Tuesday, 2024-03-19, 12:34 PM
Welcome Guest | RSS

эрдмийн жолоо хэл бичиг

                                                                                                                                                               
Сайтын цэс
Сайтын үнэлгээ
Сайтыг үнэлэх
Total of answers: 609
Цаг агаарын мэдээ

 

ERDENET ULAANBAATAR

Хорин хоёр. ҮГ ХОЛБОХ ЁС

Хорин хоёр. ҮГ ХОЛБОХ ЁС

8.0. ҮГ ХОЛБОЖ ҮГҮҮЛБЭР БҮТЭЭХ НЬ

Үгүүлбэр нь салангид үг холбоо бүхий үгсээс бүрэлдэнэ.
Үгүүлбэрийн бүрэлдэхүүнд багтсан үгс нь утгын талаар харилцан нягт холбоотой байдаг бөгөөд энэ холбоо нь хэлний зүйнхээ зохих хэлбэрээр илэрнэ. Үгүүлбэрийн доторх үгсийн хоорондын утгын холбоог асуултаар илэрхийлж болно. Жишээлбэл: Зуны наран говийн элсийг улайстал шарна гэхэд энэ үгүүлбэр биеэ даасан зургаан үгсээс бүрджээ. Эдгээр үгсийн хоорондын утгын холбоог асуултаар илэрхийлбэл дараах мэт болно. Жишээ нь:
1. Наран (юу?) шарна.
2. Зуны (хэдийний?) наран
3. Говийн (хаанахын ?) элсийг
4. Элсийг (юуг?) шарна.
5. Наран шарна(яана?)
6. Улайстал (яатал?) шарна гэх мэт. Үгүүлбэрийн доторх үгс нь цөмөөрөө харилцан утгын холбоотой байдаггүй. Жишээлбэл:
Өмнө дурдсан үгүүлбэрийн доторх үгсээс наран шарна хоёр, зуны наран хоёр, говийн элсийг хоёр, элсийг улайстал хоёр, элсийг шарна, улайстал шарна хоёр хос хосоороо утга ба хэлбэрийн талаар шууд холбогдолгүй аж.
Бас нэг үг хэд хэдэн үгтэй буюу хэд хэдэн үг нэг үгтэй шууд утгын холбогдолтой байж болно. Жишээлбэл: Мөн өмнөх үгүүлбэрийн доторх элсийг гэсэн нэг үг говийн, улайстал, элсийг, наран гэсэн гурван үгтэй шууд утгын холбоотой. Наран гэсэн нэг үг, зуны, шарна гэсэн хоёр үгтэй шууд утгын холбоотой аж.
Холбоо бүхий хоёр үгийн аль нэг нь голлон захирч, нөгөө нь тодруулан захирагдсан буюу эсвэл харилцан захирагдсан, мөн зэрэгцсэн утгатай байдаг. Жишээлбэл: Зуны наран гэхэд наран нь голлож, зуны гэсэн нь захирагдан, элсийг шарна гэхэд шарна гэсэн нь голлож, элсийг гэсэн нь захирагдаад, наран шарна гэхэд харилцан захирагдаж, соёл боловсрол, эцэг эх гэхэд зэрэгцсэн утгатай байх мэт.
Ийнхүү үгсийг хэлний зүйгээр хэлбэржүүлэн утга холбоход нэг бол мөнхүү үгсээр илрэх хоёр буюу хэд хэдэн өөр ухагдахууны хоорондын харьцааг заана. Жишээлбэл: Үхрийн нүд (жимсний нэр), нохойн хошуу, халуун хүйтэн гэсэн үгсийн язгуурын утгад холбогдолгүй шинэ үг утга үүсгэх мэт, үгүй бол холбосон хоёр үгийн нэг нь нөгөө үг ухагдахуунаа өөр үг ухагдахуунтай холбох хэрэглүүрийн төдий үүргийг гүйцэтгэнэ. Жишээлбэл: Уулан дээр, хад өөд гэхэд дээр, өөд гэсэн хоёр нь туслах үүрэг гүйцэтгэж, Уулан дээр гарав. Хад өөд авирав гэх мэтчилэн өмнөх үгээ өөр үгтэй холбох хэрэглүүр болсон мэт. Бас сул үгийн зүйлийг бие даасан үгтэй холбоход гол үгэндээ асуух, үгүйсгэх, батлах, хүч нэмэгдүүлэхийн төдий нэмэлт утга оруулна. Жишээлбэл: Мэдэв үү?, үл болно, яв даа, эс нийлжээ, дэвтэр ч байхгүй гэх мэт.
