээ гэж шүүмжилж магадгүй юм. Гэвч хэлний олон үзэгдлийн дотор аль нэг хэл буюу бүлэг хэлнүүдэд байдаг өвөрмөц үзэгдлээс гадна хэл бүхэнд түгээмэл байдаг үзэгдэл бас байдаг. Үүнийг мартаж үл болно. Үгүүлбэрийн гишүүдийг ингэж үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, тусагдахуун, байц, тодотгол гэж хуваах ёсыг өдий төдий хэлэнд байдаг түгээмэл үзэгдлийн нэг гэж үзэх хэрэгтэй. Хэл бүхэнд байдаг ийм түгээмэл үзэгдэл нь илрэх аргын хувьд хэл бүрд харилцан адилгүй. Хэл тус бүрийн өвөрмөц онцлогийг хадгалж янз янзын аргаар илэрдэг ажээ. Энэ учраас монгол хэлний үгүүлбэрийн гишүүд нь үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүн, тусагдахуун, байц, тодотгол гэж ялгаравч эдгээр гишүүдийг илрүүлэх арга нь бусад олон хэлнийхээс өвөрмөц ялгавартай байж болох юм. Үнэхээр ч тийм байна. Бусад олон хэлэнд түгээмэл байдаг хэлний категори монгол хэлэнд нэгэн адил байгаад зөвхөн өвөрмөц аргаар илэрснээр үндэс болгож, уул категорийг бүхлээр нь монгол хэлэнд байхгүй гэж үгүйсгэж үл болно.

            Үгүүлбэрийн гишүүдийг ялгахад ялангуяа дэд гишүүдий нь ялгахад ер аливаа хэлэнд байдаг завсрын үзэгдэл буюу нэг хэлбэр, олон утгыг хадгалж, янз янзын үүрэг гүйцэтгэх ёсыг бас анхаарах хэрэгтэй. Жишээлбэл: монгол хэлний үгсийг ангилан аймаглахад үйлт нэр мэтийн янз бүрийн үгсийн аймгийн шинж чанарыг хадгалсан үгс, дээр, дор гэх мэтийн янз бүрийн үгсийн аймгийн үүргийг гүйцэтгэх үгс, мэргэн мэргэд, сайн, сайд гэх мэтээр үгсийн нэг аймгаас нөгөө аймагт шилжсэн үгс байдгийн нэгэн адил үгүүлбэрийн гишүүд ч Замаар(байц) явав. Мориор(тусагдахуун) явав гэх мэтээр үгийн зүйн нэгэн адил хэлбэрээр үгүүлбэрийн хоёр өөр гишүүнийг илрүүлэх Сайн(байц) явна. Сайжирч(байц) явна гэх мэтээр үгийн зүйн хоёр өөр хэлбэрээр үгүүлбэрийн нэгэн адил гишүүнийг илрүүлэх ёс байдаг байна. Энэ ёсыг анхаарахгүй бол, нэг бол дан ганц хэлбэрээр нь хөөцөлдөөд, эсвэл дан ганц утгаар нь хөөцөлдөж, хэлний зүйн уг үзэгдлийг үнэн мөнөөр нь тайлбарлаж чадахгүйд хүрнэ.

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com