Мөн үгүүлбэрийн доторх утгын холбоо бүхий үгсийг тогтвортой, тогтворгүй гэж хоёр ангилж болно. Үхрийн нүд, туулайн бөөр гэх мэтчилэн нэр томьёо болсон буюу дан нэг үгийн адил, нэг ухагдахууныг заасан холбоо үгсийг тогтвортой холбоо үг гэнэ. Шинэ байшин, өндөр уул гэх мэтчилэн байдлаас болж янз янзаар хослон хэрэглэгдэх холбоо үгсийг тогтворгүй холбоо үг гэнэ. Тогтвортой холбоо үгсийг салгавал хамт байхдаа илэрхийлж байсан утга нь эвдэрч, үг тус бүрийн язгуурын утга гарч ирнэ. Жишээлбэл: Үхрийн нүд (жимс) гэсэн тогтвортой холбоо үгийг салгавал нэг зүйлийн жимс гэсэн утга нь алдагдаж, уг холбоо үгийг бүрэлдүүлж байсан үхэр, нүд гэсэн жимсэнд огт холбогдолгүй үг тус бүрийн язгуурын утга илрэн гарна. Гэтэл үнэхээр үхрийн нүд гэсэн тогтворгүй холбоо үгсийг салгавал уг холбоо үгсийг бүрэлдүүлж байсан үхэр, нүд гэсэн үгсээр илэрсэн ухагдахууны харьцаа өөрчлөгдөхөөс бус үг тус бүрийн язгуурын утга үл өөрчлөгдөх учир аль алиныг өөр үг ухагдахуунтай холбож болно. Жишээлбэл: Үхрийн эвэр, үхрийн шийр, үхрийн толгой гэх буюу хүний нүд, морины нүд, барсын нүд гэх мэт.
Тогтвортой холбоо үгс нь салангид үгийн адил нэг ухагдахууныг илрүүлэх тул үгсийн судлалд холбогдох бөгөөд үгүүлбэрийн дотор нэг л гишүүний үүргийг гүйцэтгэнэ. Жишээлбэл: Бид ууланд гарч, нохойн хошуу (эмийн ургамал) түүлээ гэх мэт.
Тогтворгүй холбоо үгээс биеэ даасан утга бүхий хоёр үгээс бүрэлдсэн нь тухайн үгсээр илэрсэн өөр өөр ухагдахууны хоорондын харьцааг илрүүлэх тул үгүүлбэрийн дотор мөн тус тусдаа гишүүн болно. Жишээлбэл: Өндөр (тодотгол) уулыг (тусагдахуун) цагаан (тодотгол) үүл (үгүүлэгдэхүүн) бүрхжээ (үгүүлэхүүн) гэх мэт.
1.Өндөр уулыг 2.цагаан үүл 3.уулыг бүрхжээ. 4.үүл бүрхжээ гэх мэтээр хос хосоороо холбоотой боловч тус тусдаа биеэ дааж үгүүлбэрийн гишүүн болжээ. Гэтэл биеэ даасан үгийг дагавар буюу сул үг мэтийн туслах үгтэй холбох, жич биеэ даасан нэр буюу үйл үгийг туслах утгаар хэрэглэсэн үйл үгтэй холбоход тус тусдаа биеэ дааж, хоёр өөр ухагдахууны харьцааг зааж чадахгүй, дагавар үг нь өмнөх үг ухагдахуунаа өөр үг ухагдахуунтай холбох хэрэглүүрийн үүргийг гүйцэтгэж, сул үгс нь гол төлөв холбогдох үгэндээ янз бүрийн нэмэлт утга оруулдаг ба туслах үйл үгс нь өмнөх үгтэйгээ хавсарч, үйл байдлын цаг, төлвийг заах тул дээр дурдсан туслах үгс нь үгүүлбэрийн дотор холбогдох үгтэйгээ хамтдаа нэг л гишүүний үүргийг гүйцэтгэнэ. Жишээлбэл: Цэцэрлэг дотор олон хүүхэд тоглож байна. Энэ ном танд л хэрэгтэй. Чи бүү мартаарай гэх мэт. Цэцэрлэг дотор, тоглож байна, бүү мартаарай гэсэн нь хос хосоороо нэжгээд гишүүн болно.
Энэ мэтээр үгсийг холбоход уул холболдсон үгс нь хоорондоо янз бүрийн харьцаатай байх бөгөөд үүнээс өөр өөр ухагдахууны харьцааг заасан, биеэ даасан үгсээс бүрэлдсэн холбоо үгс нь үгүүлбэрийнхээ зүйн шинж байдлаар хоорондоо нэг бол өндөр уул, сайн морь гэх мэтчилэн тодотгол, тодотгуулагч, эсвэл бичиг унших, морь барих гэх мэтчилэн тусагдахуун, үгүүлэхүүн, үгүй бол энд ир, хотонд очсон гэх мэтчилэн байц үгүүлэхүүн, эцэст Бат үзэв, ах ирэв гэх мэтчилэн үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүний харьцаатай байдаг. Үүнээс тодотгол, тусагдахуун, байцын харьцаа бүхий холбоо үгс нь үгүүлбэр бүтээхэд тусгай нэг зүйлийн нэгжийн үүргийг гүйцэтгэж, үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүний харьцаа бүхий холбоо үгс нь уул үгүүлбэрийн нэг бие нь болно. Тодотгол, тусагдахуун, байцын харьцаа бүхий холбоо үгсийн голлосон үгс нь их төлөв нэр буюу үйл үг байх бөгөөд хааяа дайвар үг байж болно.
8.1. Үг холбох аргын зүйл
Үгүүлбэрийн доторх үгсийн утгын холбоо нь хэлний зүйн янз бүрийн аргаар илрэх бөгөөд ялангуяа биеэ даасан үгс, тодотгол, тусагдахуун, байцын харьцаатай холбоход гол төлөв түрүүчийнх нь үгийг сүүлчийнх нь үгэнд захируулж угсран холбоно. Жишээлбэл: урт мөрөн, мал өсгөх, гадаа гарах гэх мэт. Бас нөгөөх үг ухагдахуунд захирагдсан хоёр буюу хэд хэдэн үг ухагдахууныг харилцан зэрэг эрхтэйгээр зэрэгцүүлэн холбож болно. Жишээлбэл: Хонь, үхэр адуугаа отроор явуулав. Энд морь тэмээ хоёр байна гэх мэт.
Үгүүлэгдэхүүн, үгүүлэхүүний харьцаа нь харилцан туссан, харилцан захирагдсан онцгой шинжтэй аж. Үгүүлэхүүний доторх нэг үгийг нөгөө үгэнд нь захируулж, тодотгол, тусагдахуун, байцын харьцаатай угсруулан холбоход захирсан үгийнх нь утга, хэрэгцээнд нийцүүлэн захирагдсан үгийг нь янз бүрийн үг холбох дагавраар найруулах буюу дагавар үгээр холбох, мөн ямар ч үг холбох дагавар буюу дагавар үг хэрэглэхгүйгээр шууд хамжуулан холбодог. Ингэж холбохдоо зохих үгсийн дэс дараа буюу хэл аялгыг хослон хэрэглэх зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг аж.
А. Найруулах арга
Захирсан үгийнх нь шаардлагын ёсоор захирагдсан үгийг хэрэв нэр үгийн зүйл байвал зохих тийн ялгалын дагавраар хувилгах буюу хэрэв үйл үг байвал нөхцөл үйл үгийн зохих хэлбэрээр хувилгаж найруулан холбохыг найруулах арга гэнэ. Жишээлбэл: Элсийг шарна, улайстал шарна гэх мэт.
Б. Дагавар үгээр холбох арга
Захирсан үгийнх нь шаардлагын ёсоор захирагдсан үгийнх нь дараа зохих дагавар үгийг хэрэглэж, уул захирагдсан үгийг үндсэн хэлбэрээр нь буюу эсвэл дээр дурдсан найруулах аргаар дагавар үгтэй нь холбож, улмаар захирсан үгтэй нь холбохыг дагавар үгээр холбох арга гэнэ. Жишээлбэл: Уул өөд гарав, Байшингийн дээр улаан далбаа хийсч байна гэх мэт.
В. Хамжуулах арга
Захирагдсан үгийн ямар үг хувилгах дагавар залгалгүй, уул үгийнх нь үндсээр захирсан үгтэй нь холбохыг хамжуулах арга гэнэ. Жишээлбэл: Зээрд морь хурдан давхив. Төмөр зам тавив гэх мэт.
Г. Байршуулах арга
Үгсийг холбоход зохих үгсийн дэс дараа маш чухал холбогдолтой бөгөөд дээр дурдсан үг холбох гурван зүйлийн арга нь мөн зохих үгсийнхээ дэс дараа, байртай салшгүй холбогдоно. Заримдаа үгүүлбэр доторх үгсийн утгын холбоо нь дан ганц дэс дараа, байраар нь таних газар ч арвин бий. Үүнийг байршуулах арга гэнэ. Жишээлбэл: тэргэний мод, модны тэрэг, тэрэг мод, Үнээ муур (тусагдахуун) харж байна. Муур үнээ(тусагдахуун) харж байна гэх мэт.
Д. Аялгуулах арга

Үгүүлбэрийн доторх үгсийн утгын холбоог хэлэх аялгаар нь илэрхийлэх газар арвин буй. Үүнийг аялгуулах арга гэнэ. Жишээлбэл: Төмөр хувин хийв, Цэрэг малгайгаа өмсөв гэх мэтэд төмөр, цэрэг гэсэн үгсийг дараах үгстэй нь нэгэн үргэлж хэлбэл, хийсэн эд буюу зориулсан зүйлийг заасан тодотгол болж, хэрэв тасалж хэлбэл Төмөр гэдэг хүн хувин хийв, Цэрэг хүн малгайгаа өмсөв гэж огт өөр утгатай болох мэт.

Хайлт

Яг одоо
Хаанаас, хэд
Flag Counter
Цаг тооны бичиг
       
free counters

Холбоо барих: amanbai631102@gmail.com